Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/67

 

 

 

 

 

 

 

 

 

2022         09             21                                          2022/ДШМ/67

 

 

.................-ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Насанжаргал, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Г.Ариунзул,

            Шүүгдэгч .................-ын өмгөөлөгч Т.Батцэцэг,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,

            Иргэний нэхэмжлэгч Ө.Мөнх-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .................-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч .................-ад холбогдох эрүүгийн 2134001820393 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

2020 оны 6 дугаар сарын 30-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 636 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох,

2021 оны 6 дугаар сарын 07-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 400 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар  

.................- нь 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 00 минутын орчимд Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар баг “52-ын давааны ар” гэх газрын асфальтан зам дээр Тоёота Приус-30 маркийн .................- УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалт буюу “...тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно...” гэснийг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож зорчигч .................-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас .................-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч .................-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар .................-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 93 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүний хорих ял эдлэх хугацааг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч .................- нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .................-д 3.646.269 төгрөг төлсөнг дурдаж, шүүгдэгч .................-аас 9.093.016 төгрөг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .................-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч .................- нь энэ хэрэгтээ 93 цагдан хоригдсон, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч .................-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолж, шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч .................-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .................- гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-т заасанчлан “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, оногдуулахад нөлөөлөхүйц ноцтой зөрүүтэй” гэх дор дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах, хэргийг дахин шийдвэрлүүлэхийг хүсэж давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч .................-ыг 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 00 минутын орчимд Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар баг “52-ын давааны ар” гэх газрын асфалтан зам дээр “ТОЁОТО ПРИУС” маркийн .................- УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалт “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож зорчигч .................-ийн амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон байна гэж дүгнэж, шүүгдэгч .................-ыг Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний амь нас хохирсон хохирол хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэснийг хохирогчийн зүгээс зөвшөөрөхгүй байна.

Гэрч .................-ын өгсөн мэдүүлэгт “...өвчтөнд өвчин намдаах тариа хийгээд эмнэлгийн автомашинд суулгаад Гэмтэл согог судлалын төв рүү тээвэрлэсэн. .................-аас ослын талаар асуухад манай эхнэр согтуу машин барьсан байна. Би машиндаа тасарчихсан байсан. Нэг мэдсэн чинь автомашин доошоо хараад хэвтчихсэн арай гэж машинаас гарч ирлээ. Би архи уучихсан байна...” гэж хэлж байсан гэх мэдүүлэг,

Анхны шатны шүүхийн шүүх хуралдаанд .................- нь “...миний архи гараагүй учраас эхнэрээрээ машинаа бариулаад явсан...” гэж хэлдэг боловч өөрийнх нь анхны гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Гүнтээр давж орж ирсэн засмал замын хажууд ирээд 0.5 литрийн “ЕХ” архийг .................- бид хоёр хувааж уугаад тэгээд би жолоочийн хажуу талын суудлаа бага зэрэг налуулаад суудлын бүсээ цээжин дээгүүрээ давуулж бүслээд унтсан байсан. Тэр үед би их согтуу байсан. Нэг сэрсэн чинь машин зүүн талаараа унаад онхолдсон байсан. Автомашиныг Улаанбаатар хотоос гараад осол хүртэлх хугацаанд .................- жолоодож явсан. Би дунд нь Баянчандмань сумын нутагт байх “Хар модны даваа” гэх газрын бэлээс асфальтан замын төгссөн шороон эхлэл хүртэлх замд би тээврийн хэрэгсэл жолоодон явсан...” гэж тус тус өгсөн мэдүүлэг нь түүнийг архи согтууруулах ундааны зүйл уусныг гэрчилж байна.

Би ч удаа дараагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт манай эгч машин барьж яваагүй гэдэгт бүрэн итгэлтэй харин түүнийг байнга согтуу машин барьдаг гэдгийг бол мэдэж байна. Нэгэнт осол болсны дараа .................-ад эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн байхад түүний биенээс авсан цуснаас этилийн спирт илрэхгүй. Яаж ч бодсон эрүүл ухаантай хүн тэгж 100 км цагаас дээш хурдтай явах уу. Шинжээчийн .................-ын цусны дүгнэлт бол худал гарсан спирт илрээгүй гэж эмнэлгийн анхны тусламж үзүүлж өвчин намдаах эм тариа хийсэн бол юу гэж цуснаас спирт илрэх билээ.

Хавтас хэргийн материалд авагдсан зам тээврийн ослын маягтад жолооч гэж манай эгчийн нэр байдаг. Техникийн шинжээчийн дүгнэлтэд зөвхөн жолооч л гэсэн болохоор .................- гэж огт бичээгүй байхад түүнийг замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж ял оногдуулж байгаа нь хуулийг буруу хэрэглэж байна гэж хохирогчийн зүгээс үзэж байна.

.................- нь осол болсны дараа хошууч цолтой цагдаагийн алба хаагчаар драйгер багаж үлээлгэсэн 4 нойль гарсан гэж ярьж байгаа нь түүнийг согтуу тасарсан байсан гэсэн мэдүүлгийг няцааж байна. Энэ .................- нь манай эгчийг нэгэнт нас барсан болохоор машин барьж явсан би согтуу тасарсан байсан гэж анхнаасаа мэдүүлж байсныг харахад өөрөө хариуцлагаас мултрах санаатай байсан. .................- нь архи ууж манай эгчийг 2 удаа зодож шүүхээр орж ял шийтгэл авсан байдаг бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 01-нээс осол гаргах хүртлээ байнга согтуу манай эгчийг зодож хөл гарыг нь гэмтээсэн байдаг. Тэгээд ч их зэвүүн эмэгтэй хүний гэдсэн дээр тамхиныхаа цогийг унтраасан харгис ширүүн хүн, урд нь цагдаа хийдэг байсан гэдэг. Иймд .................-ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгээс бус 4 дэх хэсгээр шийтгэх ёстой гэж үзэж байна. Эмнэлгийн тусламж авсан хүний цусны шинжилгээгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн хэр хэмжээнд нийцээгүй, зүйлчлэлийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтад шилжүүлж, зам тээврийн ослын дүгнэлтийг .................-ын нэр дээр гаргуулж шийдвэрлэж өгөхийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол гаргаж байна, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .................-ийн өмөөлөгч Р.Мөнхбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч .................-нь өөрөө архи уусан гэдгээ хүлээн зөвшөөрсөөр байхад хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байгааг анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн үнэлж шийдвэр гаргаж чадаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгч .................-ын өмгөөлөгч Т.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн зүйлчлэлийг тогтоон яллах дүгнэлт үйлдсэн учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч .................-ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .................-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл шүүгдэгч .................- нь 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 00 минутын орчимд .................- УАК улсын дугаар бүхий Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “52-ын давааны ар” гэх газрын асфальтан зам дээр зорчиж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх хэсэгт заасан “...тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно...” гэснийг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан .................-ийн амь нас хохирсон гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан хэргийн газарт болон .................- УАК улсын дугаар бүхий Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэргийн газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-27-р тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .................-ийн өгсөн “....................-, .................- хоёр 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр манай эхнэр, хүүхдүүдтэй хамт гол явчхаад ирсэн юм. Тэгэхдээ энэ хоёр хүүхэдгүй найзуудаараа амралтад рашаанд явна гэж ярьж байсан. Тухайн үед .................-, .................- хоёр бага зэрэг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 2021 оны 7 дугаар сарын 15-ны өглөө 7 цагийн орчимд аялалд явах гээд майхан сав, аяллын хэрэгслээ бэлдэж байсан. 8 цаг дөхөж байхад тэр хоёр .................- УАК улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарч явсан..., ...13 цаг 52 минутад .................- өөрийн 80166063 гэсэн дугаараас залгаад “эгч чинь машин барьж явж байгаад Баянчандмань сумын 52-ын давааны ард бид хоёр онхолдоод эгч чинь газар дээрээ нам явчихлаа, би эмнэлгийн авто машинд явж байна, эмч жолооч хоёртой явж байна” гэж хэлсэн..., ...намайг ирэхэд цагдаагийн алба хаагч нар ирчихсэн байсан...” гэх /хх-ийн 1-р хавтас 31-33-р тал/,

Гэрч .................-ын “...осол болсон газарт очих үед замын баруун талын далан руу авто машин онхолдож орсон. Эмэгтэй хүн тээврийн хэрэгслийн хойд талд дээш харсан нас барсан байдалтай, .................- гэх хүн автомашины баруун урд талд газар сууж байсан... гэх” /хх-ийн 1-р хавтас 45-46-р тал/ мэдүүлгүүд,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 78 тоот хохирогч .................-ийн үхлийн шалтгаан болон бусад асуудлуудыг тогтоох зорилгоор хийсэн “...талийгаачийн биед гавал тархины ил хугарал, тархины эдийн няцралт, хатуу ба зөөлөн бүрхүүлийн урагдалт, гавлын орой ба суурь ясны олон тооны салсан хугарал, гол судас цагаан мөгөөрсөн хоолойн тасралт, үнхэлцэг хальсны урагдал, дэлүү, элэгний няцралт, уушгины дэлбэнгийн язарсан шарх, хуйхны язарсан шарх, хамар ясны цөмөрсөн хугарал, хүзүүний нугалмын хугарал, олон хавирганы хугарал, хоншоор ясны хугарал, нүүр, биед зулгаралт, шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. .................- нь гавал, тархи, дотор эрхтний хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ, талийгаачийн цуснаас спирт тогтоогдсонгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 130-135, 139-149-р тал/,

Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Тээврийн сургуулийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10/02 тоот “....................- УАК улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашин нь шарваж эхлэхээс өмнө 100.63 км цагаас их хурдтай явж байжээ.., ...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дүгээр заалт буюу тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэснийг зөрчсөн гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 156-158-р тал/, шүүгдэгч .................-ын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 181-192-р тал/  зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх болон бусад нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэмт этгээдийн тухайн үйлдэлдээ хэрхэн хандсан хандлага, уг гэмт хэрэг гарсан шалтгаант холбоо зэргээсээ хамааран Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан болгоомжгүй гэмт хэрэгт тооцогддог ба прокуророос .................-ын үйлдэл холбогдлыг учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, уг хэрэг учрал болох үеийн нөхцөл байдал зэргийг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг дагуу хуульд заасны дагуу үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч .................-ын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой байдаг ба мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд болон гэм буруу, шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хуульчлан шүүхэд эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгогдсон онцгой бүрэн эрхийн асуудал байдаг. 

Анхан шатны шүүх шүүгдэгч .................-ад прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийнх нь хүрээнд хуульд заасан төрөл хэмжээний буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял оногдуулан, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн бодит байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэгт тохироогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл шүүх өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гэм буруутай этгээдэд хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүх, шүүгчийн бүрэн эрх мэдлийн асуудал бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчих нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлүүдэд зааснаар тодорхойлогддог болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэж заасан.

Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 53 дугаар талд тухайн хэрэг учрал гарсан өдрийн 15 цаг 40 минутад .................-ын биеэс шинжилгээнд зориулан “цус”-ны дээж авсан байх бөгөөд уг цусны дээжид тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 3297 дугаар химийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 62-63-р тал/-ээр спиртийн агууламж илрээгүй байх тул прокуророос хэрэгт авагдсан уг нотлох баримтыг буруу үнэлэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн хэргийн зүйлчлэлийг тогтоосон гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалт буцаах, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах эрх давж заалдах шатны шүүхэд олгогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .................-ийн гаргасан “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах” агуулга бүхий давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шүүгдэгч .................- нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан болох өдрийг хүртэл нийт 125 хоног цагдан хоригдсоныг дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 220 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .................-ийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .................-ын 2022 оны 5 дугаар сарын 18-наас 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 125 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХДАВАА                                                      ШҮҮГЧИД                                                     Н.НАСАНЖАРГАЛ

                                                                                    Н.ЭНХМАА