Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 495

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Ж.Энхжаргал,

Шүүгдэгч Б , түүний өмгөөлөгч Ц.Майбаяр нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б д холбогдох 201724000358 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 17   -ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүх аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг,эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, Улаанбаатар хот, оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Б  нь 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 23 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тумбааш дэлгүүрийн урд замд Toyota Prius маркийн 31-78 УБЕ улсын дугаартай  тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасан “ Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигт Б.Отгонбаярыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б  мэдүүлэхдээ: “2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 22 цагийн орчим 4 найзын хамт Багшийн дээдээс хороолол орсон. Гандангийн уулзвараас хөдлөөд явж байгаад Тумбааш дэлгүүрийн өмнө 2 дугаар эгнээнээс 3 дугаар эгнээ рүү шилжих үед өөдөөс 2 эмэгтэй хүн зам хөндлөн алхаад гараад ирсэн ба нэгийг нь мөргөсөн. Тэгээд найз Мөнхбаатарыг түргэн цагдаа дуудаарай гэсэн. Цагдаа ирж хэмжилт хийсэн түргэн ирж хохирогчийг авч явсан.

Хохирогч Б.Отгонбаярын эмчилгээний төлбөр 3.000.000 төгрөг, цаашид гарах зардалд 5.000.000 төгрөгийн нийт 8.000.000 төгрөг өгсөн” гэв.

 

Хохирогч Б.Отгонбаяр мэдүүлэхдээ: “..2017 оны 5 дугаар сарын 20-ны орой би найз Мягмарсүрэн гэрлүү явах гээд найз Солонгоогийн хамтаар явах гээд гэрээс гараад замын эсрэг талаар такси барих гээд орой 23 цагийн орчимд Тумбааш дэлгүүрийн урд талын явган хүний гарцаар зам хөндлөн гарах гээд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтээ гарцаар гарахдаа миний зүүн гар талд найз Солонго явж байсан. Тэгээд замаар алхаад гарч байснаа санаж байна. Тэгээд цааш нь юу болсоныг санахгүй байна. Нэг ухаан ороод сэрэхэд найз охин маань түргэн дуудаачээ, цагдаа дуудаачээ гэж орилж байсныг санаж байна..” гэжээ. /хх 30-31 хуу/

 

Гэрч Ж.Солонго мэдүүлэхдээ: “ ...Миний баруун гар талд найз Отгонбаяр намайг сугадаад явж байсан. Тэгээд явган хүний гарцаар гарч явахад зорчих хэсгийн зүүнээс баруун тийш явах чиглэлийн 1,2 дугаар эгнээнүүдийн машинууд зам тавьж өгсөн тэгсэн зорчих хэсгийн 2 дугаар эгнээнээс ирж явсан цэнхэр өнгийн автомашин нь 3 дугаар эгнээрүүгээ шилжээд юу юугүй ороод ирэхээр нь би орилоод хойшоогоо болсон, тэгсэн найз Отгонбаярыг нөгөө 3-р эгнээнээс ирж явсан автомашин нь их хүчтэй тооромслоод мөргөөд зогссон. Тэгсэн найз машины баруун талд нь буюу зорчих хэсгийн 2-р эгнээнд газар уначихсан” гэжээ. /хх 35 хуу/

 

Гэрч А.Халиун мэдүүлэхдээ: “...2017 оны 5 дугаар сарын 20-ны орой хэдэн цагийг нь санахгүй байна, манай гэрийн ойролцоо, найз Б  нь Т.Приус20 маркын автомашиныг жолоодон түүнтэй хамт найз Мөнхбаатар, Энхгэрэл, Энхсайхан нар ирцгээсэн. Тэгээд бид нар тэндээ юм ярьж сууж байгаад хоол идэх санаатай хорооллын кебаб орох гээд хөдөлсөн. Найз Б  нь Т.Приус 20 маркын автомашиныг жолоодон жолоочийн хажуугийн суудалд дээр би сууж, арын суудал дээр нөгөө 3 суугаад бид нар Баянгол дүүргийн нутаг Тумбааш дэлгүүрийн урд замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2-р эгнээнд явж байгаад гэнэт 3 дугаар эгнээрүүгээ шилжиж орсон, тэгсэн явган хүний гарцаар хойноосоо урагшаа чиглэлтэй гэнэт 2 хүн машины урд гараад ирсэн, тэгсэн  миний сууж явсан машин тэр 2 хүний нэгийг нь баруун урд хэсгээрээ мөргөчихсөн...” гэжээ. /хх 37/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 6756 дугаартай дүгнэлтэнд: “...Б.Отгонбаяр нь биед дух ясны баруун хэсгээс баруун нүдний ухархайн дээд хана этмойд хөндийн баруун тал, суурь ясны зүүн хэсэг үргэлжилсэн шугаман хугарал, хугаралын харалдаах хатуу бүрхүүл дээр цусан хураа, хальсан доорх зайд цус харвалт, баруун, нүд духны орчмын зөөлөн эдийн няцрал хий хуралдалт, нүүрний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, доод мөчдөд зулгаралт зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд оюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэжээ. /хх 50/

2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хав 7-14/,

Өвчний түүх /хх 54-60/,

Автотээврийн Үндэсний төвийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлт  /хх 69-78/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 801 дугаартай дүгнэлт /хх 62/,

Замын цагдаагийн алба шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 270 дугаар дүгнэлт /хх 90/,

Ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 110,111,112/

Хохирлын мөнгө авсан баримт /хх 139/

Хохирогч Б.Отгонбаярын цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол  саналгүй гэх баримт /хх 177/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б  нь 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 23 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тумбааш дэлгүүрийн урд замд Toyota Prius маркийн 31-78 УБЕ улсын дугаартай  тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасан “ Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигт Б.Отгонбаярыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Отгонбаяр /хх 30-31 хуу/, гэрч Ж.Солонго /хх 35 хуу/, гэрч А.Халиун /хх 37/ нарын мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 6756 дугаартай дүгнэлт /хх 50/, 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хав 7-14/,Өвчний түүх /хх 54-60/, Автотээврийн Үндэсний төвийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлт  /хх 69-78/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 801 дугаартай дүгнэлт /хх 62/, Замын цагдаагийн алба шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 270 дугаар дүгнэлт /хх 90/, ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 110,111,112/, хохирлын мөнгө авсан баримт /хх 139/, хохирогч Б.Отгонбаярын цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол  саналгүй гэх баримт /хх 177/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Б д холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих байдал нотлогдсон тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б  нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал /хх 139/, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж байгаа хувийн байдал, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт зэргийг харгалзан мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нөхцөл хангагдаж байх тул түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Харин шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн хэдий ч тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах албадлагын арга хэмжээг чөлөөлөөгүй болно.

Шүүгдэгч Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогчид 8,000,000 төгрөгийн хохирол төлөгдсөн, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдлаа. 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1150716 тоот түр зөвшөөрлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний бие махбодид хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Шүүгдэгч Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогчид 8,000,000 төгрөгийн хохирол төлөгдсөн, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1150716 тоот жолоочийн түр зөвшөөрлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б ы хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                      ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ