| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00365/И |
| Дугаар | 133/ШШ2024/00371 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 133/ШШ2024/00371
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн **************** төлөөлөн Говь-Алтай аймгийн ************* гаргасан нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн *********** сумын *********** багт оршин суух, ********** овгийн ************* холбогдох,
Аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 38,887,500 төгрөг, зээлийн хүү 1,593,750 төгрөг, алданги 29,207,662 төгрөг, нийт 69,688,912 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдааныг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** болон хариуцагч *********** шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Шүүх хуралдаанд оролцогчийн ирцтэй холбогдуулан зохигчид нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд 100 дугаар зүйлийн 100.1, 100.2, 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, *********, хариуцагч ************* нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 38,887,500 төгрөг, зээлийн хүү 1,593,750 төгрөг, алданги 29,207,662 төгрөг, нийт 69,688,912 төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэлийн үндэслэл: Говь-Алтай аймгийн ************* сумын ********** багт оршин суух иргэн ********** нь аймгийн жижиг дунд үйлдвэрийн дэмжих сангаас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Малын тэжээл тариалах-ын зориулалтаар 36 сарын хугацаагаар, 45,000,000 төгрөгийн зээлийг авчээ. Иймд манай байгууллагыг төлөөлж ********** нь гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөх албан бичгийг хүргүүлсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэх утга бүхий хүсэлтийг ирүүлжээ. Говь-Алтай аймгийн засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ***********, ********** нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 06-ний өдөр 02/14 дугаартай аймгийн жижиг дунд үйлдвэрийн дэмжих сангаас олгох зээл, 2021 оны 12 дугаар сарын 06-ний өдөр 06/15 дугаартай барьцааны гэрээ байгуулагджээ.
Зээлийн гэрээний дагуу иргэн ******** нь 45,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр Малын тэжээл тариалах төслийн зориулалтаар авчээ. Зээлийн гэрээний дагуу зээл эргэн төлөх сүүлчийн хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дуусаж байна. Гэвч зээлдэгч иргэн *********** нь үндсэн зээл 45,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн эргэлтийн хөрөнгө нь орон нутгийн хөгжлийн сангаас олгогддог, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоход зориулан зарцуулагддаг. Зээлдэгч зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэнд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл юм. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дуусаж байна.
Аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн эргэлтийн хөрөнгө нь орон нутгийн хөгжлийн сангаас олгогддог, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоход зориулан зарцуулагддаг. Зээлдэгч зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэнд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн эрх ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл юм. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дуусах ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй, 222.7 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2, 2.3, дахь хэсэгт тус тус зааснаар ********* үндсэн зээлийн үлдэгдэл 45,000,000 төгрөгийг гаргуулж аймгийн жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх санд олгуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж зааснаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2-д Бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно гэсний дагуу прокурор нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно. гэж зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ.
Дээрх хууль тогтоомжид зааснаар иргэн ********** нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж төрийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул хохирол гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Иргэн ******** аймгийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 40,484,250 төгрөг, алданги 29,207,662 төгрөг, нийт 69,688,921 төгрөгийг гаргуулж, Говь-Алтай аймгийн төрийн сан дахь аймгийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дансанд оруулж өгнө үү. Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ********* нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр сум хөгжүүлэх сангаас 45 сая төгрөгийн зээл авсан. Уг зээлээс 787,500 төгрөг төлсөн. Одоо төлөгдөөгүй үндсэн зээл 40,481,250 төгрөг, алданги 29,207,662.50 төгрөг, нийт 69,688,912.50 төгрөгийг нэхэмжилж байна. Хугацаа нь болоогүй төлбөр хэсгийг үлдээгээд нэхэмжилж байна гэв.
4. Нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримтын жагсаалт:
- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 133/ШЗ2024/01056 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай/ шүүгчийн захирамж
- Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаартай хүсэлтийг хүлээн авах тухай прокурорын тогтоол
- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 05 дугаар сарын 16-ны 3/569 дугаартай албан бичгийн хуулбар
- Аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн мэдээлэл
- Аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл олгох гэрээ/2021.12.06 02/14/ /*****************/ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Барьцааны гэрээ/2021.12.06, 06/15/ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Зээлийн эргэн төлөх хуваарь/**********/ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Итгэмжлэл/*******, ********/
- Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ/*******/
- Зээлийн эргэн төлөх хуваарь/**********/-ын хуулбар
- Төлбөрийн хүсэлтийн/2021.12.08/ хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар/***********/
- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 3/569 тоот албан бичгийн хуулбар
- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 3/569 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Төлбөрийн хүсэлтийн/2021.12.08/ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Зээлийн эргэн төлөлтийн хуваарь/************/
5.Хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтын жагсаалт: байхгүй.
6. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ********** төлөөлөн Говь-Алтай аймгийн ************* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Говь-Алтай аймгийн ********** 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 3/569 албан бичгээр прокурорыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг Говь-Алтай аймгийн ********* гаргажээ.
Уг албан хүсэлтийн үндсэн дээр Говь-Алтай аймгийн ********* нь ********* холбогдуулан нэхэмжлэл гаргах болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээх бүрэн эрхийг тус *********** 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/398 дугаартай итгэмжлэлээр олгожээ.
Улмаар *********** холбогдуулан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 38,887,500 төгрөг, зээлийн хүү 1,593,750 төгрөг, алданги 29,207,662 төгрөг, нийт 69,688,912 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
3. Нэхэмжлэгч нь ...хариуцагч гэрээнд заасны дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа тул 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгосон зээлийн гэрээний үүрэгт зээлийн төлбөр 38,887,500 төгрөг, зээлийн хүү 1,593,750 төгрөг, алданги 29,207,662 төгрөг, нийт 69,688,912 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.
4. Хариуцагч ********* нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан байх бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор хариу тайлбар ирүүлэхээр шүүхээс хугацаа олгосон байна.
Хариуцагч ********* нь уг хугацаанд болон шүүх хуралдааныг хэлэлцүүлэх хүртэл хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, мөн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ********** дугаарын утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.
Хариуцагчийн хариу тайлбар гаргах хугацааг хуульд 14 хоног гэж тодорхойлсон нь түүнд шахалт дарамтгүйгээр, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгож байгаа хэрэг бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй бол шүүх түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнтэй адил гэж үзэж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлтэй юм.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэжээ.
Хэдийгээр хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй бол түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй боловч шүүх төрд учирсан хохирол гаргуулах шаардлага бүхий хэргийг ердийн журмаар буюу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5. Говь-Алтай аймгийн ********** ******** нь *********** 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 02/14 дугаартай аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгох зээлийн гэрээг бичгээр байгуулж, аймгийн засаг даргын орлогчоор батлуулан 45,000,000 /дөчин таван сая/ төгрөгийг жилийн гурван хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл олгосон төлбөрийн хүсэлт, зохигчдын харилцан зөрүүгүй тайлбар зэргээр тогтоогдож байна.
Учир нь зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг болно.
аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгох зээлийн гэрээ-гээр зээлдүүлэгч Говь-Алтай аймгийн *******, түүнийг төлөөлж *********** даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн эх үүсвэртэй 45,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч *********** нь зээл 45,000,000 төгрөг, хүү 2,418,750 төгрөгийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөх үүрэг тус тус хүлээжээ.
Зохигч нь хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ... гэсэн шаардлагад нийцэж байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх эрх зүйн үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар тогтоогдсонгүй. Уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргасангүй.
6. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэжээ.
Зээлдүүлэгч Говь-Алтай аймгийн ********** нь зээлийн гэрээний гол үүргийг биелүүлж, тус аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас сангаас 45,000,000 төгрөгийг зээлдэгч ************ Хаан банк ХХК дахь ************ тоот дансанд бэлэн бусаар шилжүүлсэн нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр нотлогдож байна
Харин зээлдэгч *********** нь гэрээний хугацаанд зээлийн хүү 787,500 төгрөгийг төлж, үлдэх зээл үлдэгдэл 38,887,500 төгрөг, зээлийн хүү 1,593,750 төгрөг, нийт 40,481,250 төгрөгийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, зээлийн гэрээний гол үүргээ биелүүлээгүй байна.
Энэхүү үйл баримтын талаар зохигч маргаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас эргэн төлөлтийн хуваарьт тусгагдсан зээл 38,887,500 төгрөг, зээлийн хүү 1,593,750 төгрөг, нийт 40,481,250 төгрөгийг тус тус гаргуулах шаардах эрхтэй.
Уг шаардах эрх нь дуусгавар болсон гэх үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар тогтоогдоогүй болно. Зээлийн үлдэгдлийн хэмжээг хариуцагч хүлээн зөвшөөрч, баримтаар үгүйсгээгүй болно.
Нэхэмжлэлийн агуулга нь дээрх гэрээг цуцлах бус гэрээг хэвээр үргэлжлүүлж, харин хуваарийн дагуу өмнөх хугацаанд төлөгдөх байсан үндсэн зээлийн төлбөр, хүү, алдангийг гаргуулахаар нэхэмжилжээ.
7. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д ...хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ... гэж заажээ.
Аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл олгох гэрээ-ний 4.2-т зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүд 0,5 хувиар бодож алданги төлнө гэжээ.
Үүнээс үзэхэд зохигч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анз тохирсон гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй. Учир нь хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт тодорхойлжээ.
Харин зээлийн гэрээний дээрх заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн агуулгад нийцэж байна. Учир нь анз нь Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анз байдаг.
Зээлдэгч нь гэрээний гол үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгээс тооцон тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийн зээлдүүлэгчид өгөхөөр харилцан тохирч, үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон гэрээндээ тусган баталгаажуулж, агуулгын хувьд харилцан нэгдсэн хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэж, хүчин төгөлдөр бусад тооцох эрх зүйн үндэслэлгүй юм.
Зээлийн эргэн төлөх хуваарьт төсөл хэрэгжүүлэгч **********, зээлийн хэмжээ 45,000,000 төгрөг, зээлийн хүү жилийн 3 хувь, зээлийн хугацаа 36 сар, үндсэн зээлийн үлдэгдэл 40,481,250 төгрөг, алданги 29,207,662 төгрөг, нийт 69,688,912 төгрөг гэж тусгажээ.
Иймд нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ******** нь хариуцагч ********* алданги гаргуулахаар шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй юм.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д ...анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно... гэж заасны дагуу зээлдэгчийн санхүүгийн байдлыг буюу зээлийн гэрээ үргэлжлэн хэрэгжих учраас хуваарийн дагуу төлөлт хийх дараагийн үүрэг нь зээлдэгчид санхүүгийн боломжтой байх байдлыг харгалзан үзэж алдангийг багасгаж 15,000,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ.
8. Иймд хариуцагч ********** зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 38,887,500 төгрөг, зээлийн хүү 1,593,750 төгрөг, алдангид 15,000,000 төгрөг, нийт 55,481,250 төгрөгийг Говь-Алтай аймгийн************ санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,207,662 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ************ нь нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ********* төлөөлж, хариуцагч *********** холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *********** улсын тэмдэгтийн хураамжид 435,356 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ********** төлөөлсөн Говь-Алтай аймгийн ********* нэхэмжлэлийн зарим хэсгийг нь хангаж, хариуцагч ******* овгийн ******* *********** аймгийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 38,887,500 төгрөг, зээлийн хүү 1,593,750 төгрөг, алдангид 15,000,000 төгрөг, нийт 55,481,250 төгрөгийг гаргуулж, Говь-Алтай аймгийн Төрийн сан дахь аймгийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дансанд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,207,662 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* нь нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ********* төлөөлж, хариуцагч ********** холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *********** улсын тэмдэгтийн хураамжид 435,356 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН