Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2016/01020

 

“Чинтөгс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 145/ШШ2016/00128 дугаар шийдвэр,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар магадлалтай,

“Чинтөгс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Уянга сумын Засаг дарга П.Баатар

Уянга сумын 3 дугаар багийн Засаг дарга Т.Хүрэлбаатар нарт холбогдох

48 888 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Базарсад, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн, хариуцагч Т.Хүрэлбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь өөрийн эзэмшдэг Өвөрхангай аймгийн Уянга суманд байрлах “Асгатын дархад” нэртэй алтны шороон ордын /10335х/ тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд 2014 оны 7 дугаар сард Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар хайгуулын ажлын төлөвлөгөө батлуулан, Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга П.Баатараар байгаль хамгаалах нөхөн сэргээх төлөвлөгөө батлуулж Ашигт малтмалын газарт талбайн төлбөрт 45 888 250 төгрөг тушаан хайгуулын ажлаа явуулах гэтэл Уянга сумын Засаг дарга П.Баатар, 3-р багийн Засаг дарга Т.Хүрэлбаатар нар тусгай зөвшөөрөлтэй /10335х/ талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан хууль бус шийдвэр гарган хориглож бидний ажлыг 1 жил бүтэн зогсоосон тул Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гарган тэдний захиргааны акт нь хууль бус болохыг тогтоолгосон. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1.-д “...үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй...” гэсэн байх тул учруулсан хохирол болох 2014 оны тусгай зөвшөөрлийн төлбөр 45 888 250 төгрөг, эрх зүйн туслалцаа авсны хөлс 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр багийн Засаг дарга Т.Хүрэлбаатарыг хууль бус шийдвэр гаргасан гэж тогтоосон ч Уянга сумын Засаг дарга П.Баатар тус шүүхэд худал мэдүүлэг гаргаж Захиргааны хэргийн шүүх хууль бус буруу шийдвэр гаргасан бэ? гэхээр Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх П.Баатар даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар шийдвэр бол “Чинтөгс” ХХК-ний 4227м га газрыг тусгай хэрэгцээнд авсан захирамжийг хууль бус захиргааны акт мөн учраас хэрэг үүсгэж доод шатны захиргааны байгууллагад өгсөн боловч Захиргааны хэргийн шүүх өөрсдөө нотлох баримт цуглуулах үүргээ дутуу биелүүлснийг бид Иргэний хэрэг хянан шийдвэрлэж байх явцад багийн Засаг дарга Т.Хүрэлбаатарын гаргасан тайлбар бусад бичгийн нотлох баримтууд, П.Баатар даргын бид нараас өнөөдрийг хүртэл нууж ирсэн 2007 оны хууль бус шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар шүүхийн даалгавраар хууль бус захиргааны актуудыг хавтаст хэрэгт хавсаргаж өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэхэд их тус дөхөм болох баримттай болж байна. Шүүхийн даалгавраар уг захиргааны акт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт цуглуулах явцад 2007 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Баатар өөрөө тусгай хэрэгцээнд авсан захирамжийг гаргаад Ашигт малтмалын газраас ирсэн бичгийг үзээд Н.Алтанцог гэх хүний Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 онд гарсан акт хууль бус акт. Учир нь тухайн шийдвэр гаргасан Иргэдийн төлөөлөгчдийн хурал, багийн Засаг дарга нарт “Энэ чинь хууль зөрчсөн байна” гэдгийг 14 хоногийн дотор хуулийн дагуу мэдэгдсэн боловч тухайн үеийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар хариу өгөөгүй гэсэн зүйлийг бид нар хавтаст хэрэгт авахуулсан. Тэгэхээр зэрэг энэ хүний Захиргааны акт нь 2007 оны захирамжилсан шийдвэрээс харахад 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 25 тоот захирамжилсан шийдвэр хооронд тусгай хэрэгцээнд авсан шийдвэр, багийн Засаг дарга Т.Хүрэлбаатарын гаргасан тайлбарт Засаг даргын даалгавраар 2007 онд тусгай хэрэгцээнд авсан шийдвэрээр тухайн үйл ажиллагааг зогсоож байна гэсэн. Бид удаа дараа орон нутгийн удирдлагатай уулзаж хэлэлцэж тохиръё гэж хэлж байсан. Төрийн нэг байгууллага нь тусгай зөвшөөрлийн төлбөр аваад байдаг нөгөө байгууллага нь хориод байдаг. Дунд нь “Чинтөгс” ХХК-ийн захирал ажил амьдралын гараан дээр зогсож байгаа залуу байраа барьцаанд тавьж төлбөрөө хийсэн. Төрийн байгууллага нь дарамтлаад лицензийг нь цуцална гээд байдаг. Эцсийн дүнд “Чинтөгс” ХХК-ний төлж байгаа мөнгө бол Монгол улсын татвар, төрийн албан хаагч та бүгдийн цалинд очдог. Холбооны улсын бие даасан субъект мэт орон нутгийн эрх баригчид дураар аашилж хууль дээгүүр гишгэж удаа дараагийн бүх захирамжууд бүгд хууль зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар харагдаж байна. Эцсийн дүнд баялаг бүтээж байгаа компанийн захирал татварын өрөнд орсон. Өнөөдөр энэ олон жил хайгуулаа хийгээгүй төлбөрөө төлж чадахгүй байраа хураалгасан, ямар ч ажил эрхлэх бололцоогүй болсон. Арга буюу шүүхэд хандаж үнэн зөвөөр нь тогтоолгох гэж хандсан. Гол асуудал нь хаана хаанаа хуулиа дээдлэхэд л оршиж байна. Хамгийн сүүлд Дойтын бэлд 2014 оны 11 дүгээр сарын 27-ны шөнийн 11 цагт Т.Хүрэлбаатар “Чи муу пизда яахаараа хулгайч шиг нутагт минь хууль зөрчиж явдаг яасан танил талтай хулгайч вэ? чи, муу пизда чинь. Чамаар би нутгаа ухуулахгүй чи яасан танил талтай пизда вэ?” гэж төрийн албан хаагч хүн пизда гэдэг үгийг 3 удаа хэлсэн. 27 хүнтэй очиж тэр хүнийг дарамталсан. Цагдаа, Мэргэжлийн хяналтын байцаагч хамт явсан. Тэр шөнө хахирхан муухай дуугаар согтуу чарлаж төрийн албан хаагч биш зоонд байгаа хоригдол шиг хүнийг дарамталж хөөсөн. Энэ хүн тайлбарлахдаа Засаг даргын захирамжийн дагуу явсан гэж тайлбар хийж байгаа. Энэ үйл баримт нь 2014 оны хамгийн сүүлийн хайгуул хийх оролдлогыг цуцлаад танай газрыг тусгай хэрэгцээнд авсан 25 тоот захирамжаа үзүүлсэн. Бид нар ашигт малтмалын газарт очоод ирсэн, явуулсан бичиг баримттай тулгаад үзэхэд байхгүй байсан. Энэ зүгээр л хүмүүсийг айлгадаг доод шатны төрийн байгууллагын хүмүүсийг турхирдаг хуурамч цаас байсан. Бид Захиргааны хэргийн шүүхэд Засаг даргын энэ захирамжийг хууль бус болгоод өгөөч гэж хандсан. Захиргааны хэргийн шүүх нотлох баримт цуглуулах үүргээ дутуу биелүүлсэн. Харин багийн дарга Т.Хүрэлбаатар олж өгсөн. Өнөөдөр Монгол улсын хуулийг үл тоож хэлдэг үг нь “Бид ард түмний өмнөөс явж байна” гэж хэлдэг. П.Баатарт дахин дахин хэлж байгаа. Ард түмний нэрийн өмнөөс явдаг уу? үүнийг төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд хориглосон байгаа. Төрийн албан хаагч иргэний байгууллагатай хамтарч ажиллахыг хуулиар хориглосон байгаа. П.Баатар даргад холбогдуулж удаа дараа хүсэлт явуулсан. Нэгэнт нэхэмжлэлийн шаардлагаа 2014 оны төлбөрөөр нэхэмжилж байгаа. Дараагийн хэрэг Захиргааны шүүхээр шийдэгдэнэ гэжээ.

Хариуцагч Уянга сумын Засаг дарга П.Баатар шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхээс хэрэгсэхгүй болгож, Уянга сумын Засаг дарга тус компанийн хайгуулын зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авсан шийдвэр гаргаагүй, гаргах эрх зүйн үндэс байхгүй байх тул сумын Засаг даргын А/25 дугаар албан бичгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан билээ. Гэтэл тус компанийн захирал Б.Базарсад 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргажээ. Ашигт малтмалын хайгуулын 10335х дугаарын тусгай зөвшөөрлийг анх 2005 оны 8 дугаар сарын 30-нд иргэн Б.Мөнхнасанд олгож, 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Тодбум” ХХК-д, 2007 оны 8 дугаар сарын 21-ний өдөр н.Рэнчин захиралтай “Чинтөгс”  ХХК-д дараа нь компанитайгаа хамт зарагдаж одоогийн захирал Б.Базарсадын мэдэлд ирсэн байдаг. Анхнаасаа нөөц нь бага тогтоогдсон, ард иргэдийн эсэргүүцэлтэй их тулгардаг, урт нэртэй хуулийн усан сан бүхий газар, энгийн хамгаалалтын бүс, булаг шандын ойролцоо нөөцтэй зэрэг шалтгаанаар олон хүн дамжин зарагдаж ирсэн лиценз юм. Тус компанийн нэхэмжлэлд Уянга сумын Засаг дарга П.Баатар, 3 дугаар багийн Засаг дарга Т.Хүрэлбаатар нар тусгай зөвшөөрөлтэй /10335х/ талбайг орон нутгийн хэрэгцээнд авсан хууль бус шийдвэр гарган хориглож бидний ажлыг 1 жил бүтэн зогсоосон хэмээн гомдол гаргажээ. Сумын Засаг дарга миний бие уг талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Тусгай хэрэгцээнд авах асуудал нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн асуудал байдаг. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ээлжит 8 дугаар хуралдааны 02 тоот тогтоолоор, Онги, Таац голууд болон түүний цутгал голуудыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан байдаг. Монгол Улсын Усны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5, 31-р зүйлийн 31.3-т заасны дагуу сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 109 дүгээр захирамжаар усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн булаг шандыг 300 метр, гол горхийг 1000 метр байхаар тогтоож солбилцол, нэрсийг хавсралтаар баталж мөрдөж ажилласан байдаг. “Чинтөгс” ХХК нь 2013 онд Онгийн голын зүүн дэнжид 1000 метр энгийн хамгаалалтын бүс дотор цооног ухаж байсныг шаардлага тавьж болиулсан. Мөн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө Цэцэнгийн булаг хэмээх газарт хамгаалалтын 300 метр газарт булгын тархин дээр эксковатороор ухаж байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу Багийн Засаг дарга, цагдаа холбогдох хүмүүсийг явуулж шалгуулан ажлыг зогсоосон. Тэр үед уг компанийн хүмүүс Хятад иргэдэд хайгуулын газраа зарахаар шуруп ухаж явсан гэсэн иргэдийн мэдээлэл байдаг. 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Чинтөгс” ХХК-ний төлөөлөлд орон нутгийн энгийн болон тусгай хамгаалалттай гол, булаг, шанд бүхий газарт шуруп тавьж буй байдлаа зогсоохыг шаардсан тоот өгсөн. Энэ тоот нь захирамжлалын хэлбэртэй бус, эрх зүйг тогтоосон биш, байгууллагуудын хоорондын харилцааг зохицуулсан бичиг баримт юм. Энэ тоотоор “Чинтөгс” ХХК-ийн үйл ажиллагааг бүхэлд нь зогсоогоогүй. 2014 оны хавар, зун, намар үйл ажиллагаа явуулаагүй, хайгуул хийгээгүй мөртлөө он дуусах мөчид, газар хөлдсөн 11 сард гэв гэнэт ирдэг нь ямар учиртай байх вэ? Хайгуулын газраа наймаалцах гэж явсан нь үнэний хувьтай байх. “Чинтөгс” ХХК-ний булгын тархинд ухсан үйлдлийг бид зогсоосон. 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх өөр ямар ч үйлдлийг хязгаарлаагүй байтал яагаад бүтэн жилийн төлбөр нэхэх болов. Сумын Засаг даргын шийдвэрээр /2010 онд/ энгийн хамгаалалтын бүсээр тогтоосон талбайд ухсаныг зогсоосон байхад түүнийг ямар учир үйл ажиллагааг бүрэн зогсоосон гэж үзээд байгаа юм бэ? Ийм учир “Чинтөгс” ХХК-ийн гаргаад байгаа нэхэмжлэлийг хүлээн авах ямар нэг хууль эрхийн үндэслэлгүй. Ашигт малтмалын газарт явуулсан гэх албан тоот байгаа юм. Тэр бол захирамжилсан шийдвэр биш тэр үндэслэлээр лиценз зогсох учиргүй. Монгол улсын хуульд Засаг дарга дангаар шийдвэр гаргаж лиценз зогсоох ямар ч эрх байхгүй. Тийм учраас нэхэмжлээд байгаа зүйлийг би төлөх үндэслэлгүй. 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр болсон зүйлд миний хувьд байгаль орчин хамгаалах төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Энэ бол үйл ажиллагааг нь зөвшөөрсөн нэг үндэслэл. “Чинтөгс” ХХК үйл ажиллагаагаа явуулаагүй. 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ард иргэдээс “Булгийн тархин дээр ухаад байна. Энэ чинь бид нарын ганц амин зуулга шүү дээ” гэж хэлсэн. Тэр булгаас эх авч урсдаг голыг түшиж өчнөөн олон хүн амьдарч байна. Тэр амин судсыг нь алга болгох гээд байна гэж утасдсан. 10 орчим мотоциклтой хүн очиж үйл ажиллагааг нь зогсоосон байдаг. Би багийн Засаг дарга, байгаль орчны байцаагч, цагдаатай явуулаад юу болоод байгааг нь шалга гэсэн үүрэг өгсөн. Гэтэл ард иргэд өөрсдөө зогсоогоод хөөгөөд даваан дээр очсон байх үед нь тэд нар таарсан юм билээ. Эцсийн дүнд ард иргэд өөрсдөө зогсоосон байсан. Өөрсдөө зөвшөөрөөд явсан байсан. 2014 оны жилийн төлбөр 48 888 250 төгрөг нэхэмжлээд байх юм. Гэтэл өөрсдөө үйл ажиллагаагаа явуулаагүй байж 11 дүгээр сарын 27-ны өдөр нэг удаа ирсэн байсан. Жилийн үйл ажиллагаагаа явуулаагүй байж яагаад ийм төлбөр нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Миний явуулсан тоотоор Ашигт малтмалын газар “Чинтөгс” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон шийдвэр гаргаагүй юм билээ. Бидний үйл ажиллагааг жил болгон зогсоож байсан гэх юм. Тийм үндэслэл байхгүй. Харин шинээр гаргаж өгсөн нотлох баримтанд Загарзүсэм даргатай “Чинтөгс” ХХК хамтарч Дойт гэх газарт үйл ажиллагаа явуулахгүй гэсэн хурлын протокол байгаа. Гэтэл дараа жил нь Дойт гэх газарт үйл ажиллагаа явуулж хамтарсан гэрээгээ зөрчиж байхад нь ард иргэд зогсоосон. Хийдийн толь гэдэг газар сумын төвөөс ил харагддаг газар. Онги голоос 1 километр хүрэхгүй газар үйл ажиллагаагаа явуулж байхад нь зогсоосон. Түрүүчийн Засаг даргатай ярьсан зүйлээ зөрчдөг юм байна. Үүнээсээ ичдэггүй юм уу? Бид нар Монгол улсын 5-6 хуулийг зөрчсөн асуудал байхгүй. Ард иргэдийнхээ байгалиа хамгаалах гэсэн санаа сэтгэлийн үүднээс нүүрээ улайлгаж явж байгаа. Гэхдээ сумын Засаг дарга, багийн Засаг даргад байгаль орчноо хамгаалах эрх байгаа шүү. Энэ үйл ажиллагаанд бид нар 48 888 250 төгрөгийн төлбөр төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. 2007 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг нууж хаасан гэж яриад байх юм. Бид нар хурлын шийдвэрийг нууж хаасан зүйл байдаггүй. Харамсалтай нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар түүнийг хүчин төгөлдөр бус болгосон байсан. Уянга сумын П.Баатар гэдэг хүн ганцаараа тэр шийдвэрийг гаргадаггүй юм. Сумын 21 төлөөлөгчид хүчин төгөлдөр хурлаа хийгээд байгаль орчноо хамгаалъя гэдэг үүднээс тэр шийдвэрийг гаргасан байдаг. Энэ шийдвэр Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар очоод тухайн үед ажиллаж байсан Засаг даргад дутуу байна гэсэн хариуг ирүүлсэн байдаг юм билээ. Засаг дарга нь хариу явуулаагүй улмаас энэ хурлын шийдвэр нь хүчин төгөлдөр бусад тооцсон үндэслэл байдаг юм байна. Үүнийг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас олж үзлээ. Тухайн сумын ард иргэдийн төлөөлөл болсон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг хүндэтгэж үзвэл та бүхний үйл ажиллагаанд ч гэсэн зүгээр юмсан. Монгол Улсын хуулиар өөрсдийн нутгаа хамгаалах шийдвэр гаргах эрх нь Засаг захиргааны нэгж түүний удирдлагын хуулиар олгогдсон эрхтэй байгууллага. Үүнийг яагаад хүлээж авч үздэггүй юм бэ? Усны тухай хуулиар тухайн үед Засаг дарга байсан Загарзүсэм даргын шийдвэр тухайн үед хүчин төгөлдөр байсан. Булгийн тархинаас дээс 50-200 метр газар ухаж болохгүй гэсэн шийдвэрийг зөрчсөн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ямар ч хуулийн үндэслэл байхгүй гэжээ.

Хариуцагч Т.Хүрэлбаатар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 оны 11 дүгээр сарын 27-ны үдшийн 22 цагийн үед манай багийн иргэн М.Чулуунхүү утсаар ярьж манай өвөлжөөний аманд буюу Цэцэнгийн булгийн тархийг эксковатороор ухах гээд байна гэж хэлсэн. Энэ булаг нь Цэцэнгийн голыг бүрдүүлдэг томоохон булгийн нэг. Иймд тухайн үйлдлийг зогсоож бай би удахгүй очно гэж хэлээд утсаа салгасан. Учир нь Монгол Улсын гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчиж байсан. Тэгээд би сумын Засаг дарга П.Баатарт хэлж явахдаа сумын хэсгийн төлөөлөгч дэслэгч Э.Чойжил мөн байгаль хамгаалагч Х.Дашцэрэн мөн тухайн үед байгаль хамгаалагчийн ажил эрхэлж байсан Ж.Тулга, цагдаагийн жолооч А.Ганбаатар нарын хамт явсан. Бид мөн өдрийн 23 цаг өнгөрөөгөөд очсон гэтэл тухайн газраас бага өлт рүү экскаватор ачсан тареллер машин давж явсан. Ингээд түүнийг зогсоож шөнө орой ингэж явж болохгүй гээд мөн 7 дугаар багийн нутаг Бага өлтөд голдоо ойрхон энгийн хамгаалалтын бүсэд 2 цооног ухсаныг хэмжилт хийж аваад тухайн техникийг саатуулсан. Гэтэл маргааш үдээс өмнө буюу 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12 цагийн үед машин техникээ журмын хашаанаас авсан байсан. Дахин манай багийн нутагт хайгуул хийгээгүй байна. Иймд 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр амаар тухайн аж ахуйн нэгжийг хайгуулын үйл ажиллагаа явуулахгүй гэж хэлсэн нь

1/ багийн иргэд тухайн үйл ажиллагааг маш их эсэргүүцдэг.

2/Тухайн аж ахуйн нэгж нь сүүлийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хайгуул явуулсан ба олон жил явуулсан мэтээр тайлан гаргаж удаа дараа эзэн нь солигдож зарагдсаар ирсэн.

З/Сумын Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу очсон.

4/Булгийн эхийг ухуулахгүй гэж хэлсэн учир нь 2010 оны Засаг даргын захирамжаар гол горхи булаг шандыг хамгаалсан энгийн хамгаалалтын захирамжийг зөрчсөн, хууль зөрчсөн.

5/Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08/01 тогтоолоор сумын тусгай хэрэгцээнд авсан газар болно. Нэхэмжлэл үндэслэлгүй. Тухайн үед би ажил үүргээ гүйцэтгэж явсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Гучин хэдэн хүн байгаагүй, арав гаруй залуучууд тухайн 3-4 хотны хүмүүс нийлээд очсон байсан. Надад 10-11 цагийн орчим ард иргэдээс мэдээлэл ирсэн. П.Баатар даргад хэлээд бусад албаны хүмүүстэй очих шаардлагатай болсон. Бид нарыг очтол иргэдийн шаардлагаар нүүгээд явж байсан. Би шөнө орой юу хийж явж байсан юм, хулгайч нохой шиг гэж хэлсэн нь үнэн. Тухайн үед хууль зөрчиж байсан нь илт байсан. Булгийн тархин дээр хүнд даацын машины мөр одоогоороо байгаа. Тэрнээс наана булгийн тархин дээр 2 шуруп ухсан байсныг зургийг нь дарж баталгаажуулж авсан. Газар дээр нь очиход Усны тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж байсан. Нутгийн иргэд ухуулалгүй буцаасан байсан. Энэ талаар “Чинтөгс” ХХК-ийн захирлыг багийн хуралд ирж сууж танилцуул, иргэдийн санаа бодлыг сонс гэж хэлсэн ирээгүй. Бид нар энэ үйл ажиллагааг дэмжиж багийн хурал дээр хэлэлцэж батлуулаад аймгийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газраар орж батлуулах ёстой юм билээ. Энэ үйл ажиллагааг хийгээгүй. Тийм учраас би яасан танил талтай, хууль үйлчилдэггүй хүмүүс вэ? гэсэн санааг хэлсэн. Багийн зүгээс энэ 48 888 250 төгрөгтэй холбоотой мөнгө төгрөг аваагүй. Энэ мөнгөнөөс сум орон нутгийн төсөвт ороогүй учраас Ашигт малтмалын газраас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Би очиж газар дээрээс нь хөөж туугаагүй. Иргэдийн хүчтэй эсэргүүцлийн улмаас явсан байсан. Тухайн газар хүнд даацын машины мөр гарсан байсан. Тэдгээр үйлдлүүд хууль зөрчсөн нь илт байгаа. Би буруутай үйл ажиллагаа явуулаагүй. Нэхэмжлэгчийн хэлж байгаа согтуу байсан, 27 хүн дагуулж очсон гэдэг нь төрийн албан хаагчийн нэр төрийг гутааж байна гэж үзэж байна гэжээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 145/ШШ2016/00128 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1., 229 дүгээр зүйлийн 229.1.-д зааснаар хариуцагч Уянга сумын Засаг дарга П.Баатар, мөн сумын 3 дугаар багийн Засаг дарга Т.Хүрэлбаатар нараас 45 888 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Чинтөгс” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч нараас 387 391 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 402 400 төгрөгийг орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэжээ. 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар магадлалаар Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 145/ШШ2016/00128 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 387 394 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 45 888 250 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр байсныг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, иргэний хуулийг буруу хэрэглэж, хуулийн ямар зүйл заалтыг баримталж байгаагаа дурдаагүй. Мөн шүүх хариуцагч нар нэг удаагийн үйлдлээр шаардлага тавьсан нь бүтэн жилийн ажилд саад болсон гэх үндэслэлгүй гэсэн агуулгатай заалт оруулсан нь Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Манай ажлыг шууд зогсоосон учир цаашид үргэлжлүүлэх боломжийг манай компанид олгоогүй ч манайх ажил үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон учир зөвхөн тухайн жилийн тусгай зөвшөөрлийн төлбөрт төлсөн 45 888 250 төгрөгөө нэхэмжилж байгааг давж заалдах шатны шүүх ойлгоогүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх үндэслэл болжээ.

Нэхэмжлэгч “Чинтөгс” ХХК нь хариуцагч нарын хууль бус шийдвэрийн улмаас тусгай  зөвшөөрөл бүхий талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулж чадаагүй хохирсон тул гэм хорын хохирол 48 888 250 төгрөг гаргуулах агуулга бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1., 229 дүгээр зүйлийн 229.1. дэх зохицуулалтаар гэм хорыг арилгуулах эрх гэж тодорхойлсон атлаа хэргийг дангаар шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1., 82 дугаар зүйлийн 82.1. дэх заалтыг ноцтой зөрчсөн, давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн болон нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс гадна хэнд холбогдох хэний, ямар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон талаар магадлалын тогтоох хэсэгт шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4., 118.5.-д заасан шаардлагыг тус тус зөрчжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийг Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга П.Баатар, Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар багийн Засаг дарга Т.Хүрэлбаатар гэж тодорхойлсон байх ба нэхэмжлэлийн шаардлагаа байгууллагад, эсвэл албан тушаалтан буюу хувь хүнд холбогдуулан гаргасан эсэхийг тодруулснаар хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэнэ. Хэрэв байгууллагад холбогдуулан гаргасан бол Засаг даргын нэр ач холбогдолгүй юм.

“Чинтөгс” ХХК нь өөрт учирсан гэх хохирлоо 2014 оны тусгай зөвшөөрлийн төлбөрт төлсөн 45 888 250 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3 000 000 төгрөг нийт 48 888 250 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд шүүх хохирлыг тодорхойлсон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй байна. Бусдын хууль зөрчсөн үйлдлээр учирсан хохирол гэдэгт тухайн этгээдийн эрх зөрчигдсөнөөс түүнийг сэргээн тогтооход гаргах ёстой зардал, тэрчлэн түүний эд хөрөнгийг алга болгосон ба гэмтээсэн бодит хохирол, хэрэв үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол олж авах ёстой байсан орлого, алдсан ашиг хамаардаг бөгөөд хохирлыг тодорхойлох нь шаардах эрхийн урьдчилсан нэг нөхцөл мөн.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1., 172.2.2.-т заасан зөрчлийг гаргасан тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 145/ШШ2016/00128 дугаар шийдвэр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч “Чинтөгс” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 402 391 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР                                    

                                     ШҮҮГЧ                                                       П.ЗОЛЗАЯА