Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 137/ШШ2024/00231

 

                        Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 609,347 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ББСБ ХХК /ХХД:..., РД:..., утас:..., .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.М нь "М ББСБ"-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 06 сарын 10-ны өдөр ... тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Д.М нь уг гэрээний үндсэн дээр 2019 оны 06 сарын 11-ний өдөр сарын 3,4 хувийн хүүтэй 200,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Д.М нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. Д.М-ийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 200,000 төгрөг, зээлийн хүү 341,923 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,423 төгрөг нийт 609,347 төгрөг гаргуулахаар байна. М ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Д.М-ээс зээлийн гэрээний үүрэгт 609,347 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С /утас: .../ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М ББСБ ХХК нь хариуцагч Д-ийн М-ээс зээлийн гэрээний үүрэг 609,347 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 609,347 төгрөгийг М ББСБ ХХК-ийн Хаан банк дахь ... тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Д.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 609,347 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.М нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 609,347 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан гэх тайлбарыг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгааг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 609,347 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,930 төгрөгийг 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж,  үлдэх 50 хувь буюу 9,465 төгрөгийг улсын орлогоос, 9,465 төгрөгийг хариуцагч Д.М-ээс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин  нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                                 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         ШҮҮГЧ                                    Э.Б