Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2018/0010

 

 

 

 
2017 оны 12 сарын 27 өдөр     Дугаар 221/МА2018/0010             Улаанбаатар хот


А.К-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2017/0069 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, А.К-н нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2017/0069 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3, 17.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/22 дугаар тушаалын 1 дүгээр заалтыг хүчингүй болгож, А.К-г Ногооннуур сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, Ногооннуур сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар ажиллуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч А.К давж заалдах гомдолдоо: “... Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 110/ШШ2017/0069 дүгээр шийдвэр гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх талаар: 1. А.К миний бие Ногооннуур сум дахь нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоонд зарлагдсан төрийн албаны сонгон шалгаруулалтад оролцож, Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тогтоол, Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 34 дүгээр тогтоол, аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаар тушаалаар тухайн үед тус тус томилогдсон, төрийн захиргааны жинхэнэ албан хаагч бөгөөд томилогдон ажилласан хугацаанд үүрэгт ажлыг хэвийн хэмжээнд гүйцэтгэж байсан болно. А.К миний бие төрийн жинхэнэ албан хаагчын хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан баталгаагаар хангагдах ёстой байтал ажил олгогчийн зүгээс хуулийн дээрх заалтыг зөрчиж, намайг томилсон тушаалыг хүчингүй болгосон хууль бус үйлдлийг анхан шатны шүүхээс зөвтгөөгүй явдал нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
2. Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах үндэслэлийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд зааж хуульчлахдаа мөн хуулийн 25.1.1 дүгээр заалтад, 25.1.2, 25.1.3 дугаар заалт гэсэн гурван үндэслэлээс өөр журмаар албан тушаалаас халахыг хориглосон байдаг. А.К намайг хуурамч диплом ашигласан гэх үйлдлийг аймгийн прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 5/81 дүгээр тогтоолоор Өршөөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон тул Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан үндэслэлд хамаарахгүй юм. Учир нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн албаны тухай хуульд зааснаар “гэм буруугийн асуудлыг зөвхөн шүүх шийдвэрлэнэ” гэж заасан тул прокурорын тогтоолоор гэм буруутайд тооцох, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй.
3. А.К миний хууль ёсны эрх ашгийг хөндсөн аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 07 дуаар сарын 16-ны өдрийн Б/22 дугаар тушаал гаргахдаа Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1-д дэх заалтыг тушаалд баримталсан нь хууль буруу хэрэглэсэн явдал юм. Учир нь А.К намайг төрийн албанаас халах, албан тушаалд томилсон эрхийн актыг хүчингүй болгоход Төсвийн тухай хуулийн дээрх заалтууд огт хамаараагүй болно. Энэ нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/22  дугаар тушаал хууль зөрчиж гарсан, хууль бус эрхийн акт болохыг давхар нотолж байна.
4. Мөн аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/22 дугаар тушаал гаргахад Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.3 дахь заалтуудыг баримталсан нь хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан явдал болно. Учир нь дээрх заалтууд сул орон тоог нөхөх, албан тушаалд шинээр томилогдох иргэнд хамааралтай юм.
5. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн А.К намайг ажилд томилсон тушаалыг “сөрөг нөлөө бүхий эрхийн акт” гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал юм. Тухайлбал: А.К намайг ажилд томилсон тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д зааснаар “эерэг нөлөөлөл бүхий акт” байхад “сөрөг нөлөөлөл бүхий акт” гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарласны илрэл юм. Эдгээр хууль хэрэглээний хувьд бүхэлдээ “эрхийн зөрчилтэй акт” гаргасныг анхан шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэж чадаагүй тул Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2017/0069 дүгээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэж үзээд давж заалдах гомдол гаргаж байна.
Давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2017/0069 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 53 дугаар тушаалаар А.К-г Ногооннуур сумын нийгмийн даатгалын байцаагчаар, улмаар тус хэлтэс нь шинээр зохион байгуулагдсанаар аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/32, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/69 дүгээр тушаалаар мөн сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар тус тус томилсон байна.
Харин Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга “А.К нь 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хуурамч диплом ашиглан төрийн жинхэнэ албанд томилогдсон болох нь эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон” гэсэн үндэслэлээр төрийн жинхэнэ албанд томилсон 2016 оны “А.К-г ажилд томилох тухай” Б/69 дүгээр тушаалыг маргаан бүхий 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/22 дугаар тушаалаараа хүчингүй болгожээ.
Анхан шатны шүүх “Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/22 дугаар тушаалын 1 дүгээр заалтыг хүчингүй болгож, А.К-г Ногооннуур сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, Ногооннуур сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар ажиллуулахыг даалгах тухай” А.К-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Тодруулбал, А.К нь 2009 оны Хөдөө аж ахуйн их сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр … дугаартай хуурамч диплом ашиглаж төрийн албанд томилогдсон болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 5/81 дүгээр тогтоол зэргээр тогтоогдож байх бөгөөд хариуцагчаас мөн нэхэмжлэгчийг хуурамч диплом ашигласан, төрийн албанд ажиллах ажлын байрны тодорхойлолт болон төрийн албан тушаалд тавих ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй гэдэг үндэслэлээр түүнийг төрийн албанд томилсон тушаалаа хүчингүй болгож шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заажээ.
Тодруулбал, хүн, хуулийн этгээд нь хууль ёсны дагуу үүссэн тэрхүү эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан тушаал хаших ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан, тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байж төрийн жинхэнэ албан тушаалыг эрхлэх эрхтэй юм.
Тиймээс А.К нь анхнаасаа эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар томилогдохдоо хуурамч диплом ашигласан, уг албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй байсан нь баримтаар тогтоогдсон тул хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан өөрийн хууль бус үйл ажиллагаагаа зөвтгөж түүнийг ажилд томилсон 2016 оны Б/69 дүгээр тушаалаа хүчингүй болгосон нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй” гэж заасантай нийцсэн бөгөөд маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/22 дугаар тушаал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2017/0069 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.К-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


ЕРӨНХИЙ ШҮҮГЧ     Д.БАТБААТАР
ШҮҮГЧ                        Ц.ЦОГТ
ШҮҮГЧ                        Э.ХАЛИУНБАЯР