Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сеймуратын Еркеш |
Хэргийн индекс | 110/2024/0010/З |
Дугаар | 110/ШШ2024/0018 |
Огноо | 2024-04-24 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 110/ШШ2024/0018
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.А,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.С,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Савгарын Наранцэцэг нарын хоорондын нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэртэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Айгерим нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Х.А өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах“-аар маргаж байна.
2. Х.А нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр холбогдох баримт бичгийг хавсаргаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хандсан байх ба Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчаас “малчнаар ажилласан жил хүрэхгүй тул өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэсэн хариу өгчээ.
3. Нийгмийн даатгалын байцаагчийн өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан уг шийдвэрийн талаар 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан гомдолд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолоор “малчнаар тэтгэвэр тогтоох боломжгүй” гэсэн хариу өгснөөр нэхэмжлэгч Х.А нь 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Нэхэмжлэгч Х.А нь тус аймгийн Толбо сумд оршин суудаг. Х.А Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багт 2011, 2012 онуудад малчнаар ажилласан жил зөрчилтэй гэж Толбо сумын нийгмийн даатгалын байцаагч үзсэн тул уг хугацаанд мал маллаж, малчнаар ажилласан байдлыг тогтоолгохоор Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Х.А Баян- Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багт 2011, 2012 онуудад мал маллаж, малчнаар ажилласан хугацааг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 212\МА2023\000117 дугаартай магадлалаар тогтоосон. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч уг иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон С.Н Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргасан юм. Монгол Улсын дээд шүүхийн иргэний танхимын нийт шүүгчдийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 001\ШХТ2024\00015 дугаартай хуралдааны тогтоолоор итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Наранцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан тухай эцсийн шийдвэр гарсан.Ийнхүү шүүхээс Х.А Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багт 2011-2012 онд мал маллаж, малчин байсан асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн юм.
Малчин Х.А нь 55 насанд хүрч, улсад 20-иас доошгүй жил, үүнээс малчнаар 15 жил ажилласан тул Монгол Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Баян-Өлгий аймгийн Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчид өргөдөл гарган тэтгэврийн бичиг баримтуудыг хүлээлгэн өгье гэсэн тэрээр “Таны малчнаар ажилласан жил маргаантай учраас аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоохгүй байна" гэж түүнд өндөр насны тэтгэвэр тогтоолгохоос татгалзан, бичиг баримтуудыг хүлээн аваагүй юм. Тухайн үед Х.А Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрч тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч С.Н хэд хэдэн уулзаж нөхцөл байдлыг танилцуулсан боловч тоймтой хариу өгөөгүй байна.
Ингээд малчин Х.А 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох асуудлыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гомдол гаргасан. Гэтэл аймгийн Нийгмийн даатгалын газраас 2023 оны 02 дугаар сарын 20-ны үеэр утсаар ярьж “Х.А таны гомдлыг ханган шийдвэрлэх боломжгүй” гэсэн шийдвэр гарсан гэж хариу өгсөн байна. Х.А уг шийдвэрийг бичгээр авъя гэхэд аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга М.А Казакстан улсад явсан тул өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Иймээс Х.А өндөр насны тэтгэвэр авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа учраас тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Засгийн газрын тогтоолоор цэргийн алба хаасан хугацаа гэх мэт 3 үндэслэлээр болон хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд малчнаар ажилласан хугацаанд оруулахгүй гэж заасан. Нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол нэхэмжлэл гаргах шаардлагагүй байсан. Засгийн газрын тогтоолоос давсан зааврыг үндэслэл болгоод байна. Хөдөөгийн нөхцөлд мал маллах боломжтой. Хариуцагчийн төлөөлөгчөөс нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан ч мал маллах боломжтой гэж тайлбар өгсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.
Иймд Х.А өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын газрын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, Х.А 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж өгөх тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэв.
5 .Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
”Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн лавлагаанд хүсэлт гаргагчийн 2011 оны мал, тэжээвэр амьтад, хашаа ,худгийн тооллогын баримтад мал бүхий өрх байсан ба малчин өрх тэмдэглэгдээгүй, 2012 оны мал тооллогын баримтад мал бүхий өрх байсныг малчин өрх болгож зассан, регистрийн дугаар зөрүүтэй байгаа тул тухайн хугацаанд мал маллаж малчин байсныг тогтоох боломжгүй.
Хүсэлт гаргагч Х.А нь 2011-2012 онуудад нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авч байсан ба тухайн хугацаанд нийгмийн даатгалд сайн дурын үндсэн дээр хамрагдаж шимтгэл төлж байсан. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны А/09 дүгээр тушаалаар баталсан “Малчин даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах заавар”-ын 7.2-т “Нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа хугацаандаа нийгмийн даатгалд сайн дурын үндсэн дээр хамрагдаж шимтгэл төлсөн тохиолдолд малчнаар ажилласан хугацаанд тооцохгүй, харин нийт шимтгэл төлсөн хугацаанд тооцно” гэж заасан тул малчнаар ажиллаж шимтгэл төлсөн жилүүдэд 2011, 2012 он нь тооцогдохгүй, малчны 15 жил хүрэхгүй учраас өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй байна.
Давж заалдах шатны шүүхээс 2011, 2012 оны “А” дансыг үндэслэл болгож хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэсэн байгаа. Хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч гомдлыг авч хэлэлцээгүй. Манай байгууллага дээд шатны байгууллагын тушаал, шийдвэрийг биелүүлж ажилладаг. 2018 оны А/09 дугаартай тушаалд “малчнаар ажилласан жилд тооцохгүй” гэж заасан тул тухайн тушаалын дагуу тэтгэвэр тогтоож өгөөгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн “Х.А өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны/-ийн 6 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 3 дугаар зүйлийн 2-т “Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно”, 4 дүгээр зүйлийн 7-д “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 1/нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол”, 25 дугаар зүйлийн 1-д “Тэтгэвэр тогтоолгоход дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ: 9/энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан болзлоор тэтгэвэр тогтоолгох бол энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3, 7, 8-д заасан баримт бичгийг болон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, тухайн үед оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, малчнаар ажилд томилсон, чөлөөлсөн тухай тушаал, эсхүл хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, эсхүл тэдгээртэй адилтгах гэрээ, 1995 оноос хойш малчнаар ажилласныг нотлох "Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого"-ын бүртгэл, лавлагаа” гэж,
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:3.1.9-д "малчин" гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг” гэж,
Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хууль /1994 оны/-ийн 3 дугаар зүйлд “Нийгмийн даатгалын тухай хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажиллагчдын цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, түүний дотор хоршооллын байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгалд /ажилгүйдлийн даатгалаас бусад төрөлд/ даатгуулсанд тооцож уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно. Үүнд хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн нэгдэлдээ ажилласан, байлдагч, түрүүчээр цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа нэгэн адил хамаарна” гэж тус тус зохицуулсан.
3. Нэхэмжлэгч Х.А нь БНМАУ Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны “Монгол барилга” нэгдлийн харьяа Эрдэнэт дэх Монгол ажилчдын захиргааны даргын 1987 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 252 дугаар тушаалаар Эрдэнэт хотын Мод боловсруулах комбинатад мужаанаар томилогдож,1988 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 368 дугаар тушаалаар цэргийн албанд тэнцсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн нь хэрэгт авагдсан холбогдох тушаалуудаар /Хавтаст хэргийн 9-13 дах тал/ нотлогдож байгаа ба дээрх хуульд зааснаар уг 1 жил 3 сарын хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор байна.
Улмаар Х.А нь БХЯ-ны сайдын 1988 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалаар цэргийн албанд татагдаж, УАБХЕГ-ын даргын 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар халагдсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар /Хавтаст хэргийн 8 дах тал/ тогтоогдож байгаа ба Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т “Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно” гэж зааснаар нийтдээ 3 жилийг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй.
4. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хууль /1997 оны/-ийн 51 -д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор баталсан “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ын 3.1-т “Нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг дараах баримт бичгийг үндэслэн тодорхойлно: 3.1.2. даатгуулагч 1991-1994 оны хооронд хувиараа мал малласан бол 1991-1994 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан БНМАУ-ын Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, “Хувиараа аж ахуй эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг бүртгэх тухай” Хөдөлмөрийн сайдын 1991 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 276 дугаар тушаалын дагуу сайн дурын үндсэн дээр нийгмийн даатгалд даатгуулж, орлогоосоо 13.5 хувиар тэтгэврийн даатгалын шимтгэл төлснийг нотлох хөдөлмөрийн дэвтэр, “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг бүртгэх тооцооны хуудас”, тухайн орон нутагт мал маллаж оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт; 3.1.5. даатгуулагч 1995 оноос хойшхи хугацаанд хувиараа мал маллаж, нийгмийн даатгалын шимтгэл сайн дураараа төлсөн, эсхүл ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн бол шимтгэл төлснийг нотлох нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт хавсаргасан баталгаажилтын хуудас, (шаардлагатай тохиолдолд шимтгэл төлөлтийн лавлагаа), Үндэсний статистикийн хорооноос баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тухайн оны тооллого”-ын жил бүрийн бүртгэл (цаашид “А” дансны лавлагаа гэх);” гэж тус тус заасан.
5. Нэхэмжлэгч Х.А нь 1991-1994 оныг дуустал Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багт малчнаар ажилласан нь Толбо сумын болон тус сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтоор /Хавтаст хэргийн 39-40 дэх тал/ тогтоогдож байгаа, мөн түүний 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2021/00915 дугаар шийдвэрээр /Хавтаст хэргийн 14-16 дах тал/ тогтоосон байна.
Мөн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл,болзлыг хангасан тул Х.А ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 8 жил 5 сараар /1992 оны 8-12 дугаар сар, 1993-2000 он/ нөхөн тооцсон болохыг баталгаажуулсан /Хавтаст хэргийн 5 дах тал/.
6. Нэхэмжлэгч Х.А нь 2001, 2002, 2003, 2004, 2010, 2013, 2014 онд малчнаар ажилласан нь тухайн онуудын “А” дансны лавлагаагаар /Хавтаст хэргийн 23-32,37-38 дах тал/ тогтоогдсон, мөн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласныг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2023/00625 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2023/00117 дугаар магадлалаар /Хавтаст хэргийн 82-87,88-92 дах тал/ тогтоосон байна.
7. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд заасан болзол,нөхцөлийн дагуу Х.А 1995 оноос хойш малчнаар 3 жил 3 сар /2001-2003, 2004 оны 1-3 дугаар сар/ тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн болохыг баталгаажуулжээ /Хавтаст хэргийн 6 дах тал/.
Түүнчлэн тэрээр сайн дурын даатгуулагчийн хувиар 2010, 2011, 2012, 2013 он, 2014 оны 1 дүгээр сар, 2023 оны 11,12 дугаар сарын, албан журмаар 2015 оны 10,12 дугаар сар, 2016 оны 3 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн /Хавтаст хэргийн 4, 5, 7 дах тал/ байна.
8. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч Х.А нь хуульд заасан малчинд өндөр насны тэтгэвэр тогтоох болзлын “20-иос доошгүй жил ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх” гэснийг хангасан, мөн 1992 оны 8-12 дугаар сар,1993-1994, 1995-2000, 2001-2003, 2004 оны 1-3 дугаар сар,2010,2013, 2014 оны 1 дүгээр сар буюу 13 жил 9 сар малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдсон ба хариуцагч эдгээр үйл баримтын талаар маргаагүй болно.
Харин шүүхийн шийдвэрээр малчнаар ажилласнаар тогтоосон 2011, 2012 он буюу 2 жилийн хугацааг малчнаар ажилласанд тооцохгүй тул “15-аас доошгүй жил малчнаар ажиллаж шимтгэл төлсөн байх” гэсэн болзлыг хангахгүй гэж маргасан.
Тодруулбал, хариуцагчаас “1. Х.А 2011 оны мал тооллогын баримтад малчин өрх гэж тэмдэглэгдээгүй,2012 оны мал тооллогын баримтад мал бүхий өрх гэж байсныг засварласан, мөн регистрийн дугаар нь зөрүүтэй байсан. 2. Х.А нь 2011-2012 онуудад нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авч, тухайн хугацаанд нийгмийн даатгалд сайн дураар даатгуулан шимтгэл төлж байсан тул “Малчин даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах заавар”-ын 7.2-т зааснаар малчнаар ажиллаж, шимтгэл төлсөн хугацаанд 2011, 2012 он нь тооцогдохгүй” гэсэн тайлбар гаргасан.
9. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны А/09 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Малчин- даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах заавар”-ын 7.1-д “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2,4.3-т зааснаас гадна малчин-даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд дараах хугацааг хамааруулахгүй. Үүнд: 7.1.2.Хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас алдсаны улмаас нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авсан болон халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан хугацаа зэрэг болно”,7.2-т “Малчин-даатгуулагч тахир дутуугийн тэтгэвэр болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан хугацаандаа нийгмийн даатгалд сайн дурын үндсэн дээр хамрагдаж, шимтгэл төлсөн тохиолдолд уг хугацааг малчнаар ажилласан хугацаанд тооцохгүй, харин нийт шимтгэл төлж ажилласан хугацаанд оруулан тооцно” гэж тус тус заажээ.
10. Дээр дурдсан Х.А “Толбо сумын 5 дугаар багт 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай” шаардлага бүхий хүсэлттэй иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н “1.Х.А 2011 оны мал тооллогын баримтад малчин өрх гэж тэмдэглэгдээгүй, 2012 оны мал тооллогын баримтад мал бүхий өрх гэж байсныг засварласан, мөн регистрийн дугаар нь зөрүүтэй байгаа тул тухайн хугацаанд мал маллаж, малчин байсан гэж тогтоох боломжгүй. 2. Хүсэлт гаргагч Х.А нь 2011-2012 онуудад нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэмж авч, тухайн хугацаанд сайн дурын даатгал төлсөн. “Малчин даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах заавар”-ын 7.2 дах заалтаар тахир дутуугийн тэтгэмж авч байсан хугацаандаа сайн дурын шимтгэл төлсөн тохиолдолд малчнаар ажилласан хугацаанд тооцохгүй” гэсэн тайлбар гаргаж, Х.А 2011,2012 онд тахир дутуугийн тэтгэвэр авч байсан талаарх нийгмийн даатгалын лавлагааг нотлох баримтаар өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 65-71,73-76 дах тал/ тогтоогдож байна.
Х.Асылбекийн уг хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2023/00625 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2023/00117 дугаар магадлалаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах заалтыг баримтлан Х.А хүсэлтийн шаардлагыг хангаж,түүнийг Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багт 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай” гэж өөрчилж шийдвэрлэжээ.
Тухайн магадлалыг эс зөвшөөрч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н дээрх тайлбартаа тусгасан 2 үндэслэлээр маргаж, хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 001/ШХТ2024/00015 дугаар тогтоолоор шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар дээрх байдлаар өөрчлөлт оруулсан анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
11. Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н Х.А шүүхийн шийдвэрээр малчнаар ажилласнаар тогтоогдсон 2 жилийн /2011, 2012 он/ хугацааг дээрх Х.А хүсэлттэй иргэний хэрэгт гуравдагч этгээдийн хувиар гаргасан тайлбартаа тусгасан 2 үндэслэлээр малчнаар ажилласанд тооцохгүй гэж маргаж, малчинд өндөр насны тэтгэвэр тогтоох хуульд заасан болзлын “15-аас доошгүй жил малчнаар ажиллаж шимтгэл төлсөн байх” гэсэн шаардлагыг хангахгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарласан.
Гэвч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан бөгөөд дээрх байдлаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Х.Асылбек нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багт 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан нь тогтоогдсон тул энэхүү үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй юм.
12. Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хууль /1997 оны/-ийн 51 –д “Малчинд тэтгэвэр тогтоох болон тэтгэврийн насыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмыг Засгийн газар батална” гэж зааснаар Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ын 3.9-д “Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа, цэргийн алба хаасан хугацаа, малчнаас өөр ажил, хөдөлмөр эрхэлсэн хугацаа, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр, нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан хугацааг малчнаар ажилласан хугацаанд тооцохгүй. Харин ерөнхий боловсролын сургуульд суралцсан хугацаанаас бусад дээр дурдсан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн (эсхүл шимтгэл төлснөөр тооцогдох) бол тэтгэвэр тогтоолгоход баримтлах шимтгэл төлсөн нийт хугацаанд оруулан тооцно” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, дээр дурдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны А/09 дүгээр тушаалын хавсалтаар баталсан “Малчин-даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах заавар”-т хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас алдсаны улмаас нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авсан хугацааг малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд хамруулахгүй гэж заасан байгаа хэдий ч малчинд тэтгэвэр тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах журмыг батлах эрх хуулиар олгогдсон этгээдээс гаргасан журамд “хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авч байсан хугацааг малчнаар ажилласан хугацаанд тооцохгүй” гэж зохицуулжээ.
Маргаан бүхий 2011, 2012 онуудад Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр нэхэмжлэгч Х.А хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар сунгасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 98 дах тал/ тогтоогдсон.
Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан, мөн нэхэмжлэгчээс тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2008 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 304 дүгээр тогтоол болон 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 67 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-д даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг бүрэн буюу 70 ба түүнээс дээш хувиар алдсан, хагас (хэсэгчлэн) буюу 70 хүртэл хувиар алдсан гэж ангилан тогтоохоор тус тус заасан байна.
Мөн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1997 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн А/250 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох, хөдөлмөр зохицуулалт хийх заавар”-ын 4-т “Ердийн болон мэргэжлийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг дараах үзүүлэлтүүдийг үндэслэн тогтооно. в/ өвчин эмгэг нь архагшсан эрхтэн бие махбодийн тогтоц, үйл ажиллагаанд удаан хугацаагаар нөлөөлж хөдөлмөрийн чадварыг алдагдуулсан боловч өвчтөн өөрөө өөртөө үйлчлэх чадвартай,өвчилж гэмтсэн эрхтэнд харшлахгүй зарим нэг ажлыг тухайн эмнэлгийн хяналтын дор хийж болох хүмүүст хөдөлмөрийн чадвар алдалтыг 50-69 хувиар тогтооно” гэж заасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан хүн мал аж ахуй эрхэлж болох эсэх асуудалтай холбоотой ямар нэгэн маргаан байхгүй. Мал аж ахуй эрхэлж болно. Бид нар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан зааврын дагуу ажилласан” гэсэн тайлбар гаргасан болно.
Иймд нэхэмжлэгч Х.А хөдөлмөрийн чадвараа 60 хувиар буюу хагас алдсан нь тогтоогдож байх тул түүний шүүхийн шийдвэрээр малчнаар ажилласнаар тогтоосон 2 жилийн /2011,2012 он/ хугацааг дээрх үндэслэлээр малчнаар ажилласанд тооцохгүй гэх хариуцагч байгууллагын тайлбар нь хуулиар эрх олгосон этгээдээс баталсан “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ын 3.9-д заасантай нийцэхгүй, мөн үндэслэлгүй байна гэж үзлээ.
13. Дээрх үйл баримтуудаас үзэхэд “15–аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангахгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Х.А өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн татгалзал нь үндэслэлгүй бөгөөд Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны/-ийн 6 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1/ дэх заалтыг тус тус зөрчсөн хууль бус, мөн уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
14.Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны/-ийн 8 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 6 дугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно” гэж тус тус зааснаар даатгуулагчийн өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс буюу 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч Х.А өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагч нийгмийн даатгалын байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны/-ийн 6 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1/ дэх заалт, 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х.А өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ