Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/61

2022          09           20                                       2022/ДШМ/00061

.................-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Г.Ариунзул,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .................,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Булгамаа, Э.Уянга,

            Шүүгдэгч .................-,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн, Ш.Амарбаяр

            Нарийн бичгийн дарга О.Энхцэцэг нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, шүүгч Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр, С.Батцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч .................-т холбогдох 2034004870047 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн;

Шүүгдэгч .................- нь Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3-р багийн нутаг Тэрэлжийн шугуй гэх газрын Тэрэлж голын хөвөөн дээр 2020 оны 6 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 19 нас 4 сар 13 хоногтой .................ыг 2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр батлагдсан "Архидан согтууруулахтай тэмцэх тухай" хуулийн Гуравдугаар бүлгийн 7 дугаар зүйлийн 7.4-д заасан "...Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно." гэсэн заалтыг зөрчиж уруу татаж согтууруулах ундааны зүйл уулгаж, орхисны улмаас голын усанд живж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч .................-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Хорчин Ариунаагийн .................ийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .................-ийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч .................-т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .................-ээс 14,148,541 /арван дөрвөн сая нэг зуун дөчин найман мянга таван зуун дөчин нэг/ төгрөг гаргуулж Улаанбаатар хот Баянгол дүүрэг .................тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .................-д олгож,

Эрүүгийн 2034004870047 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч .................- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, 1 ширхэг СDхэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр давж заалдах гомдолдоо:

1.Хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудсанд гэрч .................гийн "Дарамталсан зүйл харагдаагүй, аз жаргалтай инээгээд сууж байсан" гэх мэдүүлэг, гэрч .................гийн "зодоон цохион болоогүй, анх очиход тэд нар ирчихсэн байсан", мөн дахин өгсөн ................., ................. нар салхинд явах санааг гаргасан, хамт байхад архи дарсаар шахсан зүйл байхгүй* гэх мэдүүлэг, мөн гэрч Б.................., гэрч Д.................. нарын мэдүүлгээр амь хохирогч .................ыг уруу татаж авч явж архи согтууруулах ундааны зүйл уулгасан нь дээрх гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоогүй, харин цагаатгах талын нотлох баримтууд цугларсан байна.

.................-ийн хувьд амь хохирогчтой анх 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш фэйсбүүкийн найз болсноос хойш золгүй явдал болох өдрийг хүртэл харилцсан ба уг хугацаанд амь хохирогчийг ямар нэгэн байдлаар дарамталсан, айлган сүрдүүлсэн уруу татсан зүйл огт байхгүй.

Харин ч түүнийг сонсож, сэтгэл санааг нь ойлгон түүнд байнгын урам хайрлаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж ирсэн нь амь хохирогч ................. болон .................-ийн хоорондоо чаталсан чат, болон зарим гэрчийн мэдүүлгээс тодорхой харагддаг. Гэтэл .................-ийг амь хохирогчийг уруу татаж буюу хууран мэхэлж, айлган сүрдүүлж, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж явсан мэтээр үзсэн нь үндэслэлгүй байна. Мөн архи уулгаж орхисон гэх үйл баримт хавтаст хэрэгт тогтоогдоогүй ба .................ын бөөлжсийг цэвэрлэж байхад хажуу талаар нь мөлхөж гарч явахдаа усанд унаж эндсэн. Согтуу байхад нь орхиж өөр газар руу хаяж явсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна. Уг хэргийг мөрдөн шалгаснаас хойш Төв аймгийн Прокурорын газрын 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 77 дугаар прокурорын тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэг бүртгэлийг хааж шийдвэрлэсэн боловч хохирогчийн гомдлоор хэрэг сэргээгдсэн.

Үүний дараагаар 2021 оны 11 дүгээр сарын 10-ны 146 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хааж шийдвэрлэсэн.

Гэтэл уг үндэслэлүүд хэвээр байхад түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлж анхан шатны шүүх гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироохыг шаарддаг. Энэ гэмт хэргийн үндсэн шинж нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй байна гэж ойлгож байна. .................-ийг 2000 онд батлагдсан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хориглосон үйлдлийг хийсэн гэсэн мөртлөө түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн шинж болох үүрэг хүлээсэн хүн уг үүргээ биелүүлээгүй гэж яллаж байгаа нь буруу юм.

Анхан шатны шүүхээс архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд заасан хориглосон заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлээр биш түүнийг Зөрчлийн тухай хуулийн Зургаадугаар бүлэгт заасан нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн журмын эсрэг зөрчил буюу 6.5 дугаар зүйлд заасан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн гэж зөрчлийн арга хэмжээ авах ёстой байсан.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал гэх үндэслэлүүдээр хэргийг цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн давж заалдах гомдолдоо:

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс "Улсын яллагч, шүүгдэгч түүний өмгөөлөгч нараас шүүгдэгч .................-т холбогдох хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах боломжгүй...хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн гэм хорын хохиролд 7.000.000 төгрөгийг нөхөн төлж үлдэх 14.348.541 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч хэрхэн төлөх нь тодорхойгүй... тул түүнийг хохирол төлөхөө илэрхийлсэн гэж үзэх боломжгүй..." гэж дүгнэн Өршөөлийн хуулийг хэрэглэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчид холбогдох эрүүгийн 2034004870047 дугаартай хэргийг хянан хэлэлцэх үед гэм хорын хохирол бүрэн төлөгдөөгүй байсан бөгөөд шүүгдэгчийн гэр бүлийнхний зүгээс 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .................гийн ................. дугаарын дансанд 14,348,541 төгрөгийг бүрэн төлж дуусгасан.

Иймээс 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан.

            Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна", 12 дугаар зүйлийн 12.10-т "Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ" гэж тус тус зааснаар миний үйлчлүүлэгчид холбогдох эрүүгийн 2034004870047 дугаартай хэрэг Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамаарч байх тул уг хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Ариунзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан “21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундааны зүйл уулгахыг хориглоно” гэснийг иргэн бүр биелүүлэх үүрэгтэй. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Өнөөдөр ч гэм буруу дээрээ маргаж байна гэж үзэж байна. Иймд шийтгэж тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Булгамаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргаж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирол нь хор уршигтай харьцуулахад энэ мөнгө юу ч биш. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн бүрэн үндэслэлтэй гарсан гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хууль ёсны төлөөлөгч ................. тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би охиноо алдаад 817 хоног болж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. .................-ээс бодит гарсан зардлаа л нэхэмжилж байгаа. Өмгөөлөгч нарынх нь гомдолтой санал нийлэхгүй байна. Би гомдолтой байна гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Золгүй үйл явдал болсон. Гэмт хэрэг биш гэсэн байр суурьтай байдаг. Хэрэв хууль зөрчсөн гэж байгаа бол .................-ийг Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Гэмт хэрэг биш учир цагаатгаж өгнө үү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шийтгэх тогтоолоор гарсан хохирлыг төлж барагдуулсан байгаа. Иймд Өршөөлийн хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч .................- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Болсон үйл явдалд одоо ч гэсэн харамсаж байгаа гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч .................-т холбогдох 2034004870047 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан байна.

Шүүгдэгч .................-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлэн уг нотлох баримтуудыг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч .................- нь Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг Тэрэлжийн шугуй гэх газрын Тэрэлж голын хөвөөн дээр 2020 оны 6 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 19 нас 4 сар 13 хоногтой .................ыг 2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр батлагдсан “Архидан согтууруулахтай тэмцэх тухай” хуулийн 3 дугаар бүлгийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан “21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж уруу татаж согтууруулах ундааны зүйл уулгаж, орхисны улмаас голын усанд живж, амь насыг нь хохироосон үйл баримт нь эрүүгийн хэрэгт авагдсан, 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .................гийн: ... Төв аймгийн Шүүх эмнэлгийн цогцост задлан хийдэг газар очсон. Би охиноо нас барсан байсныг харсан. Миний охины баруун нүд нь нээлттэй, ам нь ангайсан, зүүн хацар нь хавдсан, хөхөрсөн, арьс нь улайсан, цэл хөхөрсөн байсан. ... Эмч шинжилгээнд орчоод урьдчилсан байдлаар живэлтийн улмаас нас барсан байна гэж хэлсэн. Манай эгч надад энд цуг явсан хүмүүс нь байна гэж хэлсэн. Хүмүүсийг харахад сахалтай, улаан нүүртэй, 34-35 орчим настай хүн, 30-40 насны 1 эмэгтэй 4 хүн байсан. ... Өөрийгөө Жамух гэх ................. гэдэг нэртэй хүн ганцаараа миний охиныг таньдаг гэсэн." /1 хх 24-25/,

Шүүх хуралдаанд өгсөн: "Иргэн хүний хувьд хуулийг хүндэтгэж байна. Өршөөлийн хуульд хамааруулаад шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би гомдолтой байна. Миний охин өнөөдөр хэн байсан юм бэ, 19 нас наслахдаа ................. гэх хүнд итгэсэн түүнийг багшийн дайны хүндэлж байсан. Би Жамух ахад итгэдэг гэж хэлж байсан. .................ийг эмнэлэгт хэвтэж байхад хүртэл сайхан сэтгэлтэй охин минь эргэж байсан. Би гомдолтой байна. Би сэтгэл санааны хохирол нэхээгүй. Бодит хохирлыг нэхэмжилсэн. Маш их гомдолтой байна."

Гэрч .................гийн: "2020 оны 6 дугаар сарын 27-нд би Эрдэнэ сумын Тэрэлж голын эрэг дээр амарч байхад 22 цагийн үед гэнэт амь авраарай гээд орилсон ба тухайн үед харанхуй болсон байсан. Хүн тоглож л байгаа юм байх гэж бодоод сууж байтал зэргэлдээ зайтай буудалласан хэсэг залуучууд бөөндөө гүйлдээд явсан ба би араас нь яваад очтол нэг залууг баахан танихгүй хүмүүс гаргасан бөгөөд дахиад нэг эмэгтэй байх ёстой гээд хайгаад байсан. Би 101 дугаар руу дуудлага өгөөд байж байтал нэг залуу хайж байгаад олчихсон. Би тэр эмэгтэйг огт танихгүй..." /1 хх 26-28/,   

Шүүгдэгч .................-ийн өгсөн: "Би Энхсоёлтой 2018 онд Фэйсбүүкээр танилцаж байсан... Төв аймгийн Эрдэнэ сумын Зөгийн фермийн баруун талд голын эрэг дээр очсон. Майхнаа барингаа цаг асуутал 17 цаг болж байсан... Тэгээд майхнаа барьчхаад хоол, унд хийж идээд архи, дарс уусан... Тэгээд модноос майхан руу яваад хэвтэж амрах уу гэхэд тэгье гэхээр нь майхан руу оруулж хэвтүүлчхээд би майхнаас шээхээр гараад 3, 4 алхам яваад шээх гээд зогсож байтал майхан дотроос Энхсоёл бөөлжлөө гээд огьж сонсогдсон... Тэгээд би .................ын цамцны энгэр бөөлжис болчихсон байхаар нь цамцыг нь тайлж өгтөл дотуураа нүцгэн байсан. Футболк өмсгөх гэтэл гараараа түлхээд майхнаас мөлхөөд гарсан. Тэгээд би бөөлжсийг нь арчиж цэвэрлэх гээд тонгойгоод майхан доторхыг цэвэрлэж байтал ард талд пүл гээд усанд юм унаж байгаа чимээ гарсан... Гол руу хартал Энхсоёл голын эргээс 1,5 метр гаран зайд хөвөөд гараараа самардан усанд урсаад явангуут нь би аврах гээд ус руу ортол миний гэдэс, цээжээр татсан гүнзгий, ширүүн урсгалтай ус байсан. Тэгээд би тэр дороо хөл алдаад өөрөө урсаж живж эхэлсэн. Тэгээд аврал ирж орилох гэтэл ус залгигдаад би аль болох эрэг рүү самардаад авраарай туслаарай гэж 2-3 удаа орилтол нэг хүн усанд орж ирээд намайг татаж гаргаад миний амийг аварсан... Залуус машиныхаа гэрлийг тусгаад Энхсоёлыг хайгаад ойролцоогоор 20-30 минут болсон. Би тэр цаг хугацааг мэдэхгүй байна олчихлоо гэж орилсон... Бид хэд өөрсдийн авсан 0,75 литрийн Тайга нэртэй архи, 3-4 том савтай пиво хувааж уусан. Энхсоёл архи хэр их уусан талаар мэдэхгүй байна. Миний мэдэхээр 3-4 ууж байсан, нэлээн хөөрлийн байдалтай гоё байна аа гээд байсан. Өөрийгөө удирдан жолоодох чадвар байсан гэж бодож байна. Гэхдээ өөрөө би их согтчихлоо гээд байсан... Энхсоёлыг би архи уулгаагүй бид нар дэлгүүрээс архи, согтууруулах ундааны зүйл худалдаж авсан бөгөөд бид нар дайлсан өөрөө уусан тэгээд согтсон. Тэрнээс ямар нэг байдлаар хүч хэрэглэсэн, шахсан асуудал байхгүй..." /1 хх 30-33, 92-93/,

Гэрч Д..................ын: "... Тэгээд 2020 оны 6 дугаар сарын 27-ны өглөө ................. залгаад манай нэг найз цуг явъя гэж байна гэхээр нь тэг л гэсэн. Тэгээд бид уулзалдаад 15 цагийн үед Тэрэлж рүү хөдөлсөн. ...3-4 цаг өнгөрсөн байх Жамух талийгаач хоёр талийгаачийн утас алга болсон гээд тэр хавиар хайгаад майхан руугаа явсан. Тэгтэл Гэрэлмаа намайг унт гээд бид хоёр унтаж байтал ................. Соёлоо усанд живээд бурхан болчихлоо гэж хэлсэн." /хх 39-40/,  

Гэрч Б..................ын: "... Тэгээд сууж байтал доор хүмүүс орилолдоод эхэлсэн. Чимээ сонсоход эрэгтэй хүний хоолойгоор авраарай, туслаарай гэж орилж байхад нь асаагуурын гэрлээ тусгаад очсон. Тэр үед залуус эрэг дээр тал талаас цугласан байсан. Жамух өөрөө усан дотор модонд тээгэлдчихсэн толгой нь ил гарсан байдалтай байсан ба би яах вэ дүү модон доогуур урсаад орчихлоо гээд орилж байсан. Тухайн үед эрэг дээр байсан залуус Жамухыг гаргасан. Бид гэрэл тусгаж тойрч хайсан боловч олоогүй. Нэлээн хайж байж нэг залуу гүехэн хэсгээр ус туулж ороод цагаан юм харагдаад байна гэж хэлсэн. Тэгээд тэр хэсэгт гэрэл тусгахад нуруу хэсгээрээ хөвсөн байдалтай живсэн байсан. Гаргаж ирээд тусламж үзүүлсэн боловч өнгөрчихсөн байсан. Маргааш нь савнуудаа үзэхэд 4 том пиво, 1 шил архи уусан байсан..." /1 хх 44-48, 97-98/,

Гэрч Б.Золзаяагийн: "2009 оны 5 дугаар сард гэрлэлтээ батлуулж байсан. ................. гэх хүний гэр бүлийн хүн. Бид хоёр ерөнхийдөө нээлттэй харилцаатай байдаг бөгөөд нэг удаа манай нөхрийн чатан дээр нэг охин автобусан дотор өөрийнхөө хөхний даруулгыг гаргаад дарсан зургаа явуулсан байсан. Би нөхөрт энэ ямар учиртай зүйл вэ гэхэд урьд өмнө нь би чамд хэлж байсан охин байгаа юм гэхээр нь надад энэ зураг таалагдахгүй байна одоо энэ харилцаагаа зогсоо гэж хэлээд нөгөө охины хаягийг би өөрөө блок хийж байсан. Блоклож харилцахгүй болгож байсан боловч удалгүй дахин чатаар харилцах болсон байсан. Тэгээд сүүлд 2 сард чатыг нь үзэхэд зурсан зураг, өөрийнхөө зураг зэргийг явуулсан мөн энгийн харилцан яриа байсан." /1 хх 51/,  

Гэрч .................-гийн: "Би Жамух гэдэг хүнийг танихгүй. Энхсоёл ярихдаа Жамух гэдэг ахыг таньдаг урлагийн талаар ярилцдаг гэж хэлж байсан. 2018 оны зун Энхсоёлтой хамт Гачууртад болсон Play Time амьд хөгжмийн фестиваль дээр явж байхдаа Жамух гэдэг хүнийг харсан. Тухайн үед Энхсоёлтой мэндлээд гар бариад явж байсан. Урт үс, урт сахалтай хүн байсан. Хааяа л Жамух ахтай чаталсан гэдгээ хэлдэг байсан." /1 хх 79-80/, 

  Шинжээч Э.Эрхэмбаярын: "Уг гэмтлүүдийг голын усанд унах үед голын хайрга, эргэнд цохигдох үед үүсгэгдэх боломжтой гэмтэл. Талийгаачийн цогцост гадна биеийн үзлэг хийхэд гадуураа мишокоор ороосон байсан бөгөөд талийгаач өмд, дотоожтой байсан дээгүүрээ ямар нэгэн хувцасгүй байсан. Давсаг шээсгүй байсан нь бөөрний үйл ажиллагаагаар ялгарсан байх боломжтой. Талийгаач хүнд зэргийн согтолттой байсан. Хүнд зэргийн согтолттой хүн өөрийн үйл хөдлөлийг хянах чадваргүй болно. Усанд унах үед эдгээр гэмтлүүд гарах боломжтой. .................ын биед үүссэн зүүн хацарт зөөлөн эдийн няцрал цус хуралт зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдах ба хүзүүнд зулгаралт, цээж, зүүн мөр, баруун тохойн хонхорт цус хуралт, баруун зүүн өвдөг, зүүн шилбэ, нуруунд зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь голд живэх үед үүсгэгдэх боломжтой гэмтэл. Хүний физиологийн онцлогоос хамааран хүнд зэргийн согтолттой хүний үг яриа үйл хөдөлгөөн удааширч, цөөрч, юм санахгүй болно. Дөрвөн мөчдийн булчин суларч өөрийн үйлдлийг хянах боломжгүй болно. Талийгаач .................ын цогцост задлан шинжилгээ хийхэд цагаан мөгөөрсөн хоолойд цайвар ягаан тогтвортой хөөстэй байсан бөгөөд мөн уушги нь улаан ягаан өнгөтэй хийжилт ихтэй хавирганы ором уушгинд үссэн байсан. Энэ нь живэлтийн үед түгээмэл ажиглагддаг сонгомол шинж." /1 хх 105-106, 171-172, 2 хх 228/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 3151 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Шинжилгээнд ирүүлсэн эд зүйл, хувцаснуудад урагдалт, гэмтэл үүсээгүй." гэжээ /1 хх 142-143/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаартай шинжээчийн: "1.Талийгаач .................ын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хүзүүнд зулгаралт, цээж, зүүн мөр, баруун тохойн хонхорт цус хуралт, баруун зүүн өвдөг, зүүн шилбэ, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.    2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.             3.4.Талийгаачийн цусанд 3.5%-ийн промилли, ходоодны шингэнд 4.4 %-ийн промилли спиртийн агууламж илрэв. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.       5.6.Талийгаач .................ын бэлэг эрхтэнд эр бэлгийн эс илрээгүй болно. 7.Талийгаач .................ын охин хальс хуучин урагдал сорвижилттой байна. 8.Талийгаач ................. нь живэлтийн улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ." гэх /1 хх 154-155/,   

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 82 дугаартай шинжээчийн: "1..................ын цогцост үүссэн зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хүзүүнд зулгаралт, цээж, зүүн мөр, баруун тохойн хонхорт цус хуралт, баруун зүүн өвдөг, зүүн шилбэ, нуруунд зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

2.Дээрх гэмтэл нь талийгаачийг амьд ахуйд үүссэн шинэ гэмтэл байна.             3.8.Талийгаачийн нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.    4.Умайн эндометрт голомтлог цус харвалт, эндометрийн булчирхай пролиферацийн үеийн зураглалтай нь сарын тэмдгийн өмнөх үеийн урьдал шинж юм.

5.6.Талийгаачийн хүзүүнд үүссэн зулгаралт, цээжинд үүссэн цус хуралт мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд талийгаачийн амьд ахуйд үүссэн шинэ гэмтэл байна.

7.Талийгаачийн цусанд 3.5%-ийн промилли спиртийн агууламжийг ямар төрөл, ямар нэр төрлийг нь тогтоох боломжгүй." /1 хх 166-167/ гэх дүгнэлтүүд,   

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 5-8/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 9-12/,

Амь хохирогч ................. 2001 оны 2 дугаар сарын 14-ны өдөр төрсөн, үйл явдал болсон өдөр 19 нас 4 сар 13 хоногтой байсан талаарх нас тоолсон тэмдэглэл /2 хх 166/, Facebook Jam Mon.Jamukha Oid хаягтай мессеж чаттай Grektumoi Khremere, Kuoto Экс гэсэн хаягтай Facebook мессеж чаттай 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх мессеж чатад үзлэг хийж хэвлэсэн 54 хуудас /2 хх 169-223/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, прокуророос шүүгдэгч .................-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч .................-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал гэх үндэслэлүүдээр хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгч .................-ийг цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн үндсэн шинж болно.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан “ Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж, согтууруулах ундаа уулгахыг хориглоно.” гэж зааснаар 21 насанд хүрээгүй хүнийг уруу татаж, согтууруулах ундаа уулгахгүй байх нь насанд хүрсэн иргэн бүрийн үүрэг бөгөөд шүүгдэгч .................- нь 21 насанд хүрээгүй буюу 19 нас 4 сар 13 хоногтой байсан амь хохирогч .................д архи согтууруулах ундаа уулгаж орхисны улмаас  хүнд зэргийн согтолттой амь хохирогч ................. нь голын усанд живж  амь насаа алдсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч .................-т өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэрэгт холбогдуулан шалгах явцад уг гэмт хэрэг нь нотлогдоогүй тул прокурор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Харин сүүлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд ирүүлсэн байх тул “өмнө нь хэргийг хаасан үндэслэлүүд хэвээр байхад шүүгдэгч .................-т холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх гэм буруутайд тооцсон” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаярын гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн “ ...миний үйлчлүүлэгч .................-т холбогдох эрүүгийн 203400870047 дугаартай хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамарч байх тул түүнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

Өмгөөлөгч нь хууль зүйн үйлчилгээний зорилго, хүрээ, шийдлийг тодорхойлохдоо үйлчлүүлэгчийн хүсэл зориг, ашиг сонирхолд үндэслэнэ хэмээн холбогдох хууль дүрэмд заасан байдаг ба үүний дагуу өмөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлэхдээ өөрийн үйлчлүүлэгчийн хүсэл зориг, ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж, үйлчлүүлэгчийн санаа бодлыг илэрхийлж өмгөөлөх мэргэжлийн үйл ажиллагаа  явуулдаг. Шүүгдэгч .................-ийн өмгөөлөгч нар нь давж заалдах шатны шүүхэд өөр өөр үндэслэлээр гомдол гаргасан байх тул шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй байна.

Гэм буруу гэдэг нь санаатай ба болгоомжгүй үйлдсэн хэрэг, түүний хор уршигт хандах сэтгэхүйн харьцаа бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зайлшгүй нэг нөхцөл юм.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь гэмт этгээд өөрийн үйлдсэн үйлдэл, холбогдол, хохирол хор уршиг, хэргийн зүйчлэл, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байхыг хэлнэ.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх нь шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх нөхцөл болох ба Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх гэсэн шаардлагыг хангаагүй байх тул шүүгдэгч .................-т холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаярын “.................-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү”, өмгөөлөгч С.Батцэрэнгийн “шүүгдэгч .................-т холбогдох эрүүгийн хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч .................-ийн цагдан хоригдсон 95 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр, С.Батцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар .................-ийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 95 /ерэн тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          М.МӨНХДАВАА

                   ШҮҮГЧИД                                          Н.НАСАНЖАРГАЛ

                                                                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ    