Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 133/ШШ2024/00422

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** аймгийн *** сумын *** тосгонд оршин суух, *** овгийн Б-ийн Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** ХХК-д холбогдох,

Цалин 2,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус ХХК-нд Миний бие Б нь ***-аар 07сарын 03-аас гэрээ хийж ажилласан. Энэ гэрээний дагуу сарын 10, 25 гэхэд өгөхөөр гэрээ хийсэн. Хийсэн гэрээний дагуу ажлынхаа цалин хөлсөө одоо болтол өгөөгүй байна. Нэхэмжлэлийн дагуу миний хүсэлтийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *** ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компанид 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 07 дугаар сарын 16-ны өдөр *** ажилтан Б.Б нь ажилласан нь үнэн болно. Нэг ростерийн цалин нь 2,100,000 төгрөг бөгөөд нийт 1 ростерийн ажиллах хоног *** хоног байдаг. Уг ажилтан *** хоног ажилласан. Уг *** хоногийн цалин 1,866,666.67 төгрөг бодогдсон. Үүнээс бид хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар зэргийг тооцож мөн гаргасан зөрчил болон ажлын үр дүнг тооцож гарт олговол зохих нь 763,798 төгрөг болсон. Мөн тухайн ажилтан Б.Б нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ростроос буугаад 08 дугаар сарын 06-ны өдөр эргээд ажилдаа орох байсан боловч цаг тухайдаа ажилдаа ирээгүй, 08 дугаар сарын 08-ны өдөр ажлаас халагдах өргөдөл бичсэн. Тойрох хуудас зурж, ажлаас хүлээлгэн өгөөгүй, ажил хаясан. Байгууллагын дотоод журмын дагуу цаг тухайдаа ажилдаа ирээгүй, мөн ажилчидтай зүй бус харьцсан, сүрдүүлсэн гэх үндэслэлээр цалингийн арга хэмжээг авч цалинг тооцсон. Ингэснээр гарт олгох цалин 763,798 төгрөг. Энэхүү цалингийн үлдэгдлийг манай байгууллага 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгож барагдуулах боломжтой байна гэжээ.

3. Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Б.Б-ын нэхэмжлэлтэй, *** ХХК-д холбогдох, цалин 2,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч хувцасны төлбөр 370,000 төгрөгийг хасч тооцон нэхэмжлэлээсээ татгалзаж, үлдэгдэл 1,730,000 төгрөгийг хариуцагч *** ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор багтаан төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Б-ын нэхэмжлэлтэй, *** ХХК-д холбогдох, цалин 2,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.

Дээрх иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Б нь: хувцасны төлбөр 370,000 төгрөгийг хасч тооцон нэхэмжлэлээсээ татгалзаж,

үлдэгдэл 1,730,000 төгрөгийг хариуцагч *** ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор багтаан төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрчээ.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлтэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэжээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1,730,000 ногдох улсын тэмдэгтийн хураамж 42,630 төгрөгийг хариуцагч *** ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Б.Б-ын нэхэмжлэлтэй, *** ХХК-д холбогдох, цалин 2,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хувцасны төлбөр 370,000 төгрөгийг хасч тооцон нэхэмжлэлээсээ татгалзаж, үлдэгдэл 1,730,000 төгрөгийг хариуцагч *** ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор багтаан төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1,730,000 ногдох улсын тэмдэгтийн хураамж 42,630 төгрөгийг хариуцагч *** ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ