Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2024/0362

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.С, Б.,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.,

Гуравдагч этгээд: О., Э.,

Гуравдагч этгээд О.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.,

Маргааны төрөл: “Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны Ч.С, Б. нарын газар эзэмших хүсэлтийг хүлээж авахгүй байгаа эс үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, Ч.С, Б. нарын газар эзэмших хүсэлтийг хүлээж авахыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд даалгаж, Ч.С, Б. нарт газар эзэмших эрх олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., түүний өмгөөлөгч Ц., Б., хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч С., гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээдийн О.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

1. Нэхэмжлэгч нараас Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны ******* дугаар захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2. 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны Ч.С, Б. нарын газар эзэмших хүсэлтийг хүлээж авахгүй байгаа эс үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, Ч.С, Б. нарын газар эзэмших хүсэлтийг хүлээж авахыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд даалгаж, Ч.С, Б. нарт газар эзэмших эрх олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн байна.

3. О., Э. нарын газар эзэмших эрхийн тухайд,

3.1. Нийслэлийн газрын албаны дарга Д.*******т хандан 2006 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Сангийн яамны төсвийн бодлогын зохицуулалтын газрын орлогын хэлтсийн дарга Ж.*******аас тус хэлтсийн 5 иргэнд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Гачууртын зусланд газар зуслангийн зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргажээ.

Дээрх хүсэлтийг 2006 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/******* захирамжийн 1 дүгээр хавсралтын 59 дэх хэсэгт “СЭЗЯамны 5 иргэн” 20 дугаар хороо, ******* гэдэг газарт амины орон сууцны зориулалтаар 3500 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар олгож шийдвэрлэсэн байна.

3.2. Дээрх захирамжийн дагуу иргэн О.д нэгж талбарын ******* дугаартай Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, ******* гэх газарт зуслангийн зориулалтаар 700 м.кв газрыг 5 жилийн хугацаатай, мөн Э.од нэгж талбарын ******* дугаартай Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, ******* гэх газарт зуслангийн зориулалтаар 700 м.кв газрыг 5 жилийн хугацаатай тус тус олгож, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээг 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгожээ.

3.3. О., Э. нар нь дээрхи захирамжийн дагуу олгосон газрын хугацаа сунгуулах хүсэлтийг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд гаргасан байна.

3.4. Харин Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанаас иргэн Э.од 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 15/*** дүгээр албан бичгээр “Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо шар хоолойд байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай олгогдсон эзэмшил газрын хугацаа сунгах хүсэлтийн “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлсэн ба уг хурлаас газрын зөрчилтэй тул хугацаа сунгах боломжгүй гэсэн шийдвэр гарсан болно. Иймд таны гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна.” гэж, мөн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 15/*** дугаар албан бичгээр “Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо шар хоолойд байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай олгогдсон эзэмшил газрын хугацаа сунгах хүсэлтийн “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлсэн ба уг хурлаас газрын зөрчилтэй тул хугацаа сунгах боломжгүй гэсэн шийдвэр гарсан болно. Иймд таны гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. ” гэж тус тус хариу өгсөн байна.

3.5. Мөн О.д Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 15/*** дүгээр албан бичгээр “Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо шар хоолойд байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай олгогдсон эзэмшил газрын хугацаа сунгах хүсэлтийн “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлсэн ба уг хурлаас газрын зөрчилтэй тул хугацаа сунгах боломжгүй гэсэн шийдвэр гарсан болно. Иймд таны гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна.” гэж ирүүлсэн байна.

4. Нэхэмжлэгч Ч.С, Б. нарын тухайд,

4.1. 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Ч.Саас гаргасан өргөдөлдөө “Тус дүүргийн 20 дугаар хороо Гачуурт *******н аманд байрлах О., Э. нарын *******, ******* -2007 оны А/******* захирамжтай газрын эрхийг дуусгавар болгон шийдвэрлэж өгнө үү. … Энэ жил байшин бариулах санаатай бичиг баримтаа баталгаажуулж авах хүсэлттэй байна…” гэж гаргасныг тус газрын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 15/*** дугаар албан бичгээр “...*******д байрлах тус газар эзэмшигч иргэдэд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсгох ажиллагаа хийж, хариу тайлбар авахаар мэдэгдээд байна.” гэсэн хариуг өгсөн байна.

4.2. Ч.С нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн огноотой өргөдөлд “...тус дүүрэг одоогоор 33 дугаар хороо Гачуурт-*******н аманд байрлах ******* нэгж талбарын дугаар бүхий газар дээр 2019 оноос хойш хашаа, гэр барин амьдарч байгаа бөгөөд энэ газраа өөрийн эзэмшлийн болгож авах хүсэлтээ тавьж өргөдөл материал өгсөн боловч давхцалтай гэсэн үндэслэлээр гэрчилгээ гаргаж өгөхгүй байна. ….миний нэр дээр газрын гэрчилгээ олгож өгнө үү.” гэх хүсэлтийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргажээ.

4.3. Үүний дагуу Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 15/*** дугаар албан бичгээр “Тус албанд ирүүлсэн хүсэлтийг судлан үзээд дараах хариуг хүргүүлж байна. Баянзүрх дүүргийн 33 дугаар хороонд байрлах нэгж талбарын ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийн дагуу “Газрын эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөл”-ийн хурлаар 2023 оны 06 дугаар сарын 08-ний өдөр хэлэлцүүлэн дахин судлахаар хойшилсон байна. Иймд тухайн газартай холбоотой асуудлаар эцэслэн шийдвэр гараагүй байгаа тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна.” гэсэн хариу өгсөн байна.

5. 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч нараас Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасныг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15/1521 дүгээр албан бичгээр “...иргэн Б. (*******), Ч.С (*******) нарын гомдолд хавсаргасан кадастрын зургийг судалж үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны ******* дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгогдсон эзэмшил газартай давхцаж буй нь “Газрын тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалт (Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна)-тай зөрчилдөж буй тул тус байршилд хүсэлт хүлээн авах боломжгүй байна.” гэх хариуг өгчээ.

6. Нэхэмжлэгч нар 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 9073 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл ирүүлснийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна.

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Ч.С болон Б. нар нь Баянзүрх дүүргийн газрын албанд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, ******* гудамжид 2 айлын газар эзэмших хүсэлтээ өгсөн.

Гэтэл шүүхээс 2024 оны 03 дугаар сарын 14-ны өдөр Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны өргөдөл, хүсэлтийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийхэд бидний газар эзэмших хүсэлт гарч ирэхгүй байна. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нь Ч.С, Б. нарын хүсэлт гаргасан газар нь өмнө нь болон нарт олгогдож байсан бөгөөд давхцалтай байна гэх тайлбарыг гаргаж байна. Гэтэл , нарт газар эзэмших эрх олгосон захирамжийн хугацаа дууссан байх бөгөөд сунгах хүсэлтээ хуульд заасан хугацаанд өгөөгүй байна. Өнөөдрийг хүртэл бид өөрсдийн газар эзэмших хүсэлтийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр алба хүлээгээд авчихсан, шийдвэрлэж байгаа гэж ойлгож байсан. Гэтэл бидний хүсэлтийг хууль бусаар хүлээж авахгүй байгаа эс үйлдэл гаргаж байх тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

Бид өөрсдийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэгдэх ажиллагаа удааширч байна гэж удаа дараа гомдол гаргахад 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 15/*** албан бичгээр “сонсох ажиллагаа хийж байна. 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 15/1018 албан бичгээр “тухайн газартай холбоотой асуудлаар эцэслэн шийдвэр гараагүй байгаа тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг тус тус өгсөн. Дээрх албан бичиг нь бидний хүсэлт гаргаж байсныг батлах юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.4-т зааснаар Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны Ч.С, Б. нарын газар эзэмших өргөдөл хүлээж авахгүй байгаа эс үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, Ч.С, Б. нарын газар эзэмших өргөдлийг хүлээж авахыг Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд даалгаж, Ч.С, Б. нарт газар эзэмших эрх олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү.” гэжээ.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албыг Ч.С, Б. нарын газар эзэмших хүсэлтийг хүлээж авахгүй байгаа эс үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, Ч.С, Б. нарын хүсэлтийг хүлээж авахыг Баянзүрх дүүргийн Газрын зохион байгуулалтын 1 дүгээр албанд даалгах, Ч.С, Б. нарын газар эзэмших эрх олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь 2022 оны 4 сараас эхлээд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтэст газар эзэмших хүсэлтээ өгсөн боловч огт хүлээж аваагүй. Шалтгааныг тодруулахад давхцалтай гэж хэлсэн. Давхцалыг судлахад Э., О. гэдэг 2 хүний нэр дээр бүртгэлтэй хугацаа нь дуусчихсан газартай давхацсан гэсэн. Газар зохион байгуулалтын албанаас үүнийг тодруулж өгнө үү, хүчингүй болсон тул хасаж өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шийдвэрлэж өгөхгүй байгаа юм.” гэжээ.

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Ч.С, Б. нар Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, *******н аманд 2 айлын газрыг эзэмшихээр анх удаа хүсэлт өгсөн. Үүнийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба манай өргөдөл, хүсэлтийг бүртгэлийн дэвтэрт бүртгэж байгаагүй гэх бөгөөд шүүхийн хийсэн үзлэг, хариуцагчийн тайлбараас харахад өргөдөл огт гаргаж байгаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон учраас бид Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Баянзүрх дүүргийн Газрын албанаас танай газар давхцалтай байна. Кадастрын зургийг цахим системд бүртгэх гэхээр өмнөх эзэмшигчийн кадастрын зураг бүртгэлтэй байгаа болохоор бүртгэж авах боломжгүй гэдэг хариуг амаар олон удаа өгч байсан. Ч.С, Б. нар хүсэлтээ дахин гаргахад 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 15/*** албан бичгээр тухайн газар дээр сонсох ажиллагаа хийж байна гэж, 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 15/*** албан бичгээр газрын асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байх тул хүлээнэ үү гэсэн хариуг тус тус өгсөн.

Энэ мэт манай хүсэлтийг шалтгаангүйгээр хүлээж авахгүй байгаа нь эс үйлдэхүй гаргаж байгаа юм. Тухайн газрыг өмнө нь О., Э. нар 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/******* дугаар Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшиж байсан нь үнэн. Гэвч 2012 онд хүчин төгөлдөр хугацаа нь дуусчихсан. Газрын эрхийг сунгуулах талаар гуравдагч этгээд О., Э. нар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгохоос 30-аас доошгүй хоногийн өмнө газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтээ өгнө гэж заасны дагуу хүсэлтээ өгөөгүй.

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар эзэмших эрх нь дуусгавар болчихсон. Газар эзэмших эрх дуусгавар болсон тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар тухайн газрыг чөлөөлж өгөх үүрэгтэй. Хуульд заасан эрх нь зөрчигдөөгүй байхад гуравдагч этгээдээр оролцож байгаа нь үндэслэлгүй. Ч.С, Б. нараас гаргасан газар эзэмших хүсэлтийг татгалзах үндэслэл байхгүй. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэгчид тавигдах шаардлага гэж байдаг. Энэ шаардлага нь Монгол Улсын иргэн байх, сум, дүүрэг, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон байх, бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцалгүй байх, хот суурин барилга байгууламж барихаар төлөвлөгдөөгүй байх юм. Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага нь хангагдаж байна гэж үзээд өргөдөл, хүсэлтийг хуульд зааснаар хүлээн авч бүртгэх үүрэгтэй юм. Бүртгэхгүй байгаа эс үйлдэл нь хууль бус байна. Иймд Ч.С, Б. нарын өргөдлийг бүртгэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу Засаг даргад захирамж гаргахыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэжээ.

10. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй иргэн Ч.С болон Б. нарын нэхэмжлэхтэй хэргийг судалж дараах тайлбарыг хүргүүлж байна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалт (Бичгээр, эсхүл цахим хэлбэрээр ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэнэ)-ын дагуу бичиг хэргийн ажилтанд газар эзэмших хүсэлтээ өгч газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлдэг.

Гэвч иргэн Ч.С болон Б. нар нь өргөдлөө бүртгүүлээгүй байна.

Мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйл 21.2.4 дэх заалт (хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх)-ын дагуу шинээр газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд 21.2.7 дахь заалт (энэ хуулийн 21.2.4. 21.2.6-д заасан бүрэн эрхээ дүүргийн Засаг даргад шилжүүлэх)-ын дагуу 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл нийслэлийн Засаг дарга бүрэн эрхээ дүүрэгт шилжүүлсэн байсан боловч уг хугацаа дуусгавар болсон учир дүүргийн Засаг дарга шийдвэрлэх боломжгүй тул Газрын кадастрын мэдээллийн санд шинээр газар эзэмшүүлэх өргөдлийн төрлийг бүртгэх эрхийг хаасан.

Иймд тус иргэдийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шүүхэд хэлэлцэгдэж байгаа Ч.С, Б. нарын нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.ын гаргасан харий тайлбарыг дэмжиж байгаа болно.” гэжээ.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Төрийн байгууллагад иргэн өргөдөл гаргахдаа зөвхөн бичиг хэргийн ажилтнаар дамжуулж газрын программд бүртгүүлдэг. Нэхэмжлэгчид олон удаа өргөдөл гаргасан гэх боловч нэг ч удаа өргөдөл гаргаж байгаагүй. Бүртгэл байхгүй. Иргэн төрийн байгууллагад өргөдөл өгөхөд өргөдлийг бүртгэж авдаг. Авсан өргөдлийнхөө дагуу бид боломжтой бол дараагийнх нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, боломжгүй бол боломжгүй гэсэн хариуг албан бичгээр тухай бүрд нь өгдөг. Нэхэмжлэгч 2 иргэн шинээр газар эзэмших өргөдөл огт өгч байгаагүй. Харин өргөдөл гомдлын программ буюу erp программд бүртгүүлж гомдол гаргаж байсан. Тухайн гомдолд нь удаа дараа манайх албан бичгээр хариу өгч байсан. Өмнөх газар эзэмшигч Э.ыг хугацаа сунгуулах хүсэлт өгсөн эсэхийг шалгаж, уулзсан. Тухайн иргэн хүсэлт гаргасан боловч нэмэлтээр Мэргэжлийн хяналтын газрын бичгийг өгөөгүй байсан. Дараа нь авчирч өгсөн бөгөөд уг албан бичиг нь 15 жилийн хугацаатай захиргааны акт гарах ёстой байсан. Гэтэл 5 жилийн хугацаатай байна. Иймд хугацааг нь сунга гэсэн утгатай байсан. Дэд зөвлөлийн хурлаар газрын зөрчил байгаа гэж дүгнэгдсэн тул шийдвэрлэгдээгүй түр хойшлогдсон байгаа.

Амаар давхцалтай гэдэг хариу өгч байсан гэж хэлж байна. Өргөдөл гомдлын программд энэ газрыг эзэмшье, энэ газрыг хүчингүй болгож өгнө үү гэж, дараа нь  миний өргөдөлд хариу өгөхгүй байна хэмээн гомдол гаргасан. Тиймээс 15/*** гэдэг албан бичгээр хариу өгсөн. Тухайн иргэний өргөдөл гаргасан газрыг судалж үзэхэд Баянзүрх дүүргийн 2 дугаар албанд газар эзэмших хүсэлт гаргасан байсан. Иймд 2 дугаар албанд өргөдөл гаргасан байна гэдгийг нь дурдсан. Өргөдөлд хавсаргасан кадастрын зургийг судалж үзэхэд иргэн Э. болон О. нарын эзэмших газартай давхацсан учир Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-д заасны дагуу таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Бичиг хэргийн ажилтанд өргөдлөө бүртгүүлдэг гэдгийг нэхэмжлэгч нар мэдэж байгаа. Яагаад гэвэл Баянзүрх дүүргийн 2 дугаар алба буюу Булгийн аманд газар эзэмших хүсэлтээ гаргачихсан байсан. Хэрэв энэ газрыг эзэмших хүсэлт гаргах шаардлагатай байсан бол тэр зарчмынхаа дагуу манай бичиг хэргийн ажилтанд бүртгүүлэх ёстой байсан. Ямар ч өргөдөл бүртгүүлээгүй.” гэжээ.

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдүүд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх шаардлагатай. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нарт эрх, хууль ёсны ашиг сонирхол гэж байхгүй. Газрыг хууль журмын дагуу эзэмшсэн асуудал байхгүй. Газрын тухай хуульд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр  нэмэлт өөрчлөлт орсон. Тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж, 21.2.4-т хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх гэж өөрчлөлт оруулсан. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага буюу газар эзэмших эрх олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Тийм учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.

14. Гуравдагч этгээд О. болон Э. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...0,7 га газрыг Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд *******д “зуслангийн зориулалтаар 2007 оноос хойш эзэмшиж байсан. Энэ хугацаанд ямар нэгэн газрын төлбөр маргаан байхгүй. Газрыг зориулалтын дагуу эзэмшиж байсан. Намайг эзгүй хойгуур, миний газар дээр дур зоргоороо хашаа хатгаж буусан. Манай хажуу айлын хүн наад газар чинь эзэнтэй газар гэж, хэлсэн боловч дур зоргоороо хашаа хатгаж үгийг нь үл ойшоосон болно. Би 2023 онд гэрчилгээгээ сунгуулах гэсэн боловч газрын албанаас газрын зөрчилтэй байгаа гэж сунгаж өгөөгүй. Мэргэжлийн хяналтаас гаргасан 15-60 жилийн хугацаанд газар эзэмшиж болно гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлтийг хавсаргасан болно.” гэжээ.

15. Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд О.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2007 оноос хойш газрыг эзэмшиж байгаа. 2023 он хүртэл ямар нэгэн газрын төлбөрийн үлдэгдэл байхгүй. Газрын гэрчилгээг сунгуулах бичиг баримтаа бүрдүүлж өгөхөд Газар зохион байгуулалтын алба энэ газар давхцалтай тул түр түдгэлзсэн байгаа гэж хэлсэн. Нэхэмжлэгч нарт манай хажуу талын айл манай газрыг байгаа гэж хэлж байхад хашаагаа барьсан. Манай газрын кадастрын зургаас хэтрүүлэн хашаагаа барьчихсан. Дараа нь газрын эрхийн зөвшөөрлийг авахаар Газар зохион байгуулалтын албанд хандсан. Кадастрын зургаас харахад нэхэмжлэгч нарын хашаа манайх руу орсон байдалтай байгаа. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.“Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана:...”, 39 дүгээр зүйлийн 39.1.“Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:” …39.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй;”, 41 дүгээр зүйлийн 41.1.“Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ.” гэж заажээ.

1.1. Тодорхойлох хэсэгт дурьдсанчлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/******* захирамжийн 1 дүгээр хавсралтын 59 дэх хэсэгт “СЭЗЯамны 5 иргэн”-нд тус дүүргийн 20 дугаар хороо, ******* гэдэг газарт амины орон сууцны зориулалтаар 3500 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар олгож шийдвэрлэсэн байна.

1.2. Дээрх захирамжийн дагуу иргэн О.д нэгж талбарын ******* дугаартай Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, ******* гэх газарт зуслангийн зориулалтаар 700 м.кв газрыг, мөн иргэн Э.од нэгж талбарын ******* дугаартай Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, ******* гэх газарт зуслангийн зориулалтаар 700 м.кв газрыг 5 жилийн хугацаатай тус тус олгож, 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. 

  1. Хуулийн дээрх зохицуулалт болон хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны А/******* дугаар захирамжаар сангийн яамны 5 иргэнд газар олгож, иргэн О., Э. нартай газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ олгосноос хойш газар эзэмших 5 жилийн хугацаа 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусжээ.
  2. Гуравдагч этгээд нар 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд гаргасан нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргах зохицуулалтад нийцэхгүй байна.

3.1. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн хуульд зааснаар газар эзэмших эрхийн хугацааг дуусахаас өмнө хүсэлтээ гаргах ба ийнхүү хуульд заасан хугацаанд хүсэлт гаргаагүй тул гуравдагч этгээд нарын газар эзэмших эрх Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар дуусгавар болжээ. 

3.2. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байхыг шаардсан ба гуравдагч этгээд иргэн О., Э. нарын газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон тул Газрын тухай хуульд заасан бусдын эзэмшиж байгаа газарт хамаарахгүй тул нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан газар бусдын эзэмшиж байгаа газартай давхцаагүй юм. 

3.3. Дээрхээс дүгнэвэл Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15/1521 дүгээр албан бичигт нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан газар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны ******* дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгогдсон эзэмшил бүхий газартай давхцаж байгаа гэсэн нь үндэслэлгүй байна. 

  1. Хэдийгээр нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэхээс татгалзсан хариуцагчийн үйлдэл шүүхийн дээрх дүгнэлтүүдээр хууль бус болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэлийн шаардлагын дагуу Ч.С, Б. нарын газар эзэмших хүсэлтийг хүлээж авахыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд, Ч.С, Б. нарт газар эзэмших эрх олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад тус тус даалгах боломжгүй байна. 
  2. Учир нь Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.“Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”... 21.2.4.“хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх;” 21.5.“Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”...21.5.3.“дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах;” гэж өөрчлөгдсөн байна. 

5.1. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд газар эзэмших, ашиглах эрх нь Нийслэлийн Засаг даргад шилжсэн байх тул нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах боломжгүй байна.

5.2. Өөрөөр хэлбэл дүүргийн Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх эрхгүй болсон байх бөгөөд Нийслэлийн Засаг дарга иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхээр зохицуулжээ.

  1. Харин нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр алба нь Ч.С, Б. нарын газар эзэмших хүсэлтийг хүлээж авахгүй байгаа эс үйлдэл хууль бус болохыг тогтоолгох гэх боловч нэхэмжлэгч нараас гаргасан өргөдлийн дагуу дээрх албан бичгээр хариу өгсөн нь захиргааны акт гаргахаас татгалзсан үйлдэлд хамаарч байх тул хариуцагчийг хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй гэж үзэхгүйг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч Ч.С, Б. нараас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  1. Харин хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмших хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 21.5.3-д заасныг баримтлан иргэн Ч.С, Б. нараас Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны Ч.С, Б. нарын газар эзэмших хүсэлтийг хүлээж авахгүй байгаа эс үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, Ч.С, Б. нарын газар эзэмших хүсэлтийг хүлээж авахыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд даалгаж, Ч.С, Б. нарт газар эзэмших эрх олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Н.ДАМДИНСҮРЭН