| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2017/00016/э |
| Дугаар | 33 |
| Огноо | 2017-12-13 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 33
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж,
Улсын яллагч Б.Төрболд,
Шүүгдэгч О.У,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У-д холбогдох эрүүгийн 201613000112 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *оны * дүгээр сарын *-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, *, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт * аймгийн * сумын * баг хаягаар оршин суудаг, одоогоор *аймгийн * сумын * баг, МУИС-ийн доод хэсэг * тоот хаягаар түр оршин сууж байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй, * шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай У, Регистрийн дугаар: *,
Яллагдаж байгаа хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
О.У нь 2016 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 01-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт байрладаг Дашпунцаглан хийдийн цонхыг хагалан, дотогш нэвтрэн орж 2.000.000 төгрөгийн үнэ бүхий Богд лам нэртэй 1.5х2 м харьцаатай торгон зээгт наамал бурхан 1 ширхэг, 2.000.000 төгрөгийн үнэ бүхий Бурхан багш нэртэй 30 см өндөртэй гуулин бурхан 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий Жамсран нэртэй 60х35 см хэмжээтэй зурмал бурхан 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий Гомбо нэртэй 60х35 см хэмжээтэй зурмал бурхан 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий Лхам нэртэй 100х70 см хэмжээтэй зурмал бурхан 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий Цагаан дарь эх нэртэй 70х50 см хэмжээтэй зурмал бурхан 1 ширхэг, 200.000 төгрөгийн үнэ бүхий даалимбан хийцтэй хамба лам нөмөрч суудаг жанч 1 ширхэг, 100.000 төгрөгийн үнэ бүхий 20 см өндөртэй гуулин суварга 1 ширхэг, 300.000 төгрөгийн үнэ бүхий гуулин цан 2 ширхэг, 150.000 төгрөгийн үнэ бүхий гуулин бумба 3 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий гуулин сэлмэн 3 ширхэг, 300.000 төгрөгийн үнэ бүхий дун 2 ширхэг, 200.000 төгрөгийн үнэ бүхий хүрд 1 ширхэг, 300.000 төгрөгийн үнэ бүхий тодва /тариа хийдэг сав/ 1 ширхэг, 300.000 төгрөгийн үнэ бүхий хонх 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий толь мандаа 1 ширхэг, Майдар нэртэй 50.000 төгрөгийн үнэ бүхий зурмал бурхан 1 ширхэг, 200.000 төгрөгийн үнэ бүхий Очирваань нэртэй 21х36 см хэмжээтэй зурмал бурхан 1 ширхэг, 100.000 төгрөгийн үнэ бүхий Очирваань нэртэй 25х30 см хэмжээтэй зурмал бурхан 1 ширхэг, 200.000 төгрөгийн үнэ бүхий дамар 2 ширхэгийг хулгайлж,
Мөн давтан үйлдлээр 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймгийн Идэр сумын Загастай багийн нутаг Овооны өвөр гэх газарт байрлах иргэн Б-ийн гэрийн цонхоор дотогш нэвтрэн орж 500.000 төгрөгийн үнэ бүхий Тоз-8 загварын 250 метр тусгалтай буу 1 ширхэг, 500.000 төгрөгийн үнэ бүхий Тоз-8-01 загварын 100 метр тусгалтай буу 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий нэг нүдний дуран 1 ширхэг, 390.000 төгрөгийн үнэ бүхий, баринтагтай Дамиран нэртэй судар 1 ширхэг, 390.000 төгрөгийн үнэ бүхий, баринтагтай Хүүхдийн 5 сахъяа нэртэй судар 1 ширхэг, 390.000 төгрөгийн үнэ бүхий, баринтагтай Хүний хойдоход уншдаг судар 1 ширхэг, 390.000 төгрөгийн үнэ бүхий, баринтагтай Хэл ам хаадаг судар 1 ширхэг, 390.000 төгрөгийн үнэ бүхий, цэцгэн хээтэй баринтагтай жижиг судар 1 ширхэг, 20.000 төгрөгийн үнэ бүхий, баринтагтай өврийн судар 1 ширхэг, 350.000 төгрөгийн үнэ бүхий VEGA маркийн гар тус 1 ширхэг, 170.000 төгрөгийн үнэ бүхий монетен хос ээмэг 1 ширхэг, бэлэн 100.000 төгрөг хулгайлж, бусдад нийт 11.540.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
У нь 2016 оны 6 дугаар сарын 30-наас 2016 оны 7 дугаар сарын 01-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт байрладаг Дашпунцаглан хийдийн цонхыг хагалан, дотогш нэвтрэн орж 2.000.000 төгрөгийн үнэ бүхий Богд лам нэртэй 1.5х2 м харьцаатай торгон зээгт наамал бурхан 1 ширхэг, 2.000.000 төгрөгийн үнэ бүхий Бурхан багш нэртэй 30 см өндөртэй гуулин бурхан 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий Жамсран нэртэй 60х35 см хэмжээтэй зурмал бурхан 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий Гомбо нэртэй 60х35 см хэмжээтэй зурмал бурхан 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий Лхам нэртэй 100х70 см хэмжээтэй зурмал бурхан 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий Цагаан дарь эх нэртэй 70х50 см хэмжээтэй зурмал бурхан 1 ширхэг, 200.000 төгрөгийн үнэ бүхий даалимбан хийцтэй хамба лам нөмөрч суудаг жанч 1 ширхэг, 100.000 төгрөгийн үнэ бүхий 20см өндөртэй гуулин суварга 1 ширхэг, 300.000 төгрөгийн үнэ бүхий гуулин цан 2 ширхэг, 150.000 төгрөгийн үнэ бүхий гуулин бумба 3 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий гуулин сэлмэн 3 ширхэг, 300.000 төгрөгийн үнэ бүхий дун 2 ширхэг, 200.000 төгрөгийн үнэ бүхий хүрд 1 ширхэг, 300.000 төгрөгийн үнэ бүхий тодва /тариа хийдэг сав/ 1 ширхэг, 300.000 төгрөгийн үнэ бүхий хонх 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий толь мандаа 1 ширхэг, Майдар нэртэй 50.000 төгрөгийн үнэ бүхий зурмал бурхан 1 ширхэг, 200.000 төгрөгийн үнэ бүхий Очирваань нэртэй 21х36 см хэмжээтэй зурмал бурхан 1 ширхэг, 100.000 төгрөгийн үнэ бүхий Очирваань нэртэй 25х30 см хэмжээтэй зурмал бурхан 1 ширхэг, 200.000 төгрөгийн үнэ бүхий дамар 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлсан,
2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймгийн Идэр сумын Загастай багийн нутаг Овооны өвөр гэдэг газарт байрладаг иргэн Б-ийн гэрийн цонхоор дотогш нэвтрэн орж 500.000 төгрөгийн үнэ бүхий Тоз-8 загварын 250 метр тусгалтай буу 1 ширхэг, 500.000 төгрөгийн үнэ бүхий Тоз-8-01 загварын 100 метр тусгалтай буу 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий нэг нүдний дуран 1 ширхэг, 390.000 төгрөгийн үнэ бүхий, баринтагтай Дамиран нэртэй судар 1 ширхэг, 390.000 төгрөгийн үнэ бүхий, баринтагтай Хүүхдийн 5 сахъяа нэртэй судар 1 ширхэг, 390.000 төгрөгийн үнэ бүхий, баринтагтай Хүний хойдоход уншдаг судар 1 ширхэг, 390.000 төгрөгийн үнэ бүхий, баринтагтай Хэл ам хаадаг судар 1 ширхэг, 390.000 төгрөгийн үнэ бүхий, цэцгэн хээтэй баринтагтай жижиг судар 1 ширхэг, 20.000 төгрөгийн үнэ бүхий, баринтагтай өврийн судар 1 ширхэг, 350.000 төгрөгийн үнэ бүхий VEGA маркийн гар тус 1 ширхэг, 170.000 төгрөгийн үнэ бүхий монетен хос ээмэг 1 ширхэг, бэлэн 100.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлсан үйл баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулсан:
- Хохирогч А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 7 сарын 01-ний өглөө 10 цаг 45 минутын орчимд ажилдаа ирээд Дашпунцаглан хийдээ онгойлгоод хийдийн дотогшоо ороход урдаас харанхуй оргиод сонин санагдахаар нь юу болов гэж гайхаад хийд доторх юмнууд руугаа харахад шилэн дотор байдаг бурханууд алга болсон байсан. Хийдийн баруун талын дунд цонх нь хагарсан байсан, тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би 2016 оны 6 сарын 30-ны өдрийн 14 цаг өнгөрч байхад хийдээ хаагаад, хаалгаа зүүдэг цоожоор цоожлоод, цонхнуудаа хаагаад сайн шалгаж үзээд явсан. Түүнээс хойш дахиж эргээгүй. Манай лам нар 20 цагийн орчимд үүдэнд цуглаад айл руу явсан. Тэд нарт түлхүүр байхгүй болохоор ороогүй гэсэн... ...Хулгай орсон цонхны шил 2 давхар шилтэй цонх байсан. Энэ шилийг авахад 13.000 төгрөгөөр авч шиллэсэн...” гэсэн мэдүүлэг, /1 ХХ-ийн 84-86-р хуудас/
- Хохирогч Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хийдээс 1990 онд бүтээж оёсон 10.000.000 төгрөгний үнэтэй “Богд ламын 2х1.5м харьцаатай зээгт наамал”-1 ширхэг, Төвд хийцийн гэж яригддаг 15.000.000 төгрөгний үнэтэй “Бурхан багшийн 30см өндөртэй гуулийн бурхан”-1 ширхэг, насыг нь сайн мэдэхгүй 5.000.000 төгрөгний үнэтэй “Жамсран” нэртэй 60х35 см хэмжээтэй зурмал бурхан-1 ширхэг, хуажан зураг гэж яригддаг хуучны 4.000.000 төгрөгний үнэтэй “Гомбо” бурханы 60х35 см хэмжээтэй зурмал бурхан-1 ширхэг, даавуун хулдаасан материал дээр зурсан хуучны 4.000.000 төгрөгний үнэтэй “Лхам” нэртэй 100х70см хэмжээтэй бурхан-1 ширхэг, шинэ цагийн 1997 онд даавуун дээр зурсан, 500.000 төгрөгний үнэтэй, “Цагаан дарь Эх” нэртэй 70х50см хэмжээтэй зурмал бурхан-1 ширхэг, Ловон лам, Хамба лам нар нөмөрдөг 1994 онд хийлгэсэн, 2.000.000 төгрөгний үнэтэй шар даалимбаар хийсэн жанч-1 ширхэг, шинэ цагийн 20см орчим өндөртэй 100.000 төгрөний үнэтэй гуулин суврага-1 ширхэг, хуучны үеийн хийцтэй, 1800 оноос өмнөх үеийн хийцтэй үе дамжиж уламжлагдаж ирсэн нэг бүрийнх нь үнэ 500.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөгний үнэтэй цан-2 ширхэг, хуучны 1800 оноос өмнөх үеийн хийцтэй үе дамжиж уламжлагдаж ирсэн нэг бүрийнх нь үнэ 300.000 төгрөг, нийт 900.000 төгрөгний үнэтэй бумба-3 ширхэг, хуучны буюу 1800 оноос өмнөх үеийн хийцтэй үе дамжиж уламжлагдаж ирсэн нэг бүрийнх нь үнэ 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгний үнэтэй сэлмэн-3 ширхэг, 1800 оноос өмнөх үеийн хийцтэй үе дамжиж уламжлагдаж ирсэн нэг бүрийнх нь үнэ 350.000 төгрөг, нийт 700.000 төгрөгний үнэтэй ясан дун-2 ширхэг, сум модон рамтай, хар даавуун гэртэй 1800 оноос өмнөх үеийн хийцтэй үе дамжиж уламжлагдаж ирсэн 200.000 төгрөгний үнэтэй хүрд-1 ширхэг, сум модон рамтай, хар даавуун гэртэй 1800 оноос өмнөх үеийн хийцтэй үе дамжиж уламжлагдаж ирсэн 300.000 төгрөгний үнэтэй гуулин Тодва /гавал тулга/-1 ширхэг, гуулин толгойтой, цас металаар хийсэн, 1800 оноос өмнөх үеийн хийцтэй, үе дамжиж уламжлагдаж ирсэн 250.000 төгрөгний үнэтэй хонх - 1 ширхэг, гуулин металаар хийсэн 1800 оноос өмнөх үеийн хийцтэй, үе дамжиж уламжлагдаж ирсэн 350.000 төгрөгний үнэтэй Толь мандаа-1 ширхэг, шинэ цагийн сүүлийн үеийн 350.000 төгрөгний үнэтэй “Майдар” нэртэй зурмал бурхан-1 ширхэг, 1800 оноос өмнөх үеийн хийцтэй үе дамжиж уламжлагдаж ирсэн хулдаас шиг материал дээр зурж хөх торгон дээр тогтоосон 1.000.000 төгрөгний үнэтэй “Очирваань” нэртэй бурханы 21х36 см харьцаатай зурмал бурхан-1 ширхэг, шинэ цагийн 300.000 төгрөгний үнэтэй “Очирваань” бурханы 25х30 см харьцаатай зурмал бурхан, сум модоор хийсэн 1800 оноос өмнөх үеийн хийцтэй, үе дамжиж уламжлагдаж ирсэн тус бүр нь 200.000 төгрөгний үнэтэй нийт 400.000 төгрөгний үнэтэй дамар-2 ширхэг эд зүйлүүд алга болсон байсан. Тухайн үед би байхгүй байсан. Манай буурал аав Г гэдэг лам хүнээс уламжлагдаж ирсэн юм. Буурал ааваас манай аавд ирээд манай ааваас надад уламжлагдаж ирсэн. Хонх, дамар хоёр нь манай аавд А лам гэдэг хүнээс уламжлагдаж ирсэн юм гэдэг. Одоо манай аав, буурал аав Г, А лам гэх хүмүүс байхгүй, нас барсан. Тэр үеийнх нь лам хүмүүс одоо байхгүй...” гэсэн мэдүүлэг, /2 ХХ-ийн 138-139-р хуудас/
- Иргэний нэхэмжлэгч Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... У гэх залуугаас 2016 оны 7 сарын 08-ны өдөр гэрт нь очиж цан, зурмал бурхан-1ш, шашны эд зүйл буюу Рашааны гүц буюу сав зэргийг нийлүүлээд 200.000 төгрөгөөр худалдаж авсан. Эдгээр эд зүйлсээс Рашааны савыг Завхан аймгийн Цагдаагийн газраас ирсэн хүмүүст хүлээлгэж өгсөн. Харин зурмал бурхан, цан зэргийг У-аас худалдаж авснаас 2-3 хоногийн дараа Улаанбаатар хот орж Нарантуул зах дээр хуучны эдлэл авна гэсэн настай хүн байхаар нь 130.000 төгрөгөөр бүгдийг нь зарчихсан... У-д зээлж өгсөн 50.000 төгрөгийг түүнээс нэхэмжилж байна, харин Г-ийн охин З-ээс зурмал бурхан худалдаж авсан 500.000 төгрөгийг гаргуулж авмаар байна... тэр өдөр дээрх эд зүйлстэй хамт 1 дун авсан нь үнэн. Энэ дунг тухайн үед Улаанбаатар хотод авч очиж Нарантуул зах дээр нэг танихгүй хөгшин хүнд 50.000 төгрөгөөр зарсан... Богдзонхов 2 шавийн хамт байгаа дүрс бүхий зээгт наамал, даавуун материалтай орчин цагийн хийцтэй миний өөрийн харж хэлсэн үнэлгээгээр 500.000 төгрөгөөр үнэлэгдэх бурхан байсан. Одоо энэ бурхан нь Улаанбаатар хотод Чингэлтэй дүүргийн Урт цагааны хажууд байрлах Хаан чулуу эртний эдлэлийн дэлгүүрт байгаа. Эзэн нь Н гэх * гэсэн дугаартай хүнд байгаа. Би түүнийг зараад өгчих гэж дэлгүүрт нь тавьсан байгаа...” гэсэн мэдүүлэг /1 ХХ-ийн 97-98-р хуудас/
- Иргэний нэхэмжлэгч Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...2 зурмал бурханыг 150.000 төгрөгөөр худалдаж авсан, төвдийн шинэ зурмал бурханууд байсан. Би тэр У гэдэг залууд Төвдийн шинэ 60х40 см хэмжээтэй бурхан байна гэж хэлсэн. У гэдэг залуу дүү нь Завханы хүн унаа тэрэгний зардлын мөнгөгүй болчихлоо гээд гуйгаад байхаар нь нэг нутгийнх байна юм гэж бодоод худалдаад авчихсан. Түүнээс хулгайн зүйл гэдгийг мэдээгүй... Анхны байцаалтаар би 2 бурхан авсан гэж хэлсэн харин 3 дахь бурхныг манай охин Э бусдад зарсныг би сүүлд мэдсэн... Надад байсан 2 бурхныг Завхан аймгийн цагдаа нар ирэхдээ хураагаад авсан, харин охины зарсан бурхныг Т гэж хүнд зарсныг гэрчийн мэдүүлэг дээрээ би хэлсэн. Гэрт байсан нэг бурхан байхгүй байхаар нь охиноосоо асуутал эртний эдлэл авна гэсэн зар явахаар нь утас руу нь залгаад 500.000 төгрөгөөр зарчихсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /1 ХХ-ийн 100-р хуудас/
- Гэрч О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2011 оноос хойш би энэ хийдэд хамба лам хийж байна. ...2016 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 01-нд шилжих шөнө цонхыг нь хагалж хулгай орсон байсан... Хийдээс алдагдсан гэх эд зүйлүүд Богд ламын зээгт наамал 1 ширхэг байсан. Энэ зураг хийдийн гол хэсэгт дээд талын хөндий хананы хоймор хэсэгт зүүсэн байсан... Бурхан Багш нэртэй 30 см өндөртэй гуулин бурхан-1ш, Жамсран зурмал бурхан-1ш байсан. Энэ бурханы зураг хийдийн хоймор хэсэгт гол гүнгэрваа дотор баруун хэсэгт нь байсан... Гомбо, Лхам, Цагаан дарь Эх нэртэй 70х50 см хэмжээтэй зурмал бурхан байсан намайг анх энэ хийдэд ажиллаж эхлэх үед байсан, хэдий үеийн хийцийг нь мэдэхгүй. Шар даалимбаар хийсэн жанч байсан. Зүүн хэсэгт дээд эхний суудал дээр байсан юм. Хэдий үеийн хийцийг мэдэхгүй, хуучирсан л эд байсан. Гуулин суварга 1 ширхэг байсан хийдийн баруун талын хэсэгт 108 цөгцний голд байрлуулсан байсан юм. Цан 2 хос, бумба 3 ширхэг байсан. Энэ бол дотор нь рашаан хийдэг гүц байгаа юм. Сэлмэн 2 хос байсан энэ нь цан шиг л хэлбэртэй зүйл, цангаас ялгагдах нь дээд талынх нь бөмбөгөр орой цангаас жижиг байдаг юм. Дун 2 ширхэг, хүрд бол олон байсан үүнээс 1 ширхэг алга болсон байсан. Тодва гуулин байсан энэ нь ном уншихад хэрэглэдэг дотроо хөндий, гурвалжин хэлбэртэй, гуулиар хийсэн гадна талаас нь харахад гурван тийшээ бадарч байгаа галны дүрс бүхий хээтэй зүйл бөгөөд дээрээс нь тогоо шиг зүйл тавьж дотор нь архи хийж ганжинд өргөдөг зүйл байгаа юм... Хонх, толь мандаа байсан, мандаа нь ном уншихад бурханд өргөж байгаа идээ будааг хийж өргөдөг эд зүйл байгаа юм... Майдар бурхан байсан сүүлийн үед л зурагдсан бурхан байсан. Очирваань бурхад байсан сүүлийн үеийн хийцнийх, хуучны 2 дамар байсан... Манай хийдэд Сэджавын Жанцандорж гэдэг 19 орчим насны тахилч залуу лам байсан. Тахилч нь хийдийн бүх л бурхан тахилыг өрж, хурлын бэлтгэл ажил хийдэг лам байсан. 2015 оны 9 сард Энэтхэг улсад суралцахаар явсан одоо ирээгүй...” гэсэн мэдүүлэг, /1ХХ-ийн 101-102-р хуудас/
- Гэрч И-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 7 сарын 01-ний өдөр Улиастай сумын Богдын гол багийн Дашпунцаглан хийдэд хулгай орж бурхан шашны эд зүйл алдагдсан гэсэн мэдээллийн дагуу манай эрүүгийн цагдаагийн алба хаагч нар ажиллаж байсан... 2016 оны 7 сарын 03-ны өдөр Богдын гол багийн Цэнгэлдэхийн хэсэгт явж байгаад хамгийн хойд байх гудамжнуудын ар талаар урсдаг голын захаас энэ бурханы зургийг олсон... “гэсэн мэдүүлэг, /1 ХХ-ийн 104-р хуудас/
- Гэрч Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 7 сарын 01-ний өглөө 07 цагийн үед Г, Д бид 3 айлд хурал хурах гээд буяны ажилд явсан юм. Тэгээд хурал хурж дуусаад 13-н цагийн орчим аймгийн төв рүү орж ирэхэд бичээч над руу залгаад ганданд хулгай орсон байна хүрээд ир юмаа бүртгэе гэсэн. Тэгээд бид 3 ганданд явж очиход цонх хагархай, гадна дотор бурхан байдаг шилнүүд хагарсан, доторхи зүйлүүд эмх замбараагүй байсан. ...Манай ганданд П, О, М, Д, Ц гэсэн 6 лам суудаг...” гэсэн мэдүүлэг, /1 ХХ-ийн 112-113-р хуудас/
- Гэрч Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 7 сарын дундуур буюу Эрдэнэтийн наадмын өмнө аав Г маань ажилдаа явсан хойгуур Н телевизийн сувгаар эртний эдлэл авна гэсэн зар явахаар нь зар дээр байгаа утас руу залгасан. Тэр өдөр нь 1 хүн ирж үзээд 500.000 төгрөгөөр худалдан авсан. Тэр хүн өөрийгөө Төрөө гэж танилцуулсан би БНХАУ-д сурдаг бөгөөд зуны амралтаараа ирэхэд манайд байсан хэзээ авсныг нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг, /1 ХХ-ийн 129-р хуудас/
- Гэрч Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... У би манай 2 охины хамт бид дөрөв 2016 оны 6 сарын дундуур Завхан аймгийн Отгон сум руу У-ийн төрсөн дүү У-г авчрах санаатай явсан юм. Суманд очиж дүүгийнх нь гэрийг ачиж аймгийн төв дээр ирж задгай газар гэрийг нь барьсан. Тэгээд Эрдэнэт рүү ирэхээр болоход гэр ачих унаа тэрэг олдоогүй учир гэрийг нь У-ийн хамаатны ах В гэж хүнд захиж үлдээгээд 3 ширхэг авдар, гал тогооны хэрэгсэл гээд ойр зуурын юмнуудыг нь Эрдэнэтэд авчирсан. Эрдэнэтэд ирсэн хойноо авдар савыг нь янзалж байтал бурханы зураг, цан гэх мэт шашны эд зүйлс гараад ирэхээр нь ямар учиртай юм гэхэд юу ч хэлээгүй. Тэрнээс болж бид хоорондоо маргаж байгаад өнгөрсөн. Тэгээд Булган аймгийн Бугат сумын Адаг нэртэй газар айлын гүү саахаар бид бүгдээрээ 2016 оны 7 сарын 10-ны орчим явцгаасан. Хөдөө байхад Уламдэлгэр мотоцикл авмаар байна гээд байхаар нь хүргэн ах Г найзынхаа нэг хужаа мотоцикл бидэнд 180.000 төгрөгөөр авч өгсөн, эхний ээлжинд 100.000 төгрөгийг нь өгсөн. Тэгээд байж байтал У мотоциклоо унаад юу ч хэлэлгүй явсан. Тэрнээс хойш нэлээн сураггүй алга болсон. Сураг ажиг тавиад байтал В ахынхаас У-г энд ирээд гарлаа мотоциклтой явж байна гэж хэл дуулгасан. Тэрнээс хойш хаана байгаа нь мэдэгдэхгүй байж байгаад 09 сарын 20-н орчим У гэртээ мотоциклоо унаад ирсэн. Удалгүй Завхан аймгийн Цагдаа нар ирж бариад авч явсан. Дээрх авдар дотор байсан зүйлүүдийг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, асуугаад хэлээгүй, ер нь бол юм аа хэлдэггүй, ширүүхэн уурлачихаар алга болчихдог...” гэсэн мэдүүлэг, /1 ХХ-ийн 130-131-р хуудас/
- Гэрч Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сайн танихгүй, 2016 оны 7 сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян Өндөр сум Шанд багт гэрт нь уулзсан. Тэр өдөр У над руу залгаад цан, зурмал бурхан, шашны эд зүйл байна та авах уу гэсэн тэгэхлээр нь би 1 цагийн дараа Шанд багт гэрт нь очиход байшингаас гарч ирээд байшингаасаа 10 метр орчим зайд тавьсан модон авдарнаас канондсон зурмал бурханууд гаргаж ирсэн. Намайг очиход авдрын хажууд 8 ширхэг буюу 4 хос цан, рашааны сав 2 ширхэг, канондсон Жамсран бурхан-1ш /50х30 см/ орчим хэмжээтэй, гуулин шармал Бурхан багшийн цутгамал-1ш /30 см орчим/ байсан. Тэгээд хэдэн төгрөгөөр авах уу гэхлээр нь би рашааны сав-2ш, цан-4ш, канондсан Жамсран бурхан нийлүүлээд 200.000 төгрөгөөр авъя гээд зургийг нь утсан дээрээ дарж аваад мөнгөө бэлнээр нь өгөөд явсан. Завханд хүмүүсээс тэдгээр зүйлийг цуглуулж авсан юм гэж байсан. Хулгайн эд зүйл гэж яриагүй, би ч хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй... 2016 оны 07 сарын 26-ны өдөр У утсаар ярьж ирээд надтай уулзаж 50.000 төгрөг зээлж авахдаа Завхан аймаг руу явж бурхан шашны эд зүйл цуглуулж ирнэ гэж ярьж байсан. 2016 оны 07 сарын 21-ний өдөр манай аймгийн эртний эдлэлийн ченж Г-ийн охин З над руу утсаар ярьж манайд хүрээд ирээч гээд намайг очиход Богдзонхов 2 шавьтайгаа зураг байсан, хэмжээ нь 120х80 см хэмжээтэй зээгт наамал бурхан үзүүлээд... би Богдзонхов бурханыг 500.000 төгрөгөөр худалдан авсан...” гэсэн мэдүүлэг, /1 ХХ-ийн 132-133-р хуудас/
- Гэрч Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 7 сарын эхээр У манай ажил дээр орж ирээд ах би бурхан зарна, хөдөө явах гэсэн бензин тосны мөнгөгүй болчихлоо та очоод үзээдхээч гээд би У-тэй хамт гэрт нь очсон. Тэгээд надад том гуулин бурхан, 3-н зурмал бурханы зураг үзүүлсэн. Би 2 ширхэг зурмал бурхныг нь 100 гаруй мянган төгрөгөөр авсан. Намайг гуулин бурхнаа авчих гээд гуйгаад байхаар нь аваагүй, миний худалдаж авсан болон үзүүлсэн бурхан нь шинэ цагийн Түвдийн бурхан байсан...” гэсэн мэдүүлэг, /1 ХХ-ийн 134-р хуудас/
- Гэрч М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “У-г таньдаггүй байсан. Манайхыг 10 орчим жилийн өмнө Отгон суманд байхад энэ У гэдэг залуу аавтайгаа золгоно гэж ирж манай нөхөртэй уулзаж байсан тэгэхэд зүс харж байсан. Түүнээс хойш уулзалдаагүй, энэ зун Эрдэнэт хотод байж байгаад Отгон сум орчихоод дүүгээ гэр оронтой нь аваад ирлээ, гэрээ Аралд барьсан гээд манайхаар ирсэн... 2016 оны 8 сарын сүүлээр хятад улсад үйлдвэрлэсэн улаан өнгийн хуучин мотоциклтой ирсэн. Нутагтаа очиж ан гөрөө хийнэ гэж хэлсэн. Тэгээд манайхаар хэд хоног байж байгаад ажилд орно гэж яваад маргааш өглөө нь хөнжил, пүүгээгээ аваад хөдөө ажиллана гээд яваад өгсөн юм. Тэгсэн чинь 10 гаран хоноод нэг өдөр буцаад ирсэн. Тэгэхдээ мотоциклоо Ургамал сумын нутагт хээр хаячихаад ирлээ гээд ирсэн... Тэгээд нэг удаа 2016 оны 9 сарын 15-ны орчим Эрдэнэт явлаа гэж хэлчихээд явсан. Тэгсэн чинь 2 билүү хоноод буцаад ирсэн... манайд ирэхдээ бурхан шашны эд зүйл авч ирж байгаагүй, харин нүүр нь хагархай хар өнгийн гар утас надад өгсөн. Манай эгчийн гар утас байгаа юм та хадгалж бай гэж хэлж өгсөн... Би тэр утсыг нь ашиглаагүй, нүүр нь хагархай VEGA гэсэн бичигтэй гар утас байсан...” гэсэн мэдүүлэг, /1 ХХ-ийн 137-р хуудас/,
- Гэрч Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би төрсөн дүү Н-ийн лангуун дээр хааяа суудаг, манай дүү Н нь уг байрны ерөнхий түрээслэгч юм. 2016 оны 8 дугаар сард байх өдрийг нь сайн мэдэхгүй байна. Надад өгөөд үүнийг хадгалж бай, түр байлгаж бай гэж өгөөд явсан. Саяхан ирээд миний нөгөө даавуун бурхан байгаа юу гэж асуусан, тэгэхээр нь би байгаа гэж хэлсэн... Би уг бурханг, мэдэхгүй хараагүй даавуун бурхан байсан. Дээр үеийнх юм уу, шинэ үеийнх юм уу гэдгийг нь мэдэхгүй, бурхан надад байсныг сая цагдаад хураалгасан...” гэсэн мэдүүлэг, /2 ХХ-ийн 5-р хуудас/
- Хохирогч Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 9 сарын 14-ний өглөө 09 цагийн үед эхнэр Х-ийн хамтаар модонд явсан. Манайд Б, Н, Б, манай 2 хүүхэд М, М нар үлдсэн. Тэгээд шөнө 23 цагийн үед гэртээ ирэхэд Б, Б нар манайд байсан. Тэгээд охин М гэрт хулгай орсон байна гэхээр нь би хаанаас юу алга болсон байна гэж асуухад таны 2 буу, миний гар утас байхгүй болсон байна гэсэн... Т манайхаас нэг хүн гараад явж байхыг харсан байна лээ. Тэр үед 15 цаг болж байсан гэсэн. Тоз маркийн буу-2ш, судар-6 ширхэг, нэг нүдний дуран-1ш, монетен хос ээмэг-1ш, Галакси Эс-4 маркийн 1 ширхэг, 100.000 төгрөг алдагдсан... Том сударны завсраар 100.000 төгрөг хийсэн байсан... 7 сард баяраар гуанз ажиллуулаад 100.000 төгрөг олсон. Манай эхнэр, хүүхэд мэднэ... Ээмэг нь манай эхнэрийнх, гар утас нь манай том охины гар утас... тэр сударнууд 1993 онд надад миний эцэг эхээс өвлөгдөж ирсэн юм...” гэсэн мэдүүлэг, /1 ХХ-ийн 90-92-р хуудас/
- Хохирогч С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2091 гол төмөрний, 2091 замагны дугаартай ТОЗ-8 маркийн буутай. 2016 оны 6 сард төрсөн ахаасаа худалдаж аваад дүү Б-ийн гэрт нь орхиод авч чадаагүй байсан юм. Тэгсэн чинь 2016 оны 9 сарын 17-ны өдөр байх манай дүү Б над руу утсаар хэлэхдээ манайд хулгай ороод эд зүйл алга болсон байна гэж хэлсэн... “ гэсэн мэдүүлэг, /1 ХХ-ийн 95-р хуудас/
- Гэрч Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 9 сарын 14-ний орой 19 цагийн үед Б-ийн охин манайх руу утсаар залгаж орж ирээд манай гэрт хулгай орчихсон байна гэхээр нь юу алга болсон юм гэж асуухад гар утас, аавын 2 буу алга байна гэсэн. Тэгээд бид 2-г хүрээд ир гэхээр нь Б-ийн бага хүүхэд манайд байсан, тэр хүүхдийг нь аваад бид 3 гэрт нь очсон...” гэсэн мэдүүлэг, /1 ХХ-ийн116-р хуудас/
- Гэрч Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 9 сарын 14-ний өдөр 14 цагийн үед би хонио туугаад гол орох гээд явж байтал Б-ийн тэндээс нэг мотоциклтой буу үүрсэн хүн явж байхаар адуугаа сурах гээд урдаас нь очтол намайг хараад эргээд нэг зогссоноо буцаад Идэр сум ордог замаар явсан. Маргааш нь Б-ийн гэрт хулгай орсон талаар мэдсэн. Холоос харсан мотоцикл нь улаан өнгийнх юм шиг надад харагдсан. 200 гаран метр зайд харагдсан...” гэсэн мэдүүлэг, /1 ХХ-ийн 120-р хуудас/
- Гэрч Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Б-ийн том охин хониндоо явахдаа та энэ гараар онгойдог цоож энүүгээр гэрийн гадна тамбаарыг цоожлоорой, түлхүүртэй цоожоор цоожлохоор түлхүүрийг нь гээчих гээд байдаг юм гээд жижиг хөх өнгийн цоожоор цоожилсон...” гэсэн мэдүүлэг, /1 ХХ-ийн 121-р хуудас/
- Гэрч М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би тэр өдөр гэртээ байж байгаад 10 цагийн орчим хониндоо явсан юм. Тэгээд хонио хариулж байгаад орой 19 цаг болж байхад гэртээ ирсэн... Гэрт ороход гал тогооны хойд талын цонх онгорхой байсан. Мөн ээжийн орны хөнжил гудсыг ухсан бололтой хөнжлийг нь хажуу тийш татчихсан байсан. Ээжийн орны толгойн дээд хэсэгт байсан аавын болон авга ах С нарын буу алга болчихсон байсан. Тэгээд би цааш нь юмаа бүртгэж үзсэн чинь гэрт байсан нэг нүдний дуран, миний хар өнгийн VEGA гэдэг нэртэй утас байхгүй байсан... Аав, ээж 2 надад 100.000 төгрөг хадгалж хамгийн том дамиран сударны завсар хийсэн байгаа гэж ярьж байсан. Би Улаанбаатар явж бөөрөө эмчлүүлэх гэж байсан юм. Тэгээд надад мөнгө хадгалж байгаа гэж хэлж байсан, тэр сударны завсар мөнгө хийж байхыг болон мөнгө байхыг харж байгаагүй. Гар утас нь том өрөөний бурхан хийдэг торхны доод талын шургуулганд байдаг байсан юм. Тэр утасны нүүр нь хагархай, хар өнгийн утас байсан... Анх тэр мэдрэгчтэй том гар утсыг хүнээс 2016 оны 07 сард 430.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Тэгэхэд л тэр утсыг GALAXY S-4 гэдэг утас гэж хэлж байсан юм. Яг энэ хулгайд алдсан утас бол GALAXY S-4 биш VEGA гэдэг утас юм билээ. Энэ талаар аав тухайн үедээ мэдүүлэг өгөхдөө GALAXY S-4 гэдэг гэж бодоод л тэгэж хэлсэн байх...” гэсэн мэдүүлэг /1 ХХ-ийн 124-125-р хуудас/
- Гэрч Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Хулгайд алдсан гэх монетен ээмгийг 2015 оны 8 дугаар сард Б-ийн хамтаар дэлгүүрээс 170.000 төгрөгөөр худалдаж авсан. Ромбон хэлбэртэй, гадаргуу нь бэржгэр ээмэг байсан. Зун сумын баяраар зүүж байгаад цагаан цүнхэндээ ээмэг бөгжний хайрцганд хийсэн... Алдсан 100.000 төгрөг хамгийн том Дамиран сударны цааснуудынх нь завсар голд нь хийсэн байсан. Манайх улсын баяраар гуанз хийгээд олсон мөнгөнөөсөө хийсэн, 5 ширхэг 20.000 төгрөг хийсэн...” гэсэн мэдүүлэг, /1 ХХ-ийн 127-128-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгч У-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Дашпунцаглан хийд рүү болон иргэн Б-ийн гэр рүү хууль бусаар нэвтэрч хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна. Хулгайлсан эд зүйлүүдийн дийлэнхийг мөрдөн байцаалтын шатанд хурааж аваад хохирогч нарт хүлээлгэж өгсөн. Олдохгүй байгаа эд зүйлүүдийн үнийг шинжээчийн тогтоосон үнэлгээгээр төлж барагдуулна. Харин хохирогч Г-ийн цаашид ашиглах боломжгүй гээд буцаасан эд зүйлсийн үнийг төлж чадахгүй, учир нь би тэдгээр зүйлсийн чанар байдлыг доройтуулаагүй. Цагаан дарь эх бурхан Цагдаагийн байгууллагад олдохдоо үрчийсэн байсан гэсэн, гэхдээ хохирогчид хүлээлгэн өгөх үед өнөөдөр шүүх хуралдаанд үзүүлж байгаа шиг хамаг будаг нь халцарчихаагүй байсан. Хохирогч өөрөө хүлээж авснаасаа хойш ийм болгосон байна. Шүүхээс надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэгт хавсаргагдсан хураан авах тогтоол тэмдэглэлүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоолууд зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан авсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан ба тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан...орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн...бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-аас дээш 6 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл 2-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаас үзвэл 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай этгээдэд шүүхээс ял шийтгэл оногдуулахад хуульд заасан ялын төрлүүдээс сонгож хэрэглэх боломжтой, хорих ялын дээд хэмжээ нь бага, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул уг хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй юм.
Иймд У-ийн дээрх үйлдлүүдийг Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч У-д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул У-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч У нь урьд Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Сум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан байх боловч 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар түүний ялгүй болох хугацааны үлдсэн хугацаа хэрэгсэхгүй болсон учир шүүгдэгч У-г анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч У-д ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн бөгөөд харин ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөр эрхэлж орлого олдоггүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй байна.
У-ийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийн улмаас хохирогч Г-д 7.913.000 төгрөгийн, хохирогч Б-д 3.140.000 төгрөгийн, хохирогч С-д 500.000 төгрөгийн буюу хохирогч нарт нийт 11.553.000 төгрөгийн /бага бус хэмжээний/ хохирол учирсан байна.
Шүүгдэгч У-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс буюу шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль /2015 оны/ мөрдөгдөж эхэлсэн үеэс хорих байгууллагуудын дэглэм өөрчлөгдөж, хорих ялыг нээлттэй буюу хаалттай хорих байгууллагад эдлүүлдэг болсон учир У-д оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч У нь шийтгэх тогтоол гарахаас өмнө 202 хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй юм.
Хохирогч Г нь Дашпунцаглан хийдээс хулгайд алдагдсан эд зүйлсийн үнэлгээг тогтоосон Хүрэл бэрс ХХК-ий шинжээчдийн дүгнэлтийг эс зөвшөөрч байгаа боловч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлөөс гаргасан шинжээчийн дүгнэлтээр Дашпунцаглан хийдээс алдагдсан цан, хонх, дун, Б-ийн гэрээс алдагдсан 5 ширхэг судар зэргийг соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдсэн гээд үнэлгээг шинэчлэн тогтоосон ба бусад эд зүйлсийн үнэд өөрчлөлт оруулаагүй, олдоогүй эд зүйлст үнэлгээ тогтоох боломжгүй гэсэн учир дээрх Дашпунцаглан хийдээс алдагдсан цан, хонх, дун, Б-ийн гэрээс алдагдсан 5 ширхэг судар зэргийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн, бусад эд зүйлсийг Хүрэл бэрс ХХК-ий шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн хохиролыг тооцох нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч У-ийн Дашпунцаглан хийдээс хулгайлаад үрэгдүүлсэн буюу мөрдөн байцаалтын шатанд хохирогчид буцаан олгогдоогүй Жамсран бурхан, жанч, гуулин цан 2 ширхэг, гуулин бумба, сэлмэн 3 ширхэг, дун, хонх зэрэг эд зүйлсийн үнэ болон цонх шиллэхэд гарсан зардал нийлээд 1763000 төгрөгийг, хохирогч Б-ийн гэрээс хулгайлаад үрэгдүүлсэн буюу мөрдөн байцаалтын шатанд хохирогчид буцаан олгогдоогүй нэг нүдний дуран, монетон ээмэг 1 хос зэргийн үнэ, бэлнээр алдагдсан 100000 төгрөг, хохирогч Б-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлсөн 50000 төгрөг нийлээд 370000 төгрөгийг шүүгдэгч У-аас гаргуулан хохирогч нарт олгох нь зүйтэй юм.
Мөн иргэний нэхэмжлэгч Г-ийн нэхэмжилсэн 150000 төгрөг, Т-ын нэхэмжилсэн 250000 төгрөг, нийт 400000 төгрөгийг шүүгдэгч У-аас гаргуулан иргэний нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч У-д шүүхийн шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулах учир түүнд урьд авсан хувийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосон үеэс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг тухайн өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй юм.
Шүүгдэгч У-аас хохирол гаргуулан хохирогч нарт болон иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэж буй учир түүний хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөнөөс хохирлыг төлүүлэхээр Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирогч Н нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дамар, Лхам бурхан, Гомбо бурхан, Цагаан дарь эх бурхан зэргийг цаашид ашиглах боломжгүй болсон гэж үзээд эдгээр эд зүйлсийг буцаан авахаас татгалзаж, шүүгдэгчээс үнийг нэхэмжилсэн боловч эдгээр эд зүйлүүд нь хулгайлагдахаасаа өмнө ямар чанар байдалтай байсан эсэх, цаашид ашиглах боломжгүй болсон нь үнэн эсэх, уг эд зүйлсийн чанар байдал доройтсон нь шүүгдэгч У-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэх нь тогтоогдоогүй учир дээрх эд зүйлсийг хохирогчид буцаан олгож, цоож, жааз, цонхны шилний хагархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 5 ширхэг зургийг хэрэгт хавсаргах нь зүйтэй юм.
Мөн хохирогч С нь шүүгдэгчээс нэхэмжлэх хохиролгүй гэсэн бөгөөд шүүгдэгч У-ийн бичиг баримт хэргийн хамт шүүхэд ирээгүй болохыг шийтгэх тогтоолд дурдаж нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар У-г эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн /2015 оны/ ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн /2015 оны/ ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У-ийн шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдсон 202 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-аас 2.533.000 төгрөг гаргуулж, хохирогч Г-д 1.763.000 төгрөг, хохирогч Б-д 370.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г-д 150.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т-д 250.000 төгрөг тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг энэ өдрөөс цагдан хорьж, хорих ялын биелэлтийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У-ийн хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөнөөс хохирлыг төлүүлэхээр Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дамар, Лхам бурхан, Гомбо бурхан, Цагаан дарь эх бурхан зэргийг хохирогч Г-д буцаан олгож, цоож, жааз, цонхны шилний хагархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 5 ширхэг зургийг хэрэгт хавсаргасугай.
8. Хохирогч С нь шүүгдэгчээс нэхэмжлэх хохиролгүй гэсэн бөгөөд шүүгдэгч У-ийн бичиг баримт хэргийн хамт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болно.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН