Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 31

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч Б.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,

Хохирогч Р

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-д холбогдох эрүүгийн 1724000390024 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймгийн **суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, ** боловсролтой, үйлдвэрийн менежмент мэргэжилтэй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын **ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ** аймгийн ** сумын ** багийн **тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Г /Регистрийн дугаар **/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г, хохирогч Р нар нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багт байрлах Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хашааны гадна талд үл ялих зүйлээс маргалдан зодолдож, Г нь Р-ийн нүүрэн тус газарт нь цохиж, өшиглөх зэргээр зодож түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г, хохирогч Р нар нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багт байрлах Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хашааны гадна талд үл ялих зүйлээс маргалдан зодолдож, Г нь Р-ийн нүүрэн тус газарт нь цохиж, өшиглөх зэргээр зодож түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  1. Хохирогч Р-ийн: “...2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутагт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн байран дахь Урлаг соёлын зааланд 20 цагаас багш нарын баярын хүлээн авалт болсон. Хүлээн авалт эхлээд 1 цаг гаруйн дараа би бие засахаар сургуулийн байрнаас гарсан. Гараад сургуулийн хайсны гадна байрлах ацтай шонгийн модны ёроол руу шээгээд зогсож байтал Г миний хажуугаар гарахдаа надад хандан Р чи их том болжээ гэж хэлсэн. Би хариуд нь юу яриад байгаа юм гээд асуутал хариу хэлэлгүй цааш явсан. Удалгүй шууд эргэж ирээд миний нүүр рүү өшиглөсөн. Би босоогоороо шээж байсан ба толгойгоо жаахан тонгойлгосон байх үед миний баруун талаас ирж өшиглөсөн. Өшиглөөд толгойн ар дагз хэсэг рүү гараараа 1 удаа цохиод араас 2 гараараа тэврээд хойш нь шидсэн. Би энэ үед бие засаж байсан учир өмдний тэлээгээ чангалаагүй байсан тул гадуур өмд шувтарч 2 хөл тушаад би дотуур өмдтэйгээ үлдсэн. Би ийм байдалд орно гэж бодоогүй учир авсан цохилтондоо манараад түрхэн зуур ухаан алдсан. Нэг сэргэхэд л Б намайг тэврээд түшиж босгосон. Г-г А чирээд надаас холдуулсан. Маргалдах үед Г дахиж над руу дайраад миний биеийн чанх өөдөөс ирээд гараараа миний нүүрэн хэсэгт 1 удаа цохиход нь гараараа хамгаалахад 2 гараас бариад миний нүүрэн тус газарт толгойн орой хэсгээрээ мөргөхөөр нь би тонгойход миний толгойн орой хэсэг рүү дахиад 3 удаа мөргөсөн. ...А арай гэж надаас татаад жаахан холдох үед шууд миний нүүрэн тус газарт 1 удаа өшиглөсөн. Энэ өшиглөлт миний хамрыг онож, хамраас их хэмжээний цус алдсан. ...Багш нарын баяраар багш нарт олгох шагналын асуудлаас болж тухайн өдөр санал зөрөлдөж жаахан үл ойлголцол үүссэн байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 12-13-р хуудас/,

   2. Гэрч А-ийн: “...Хүлээн авалтын дундуур бие засах гээд Б бид хоёр хамт гарсан. Бид хоёрын өмнө Г бие засах гээд явж байгаа бололтой хашаагаар гарч байсан. Бид хоёр сургуулийн хашааны үүдээр гараад машины зам өнгөрөөд бие засахын өмнө тамхи татаад зогсож байсан. Тухайн үед Р, Г хоёр нь сургуулийн хашааны харалдаа байрлах ацтай шонгийн модны хажууд өөд өөдөөсөө хараад зогсож байгаа харагдсан. Тэгтэл гэнэт барьцалдаж аваад хэрэлдээд муудалцаад байгаа бололтой дуу чимээ гарахаар нь яваад очтол тэр хоёр нэг нэгнийхээ хувцасны энгэрээс барьчихсан хэрэлдээд зогсож байсан. Тэгэхээр нь би Г-г бариад хориглоод салгасан. Б нь Р-ийг барьж салгасан. Энэ үед Р-ийн хамарнаас цус гарчихсан байсан. ...Хүлээн авалтан дээр Р бие зүгээр байсан. Г, Р хоёр барьцалдаж аваад муудалцсаны дараа Р-ийн хамарнаас цус гоожсон байсан...” гэсэн мэдүүлэг ХХ-ийн 16-17-р хуудас/,

          3. Гэрч Б-ийн: “...Хүлээн авалтан дундуур 21 цагийн үед гадаа харанхуй болж байхад бие засах гээд А бид хоёр хамт гарсан. ...Бид хоёрыг сургуулийн хашааны үүдээр гараад машины зам өнгөрөөд тамхи татаад зогсож байтал Р, Г хоёр нь сургуулийн хашааны хаалганы харалдаа байрлах ацтай шонгийн модны хажууд барьцалдчихсан хэрэлдээд зогсож байсан. А шууд Г-г бариад салгасан. Би Р-ийг татаж салгасан. Энэ үед Р-ийн хамарнаас цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг / ХХ-ийн 18-19-р хуудас/,

            4. Гэрч Б-ийн: “...2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургууль дээр 20 цагийн үед багш нарын баярын хүлээн авалт дундуур гадаа гарч тамхи татах гээд гарч ирэх үед Р-ийн хамарнаас нь цус гоожчихсон зогсож байсан. Юу болсон талаар асуухад Г, Р хоёр зодолдсон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг / ХХ-ийн 24-р хуудас/,

            5. Яллагдагч Г-ийн: “...2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургуулийн ажлын байран дээрээ би Р-тэй багш нарын баярын шагнал урамшууллын асуудлаас болж үйл ойлголцон хальт маргалдсан. Энэ үед Р нь үгээр дайрж байгаад л шууд өрөөнөөс гараад явчихсан юм. Энэ өдрийн орой 20 цагийн үед багш нарын баярын хүлээн авалт болж, арга хэмжээний дундуур би гадаа бие засахаар гарахдаа Р-д хандан чи өдөр яагаад дайраад байсан юм бэ? би биш чи их том болчихсон юм биш үү гэж хэлээд Р-ийн шээж байсан ацтай шонгийн модыг өнгөрөөд хашааны өнцөгт шээсэн. Шээх хугацаандаа бид хоёр маргалдсан. Шээж дуусаад эргээд явахад Р урдаас ирээд надтай тулсан. Тэгээд маргалдаж байсан учир урдаас тулаад ирэхээр нь би цээж рүү нь жаахан хүчтэй түлхсэн юм. Тэгтэл Р уурлан намайг зодохоор дайрангуут би ч урдаас нь дайрч харилцан зодолдсон. Гараараа цохиж болохгүй байсан тул хөлөөрөө өшиглөсөн. Би Р-ийн хөл, хэвлийн хэсэгт өшиглөсөн. Хувцасныхаа энгэрүүдээс заамдалцаад барьчихсан байх үедээ би Р-ийн зүүн нүдний орчимд 1 удаа өшиглөсөн. Тэгээд Б, А нар бид хоёрыг салгасан. Мөн барьцалдчихсан байх үед бие биенийхээ зулай, дух хэсгээрээ 3 удаа мөргөлдсөн...” гэсэн мэдүүлэг / ХХ-ийн 63-64-р хуудас/,

            6. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 172119 дугаартай: “Иргэн Р-ийн биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 7-8 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой хамрын ясны хөдлөн зөрөөгүй хугарал, тархи доргилт, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний урд хэсгээр цус хуралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, баруун шилбэ, баруун бугалга, зүүн нүдний склерт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн Р-ийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 28-р хуудас/

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4156 дугаартай: “...Р-ийн биед хамрын ясны хоёр хажуу хананы нийлмэл далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхи, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, баруун бугалга, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт, зүүн хацар, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Урьд гаргасан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн №172119 тоот дүгнэлттэй санал нэг байна” гэсэн дүгнэлт / ХХ-ийн 34-35-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан авсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Г, хохирогч Р нар нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багт байрлах Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хашааны гадна талд үл ялих зүйлээс маргалдан зодолдож, Г нь Р-ийн нүүрэн тус газарт нь цохиж, өшиглөх зэргээр зодож түүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, шүүхийн шийдвэрээр өөрөөс нь гаргуулахаар шийдвэрлэсэн хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болгож, харин шүүгдэгч нь сард 550000 төгрөгийн цалин авдаг, 475000 төгрөгийг банкны зээлд төлдөг, эхнэр Ю нь сард 538000 төгрөгийн цалин авдаг, 470000 төгрөг банкны зээлд төлдөг, 2-8 насны 3 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзлээд прокурорын санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулахгүй, харин шүүгдэгчийн эзэмшсэн мэргэжил, өөрт нь байгаа нөхцөл боломжид тулгуурлан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г нь дээд боловсролтой, үйлдвэрлэлийн менежмент мэргэжилтэй, одоо сургалтын байгууллагад ажилладаг, мөн өөрөө мэргэжлийн боловсрол, сургалтын сургах эрх зүйн чадамж эзэмшүүлэх сургалтанд хамрагдаж, мэргэшлийн 3 дугаар түвшний шаардлага хангасан байх бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлж буй учир гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр судалж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сургуулиудын ахлах ангийн сурагч, оюутнууд, төрийн алба хаагчдад хичээл заах боломжтой байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-г гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр судалж, 240 цагийн хугацаагаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын 1, 2 дугаар сургуулиудын 8-12 дугаар ангийн сурагчид, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнууд, төрийн албан хаагчдад хичээл заах буюу нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Хохирогч Р нь шүүгдэгч Г-ийн үйлдлийн улмаас өөрт нь  3243350 төгрөгийн хохирол учирсан гэсэн баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлэн, Цагдаагийн байгууллагад өгч, хэрэгт хавсаргуулсан байх ба шүүгдэгч Г нь уг хохиролын зарим хэсэг буюу 1540550 төгрөгийн хохиролыг өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хэмээн хүлээн зөвшөөрч, үлдэх 1702800  төгрөгийн хохиролыг өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол учир нөхөн төлөх боломжгүй гэж маргаж байна.

Шүүх хохиролтой холбогдох баримтуудыг судалж үзэхэд Омбол ХХК-иас 493800 төгрөгийн эм тариа авсан гэх баримтаар  уг эм тариаг хохирогч Р авсан гэдэг байдал нотлогдохгүй байна.

Харин бусад баримтууд нь хохирогч Р-ийн биед учирсан хөнгөн хохиролын улмаас Р-д эдийн засгийн хохирол учирсныг нотолж байна.

Иймд хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2749550 төгрөгөнд холбогдох хэсгийг хангаж, 493800 төгрөгөнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, 2017 оны 11 сарын 23-ны өдрийн 5/08 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 36.7 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-г гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр судалж, 240 цагийн хугацаагаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын 1, 2 дугаар сургуулиудын 8-12 дугаар ангийн сурагчид, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнууд, төрийн албан хаагчдад хичээл заах буюу нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагийн хугацаагаар тогтоосугай.

4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г-ээс бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсаны хохиролд 2749550 гаргуулан хохирогч Р-д олгож, хохирогч Р-ийн хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 493800 төгрөгөнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийн хувьд оногдох хөрөнгийг битүүмжилсэн 2017 оны 11 сарын 23-ны өдрийн 5/08 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Nissan bluebird маркын 39-29 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохирогч Р-д шийтгэх тогтоолоор олгохоор шийдвэрлэсэн хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлж, хохирогч Р-ээс шүүх хуралдаанд шинээр гаргаж судлуулсан 6 ширхэг рентген зураг, 3 ширхэг CD, 2 ширхэг боршур, 20 хуудас нотлох баримтыг хохирогчид буцаан олгосугай.

7. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г-д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болно.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН