| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2017/00036/э |
| Дугаар | 32 |
| Огноо | 2017-12-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 32
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгч Д.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-д холбогдох 1424000150020 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ** оны *дугаар сарын *-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, * боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, * аймгийн * сумын * баг хаягаар оршин суудаг, урьд * шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Э /регистрийн дугаар */.
Яллагдаж байгаа хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Э нь 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 14 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын * багийн * хорооллын * тоотод байрлах Д-ийн эзэмшилийн байшингийн цонхыг эвдэн, нэвтрэн орж гэрэл зургийн аппарат, 7 цэнгийн мөнгөн зоос, бор эрээн өнгийн чулуун хөөрөг, нүдний дусаагуур, эрэгтэй хүний мөнгөн бөгж, эмэгтэй хүний бугуйн цаг, ээмэг, бөгж, гинж, зүүлт зэрэг эд зүйл болон бэлэн мөнгө 108.000 төгрөгийг хулгайлан авч иргэн Д-д 1.010.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Э нь 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 14 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн * хорооллын * тоотод байрлах Д-ийн эзэмшилийн, хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг эвдэн, нэвтрэн орж mega pihels нэртэй гэрэл зургийн аппарат, 7 цэнгийн мөнгөн зоос, бор эрээн өнгийн чулуун хөөрөг, ALG нэртэй нүдний дусаагуур, эрэгтэй хүний очиртой мөнгөн бөгж, Domino guartz маркийн эмэгтэй хүний бугуйн цаг, талсттай шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, талсттай шигтгээтэй бөгж, талсттай шигтгээтэй зүүлт, шигтгээгүй мөнгөн бөгж, жижиг талстан шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, жижиг талстан шигтгээтэй мөнгөн кулон, цэнхэр өнгийн талсттай шигтгээтэй мөнгөн ээмэг, тал дугуй хэлбэртэй тасттай шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, эмэгтэй хүний монетон бөгж , эмэгтэй хүний хүзүүний мөнгөн гинж, цагаан өнгийн, дугуй хэлбэртэй, унждаг шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос зэрэг эд зүйл болон бэлэн мөнгө 108.000 төгрөгийг хулгайлан авч иргэн Д-д 1.010.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулсан:
1. Хохирогч Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 8 дугаар сарын 02-ны өглөө эрт 05 цагийн үед Завхан аймгийн Идэр сум руу хуриманд явсан юм. Тэгсэн манай нагац ах Ц, О-ийн хамт манай гэрээс жимс авах гэж орсон чинь манай гэрт хулгай орсон байсан гэсэн. ...Манай байшингийн хойд талд байдаг гал тогооны өрөөний жижиг цонхыг хагалаад дотогш орсон байсан юм. Тэр өдөр манайх эзэнгүй манай нөхөр хөдөө явсан байсан. Манай гэрээс Domino guarts маркийн бугуйн цаг 1 ширхэг, ALG гэсэн бичигтэй нүдний дусаагуур 1 ширхэг, саарал өнгийн 7 цэнгийн мөнгөн зоос 1 ширхэг, бор эрээн өнгийн чулуун хөөрөг 1 ширхэг, mega pihels гэсэн бичигтэй гэрэл зургийн аппарат 1 ширхэг, талсттай шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, мөн талсттай шигтгээтэй бөгж 1 ширхэг, мөн талсттай шигтгээтэй мөнгөн зүүлт 1 ширхэг, шигтгээ байхгүй мөнгөн бөгж 1 ширхэг, жижиг талстан шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, мөн жижиг талстан шигтгээтэй мөнгөн зүүлт 1 ширхэг, эрэгтэй хүний очиртой мөнгөн бөгж 1 ширхэг, цэнхэр өнгийн талсттай шигтгээтэй өрөөсөн мөнгөн ээмэг 1 хос, тал дугуй хэлбэртэй талсттай, шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, эмэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний хүзүүний мөнгөн гинж /47 см-ийн урттай, 1 мм-ийн өргөнтэй/ 1 ширхэг, цагаан дугуй унждаг шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос зэрэг эд зүйлүүд болон мөн бэлэн мөнгө 108.000 төгрөг алга болсон байсан. ...Их-Уул сумын 640 хүүхдийн барилгын ажил дээр ажиллаж байсан залуу манай гэрээс хулгай хийсэн байсан. Би тэр хүнийг огт танихгүй. ...Иргэн Э надтай уулзаад манайд учруулсан хохирлоо бүрэн барагдуулж өгч намайг хохиролгүй болгож өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 18-20-р хуудас/,
2. Гэрч Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай барилгын ажил дээр Э гэдэг залуу 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос ажиллахаар ирээд, туслах ажилчнаар ороод ажиллаж байсан юм. Тэгсэн Энхбаяр 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 8 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд ажлаа таслаад алга болсон юм. Тэгсэн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр би ажлын газрын Н гэдэг залуугийн хамт явж байгаад автобусны билет бичдэг дэлгүүр рүү санаандгүй яваад ортол Э нэг танихгүй залуутай дэлгүүрт юм яриад сууж байхаар нь чи яагаад ажлаа хийхгүй гадуур тэнээд яваад байгаа юм, одоо Улаанбаатар руугаа буцаад яв 17 цагийн билет авч өгье гээд ажлын байр руугаа дагуулаад явах замд Э-ийн өмссөн байсан нимгэн куртканы зүүн талын энгэрийн дотор кармаа нь түнтийгээд байхаар нь чи наанаа юу хийчихсэн юм гэж асуусан чинь Э хөөрөг байгаа юм гэхээр нь би үзье гэсэн чинь кармаагаа уудлаад хөөрөг гаргаж ирсэн. ...Нөгөө кармаанд нь дахиад юм байх шиг байхаар нь кармаанд чинь юу байгаа юм гэж асуусан чинь зургийн аппарат гаргаж ирээд надад үзүүлэхээр нь сэжигтэй санагдаад чи яагаад хүний юм хамаагүй авч яваад байгаа юм, хэний эд зүйлүүд вэ эзэн нь хаана байна гээд асуутал соёлын төвийн урд талд байдаг айлын эд зүйл байгаа юм гэсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 27-28-р хуудас/,
3. Гэрч Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Инженер Б-ийн хамт сумын төвөөр явж байгаад дэлгүүр рүү ортол тэр дэлгүүр дотор манай барилга дээр ажиллаж байсан Э гэдэг залуу Их-Уул сумын Ш гэдэг залуугийн хамт байж байсан. Тэгээд Б инженер бид хоёр Э-г тэр дэлгүүрээс дагуулж гараад ажил руугаа явсан. Тэгээд барилгын хажуухан талд явж байтал Э-ийн куртканы энгэрийн кармаанд юм байгаад байхаар нь Б инженер чи наанаа юу хийчихсэн юм гээд Э-аас асуутал хөөрөг, зургийн аппарат гаргаад ирэхээр нь Б инженер бид хоёр сэжиглээд тэр Э-г тухайн үед хэсэг байцааж байгаад танай цагдаад авчирч өгсөн юм...” гэсэн мэдүүлэг / ХХ-ийн 29-р хуудас/,
4. Гэрч Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр санагдаж байна. Тэр өдөр манай дүү Д, манай эхнэр нар Идэр сум руу хуриманд явсан юм. Тэгсэн тэр өдөр Д, О гэх хүн рүү утсаар яриад манай гэрээс хайрцагтай жимс хот руу машинд дайгаадах гэж хэлсэн байдаг. Тэгээд О надтай ирж уулзаад бид хоёр Д-ийн гэрт нь ортол гал тогооны өрөөний цонхыг хагалаад хугайч орсон байсан. Том өрөөнд байсан авдар шиг модон шүүгээний хаалгыг эвдлээд дотор нь байсан эд зүйлийг газарт гаргаад хаячихсан байсан...” гэсэн мэдүүлэг / ХХ-ийн 38-р хуудас/,
5. Гэрч О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц ахтай таараад бид хоёр Д-ийн гэрт очсон юм. Тэгээд Ц ах байшинг нь онгойлгод дотогш ортол гал тогооны өрөөний цонх хагарчихсан ширээн дээр байсан тавгын идээ, аяга тавга газарт унаад хагарчихсан хулгайч орсон байсан юм...” гэсэн мэдүүлэг / ХХ-ийн 39-р хуудас/,
6. Яллагдагч Э-ийн: “...Би Завхан аймгийн Их-Уул сумын бүрэн дунд сургуулийн барилгын ажил дээр туслах ажилтнаар 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан юм. Тэгээд би 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 8 дугаар сарын 4-ний өдөр хүртэл ажлаа хийлгүй Их-Уул сумын төвөөр архи ууж гадуур явсан юм. ...3 залуугийн хамт архи ууж байгаад гудамжинд унтсан. Тэгээд унтаж байгаад ам цангаад сэрсэн чинь нэг цагаан өнгийн байшингийн сүүдэрт унтсан байсан. Босоод нөгөө цагаан өнгийн байшингийн хойд талд байсан цонхыг гараараа хоёр гурав цохисон. Би уг нь тэр айлаас ус гуйж уух санаатай цонхыг нь цохисон юм. Тэгсэн тэр цонхны шил хагарчихаар нь би байшингийн цонхоор дотогш ортол эзэнгүй айл байсан. Би гал тогооны өрөөгөөр дамжаад үүдэнд нь байсан хөх өнгийн савтай уснаас уусан. Тэгээд буцаад гал тогооны өрөөнд орсон чинь том өрөө харагдахаар нь ортол авдар дээр түлхүүр байхаар нь түлхүүрээр хоёр авдарын цоожийг онгойлгоод доод талын авдарнаас нь бор өнгийн түрийвч аваад нээтэл бэлэн мөнгө байсан. Тэр мөнгөн дэвсгэртүүд шинэ дэвсгэртүүд байсан. Би тэр мөнгийг бүгдийг нь авсан. Мөн хайрцаг дотроос эмэгтэй хүний бугуйн цаг авсан. Ваартай монгол архи байсан тэр архийг нь уусан. Тэгээд 0.75 литрийн жимсний дарс байсныг уусан. Авдар дээр ил байсан дайлантай хөөргийг авсан. ...Тэгээд нөгөө хажуугийн авдарыг уудалсан тэр авдарнаас жижиг торон ууттай зүйл байсныг нээж харахад эмэгтэй хүний мөнгөн ээмэг, гинж зэрэг эд зүйлүүд харагдсан тэгээд шууд авсан. ...Мөн тэр авдарнаас дижитал зургийн аппарат зэрэг эд зүйлийг хулгай хийж аваад, маргааш өглөө нь 11 цагийн орчимд автобус зогсдог дэлгүүрт байж байгаад барилгын инженер Б*, Н* хоёртой таарсан...” гэсэн мэдүүлэг / ХХ-ийн 4-5-р хуудас/,
7. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / ХХ-ийн 12-15-р хуудас/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /ХХ21-23-р хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтыг прокурорын зөвшөөрөлгүйгээр хураан авсан тухай тайлбар, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ-42-45-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан авсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Э-д холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг зөвшөөрсөн байх ба шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Э нь 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 14 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн * хорооллын * тоотод байрлах Д-ийн эзэмшилийн, хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг эвдэн, нэвтрэн орж mega pihels нэртэй гэрэл зургийн аппарат, 7 цэнгийн мөнгөн зоос, бор эрээн өнгийн чулуун хөөрөг, ALG нэртэй нүдний дусаагуур, эрэгтэй хүний очиртой мөнгөн бөгж, Domino guartz маркийн эмэгтэй хүний бугуйн цаг, талсттай шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, талсттай шигтгээтэй бөгж, талсттай шигтгээтэй зүүлт, шигтгээгүй мөнгөн бөгж, жижиг талстан шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, жижиг талстан шигтгээтэй мөнгөн кулон, цэнхэр өнгийн талсттай шигтгээтэй мөнгөн ээмэг, тал дугуй хэлбэртэй тасттай шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, эмэгтэй хүний монетон бөгж , эмэгтэй хүний хүзүүний мөнгөн гинж, цагаан өнгийн, дугуй хэлбэртэй, унждаг шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос зэрэг эд зүйл болон бэлэн мөнгө 108.000 төгрөгийг хулгайлан авч иргэн Д-д 1.010.500 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Э-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э нь урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 9 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, тус шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан байх боловч 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар түүний ялгүй болох хугацааны үлдсэн хугацаа өршөөлд хамрагдсан байна.
Иймд шүүгдэгч Эг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын доод хэмжээ буюу 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар бууруулан оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э-д шүүхийн шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулах учир түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосон үеэс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг тухайн өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй юм.
Мөн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-г 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-д оногдуулсан 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг энэ өдрөөс эхлэн тооцсугай.
5. Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН