Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2016/00983

 

Зохигчийн эвлэрэлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дугаар баг Ч гэх газар оршин суух 000 дугаарын гар утастай Бүргэд овогт Мын Н /РП-000 /-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 000 дугаар баг 36 дугаар гудамж 000-д оршин суух 000 дугаарын гар утастай Чын Нт холбогдох

Хашааны банз, модны үнэ 800.000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Н миний бие Ч.Нямочирт хашааг нь авна гэж нэг куб нь 160.000 төгрөгөөр бодож 4-н куб банз өгсөн. Хэсэг хугацааны дараа 2015 оны 04 дүгээр сарын 21-нд манай банзыг айлын хашаанд байханд нь Ч. Нямочир очиж авсан. Мөн 2015 оны 06 дугаар сарын 24-нд 2 портер мод хэрэгтэй байнга хүн авна гэсэн гээд ачаад явсан. 1 машин нь 80.000 төгрөгөөр бодоод 160.000 төгрөг бөгөөд мөнгийг нь өгөөгүй. Манайх хашааг нь авахаа болиод мөнгөө авъя гэхэд удахгүй өгнө гэсэн. Одоо болтол боломжгүй байна гээд хэл амаар доромжлоод шүүхдээ өг чамайг шүүх дээр мөлхүүлнэ гэх мэт сүрдүүлэх юм.

Иймд банзны 640.000 төгрөг, модны 160.000 төгрөг нийт 800.000 төгрөгийг Ч.Ноос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Н нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ч.Н нь М.Нт 800.000 төгрөг өгөхөөс 600.000 төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч М.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ч.Ноос 800.000 төгрөг авахаас 600.000 төгрөгийг авахыг хүлдээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

М.Нын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Нт холбогдох банз, модны үнэ 800.000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Ч. Н нь ....800.000 төгрөг өгөхөөс 600.000 төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрч байна.... гэх тайлбар,

Нэхэмжлэгч нь ....Ч.Ноос 800.000 төгрөг авахаас 600.000 төгрөгийг авахыг хүлдээн зөвшөөрч байна.... гэх тайлбараа шүүхэд тус тус ирүүлсэн ба энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд нэхэмжлэгч М.Нийн 600.000 төгрөг гаргуулах талаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 23.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч М.Нээс 9.325 төгрөгийг гаргуулж, улсын орлогоос буцаан 9.325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М.Н, хариуцагч Ч.Н нарын 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах талаар зохигчдийн эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1- зааснаар нэхэмжлэгч М.Нийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Ч.Ноос 9.325 төгрөг, улсын орлогоос буцаан 9.325 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Нт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ