Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/958

 

                             

Б.О, Т.М, Э.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сүхчулуун,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.З, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, М.Цэрэнбат,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батсайхан, шүүгч Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/627 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч П.З, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа, хохирогч Б.Х, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.О, Т.М, Э.Б нарт холбогдох 1809051581175 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Х овгийн Бгийн О, 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засвар, токарьчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:/;

            Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

2. Б овгийн Эын Б, 1989 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “-” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн зуучлагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            3. Х овгийн Тын М, 1984 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, ах, эгч, дүү нарын хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            шүүгдэгч Б.О нь 2018 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1-р хороо “Р” баарны үүдэнд Г.Б, П.Х нартай маргалдан зодолдож П.Хын толгойн тус газар нь цохиж санаатай алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.О, Э.Б нар нь бүлэглэн П.Хын биед “Баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, уруулд шарх, өвдөгний зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.О, Э.Б, Т.М нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих Сүхбаатар дүүргийн 1-р хороо “Р” баарны үүдэнд Г.Б, П.Х нартай маргалдан зодолдож Г.Бын эрүүл мэндэд “Дээд уруулын дотор салстын зүүн хэсэг шарх, зулгаралт цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, 1 шүдний сулрал, хэвлийн баруун дээд хэсэгт цус хуралт, зүүн тохойн дотор хэсэг, баруун өвдөгний доод хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Э.Б, Т.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Х овгийн Бгийн Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х овогт Бгийн О, Б овогт Эын Б, Х овогт Тын М нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дүгээр зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.О, Э.Б, Т.М нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ог 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Он энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 725 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 3 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Огаас нийт 9.317.988 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Зд олгож, П.Згийн нэхэмжлэлээс 20.063.470 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, 54.705.810 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хын нэхэмжлэлээс 9000.000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Б.Огаас 15.661.690 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хд, 3500.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Зд, шүүгдэгч Э.Б, Т.М нараас 1300.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хд төлсөн ба шүүгдэгч нараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х, хохирогч Г.Б нарт баримтаар төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Б, Т.М нар нь энэ хэргийн улмаас тус бүр 68 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Б, Т.М нарт урьд авсан Монгол улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах арга хэмжээг, шүүгдэгч Б.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Огийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт улсын яллагч 12 жилийн хорих ял оногдуулахаар яллаж байхад хохирлын мөнгө төлөгдөөгүй байхад шүүх 2020 оны 4 дүгээр сарын 4-ний 2020/ШЦТ/392 дугаартай шийтгэх тогтоолд 8 жил 1 сарын хорих ял оногдуулан ялыг хөнгөрүүлсэнд гомдолтой байна. Улмаар 2020 оны 6 дугаар сарын 18-ны Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүх 2020/ДШМ/797 дугаартай магадлалд анхан шатны шүүх Б.Огийн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт бодитой хууль зүйн дүгнэлт хийлгүй, ямар үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг хамгийн доод хэмжээгээр 8 жил хорих ял шийтгэсэн хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй болж чадаагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.О, Т.М, Э.Б нарын холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй нь шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл шаардлагад нийцэхгүй байна гэж дүгнэсэн. Энэ нь хуулийг ноцтой зөрчил гарсан гэж уг хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 1809051581175 эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаагаад 2 жил 1 сар тус шүүх дээр шийдэгдэхгүй, ковид, элдэв арга, заль мэх, эрх ашгийн сонирхлоор хүний эрхийг ялгаварлан гадуурхаж, хэргийг эргээд хэвээр нь шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн гэж харагдаж байна.

...миний хүүг Б.О санаатай, хэрцгийгээр зодож, 4 хоног ямар ч ухаан оролгүй тархины хүнд гэмтэл, няцрал, цусан хаван зэрэг гэмтэл авч нас барсаар байтал энэ алуурчны хэргийг яагаад удаашруулан ял шийтгэлийг нэн даруй шийдэхгүй, хууль зөрчсөн шүүгч нарыг ёс зүй, сахилга жудаггүй байна гэж үзэж байна. 2022 он өнгөрсөөр маш олон удаа шүүх хуралд өмгөөлөгчөө солих хүсэлтийг өгч хойшлуулсан мөртөө эргээд өөрийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнг авч, шүүх хурал хойшлуулах арга заль мэх хийсэнд гомдолтой байдаг.

2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Д.Даваасүрэнд ажил явдал гарсан гэж шүүх хурал хойшилсон. Тухайн үед Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шалгалт явуулахад худал ярьж шүүх хуралд очоогүй. 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03/6955 дугаартай тогтоолд, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хүрээлэнгийн захирлын Б/597 дугаартай тушаалаар сахилгын арга хэмжээ авахуулсан. Ийм байдлаар шүүх хурал явагдсаар ялыг дахин хөнгөрүүлсэн тогтоол гаргаж байгаад гомдолтой байна.

...Миний хүү ээжээ тэжээж, асарч халамжлан явсан. Миний хүү байрны төлбөр, ус, тог, цахилгаан гэх мэт бүхий л урсгал зардал, эм тариа, хоол унд бүгдийг төлдөг байсан. Хэрэг явдал гарснаас байнга яригдсаар ирсэн байхад оршуулгын зардал төлөгдөөгүй ба 4 жил “төлнө, барагдуулна, хэргээ хүлээж байна” гэж явсаар 2021 оны 10 дугаар сард 2.000.000, 2022 оны 6 дугаар сарын 10-нд 1.500.000 төгрөг харамлан өгсөн. Би хүүгээсээ хойш тэтгэврийн мөнгөөр арай ядан өр зээл тавин амьдарч явна. Би хүүгийнхээ хийж байсныг үргэлжлүүлж, хоёр ачийнхаа төлөө орон байраа өвлүүлэн өгөх болно. Өвдөх, үхэх эрхгүй, амьд явах, амьдрах баталгаагүй ч хүүгийнхээ өр төлбөрийг дарж ирсэн би эм тариа байрны төлбөр арай ядан болгож явахад эдгээр этгээд Б.О, Э.Б, Т.М нар нэг ч удаа уулзаж уучлалт гуйгаагүй, хохирол төлөөгүй 4 жил болж байна. Э.Б, Т.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутай хэмээн зөв зүйлчилсэн хэрнээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг дууссан үндэслэлээр Б.О, Э.Б, Т.М нарыг хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Энэ хуулийн дагуу үнэн зөв шийдэж байгаа гэдэгт гомдолтой байна. Шинжээч эмч Д.Даваасүрэнгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2609 дугаартай, 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 203 дугаартай дүгнэлт, шинжээч эмч С.Одончимэг, Т.Чимэд-Очир, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй гарсан дүгнэлтүүд нь талийгаач хүүг минь онц хэрцгийгээр, санаатай алсан нь тодорхой байна. Б.Огийн өмгөөлөгч Ш.Мягмарсүрэн, М.Цэрэнбат нар хэргийг хөнгөрүүлэх гэж хүн алсан хүнийг хууль зөрчин өмгөөлж байгаад гомдолтой байна.

...Хөгшин настай үрээ алдсан эх хүн намайг Б.О, Э.Б, Т.М, өмгөөлөгч Ш.Мягмарсүрэн нар эх хүний сэтгэл зүйг ойлгохгүй ялгаварлан гадуурхаж явсаар ирлээ.

Иймд хуулийн дагуу Б.Од дээд ялыг оноож, хаалттай хорих ангид ял эдлүүлж, хэргийн материалд байгаа нотлох баримтуудын нэхэмжлэлийн хохирлыг барагдуулж, хэргийг нэн даруй хуулийн дагуу шийдэж өгнө үү. Оршуулгын зардал буяны үйл холбоотой баримтууд нэхэмжлэл үнэн зөв шүүхгүй байна гэж үзэж байна. Яагаад Б.Огаас гаргуулах 20.063.470 төгрөгийн холбогдох нэхэмжлэлийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй гэж орхисон нь “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шаардлага хангасан нотлох баримт бүрдүүлэх” гэж бичсэнд гайхаж байна...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Згийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дахь хэсэгт заасан зарчмыг зөрчин үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй, хохирол төлбөр төлөөгүй этгээдэд хөнгөн ял оноосон байдаг. Хэрэг гарсан хугацаанаас хойш болон шүүх хуралдааны явцад Б.О нь үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж гэмшдэггүй, үйлдсэн хэрэг дээрээ маргадаг. Миний үйлчлүүлэгч П.З нь өндөр настай, ганц бие бөгөөд амь хохирогч болох П.Х нь түүнийг харж асардаг ганц хүн нь байсан. Гэтэл шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс түүнд учирсан хохирол төлбөрийг төлөхгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч биш хэмээн маргаж байгаад гомдол гаргасан байна. Хоёр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд нэхэмжилж буй хохирол нь давхардуулаагүй байдаг бөгөөд П.Згийн хувьд өөрөө зээл авч, буяны ажилд зарцуулсан мөнгө болон хүүгийнхээ банкны зээл зэргийг төлөөд явж байгаа тул түүнийгээ нэхэмжилдэг. Анхан шатны шүүхээс хохирол төлбөрийн зарим баримтыг орхигдуулан шийдвэрлэсэн байдаг. Оршуулга буяны ажилд анх гарсан зардал нь 32.881.458 төгрөг зарцуулсан бөгөөд уг хохирлыг нэхэмжлэхдээ хэрэгт гаргаж өгсөн баримтыг үндэслэн нэхэмжилсэн байдаг. Гэтэл шүүхээс баримтын хүрээнд хэмээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Мөн амь хохирогч П.Х нь ээжтэйгээ хамт амьдрахаар орон сууцны зээлийн гэрээ байгуулан байр авч түүнийг төлж байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч одоо тус байранд амьдардаг бөгөөд зээлийн үүргийг өөрөө гүйцэтгээд явж байх тул хохирлоор гаргуулах нь зүйтэй байна. Хэрэг 2018 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө гарсан байх бөгөөд хэрэг үйлдсэн этгээд тодорхой байхад өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй шүүгдэгчид хэтэрхий бага ял оногдуулж, хохирол төлбөрийг дутуу шийдвэрлэж, хохирогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/627 дугаартай шийтгэх тогтоолыг өөрчилж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие амь хохирсон П.Хтай 12 жил хамтран амьдарч, бидний дундаас 2007 оны 7 дугаар сарын 17-ны өдөр охин Х.Д, 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүү Х.М нар төрсөн. Миний хань амьд сэрүүн байхдаа Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөрөнгө оруулалтын хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Анхан шатны шүүх “Талийгаачийн асрамжид байсан бага насны хоёр хүүхдийг насанд хүртэл олгох тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасан “Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах “заалтыг баримтлан 508.3 дахь хэсэгт зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гэм буруутай этгээдээс гаргуулах нь зүйтэй байна” гэж дүгнэсэн мөртөө тогтоох хэсэгт энэ талаар огт оруулж өгөөгүй байна. Охин Х.Д нь өнөөдрийг хүртэл “-” бүрэн дунд сургуульд суралцдаг бөгөөд 2018-2022 оны сургалтын төлбөрт тушаасан 20.300.000 төгрөгийг нэхэмжилсэн байхад зөвхөн эхний шүүх хурлын үед гаргаж өгсөн баримтыг үндэслэж 2018-2019 оны сургалтын төлбөрийг төлөх шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд миний нэхэмжилсэн хүүхдийн сургалтын төлбөрийг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулахаар тухай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн шүүгч Одончимэг даргалж шүүхийн “Урьдчилсан хэлэлцүүлэг” хийхдээ талуудаас гаргасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс П.Зг хасаж, Б.Хыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр шийдвэрлэсэн байдаг. Уг шүүгчийн тогтоол хүчин төгөлдөр байхад хоёр хохирогч оролцуулж шүүх шийдвэр гаргасан нь хууль бус гэж дүгнэж байна. 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 215 тоот шийтгэх тогтоолоор 1 жил тэнсэн харгалзах хүлээснийг, 1 жил хорих ял хэмээн шийтгэх тогтоолд тэмдэглэсэн нь миний хувийн байдалд сөргөөр нөлөөлж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт “Иргэдийн төлөөлөгч” Г.Э нь миний санаа, зорилго, сэтгэхүйн харьцааг дүгнэж хэлэхдээ “Алах санаа зорилготой байсан бол дахиж нэг удаа цохих байсан болов уу” гэж дүгнэсэн нь шийтгэх тогтоолд дурдагдаагүй, өөрөөр бичигдсэн нь шүүх хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан гэж дүгнэхэд хүргэж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ буруу зүйлчилсэн гэж миний бие үзэж байгаа бөгөөд ямар үед хүнийг нас барсанд тооцох гэдэгт, тархи үхэх буюу хүний ухамсарт ухаан үхээд мэдрэлийн систем зогссон тохиолдолд үүнийг биологийн үхэл гэж анагаахын шинжлэх ухаанд үздэг гэж миний өмгөөлөгч М.Цэрэнбат нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн. Миний бие хохирогчийг цохисон гэм буруу дээрээ маргадаггүй бөгөөд “Хүнд гэмтэл авсны улмаас” эмчилгээ хийлгэж байгаад хохирогчийг нас барсан гэж бодож явдаг. Миний хувьд хүнийг алах санаа зорилго байгаагүй. Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчлөн тохирох ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Он өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/627 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн 1809051581175 дугаартай хэрэгт шүүгдэгч Б.Од 9 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд гэм буруугаа бүрэн хүлээж, хохирогчийн төлөөлөгч эхнэр Б.Хд төлөхөөр шүүхээс тогтоосон 15.661.690 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Хохирогчийн өөр нэг төлөөлөгч П.Зд шүүхээс тогтоосон хохирлоос 3.500.000 төгрөгийг төлж барагдуулсан, цаашид төлөхөө илэрхийлсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Од холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэн гэм буруутайд тооцох, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэн шийдвэрлэх хууль зүйн бүрэн боломжтой байсан. Мөн уг хэрэгт хохирогч талийгчийн хууль ёсны төлөөлөгчөөр хоёр хүн тогтоож, оролцуулсан нь үндэслэлгүй. Уг хэрэгт талийгчийн биед гэмтэл учруулсан байж болзошгүй, шалгавал зохих этгээд болох Б.Бийг шалгах үндэслэл байгааг орхигдуулсан гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Б.О нь гэм буруугаа үйлдлийн хувьд бүрэн хүлээн зөвшөөрч шүүхэд мэдүүлсэн нь хурлын тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааны үеэр өгсөн удаа дараагийн мэдүүлгээр нотлогдсон. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа боловч хэргийн зүйлчлэл болон хэргийг шүүн таслах явцад гарсан дээрх зөрчлийн үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан болно. Б.Огийн үйлдэл нь хүнийг шууд санаатай алах үйлдэл хийсэн гэж зүйлчлэхэд эргэлзээтэй ба энэ нь талийгаачийг зөвхөн нэг удаа зүүн шанааны тус газарт цохисон, өөр гэмтэл учруулах үйлдэл хийгээгүй болохыг харуулж байгаа дүрс бичлэгээр маш тодорхой нотлогдож байна. Харин уг нэг удаа цохисны улмаас гэмтэл учирч болохыг мэдэх боломжтой боловч талийгаачийг үхэлд хүргэх үйлдлийг зориуд санаатай үйлдсэн, үхэлд хүргэсэн хор уршгийг зориуд хүсэж үйлдсэн гэж шууд дүгнэх, нотлох боломжгүй гэж өмгөөлөгчөөс үзэж байна. Энэ тохиолдолд хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийг журамлан гэм буруугийн холимог хэлбэр буюу санаатай үйлдлийн улмаас болгоомжгүйгээр хор уршигт хүргэсэн шинжид шууд тохирч байгааг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2609 тоот дүгнэлтийн “Дээрх гэмтэл нь ... гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, ...Талийгаач нь гэмтсэнээс хойш ГССҮТ-д 4 хоног 6 цаг эмчлэгдсэн. ...”, 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 203 тоот дүгнэлтийн “... Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүнд гэмтлийн улмаас нас барсан тохиолдолд амь насыг нь аврах боломжтой, боломжгүй гэдгийг тогтоож болох ба тухайн хүний биед учирсан гэмтлийн онцлог, мөн тухайн хүний бие физиологийн онцлог, эмчилгээ хүлээн авах байдал, эдгэрэлтийн байдал зэргээс хамаарч өөр өөр байх боломжтой. ...” гэж дүгнэсэн. Мөн шүүх хуралдааны явцад шинжээч эмч Д.Даваасүрэн нь талийгаач П.Х нь хүнд гэмтлийн улмаас нас барсан болохыг маш тодорхой мэдүүлсэн /хурлын тэмдэглэлд/ нь Б.Огийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэхэд ямар нэгэн хуульд харшлах, зөрчигдөх зүйлгүй болохыг шууд нотолж байна гэж үзнэ.

Хохирогч талийгчийн хууль ёсны төлөөлөгчөөр хоёр хүн тогтоож, уг төлөөлөгч нар нь тус тусдаа бие даасан хохирол төлбөр нэхэмжилснээр гэмт хэргийн шууд хохирол, эсвэл иргэний нэхэмжлэлийн зааг ялгааг гаргаагүйгээс шалтгаалж хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулахад хүндрэл үүсэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.2 дугаар зүйлийн 2 дахь заалтуудад тодорхойлсон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэж нэг хүн байхыг тодорхойлж заасан хэсгийг зөрчиж хууль хэрэглээний ойлгомжгүй байдал үүссэнээс шалтгаалж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 дугаар заалтууд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалт зөрчигдсөн. Уг хэрэгт талийгчийн биед гэмтэл учруулсан байж болзошгүй шалгагдвал зохих этгээд болох Б.Бий зодоонд шууд оролцсон бичлэг нотлох баримтыг харьцуулан үнэлээгүйгээс гэм буруутай этгээд ял завших нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэж эс зөвшөөрч байна. Дээрх байдлуудыг сайтар магадлан хянаж, Б.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.5-д зааснаар анх удаагаа тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос бүрэн төлж барагдуулсан /Б.Х/, хохирогчийн төлөөлөгч П.Зд олгохоор шүүхээс тогтоосон хохирлын үлдэх хэсгийг цаашид төлж барагдуулахаа бүрэн илэрхийлж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 16.2 дугаар зүйлийн 1.3, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зөвхөн хэргийн хуулийн зүйлчлэлийн хувьд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хэрэгт гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг хэрэглэн магадлан шийдвэрлэх хууль зүйн бүрэн боломжтой байна. /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйл/ Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр хоёр хүн тогтоож, уг төлөөлөгч нар нь тус тусдаа бие даасан хохирол төлбөр нэхэмжилснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.2 дугаар зүйлийн 2 дахь заалтууд зөрчигдсөн нь /өмгөөлөгчийн хувьд шүүн таслах ажиллагааны практикт анх удаа ийм байдалтай учирч байгаа ба ийм жишиг тогтвол цаашид хууль хэрэглээний ойлгомжгүй, зөрчилтэй байдал үүсэж, ойролцоо төрлийн хэргийг хожим шийдвэрлэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэж хэдэн ч хүн оролцож болох, тэр нь эргээд яллагдагч шүүгдэгч нарын хохирол гомдлыг барагдуулж гэм буруугаа хөнгөрүүлэх эрхэд муугаар нөлөөлж болох ноцтой шалтгаан болж болзошгүй гэж үзэж /шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх журмыг зөрчсөн, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дүгээр зүйлийн 1.2, 1.4/ гэж үзвэл уг зөрчлийг арилгуулахаар магадлалд зааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж энэхүү гомдлыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргав. ...” гэв.

Шүүгдэгч Б.Он өмгөөлөгч М.Цэрэнбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Талийгаачийн эрүүл мэндийн байдлын тухайд анх 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мэдрэлийн мэс заслын эмч үзээд “архины хордлого, комын байдалтай, мэс заслын аргаар эмчлэх” гэсэн байдаг. Маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн жижүүр эмчийн үзлэгт “нэрээр нь дуудахад нүдээ нээнэ, шингэн зүйл өгөхөд залгина” гэсэн байдаг. Гурав дахь өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн эмчийн үзлэгээр “өглөө 06:00 цагт цочролд нүдээ нээнэ, 09:00 цагт үе үе хөөрлийн байдалтай” гэсэн байдаг. Тухайн өдрийн 17:40 минутын үзлэгт “гаднын цочрол муухан мэдэрнэ, халуурна 38.2 хэм” гэсэн. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн үзлэгээр “халуурна 38.1 хэм” гэсэн. Шүүх эмнэлгийн шинжлэх ухаанд үхэл судлал гэх ойлголт байдаг. Үхлийн 5 үе шатыг авч үзэхэд төгсгөлийн хоёр үе шат буюу клиник үхэл, биологийн үхэл гэх хоёр асуудлыг ярих ёстой. Анагаах ухааны үүднээс хэзээ хүнийг нас барсанд тооцох вэ гэхээр тархины үхэл буюу биологийн үхлийг тооцдог. Эмнэлэгт хэвтсэн хугацааны эмчийн үзлэгийн тэмдэглэлийг харахад талийгаач 5 дахь хоног дээрээ нас барсан. Тэр хооронд тархины үхэл болоогүй гэдэг нь нэрээр нь дуудахад нүдээ нээнэ гэдгээр харагддаг. Өөрөөр хэлбэл, тархины ухамсарт үйл ажиллагаа явагдаж байсан. Талийгаач үхээгүй байсан нь харагддаг. Эхний өдрийн үзлэгээр мэс заслын аргаар эмчлэх заалттай байсан. Үхлийн оноштой байсан бол мэс заслаар эмчлэх заалт байхгүй байх байсан. Шүүх эмнэлгийн хоёр дүгнэлт гарсан. Эхний дүгнэлт 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гарсан. Уг дүгнэлтээр “хүнд гэмтэл тогтоогдлоо” гэсэн. Хоёр дахь дүгнэлт амь хохирогчийг нас барсны дараа буюу задлан шинжилгээний дүгнэлт байсан. Уг дүгнэлтэд “талийгаачид учирсан гэмтэл амьд байхад нь учирсан гэмтэл байна” гээд гарсан. Хүнд гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Улсын Дээд Шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 550 дугаар тогтоолд “хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийг хооронд нь харьцуулж ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалж бусад хүндрэл үүсэж нас барсан зэргийг нарийвчлан тогтоож дүгнэлт хийсний эцэст хэргийг эцэслэн тогтоох учиртай” гэсэн байдаг. Шугаман хугарал гэх гэмтэл учруулахын тулд хүнээс ямар хэмжээний хүч гарах вэ. Гэтэл Б.О нь солгой биш, зүүн гараараа нэг удаа цохиход тэр хэмжээний хугарал үүсгэх үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй асуудал юм. Шүүгдэгч Б.О нь талийгаачид хүнд гэмтэл учруулсан. Тэгээд талийгаач эмнэлгийн тусламж авч байгаад 5 дахь хоног дээрээ хүнд гэмтлийн улмаас нас барсан гэдэг нь эмнэлгийн актуудаар тогтоогдож байгаа. ...” гэв.

Прокурор М.Сүхчулуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд шүүгдэгч талаас хоёр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тогтоогдсон нь хууль зөрчсөн гэх асуудлыг хэлэхэд шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тоог хязгаарласан хуулийн зохицуулалт байхгүй гэх байдлаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Р” баарны үүдэнд Г.Б, П.Х нартай “таксины жолооч, халтар юмнууд зайл гэх мэтээр доромжилсон” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж, П.Хын толгой тус газар нь цохиж санаатай алсан,

шүүгдэгч Б.О, Э.Бтэй нар бүлэглэн П.Хын биед “баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, уруулд шарх, өвдөгний зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Э.Б, Т.М, Б.О нар нь хохирогч Г.Бтай маргалдан зодолдож, Г.Бын эрүүл мэндэд “дээд уруулын дотор салстын зүүн хэсэг шарх, зулгаралт, цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, нэг шүдний сулрал, хэвлийн баруун дээд хэсэгт цус хуралт, зүүн тохойн дотор хэсэг, баруун өвдөгний доод хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Г.Бын “...2018 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө 00:00 цагийн орчим Хын хамт “Р саунд” бааранд орж бүжиглэсэн. Баар хаах болоод Х түрүүлж гарсан. Би араас нь куртикээ аваад гартал Х нэг залуутай хэрэлдээд зогсож байхаар нь би салгах гээд нөгөө залуугийн куртикнээс нь татсан. Нөгөө залуу намайг заамдаж байгаад тавьсан. Х маргалдсан залуутай хэрэлдэхэд нөгөө залуу нь Хын хөл рүү нь хөлөөрөө нэг удаа, нүүр рүү нь нэг удаа гараараа цохихоор нь би нөгөө залууг заамдаж аваад цохих гэтэл тал талаас баахан залуучууд унагааж байгаад нүүр, ам, толгой руу дэвссэн. Би зөрүүлж хөлөөрөө биеэ хамгаалж жийсэн. Тэр дөрвөн залуутай Х бид хоёр зодолдсон. Намайг дахин унагааж дээрээс дэвсэж цохиж байсан. Намайг зодохоо болихоор нь босоод иртэл Х дээшээ харсан байдалтай унасан байсан. ...Уучлалт гуйж гар барих гэтэл нөгөө залуу миний гараас бариагүй. Тэгээд тэр залуу эргэж Хтай муудалцаад зодоон эхэлсэн. ...Намайг газар унагачихсан тал талаас хүмүүс өшиглөж , цохиод байсан ба ямар нэгэн байдлаар харах сөхөө өгөхгүй байсан. ...Миний санаж байгаагаар би 5 хүнд зодуулж байх шиг байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө залуучууд намайг зодохоо болиод би бага зэрэг ухаан ороод өндийгөөд харахад Гадаад хэргийн яамны ертөнцийн зүгээр баруун урд талын булангийн манаачийн путекны хажууд хэвтэж байсан. Намайг анх нөгөө залуучууд “Р” баарны үүдэнд зодож эхэлсэн бөгөөд би хэрхэн тэнд очсоноо санахгүй байгаа. Намайг тэнд ухаан ороход Х мөн тус манаачийн путекний хажууд дээшээ харчихсан хэвтэж байсан. ...Ингээд би босоод хартал бид 2-ыг зодож байсан залуучууд Гадаад хэргийн яамны баруун талаар Централ таурыг чиглээд зугтаад гүйж байсан. Тэгээд босож очоод Х дээр очоод дуудаад босгох гэтэл босохгүй, хоёр нүд нь аниастай, амьсгаадаад ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Тэр үед түүний хамраас цус гарсан байсан ба толгой хэсгээс нь ямар нэгэн цус гараагүй байсан. ...” /5хх, 38, 2хх 173/,

шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “...Талийгаач П.Хын биед учирсан гавал тархины битүү гэмтэл нь учирсан даруйд буюу энэ гэмтлийг авснаасаа хойш ямар нэгэн идэвхтэй хөдөлгөөн буюу алхах, гишгэх, ярих, идэх, уух гэх мэт хөдөлгөөн хийх боломжгүй. Тус гэмтэл нь нэг удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. ...” /1хх 99/,

гэрч Б.Бын “...Манай баарны урд талд байрлах жижиг модон хашааны дэргэд хэсэг залуучууд бие бие рүүгээ томроод муудалцаж, ... 165-170 орчим өндөртэй хар ноосон малгай, хар куртик өмссөн туранхай биетэй залуу нүдний шилтэй залуугаас нөгөө шар царайтай залуугийн хамар хэсэг рүү нь нэг удаа цохисон. Нөгөө залуу арагшаа бөгсөөрөө унангуутаа босож ирээд зодолдож эхлэхэд нэг залуу цаанаас нь гарч ирээд нүдний шилтэй залуу болон цохиход унадаг шар царайтай залуу, мөн нөгөө талд нь 4 залуучууд хоорондоо зодолдож эхлэхэд дөрвүүлээ явж байсан залуучуудын хоёр нь эхлээд цохиулаад босож ирдэг залууг Гадаад хэргийн яамны зам дээр дээшээ нь хараад хэвтүүлсэн цохиж, зууралдаад харин талийгаач болон нүдний шилтэй залууг хоёр баарны үүдэнд байх баруун талын хашлаганы хажууд мөн газар унагаагаад хэвтүүлчихсэн зодож байхаар нь би Гадаад хэргийн яамны зам дээр зодуулж байсан залуу руу гүйж очоод салгаж босоод баарны үүдэнд авчирсан. ...” /1хх 81/,

гэрч Э. Бгийн “...Би 2018 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын үед ... “Р саунд” бааранд очиж ... касс хийсэн. Орой 02 цаг 20 минутын үед ажлаасаа буусан. Маргааш өдөр нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манай байгууллагын ажилчдын фейсбүүк групп чатад “өчигдөр шөнө манай гадна болсон зодооны улмаас нэг хүн гэмтлийн эмнэлгийн сэхээнд очсон байна” гэх утга бүхий чат явсан. ...” /1хх 83/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...П.Хын биед гавлын орой ясны зулайн суман заадаснаас дух яс руу үргэлжилсэн, баруун дух яс, цох ясны гадна болон дотор ялтас, баруун нүдний ухархайн дээд хана болон хажуу хана дайрсан нийлмэл хугарал, тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнд хатуу хальсан доорх цусан хураа, 2 тал бөмбөлгийн таславч, тенториумд цус харвалт, духны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, дээд уруулын дотор салстын баруун хэсэгт шарх гэмтэл, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн 13799 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 88-89/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаачийн биед гавал яс зулайн оройгоос дух, баруун нүдний ухархайн дээд болон дотор ханыг хамарсан нийлмэл хугарал, тархины баруун зүүн духны дэлбэнгийн эдийн няцрал, тархины баруун зүүн дух, зулай, чамархай хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, хатуу хальсан доорх ялтаслаг цусан бүлэн, дух зулайн хуйханд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, уруулд шарх, зүүн өвдөгт зулгарал гэмтэл, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь насанд аюултай хүнд гэмтлийн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд 4 хоног 6 цаг эмчлэгдсэн учир согтууруулах ундааны зүйл үзэх шаардлагагүй. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь амьд байхад нь үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ. Талийгаач нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхэнд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цаг 15 минутад нас барсан гэж тэмдэглэгджээ. Талийгаач нь гэмтсэнээс хойш Гэмтэл согог судлалын үндэсний төвд 4 хоног 6 цаг эмчлэгдсэн байна. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд авсан байх боломжтой.Талийгаачийн баруун хөмсөгний дээд хэсэг үүссэн хөхрөлт нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хүний нэг удаагийн хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой ба гавал тархины гэмтэл үүссэн байх боломжтой. ...” гэсэн 2609 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 91-95/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаач П.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 04 цаг 20 минутаас 2018 оны 11 дүгээр сарын 22-нь өдрийн 11 цаг 15 минут хүртэл 4 хоног 06 цаг 05 минут эмчлэгдэж байгаад нас барсан байна. Талийгаач нь гавал тархины хүнд гэмтэл, тархины эдийн хүнд зэргийн няцрал, хоёр тал бөмбөлгийн дух чамархайн дэлбэнгийн цусархаг няцрал, дух, зулай ясны далд шугаман хугарал, хоёр тал бөмбөлгийн шигдээс, хоёр тал бөмбөлгийн ялтаслаг хэлбэрийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун нүдний ухархай дээд дотор ханын хугарал, баруун духны хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хаван гүн комын байдал оноштойгоор эмчлэгдэж байсан байна. Талийгаачид тавьсан онош зөв байна. Эмч нарын хийсэн эмчилгээ зөв байна. Тархины аалзан бүрхүүлийн доорх тархмал цус харвалтын үед мэс заслын эмчилгээ хийх боломжгүй байдаг. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй гэмтэл байна. Талийгаачийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь нимгэн ялтаслаг хэлбэрийн байсан ба мэс заслын эмчилгээгээр бус шимэгдүүлэх эмчилгээ хийсэн нь үр дүнтэй байдаг. Тархины хүнд зэргийн няцрал, аалзан хальсан доорх тархмал цусан харвалт, дух, зулай ясны хугарал гэмтэлд мэс засал хийх боломжгүй гэмтлүүд байна. Талийгаачид эмийн эмчилгээнээс өөр эмчилгээ хийх боломжгүй байна...” гэсэн 667 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх 44-46/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Шинжилгээнд ирүүлсэн сМ06_20181118030000.тр4 гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2018 оны 11 дүгээр сарын 18-ны 03 цаг 16 минут 55 секундээс 03 цаг 23 минут 54 секунд, 003_М_181118030000 гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2018 оны 11 дүгээр сарын 18-ны 03 цаг 10 минутын 49 секундийн хооронд /мөрдөгчийн таниулсан/ Х, Б, О, Б, Б, М нар нь хоорондоо маргалдаж, зодолдож байгаа дүрс дүрслэгдсэн байх бөгөөд дээрх дүрс бичлэгийг удаашруулан, боломжит хэмжээгээр томруулж дискэд бичиж хавсаргав. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүд нь өөр хоорондоо хамааралгүй төхөөрөмжүүд дээр тухайн төхөөрөмжүүдийн системийн тохируулагдсан цагуудад бичигдсэн байх тул шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүдийн цаг минутын зөрүүг тогтоох боломжгүй байна. ...” гэсэн 2621 дугаартай дүгнэлт /3х 13 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн гаргасан 2609 тоот дүгнэлт, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр нэмэлтээр гаргасан 667 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Гэмтлийн хүнд зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба 2.2.1-д амь насанд аюултай гэмтэлд 3.1.2, 3.1.3-д тус тус хамаарна. Талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй гэсэн нь адил ойлголт юм. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүнд гэмтлийн улмаас нас барсан тохиолдолд амь насыг нь аврах боломжтой, боломжгүй гэдгийг тогтоож болох ба тухайн хүний биед учирсан гэмтлийн онцлог. Мөн тухайн хүний бие физиологийн онцлог, эмчилгээ хүлээн авах байдал, эдгэрэлтийн байдал зэргээс хамаарч өөр өөр байх боломжтой. Дээрх тохиолдолд талийгаачид учирсан “зулайн оройгоос дух, баруун нүдний ухархайн дээд болон дотор ханыг хамарсан нийлмэл хугарал, тархины баруун зүүн духны дэлбэнгийн эдийн няцрал, тархины баруун зүүн дух, зулай, чамархай хэсгийн аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа” гэмтлийн үед амь насыг аврах боломжгүй байжээ. ...” гэсэн 203 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /4хх 198-204/,

хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 15-16/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 23-25/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 140-141, 2хх 158-172/, сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 158-172/, яаралтай тусламжийн хуудас /1хх 105-107/, амь хохирогч П.Хын өвчний түүх /2хх 203-223, хх 23-43/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн “...Б.Огийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өөрчлөлт оруулах талаар” гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь, гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хооронд шууд болон шууд бус шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгон оногдуулахад онцгой ач холбогдолтой юм.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд, шүүгдэгч Б.Он хувьд баарны үүдэнд П.Хтай маргалдан түүний толгойн тус газарт гараараа хүчтэй цохисны улмаас газар унаж, зулайн оройгоос дух, баруун нүдний ухархайн дээд болон дотор ханыг хамарсан нийлмэл хугарал, тархины баруун зүүн духны дэлбэнгийн эдийн няцрал, тархины баруун зүүн дух, зулай, чамархай хэсгийн аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж, П.Хын амь насыг хохироосон гэж дүгнэх үндэслэл бүхий нөхцөл байдал анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.Б, гэрч Б.Б, шинжээч эмч Б.Даваасүрэн нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх эмнэлгийн шинжээчдийн 203 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба Б.Ог хохирогч Г.Б, П.Х нартай маргалдан П.Хын толгой тус газар нь цохиж алсан, Б.О, Э.Бтэй нарыг бүлэглэн П.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэм буруутайд, Э.Б, Т.М, Б.О нарыг бүлэглэн Г.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, шүүгдэгч Э.Б, Т.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан.

Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр нөхөн төлөх талаар илэрхийлж оролцсон байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Э.Б, Т.М нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ.

Өөрөөр хэлбэл, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Б.О, Э.Б, Т.М нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарласан хэрэглэсэн гэж дүгнэв.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Згийн “...Өршөөл үзүүлэх тухай хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Он үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал зэрэгт дүгнэлт хийн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй.

Түүнчлэн, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр “... эсхүл хүндрүүлж ...” гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй холбоотойгоор шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг давж заалдах шатны шүүхээс хүндрүүлэх эрх хэмжээ олгогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.О, Т.М, Э.Б нарт холбогдох хэрэгт шаардлагатай гэрч нарыг асууж тодруулсан, нотолбол зохих асуудлыг бүрэн шалгасан, шүүхээс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хязгаарлаагүй, хуульд заасны дагуу зөв шийдвэрлэсэн байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.З, түүн өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарын “...Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн болон ял хүндрүүлэх...” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т зааснаар “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг ойлгох учир гэр бүлийн хөрөнгийн эрхийн харилцаа нь гэрлэлттэй шууд холбоотой, гэрлэлтээс үүссэн байдаг.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садны хүнийг хэлжээ. Үүгээр гэр бүлийн гишүүдийг зааглан ялгах шаардлагатай.

Иргэний хуулийн дээрх эрх зүйн хэм хэмжээ нь гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааг зохицуулдаг тул амь хохирогч П.Хын эхнэр Б.Хыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосныг буруутгах үндэслэлгүй болно.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х нь амь хохирогч П.Хын дангаараа Капитрон банктай байгуулсан зээлийн гэрээний асуудалд зээлийн гэрээний үүргийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх шаардлага гаргаж байгаа этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох эсэхийг мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гарган шийдвэрлэх учиртай.

Дээрх нөхцөл байдлын гэм хорын хохирол нэхэмжилж буй иргэн П.Згийн хувьд иргэний нэхэмжлэгч гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй ба гэмт хэргийн улмаас учирсан өөрт гарсан зардлыг нэхэмжлэх эрх нь нээлттэй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Огаас нийт 9.317.988 /есөн сая гурван зуун арван долоон мянга есөн зуун наян найм/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Зд олгож, П.Згийн нэхэмжлэлээс 20.063.470 /хорин сая жаран гурван мянга дөрвөн зуун дал/ төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, 54.705.810 /тавин дөрвөн сая долоон зуун таван мянга найман зуун арав/ төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хын нэхэмжлэлээс 9000.000 /есөн сая/ төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хууль ёсны төлөөлөгч Б.Хын амь хохирогч П.Х нь Капитрон банктай байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар үүсэх төлбөрийг нэхэмжлэх эрх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х, иргэний нэхэмжлэгч П.З нар нь цаашид шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. ...” гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хуульд нийцжээ.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэсэнтэй нийжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч П.З, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа, хохирогч Б.Х, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх болон шүүгдэгч Э.Бн үйлдлийг дахин шалгуулах талаар” гаргасан гомдлын үндэслэлүүдээс татгалзсан болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/627 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Огаас нийт 9.317.988 /есөн сая гурван зуун арван долоон мянга есөн зуун наян найм/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Зд олгож, П.Згийн нэхэмжлэлээс 20.063.470 /хорин сая жаран гурван мянга дөрвөн зуун дал/ төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, 54.705.810 /тавин дөрвөн сая долоон зуун таван мянга найман зуун арав/ төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хын нэхэмжлэлээс 9.000.000 /есөн сая/ төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хууль ёсны төлөөлөгч Б.Хын амь хохирогч П.Х нь Капитрон банктай байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар үүсэх төлбөрийг нэхэмжлэх эрх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х, иргэний нэхэмжлэгч П.З нар нь цаашид шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч П.З, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа, хохирогч Б.Х, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Он 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 117 /нэг зуун арван долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ