| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2024/0034/З |
| Дугаар | 110/ШШ2024/0020 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 110/ШШ2024/0020
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш би, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос, Баян-Өлгий аймаг дах Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид холбогдуулан гаргасан, “Эрх бүхий албан тушаалтан Д.А 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн №0093010 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагатай /прокурорын дүгнэлт/ захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Баян-Өлгий аймаг дах Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Д.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“Миний бие гаалийн улсын байцаагч Д.А нь 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 0093010 дугаартай шийтгэлийн хуудсаар “М хоршоо”-г Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 6 дах хэсгийн 1-д зааснаар 1,000,000 төгрөгөөр торгууль оногдуулсан ба ингэж шийтгэлийн хуудас бичих болсон үндэслэл нь зүсмэл нарсны модон материалд импортын мэдэгдэл аваагүй гэж үзсэн.
Уг зүсмэл нарсны модон материал нь импортын мэдэгдэл заавал авах шаардлагатай барааны жагсаалтыг баталсан Гаалийн ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 01-1/3017 тоот албан бичгийн хавсралтад ороогүй буюу өөрөөр хэлбэл импортын мэдэгдэл заавал авах шаардлагатай барааны жагсаалтад ороогүй байна.
Иймд “М” хоршоонд дээрх үндэслэлээр шийтгэлийн хуудас бичсэн маань үндэслэлгүй болсон гэдгийг миний бие ойлгосон бөгөөд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Баян-Өлгий аймаг дах Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн №0093010 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч “М” хоршоог “холбогдох журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлж импортын мэдэгдэл аваагүй” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-т зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос “Гаалийн ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 01-1/3017 дугаартай албан бичгээр зарим мод, модон эдлэлийг хилээр нэвтрүүлэхэд импортын мэдэгдэл олгохгүй байхаар шийдвэрлэснийг мэдэгдэж, импортын мэдэгдэл заавал олгох шаардлагатай барааны жагсаалтыг хавсралтаар хүргүүлсэн байх тул эрх бүхий албан тушаалтны “М” хоршоонд зүсмэл нарсны модон материалд импортын мэдэгдэл аваагүй зөрчил гаргасан гэж шийтгэл оногдуулсан шийдвэр нь үндэслэлгүй юм. Учир нь импортын мэдэгдэл заавал олгох шаардлагатай барааны жагсаалтад зүсмэл нарсны модон материал ороогүй” гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт гаргасан байна.
Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, энэ талаар шүүхэд бичгээр тайлбар гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын “Эрх бүхий албан тушаалтан Д.А 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн №0093010 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын нэхэмжлэлтэй /дүгнэлт/, Баян-Өлгий аймаг дах Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ С.ЕРКЕШ