Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2016/01026

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 0 дугаар багт оршин суух Боржигон овогт Хын Н /РА-000/-гийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Рын 000тоотод оршин суух Хатигин овогт Нын Г /РА-000/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Х.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Х.Н миний бие Н.Гтой 2007 оны 5 дугаар сарын 05-нд гэрлэлтээ бүртгүүлэн гэр бүл болж хамт амьдарсан. Гэр бүлээ батлуулахаас өмнө 2006 оны 12 дугаар сарын 12-нд охин Г, гэрлэлтээ батлуулсны дараа 2012 оны 3 дугаар сарын 03-нд хүү Т нар төрсөн. Анх гэр бүл болсон цагаас эхлэн архи ууж, биднийг дарамталдаг, айлган сүрдүүлдэг, цохиж зоддог байсан. Эрүүлдээ ч бас зан ааш нь маш ширүүн, ажил хийвэл элдвээр хардаж, гаднаас хүн над руу залгавал байнга чанга яригч дээр нь тавьж сонсдог бөгөөд цаашид ийм хүнтэй хамт амьдрах боломжгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хамт амьдарч байх хугацаанд нөхөр Г нь 2009 онд танхайн хэргээр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял эдэлж байсан.

Бидний энэ таарамжгүй харилцаанаас болж 2 хүүхэд маань хүртэл маш их айдастай, аавыгаа чанга дуугарахад л айж, цочдог болсон. Олон жилийн зодуур, сэтгэл санааны дарамтнаас болж би одоо шалтгаангүйгээр толгой өвддөг мөн дотор эрхтний өвчтэй болж байна.

Цаашид энэ хүнийг ямар нэгэн байдлаа засрах байх гэсэн итгэл үгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, тусдаа амьдрах хүсэлтэй байна. Намайг гэрлэлтээ цуцлуулна гэж хэлэхэд 2 хүүхдийг чамд өгөхгүй, чамд амьдын хагацал үзүүлнэ гээд 2 хүүгээ авч 10 гаруй хоног алга болоод би аймгийн Цагдаагийн газарт хандаж 2 хүүхдээ өчигдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 27-нд олж авсан. Хүүхдүүд маань маш их зутарсан, айж, цочсон байгаа бөгөөд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулахгүй бол цаашдаа миний болон 2 хүүхдийн маань амь нас эрүүл мэндэнд хохирол учирч мэдэхээр байгаа тул эвлэрүүлэн зуучлалын оролцоогүйгээр гэрлэлтийг яаралтай цуцалж, охин Гын Г, хүү Гын Т нарыг миний асрамжинд үлдээж өнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Өөрийн нөхөр Гоос гэрлэлтээ цуцлуулахаар хүсэлт гаргасан боловч Н.Г нь ослын улмаас нас барсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Н нь хариуцагч Н.Год холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч Х.Н нь ....Н.Г нь ослын улмаас нас барсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, нэхэмжлэгч Х.Нийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгнөөс 35.100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1. Х.Нийн нэхэмжлэлтэй Н.Год холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны Хөвсгөл салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Х.Нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ