| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2017/00024/э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 34
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Ганзориг,
Шүүгдэгч Г.Мөнхтөрийн өмгөөлөгч Ш.Батаа,
Шүүгдэгч Ж.Батчулуун, Л.Батсүх нарын өмгөөлөгч М.Гомборагчаа,
Шүүгдэгч Ж.Батчулуун, Л.Батсүх, Г.Мөнхтөр,
Нарийн бичгийн дарга А.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Батчулуун, Л.Батсүх, Г.Мөнхтөр нарт холбогдох 172400010008 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч-1: Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто тракторын слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Хулууд овогт Жигжидсүрэнгийн Батчулуун, /РД:ИЦ72012113/
Шүүгдэгч-2: Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Ирээдүй хэсгийн 4-1 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Цагаан гэрүүд овогт Лувсандоржийн Батсүх /РД:ИЗ81101831/
Шүүгдэгч-3: Монгол Улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багт оршин суудаг, урьд нь Завхан аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 70,000 төгрөгөөр торгох, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Хулууд овогт Галсангийн Мөнхтөр /РД:ИЗ65020216/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.Батчулуун нь зохих эрхийн бичиг зөвшөөрөлгүйгээр 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Нахиу” гэх газрын ойгоос нийт 11.839 м3 хар мод /шинэс/ бэлтгэж ойн санд 1.278.612 төгрөгийн хохирол учруулсан, мөн тус модыг иргэн Л.Батсүхэд худалдсан,
Шүүгдэгч Л.Батсүх нь Ж.Батчулууны зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйлдэлд хатгагчаар оролцож, дээрх модыг худалдан авч Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Нахиу” гэх газрын ойгоос улсын дугааргүй газ-66 маркийн автомашинаар Завхан аймгийн Их-Уул сумын төв рүү тээвэрлэсэн,
Шүүгдэгч Г.Мөнхтөр нь Ж.Батчулууны зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй гэдгийг мэдсээр байж 2016 оны 12 сард өөрийн эзэмшлийн 69-21 ЗАН улсын дугаартай ЗИЛ-131 маркийн автомашинаар Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Нахиу” гэх газрын ойгоос Завхан аймгийн Их-Уул сумын төв рүү тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Батчулуун нь улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэх газрын ойгоос зохих эрхийн бичиг зөвшөөрөлгүйгээр 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 4 метрийн урттай 76 ширхэг 11.839 метр куб хар мод /шинэс/ бэлтгэн Л.Батсүхэд худалдаж ойн санд 1.278.612 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Л.Батсүх нь Ж.Батчулууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэх газрын ойгоос зохих эрхийн бичиг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 4 метрийн урттай 76 ширхэг 11.839 метр куб хар мод /шинэс/-ыг худалдан авч, тээвэрлэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Гэрч А.Энхбаатарын “...2016 оны 12 дугаар сарын 27-ны үед Л.Батсүх мод ачаад өгөөч гэхээр нь Г.Мөнхтөрийн ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэх газраас Ж.Батчулуун гэдэг хүн 40 ширхэг 4 метрийн урттай хэрэглээний мод бэлтгэсэн байсныг Л.Батсүхтэй хамт очиж ачаад Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэрт байрлах Д.Дэлгэрсайхан гуайн хашаанд буулгасан. Л.Батсүх надад уг модыг гоожинтой гэж хэлсэн. Мод бэлтгэсэн газар очиход Ж.Батчулуун ганцаараа байсан. Би Л.Батсүхээс мод ачиж өгсний хөлсөнд 10,000 төгрөг авсан...” гэсэн /хх-ийн 43-р хуудас/
гэрч Д.Дэлгэрсайханы: “...2016 оны 12 дугаар сарын 20-ны үед Улаанбаатар хотоос ирэхэд манай хашаанд 40 ширхэг хэрэглээний мод буулгасан байсан. Манаач н.Лхамсүрэнгээс асуухад Л.Батсүх зүсүүлэх гээд буулгасан гэхээр нь надаас асуухгүй яасан юм бэ? гэхэд утас чинь холбогдохгүй байсан гэж хэлсэн. ...Манаачаас гоожинтой юм уу гэж асуухад гоожинтой гэж хэлсэн. Гэхдээ гоожинг хараагүй гэхээр нь зүсвэрийн талбайгаас холдуул гээд өөр газар хураалгасан. Л.Батсүх надтай уулзаж тохирсон зүйлгүй, уг модыг хадгалаагүй...” гэсэн /хх 44-р хуудас/
гэрч С.Оюунтөгсийн “ ...2016 онд Ж.Батчулуун, Л.Батсүх нарт хэрэглээний модны гоожин бичиж өгөөгүй. ...Би “Ёл гранд” ХХК-ний хөрөө рамны хашаанд байсан 40 ширхэг модыг хэмжиж, саалахад 6.129 метр куб болж байсан. Хатсан хуурай, ан цавтай дахин ургах чадваргүй 4 метрийн урттай шинэс моднууд байсан. Зарт багийн иргэн Л.Батсүх гэдэг залуугийн мод гэж сонссон...” гэсэн /хх 50-р хуудас/
гэрч Б.Дашренчингийн “...2016 онд Ж.Батчулуун, Л.Батсүх нар хэрэглээний модны гоожин аваагүй. Л.Батсүх нь 2017 оны 01 дүгээр сард “Ёл гранд” ХХК-ний хашаанд 4 метрийн урттай 40 ширхэг модыг Мөнхөөгийн эзэмшлийн ЗИЛ-131 маркийн автомашинаар буулгасан байсныг байгаль хамгаалагч С.Оюунтөгсөөр хэмжүүлж саалуулахад 6.129 метр куб болсон. Л.Батсүх нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны үед 4 метрийн урттай 36 ширхэг модыг ГАЗ-66 маркийн автомашинаар тээвэрлэж өвөлжөөндөө буюу “Шургуултын өтөг” гэх газар буулгасан байхаар нь очиж үзсэн. Уг модыг хаанаас бэлтгэсэн талаар асуухад Зарт багийн “Нахиу” гэх газраас бэлтгэсэн Ж.Батчулуунаас худалдаж авсан гэж хэлсэн. Зарт багийн нутаг “Нахиу” гэх газар нь тусгай хамгаалалттай газарт хамаарч байгаа тул ойн нэгдүгээр мужид хамаарна ...” гэсэн /хх 51-р хуудас/
гэрч З.Цогтбаатарын “...Л.Батсүхийн “Шургуултын өтөг” гэх газарт буулгасан 36 ширхэг 4 метрийн уртаар тайрсан хуурай шинэс модыг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр очиж хэмжиж, саалахад 5.71 метр куб болж байсан. Л.Батсүх нь уг модыг Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэх газраас бэлтгэсэн Ж.Батчулуунаас худалдаж авч, ГАЗ-66 маркийн машинаар тээвэрлэсэн гэж хэлсэн. Л.Батсүх нь 36 ширхэг 4 метрийн урттай модондоо гоожин аваагүй гэж хэлсэн. Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэх газар нь тусгай хамгаалалтай газар ойн 1 дүгээр мужид хамаарна ...” гэсэн /хх 52-р хуудас/
гэрч С.Эрдэнэбатын: “...Би Д.Дэлгэрсайхан гэдэг хүний хөрөө раманд туслах ажилчнаар ажилладаг. 2017 оны 01 сарын дундуур Л.Батсүх хөрөө рамны хашаанд надтай уулзаад танай хөрөө рамны хашаанд миний 4 метрийн моднууд байгаа банз болгож зүсүүлмээр байна гэж байсан... ” гэсэн /хх 53-р хуудас/
гэрч Н.Батсайхан “...Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэх газар нь 2000 оны Улсын Их хурлын 29 дүгээр тогтоолоор Тарвагатай нурууны 544600 га талбайг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан. Ж.Батчулууны мод бэлтгэсэн газрыг Ж.Батчулуунаар заалгаж очиж үзэхэд уг газар нь улсын тусгай хамгаалалттай газар мөн байсан ...” гэсэн /хх 56 -р хуудас/
гэрч Б.Нямжанцангийн: “...Завхан аймгийн Их-Уул, Алдархаан, Тосонцэнгэл, Архангай аймгийн Цахир сумдыг хамарсан Тарвагатай нурууны 544600 га талбайг 2000 оны Улсын Их хурлын 29 дүгээр тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан ...Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэх газар нь Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын 544600 га талбай дотор байдаг учир улсын тусгай хамгаалалттай газар мөн...” гэсэн /хх-ийн 57-р хуудас/
Шинжээч Б.Даваацэрэнгийн: “...Завхан аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрт очиж 76 ширхэг модыг үзэж, Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нарын хамт тухайн модонд хэмжилт хийсэн тоолууртай харьцуулахад тохирч байсан. Ж.Батчулууны мод бэлтгэсэн Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэх газар нь ойн сангийн 1 дүгээр мужид хамаарах улсын тусгай хамгаалалттай газар байсан ...” гэсэн /хх-ийн 64-р хуудас/
Хохирогч Завхан аймгийн Их-Уул сумын засаг дарга М.Гансүхийн: “...Иргэн Ж.Батчулуун нь зохих зөвшөөрөлгүйгээр 4 метрийн мод бэлтгэж, худалдан борлуулж, тээвэрлэсэн асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлтээр учирсан хохирлыг нэхэмжилж байна ...” гэсэн /хх-ийн 39-р хуудас/
Шүүгдэгч Ж.Батчулууны мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “ ... 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэх газраас 19 ширхэг босоо мод унагаж, хуурай шатсан нийт 76 ширхэг 4 метрийн урттай хэрэглээний мод бэлтгэсэн. 2016 оны 12 дугаар сарын сүүлээр 40 ширхэг хэрэглээний модыг 1 ширхгийг 5,000 төгрөгөөр бодож Л.Батсүхэд худалдсан. Л.Батсүх нь Г.Мөнхтөр гэх хүний машинаар ачиж авч явсан. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 36 ширхэг хэрэглээний модыг 180,000 төгрөгөөр худалдсан, тус модыг Л.Батсүх өөрийн эзэмшлийн ГАЗ-66 маркийн автомашинаар ганцаараа ирж ачиж авсан. Би мод бэлтгэх эрхийн бичиг, зөвшөөрөл аваагүй. Моторт хөрөө ашиглаад ганцаараа уг моднуудыг бэлтгэсэн...” гэсэн,
Шүүгдэгч Л.Батсүхийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 27-ны үед Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нариу” гэх газарт очиж 40 ширхэг 4 метрийн урттай хэрэглээний модыг Ж.Батчулуунаас худалдаж авч А.Энхбаатар, Г.Мөнхтөр нартай хамт Г.Мөнхтөрийн эзэмшлийн ЗИЛ-131 маркийн автомашинтай очиж ачсан. Дараа нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны үед мөн Нахиу гэх газраас ГАЗ-66 маркийн автомашинаар 36 ширхэг 4 метрийн урттай хэрэглээний модыг Ж.Батчулуунаас худалдан авч ачсан. Ж.Батчулуунаас 1 ширхгийг нь 5,000 төгрөгөөр бодож нийт 380,000 төгрөгөөр худалдан авсан. Ж.Батчулууныг зохих эрхийн бичиг байхгүй мод бэлтгэсэн гэдгийг мэдэж байсан. Харин Г.Мөнхтөр, А.Энхбаатар нарт эрхийн бичигтэй гэж хэлээд ачуулсан. Тэр хоёр эрхийн бичиггүй гэдгийг мэдээгүй ...” гэсэн,
Шүүгдэгч Г.Мөнхтөрийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 26-нд өөрийн эзэмшлийн бор ногоон өнгийн 69-21 ЗАН улсын дугаартай ЗИЛ-131 маркийн автомашинаар 4 метрийн урттай 40 орчим модыг ачиж, сумын төвд байрлах Д.Дэлгэрсайханы хашаанд буулгасан. Уг модыг Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэх газраас Ж.Батчулуун, Л.Батсүх, А.Энхбаатар бид нар ачсан. Л.Батсүх надад уг модыг зохих зөвшөөрөлтэй бэлтгэсэн, гоожин нь Ж.Батчулуунд байгаа гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлгүүд,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 04 тоот “...Ж.Батчулуун нь Ойн тухайн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.9, 22.1.13, 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь заалтуудыг зөрчсөн байна. Зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модонд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход 1 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 60,000 төгрөг, итгэлцүүр болох 2.9-р үржин бодоход 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 108,000 төгрөг болж байна. Нийт 11.839 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1,278,612 төгрөг болж байна. ...Их-уул сумын Зарт багийн нутаг “Нахиу” гэдэг газар нь ойн сангийн 1 дүгээр мужид хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 63-р хуудас/
Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19 тоот “...Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэдэг газар нь Тарвагатай нурууны Байгалийн цогцолборт газарт хамрагддаг нь үнэн болно.” гэсэн албан тоот болон Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагчдын эзэмшил талбайн зураг, Улсын их хурлын зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай 2000 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 тоот тогтоолын хуулбар, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Дээрх нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүгүйн дээр энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар авагдсан байна.
Шүүгдэгч Ж.Батчулуун, Л.Батсүх нарын гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч нарын мэдүүлэг үнэн зөв бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж байна гэж үнэлэв.
Харин шүүгдэгч Ж.Батчулуун, Л.Батсүх нар нь бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, мөн шүүгдэгч Л.Батсүх нь Эрүүгийн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хатгагч буюу бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Батчулууны ганцаараа улсын тусгай хамгаалалттай газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэж, худалдсан,
шүүгдэгч Л.Батсүхийн Ж.Батчулуунаас 4 метрийн урттай 76 ширхэг модыг 380,000 төгрөгөөр худалдан авч, улсын тусгай хамгаалалттай газраас зөвшөөрөлгүй тээвэрлэсэн үйлдлүүдийг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь гэмт хэрэгт хамтран оролцогч бүр үйлдэх гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн нэгдсэн зорилготой, гүйцэтгэгчийг нийгэмд аюултай үйлдэл хийхийг хүсч байдаг онцлогоороо дангаараа гэмт хэрэг үйлдэгчээс ялгагддаг.
Тиймээс шүүгдэгч Ж.Батчулуун, Л.Батсүх нар нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, мөн шүүгдэгч Л.Батсүх нь уг гэмт хэрэгт хатгагчаар оролцсон болох нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж, тэдгээрт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн гэрч А.Энхбаатарын “...Г.Мөнхтөрийн ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэх газраас 40 ширхэг 4 метрийн урттай хэрэглээний модыг ачсан. Л.Батсүх надад уг модыг гоожинтой гэж хэлсэн. Г.Мөнхтөрт юу гэж хэлснийг мэдэхгүй байна...” гэсэн, шүүгдэгч Л.Батсүхийн “...2016 оны 12 дугаар сарын 27-ны үед Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэх газраас 40 ширхэг 4 метрийн урттай хэрэглээний модыг А.Энхбаатар, Г.Мөнхтөр нартай хамт Г.Мөнхтөрийн эзэмшлийн ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр ачсан. Г.Мөнхтөр, А.Энхбаатар нарт эрхийн бичигтэй гэж хэлээд ачуулсан...” гэсэн, шүүгдэгч Ж.Батчулууны “ ... 2016 оны 12 дугаар сарын 27-ны үед Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэх газраас 40 ширхэг 4 метрийн урттай хэрэглээний модыг ачсан ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.Мөнхтөр нь эрхийн бичиг, зөвшөөрөл байхгүй гэдгийг мэдээгүй...” гэсэн мэдүүлгүүдээс үзвэл шүүгдэгч Г.Мөнхтөр нь Ж.Батчулуун, Л.Батсүх нартай бүлэглэн улсын тусгай хамгаалалтай буюу Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшлийн 69-21 ЗАН улсын дугаартай, ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр 4 метрийн урттай, 40 ширхэг, 6.129 метр куб модыг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Батсүхийн “...зөвшөөрөлтэй, гарал үүслийн гэрчилгээтэй..” гэж хэлсэн үгэнд итгэж шүүгдэгч Г.Мөнхтөрийн 69-21 ЗАН улсын дугаартай, ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр 4 метрийн урттай, 40 ширхэг модыг тээвэрлэсэн үйлдлийг шүүгдэгч Ж.Батчулуун, Л.Батсүх нартай бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газраас зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод гэдгийг мэдсээр байж тээвэрлэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогдож тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Тиймээс шүүгдэгч Г.Мөнхтөр нь шүүгдэгч Ж.Батчулуун, Л.Батсүх нартай бүлэглэн, улсын тусгай хамгаалалттай газраас зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод гэдгийг мэдсээр байж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, түүнд прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ж.Батчулууныг зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос мод бэлтгэсэн, худалдсан, шүүгдэгч Л.Батсүхийг зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос бэлтгэсэн модыг худалдан авч, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Батчулуун, Л.Батсүх нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт заасны дагуу төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус тогтоогдож байх бөгөөд тэдгээрт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.Батчулуун, Л.Батсүх нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй байх бөгөөд тэдгээр нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Батчулуун, Л.Батсүх нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ...зэвсэг, ...нь тухай гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан байх тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ж.Батчулууны гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн 1 ширхэг моторт хөрөөг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, мөн гэмт хэрэг үйлдэж олсон 4 метрийн урттай, 76 ширхэг, 11.839 метр куб хар модыг улсын орлого болгож, уг эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Батсүхийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ГАЗ-66 маркийн 47-00 УБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь түүний эзэмшлийнх болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Батсүх нь “...уг тээврийн хэрэгслийг Г.Батнасангаас 2016 оны 12 сард 1,500,000 төгрөгөөр худалдаж авсан, төлбөрийг төлөөгүй...” гэрч Г.Батнасан нь “...уг тээврийн хэрэгслийг 2016 оны 12 сард 1,500,000 төгрөгөөр Л.Батсүхэд худалдсан, тооцоо бүрэн хийгдсэн...” гэж тус тус мэдүүлдэг боловч хавтаст хэрэг авагдсан 47-00 УБ улсын дугаартай ГАЗ-66 маркийн бор ногоон өнгөтэй, хөдөлгүүр 298402, арал 39/0239 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнд эзэмшигчийн бүртгэлд Доржханд овогтой Бямбаа гэж бичиж тэмдэглэсэн, мөн Завхан аймгийн авто тээврийн төвийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “...47-00 УБ улсын дугаартай ...1990 онд үйлдвэрлэсэн бор ногоон өнгийн тээврийн хэрэгсэл нь /ИЮ77083111/ регистрийн дугаартай Туваан овогтой Жаргалсайханы эзэмшилд байна” гэсэн 107 тоот зэргээр шүүгдэгч Л.Батсүхийн эзэмшлийнх болох нь үгүйсгэгдэж байхын зэрэгцээ Л.Батсүх, Г.Батнасан нар нь худалдах, худалдан авах гэрээ хийж, уг тээврийн хэрэгслийн эзэмшигчээр Л.Батсүх нь бүртгүүлээгүй ба уг тээврийн хэрэгсэл Л.Батсүхийн өмчлөлд байсан болох нь тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Л.Батсүхэд буцаан олгож, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг зөөж, тээвэрлэж байгаагаа мэдээгүй 69-21 ЗАН улсын дугаартай, ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Мөнхтөрд уг тээврийн хэрэгслийг буцаан олгож, дээрх эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Ж.Батчулуун, Л.Батсүх нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ГАЗ-66 маркийн 47-00 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 1,500,000 төгрөг, 69-21 ЗАН улсын дугаартай, ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 12,500,000 төгрөг нийт 14,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Батчулууны хувьд ногдох хөрөнгөөс битүүмжилсэн тугалтай нас гүйцсэн хар үнээ, эвэртэй халзан улаан монгол нас гүйцсэн үнээ, нийт 2 тооны 1,200,000 төгрөгийн бод мал, шүүгдэгч Л.Батсүхийн хувьд ногдох хөрөнгөөс битүүмжилсэн 7х8 метрийн хэмжээтэй, 11,000,000 төгрөгийн үнэтэй модон байшин, нас гүйцсэн сарлагийн эр 2 тооны 1,600,000 төгрөгийн үнэтэй үхрийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Батчулуун, Л.Батсүх нараас улсын орлогод оруулах 14,000,000 төгрөгт тооцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Батчулуун, Л.Батсүх, Г.Мөнхтөр нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хулууд овогт Галсангийн Мөнхтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Хулууд овогт Жигжидсүрэнгийн Батчулуун, Цагаан гэрүүд овогт Лувсандоржийн Батсүх нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Хулууд овогт Жигжидсүрэнгийн Батчулууныг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос мод бэлтгэсэн, худалдсан, шүүгдэгч Цагаан гэрүүд овогт Лувсандоржийн Батсүхийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос мод худалдан авч, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батчулуун, Л.Батсүх нарт хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батчулуун, Л.Батсүх нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн хугацааг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ж.Батчулуун, Л.Батсүх нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ж.Батчулууны эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн 1 ширхэг моторт хөрөөг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Батсүхийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ГАЗ-66 маркийн 47-00 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, шүүгдэгч Г.Мөнхтөрийн эзэмшлийн 69-21 ЗАН улсын дугаартай, ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Батсүх, Г.Мөнхтөр нарт буцаан олгосугай.
8. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батчулуун, Л.Батсүх нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ГАЗ-66 маркийн 47-00 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1,200,000 төгрөг, Г.Мөнхтөрийн эзэмшлийн 69-21 ЗАН улсын дугаартай, ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 12,500,000 төгрөг нийт 14,000,000 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч Ж.Батчулуун, Л.Батсүх нарын гэмт хэрэг үйлдэж олсон 4 метрийн урттай, 76 ширхэг, 11.839 метр куб хар модыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож тус тус улсын орлого болгосугай.
9. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батчулууны хувьд ногдох хөрөнгөөс тугалтай нас гүйцсэн хар үнээ, эвэртэй халзан улаан монгол нас гүйцсэн үнээ, нийт 2 тооны 1,200,000 төгрөгийн үхрийг битүүмжилсэн, шүүгдэгч Л.Батсүхийн хувьд ногдох хөрөнгөөс 7х8 метрийн хэмжээтэй, 11,000,000 төгрөгийн үнэтэй модон байшин, нас гүйцсэн сарлагийн эр 2 тооны 1,600,000 төгрөгийн үхрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Батчулуун, Л.Батсүх нараас улсын орлогод оруулах 14,000,000 төгрөгт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
10. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Батчулуун, Л.Батсүх, Г.Мөнхтөр нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ