Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 517

 

           Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, А.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч А.Баясгалан,

Иргэдийн төлөөлөгч Л.Дамдиндорж,

Шүүгдэгч М , түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М д холбогдох эрүүгийн 201726020330 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомеханик мэргэжилтэй, Голд 999 нэртэй бааранд зохион байгуулагч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч М  нь 2017 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голд 999” нэртэй бааранд иргэн Б.Даваасамбуу тооцоогоо дутуу төлж, хамгаалагч Б.Золхүүтэй маргаан үүсгэсний улмаас зохион байгуулагч М  нь Д.Даваасамбууг баарны үүдний хэсэгт дагуулж аваачиж, зодож хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний бүрэн бус тасрал, хэвлийн хөндийн гэдэсний агууламж, чацархайн задрал, хэвлийн хөндийн цус алдалт буюу хүнд гэмтэл  санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М  мэдүүлэхдээ: “Болсон асуудлын талаар яллах дүгнэлтэд тодорхой бичигдсэн байх тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Б.Даваасамбуу мэдүүлэхдээ: “Би 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 20 цагийн үед багын найз болох Эрдэнэбат, Наранцацралт нартай 1 дүгээр хороолол 11 дүгээр байрны орчим уулзсан. …23 цаг өнгөрч байхад …Голд 999 бааранд ороход үүдний хэсэгт байсан дугуй ширээнд 2 эмэгтэй сууж байсан гэтэл манай найз Эрдэнэбат тэр хоёр эмэгтэйгийн сууж байсан ширээнд ороод хамт суучихсан. Тэгэхээр нь Наранцацралт бид хоёр араас нь очоод хамт суусан.

…би 00-ын өрөөнд орох гэж байхад араас баарны зөөгч залуу ирээд надаас тооцоо нэхсэн. Тэр үед би надад мөнгө байхгүй утсаа үлдээчихье гэж хэлсэн чинь миний өөдөөс чи мөнгөө өгөө тооцоогоо хий гэж байсан. Тэгээд би мөнгө байхгүй гар утсаа үлдээчихье гэж хэлсэн. Тэр үед цаанаас хамгаалагч нь ирээд тэд хоорондоо юм яриад байгаад хамгаалагч залуу нь миний гар утсыг аваад зөөгч залууд өгсөн. Тэр үед миний гэнэт дургүй хүрээд би өөрийн гар утсаа буцаагаад авсан. Зөөгч надаас хэдэн төгрөгийн тооцоо нэхээд байгаагаа хэлээгүй, надад бэлэн хэдэн төгрөг байсан. Тэгээд миний түрүүвчэнд 1 ширхэг дундуураа тасарсан уранхай 10,000 байсан. Тэр мөнгийг аваад хамгаалагч залуу руу шидсэн. Тэгсэн нөгөө хамгаалагч залуу чи наадахаа өөрөө авч өгөө гэж хэлсэн. Тэгээд би мөнгийг газраас аваад хамгаалагчид өгсний дараа хамгаалагч залуутай хэрүүл хийгээд хамгаалагч залуу руу дөхөөд очсон чинь хоёр хамгаалагч намайг түлхсэн. Тэгээд хойшоо болоод ар нуруугаараа 00-ийн хаалганд тулсан. Тэгээд буцаж хоёр хамгаалагч дээр ирээд өндөр хамгаалагчийг мөргөх гэсэн боловч хальт хүрсэн гэтэл нөгөө хамгаалагч намайг зүүн нүдрүү нэг удаа гараараа хүчтэй цохьсон бас баруун тал руу хальт 2 удаа цохиод миний мөр нь дээрээс татаад угзраад газар унагаасан, тэр үед хажуугийн өрөөнөөс баарны зохион байгуулагч педжак өмссөн залуу гарч ирээд чи яагаад байгаа юм бэ гэж хэлэхээр нь би чи юу юм бэ гэж хэдэрлэсэн. Тэгээд би зохион байгуулагчийг тэгээд чи яах юм бэ гэж хэлсэн чинь зохион байгуулагч гэх залуу намайг гаръя гэж хэлэхээр нь би араас нь шатаар доош буугаад гарахаар явсан. Доош буугаад үүдний жижиг өрөөнд орох үед нөгөө залуу эргэж хараад хөлөөрөө цохьсон уу гараараа цохьсон уу мэдэхгүй миний элэг рүү аймар хүчтэй цохьсон. Би тэр үед эвхрээд доошоо газар унасан. Тэгээд би хэсэг хугацаанд ухаан балартаад босъё гэж байсан босож чадахгүй газар хэсэг хэвтсэн. Тэгэж байтал хоёр хүн ирээд намайг тэлээнээс татаад чирээд өрөөнд авч орсон. Би өөрөө босоод явах гэсэн боловч хэвлийгээр өвчтэй атиралдаад босч явж чадахгүй байсан, амьсгалж чадахгүй хэвтээд байсан. Тэгээд Эрдэнэбатад танай найз чинь тэр өрөөнд байгаа гэж хэлсэн байсан. тэгээд Эрдэнэбат өрөөнд орж ирээд намайг хараад та нар хүн зодсон байна гэж хэлээд 102-т цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Удалгүй цагдаа ирээд түргэн дуудаж үзүүл гэж хэлээд яваад өгсөн. Түүний дараа 103-т дуудлага өгч хүлээсэн боловч түргэн ирэхгүй болохоор нь дахин 103-т дуудлага өгөхөд яаралтай дуудлагатай Баянхошуунд явж байна гэж хэлсэн, тэгээд түргэн ирэхгүй болохоор нь за за гэртээ харъя гэж хэлээд найз Эрдэнэбатаар гэрлүүгээ хүргүүлсэн...” гэжээ. /хх 12-13, 14-15/

 

Гэрч Ж.Гансүх мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын дундаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Голд 999” бааранд хамгаалагч ажилд авна гэсэн зар байсныг дагуу очиж уулзсан. Тэгээд би 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ байж байтал орой 19 цаг өнгөрч байхад Голд 999 баарнаас ярьж байна гээд зохион байгуулагч М  гэж хүн утсаар ярьсан. Тэгээд намайг одоо ирээд ажиллах боломж байна уу? гэж асуухаар би боломжтой байна гэж хэлээд Голд 999 баар луу явахаар болсон. Би хувцсаа сольж өмсөөд Голд 999 бааранд 20 цаг өнгөрч байхад очсон. ...Тэр үед М  … энэ хүнд хийх ёстой ажлыг зааж өгөө бааранд хамгаалагч хүн ямар ажил хийдгийг зааж өг гэж хэлээд Золхүү бид хоёрыг ажилд гаргасан.

Тэгээд ажиллаж байхад нэлээд шөнө орой болсон байсан нэг согтуу хүн манай баарны DJ суудаг кабин хэсэг рүү бөөлжсөн. Тэгээд согтуу залуу тооцоо өгөхгүй гээд зөөгч Мөрөнтэй хэрүүл хийгээд байсан. Тэгээд Золхүү бид хоёр хараад зогсож байсан. Тэгээд зөөгч Мөрөнд тооцоо өгөхгүй гээд байгаа бол наад утсыг нь барьцаанд аваад үлдчихгүй юу гэж хэлсэн. Тэгсэн Мөрөн наад утас нь ажилдаггүй утас байхаа яах юм бэ гэж хэлсэн. Тэгсэн нөгөө согтуу утсаа өгөхгүй гэж хэрүүл хийж байгаад түрүүвчээ ухаад нэг ширхэг тасархай 10.000 төгрөг гаргаж ирээд газар луу шидсэн. Тэр үед Золхүү нөгөө согтуу наад мөнгөө авч өгөө гэж хэлсэн. Тэгээд нөгөө согтуу мөнгөө тонгойж аваад мөнгөө хамгаалагч Золхүүгийн ам руу чихэх гээд ам руу хүргэсэн. Тэгээд Золхүү түлхсэн, гэтэл нөгөө танихгүй согтуу дайрахаар хамгаалагч нэг татсан нөгөө согтуу залуу газар унасан. Тэгээд би боль гээд салгасан. Нөгөө согтуу залуу босож ирээд зүгээр болохгүй хамгаалагч Золхүү рүү дайраад байсан. Би тэр үед голоор нь ороод салгаж байсан. Тэр үед зохион байгуулагч М  гарч ирж таарсан. Тэгээд чи яагаад байгаа юм бэ гэж хэлсэн. Гэтэл нөгөө согтуу яадаг юм бэ гэж хэлээд зохион байгуулагч М  руу дайрч байсан. Тэгээд чи одоо тайвшир гарч агаар амьсгал гэж хэлээд зохион байгуулагч М  нөгөө согтуугийн хамт цуг гарсан. Тэгээд би жаахан байж байгаад зохион байгуулагч М  болон нөгөө согтуу агсам тавиад байсан хоёрын араас гарах гээд доош буугаад гадна төмөр хаалга нь дээр очиход зохион байгуулагч М  өөдөөс ороод ирсэн. Тэгээд би яасан бэ гэж зохион байгуулагч М аас асуухад яагаач үгүй гэж хэлээд дээшээ гарахаар нь би хамт дээшээ гарсан. Тэгээд дээшээгээ гараад хэсэг хугацааны дараа Цээгий гадаа согтуу хүн хэвтээд байнаа гэхээр нь гарч харахад баарны гадна хаалганы хажууд согтуу хүн хэвтэж байсан. Тэнд караокены бармен цэвэрлэгч Цээгий зохион байгуулагч М  нар бүгд байсан. Тэгээд би хүнийг бос гэхэд одоо бослоо гээд байсан. Тэгээд босохгүй болохоор нь зохион байгуулагч М тай хамт хоёр талаас нь өргөөд босонгуут нь би нөгөө хүнийг араас нь тэврээд нэг давхарын караоке руу ороод эхний хаалга руу оруулаад буйдан дээр хэвтүүлсэн. Тэгээд нөгөө хүн зүгээр хэвтээд байсан. Би тэгээд дээшээ баарлуу гараад ажлаа хийсэн...” гэжээ. /хх 16-17/  

 

Гэрч Ж.Эрдэнэбат мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 24-ний орой 19 цагийн үед гэртээ байхад багийн найз Даваасамбуу Наранцацралт хоёр утсаар яриад танай гэрийн гадна байна гараад ирээчээ гэж хэлсэн. Тэгээд гарч ирээд юм ярьж сууж байгаад хоол идье гэж яриад хоол идэхээр болсон. …10 дугаар хороололын Хөх Хот ресторанд 20 цаг өнгөрч байхад орсон юмаа. Тэнд орж хоёр хоол захиалаад нэг 0.75 граммтай Хар Чингис архи захиалж ууцгааж хоорондоо юм яриж байгаад 22 цаг өнгөрч байхад тэндээс гараад хороололын “tse” пабад ороод 2 шил Хар Чингис архи захиалж ууж байсан. Тэгээд бид авсан архиа уугаад тэндээс гарч замын урд байдаг Голд 999 баар орж ганц ганц пиво уугаад явъя гэж байсан. Тэгээд би Голд 999 баранд ороход үүдэнд зогсож байсан нэг эрэгтэй хүн хэдүүлээ яваа юм бэ гэж асуусан би 3-уулаа явж байна гэж хэлсэн. Гэтэл нөгөө залуу үүдний дугуй ширээг заагаад энд сууж болно ш дээ гэж хэлсэн. ...Би ширээнд суугаад байж байтал араас хоёр найз ирж байхаар нь би хоёр найзыгаа дуудаад цуг хоёр эмэгтэйгийн хамт 5-уулаа нэг ширээнд суусан дараа Даваасамбуу тек дээр очоод архи ус ундаа захиалаад тооцоогоо хийчихлээ гээд ирж ширээнд суусан. Удалгүй захиалсан архи ус ирээд туүнийг ууж байхдаа хамт сууж байсан эмэгтэйтэй юм ярилцаж байсан. 

…би тухайн үед миний дотор муухай оригоод 00 руу хэд хэдэн удаа орж бөөлжсөн. Тэгээд ширээнд сууж байтал миний гар утас руу найз Наранцацралтын эхнэр Нараа утсаар яриад хүүхдийн бие тааруу уйлаад байна гэж ярьж байсан. Би Наранцацралтад энэ талаар хэлсэн. Тэгээд би ширээнд сууж байтал миний дотор муухай оригоод босоод явж байх зам бөөлжих гээд тэсэлгүй хажууд харанхуйн нэг өрөө байхаар нь тэр лүү бөөлжсөн. Тэгээд зохион байгуулагч нэг залуу ирээд намайг та яаж байгаа юм бэ гэж хэлэхээр нь би уучлаарай ахын дүү би тэссэнгүй бөөлжчихлөө. 00 руу хүрж чадсангүй гялс цэвэрлүүлчихээ гэж хэлсэн. Тэгээд зохион байгуулагч залуу үйлчлэгч дуудуулаад цэвэрлүүлж байсан. Тэгээд би 00 өрөө орж нүүр гараа угаагаад арай гайгүй эрүүл болсон. Би 00-оос гараад ширээнд суух гээд орж ирэхэд найз Наранцацралт би явлаа шүү гэж хэлээд зөрөөд гэртээ харихаар явсан би ширээнд ирж суухад Даваасамбуу хоёр эмэгтэйтэй сууж байсан. Тэр хоёр эмэгтэй Даваасамбуугийн араас бүжиглэхээр гарсан. Тэгээд би ганцаараа ширээнд дээр суугаад нэлээд удаан … хүлээгээд ирэхгүй байсан. …би 00-ын өрөө орсон боловч Даваасамбуу байхгүй байсан. Тэгээд бүжиглэж байгаа байх гэж бодоод буцаад ширээнд ирж суусан. Гэтэл хоёр эмэгтэй ирэхээр нь би манай найз хаана байна гэж асуухад талбай дээр байхгүй байна мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд бүжгийн талбай руу харахад ямар ч хүн байхгүй байсан. Хоёр эмэгтэй хамт сууж нэлээд юм ярисан. Тэгээд нөгөө хоёр эмэгтэй бүжиглэхээр дахин босоод явсан. Би тэр үед найз Даваасамбуу явчихсан байна гэж бодоод гарах замдаа 00-н өрөөнд орж харсан байхгүй байсан. Тэгээд би өлгүүрээс хувцсаа авах гээд зогсож байсан. Энэ хугацаанд би Даваасамбууг хайгаад ийш тийшээ харж байсан боловч байхгүй байсан. Тэгээд би хувцсаа аваад харих гээд шатаар доошоо бууж явтал үйлчлэгч эгч танай найз чинь хүнд зодуулсан юм шиг байна доод талын өрөөнд оруулсан байгаа гэж хэлсэн. Тэгээд би яасан юм бол гэж асуухад үйлчлэгч эгч мэдэхгүй манай харуулууд өргөөд өрөөнд оруулж ирсэн гэж хэлсэн. Тэгээд би зааж өгсөн өрөөнд ороход найз Даваасамбуу доошоо харсан, хүнд зодуулсан, өмд хувцас нь шороо болсон байдалтай эвхэрсэн ёолоод үхлээ үхлээ гээд хэвтэж байсан. Тэгэхээр нь би хамгаалагч залуугаас энэ залуу яасан юм бэ гэж асуухад мэдэхгүй бид нар гаднаас оруулж ирсэн гэж хэлсэн. Тэгээд би зохион байгуулагчаа дууд энэ хүн чинь хүнд зодуулсан байна би ингэж авч явж чадахгүй гэж хэлсэн.

Удалгүй зохион байгуулагч ирсэн би зохион байгуулагчид нар л зодсон гэж байна ш дээ танай үйлчлэгч чинь тэгэж хэлж байна гэж хэлсэн. Гэтэл та нар цагдаагаа дуудахгүй юу манай залуучууд хүн зодохоор залуучууд бишээ би наадахыг чинь гадаа хүнд зодуулсан байх би өөрөө оруулж ирсэн гэж хэлсэн. …Даваасамбуу нээх согтоогүй байсан, өөрийн хийж байгаа үйлдлийг ухамсарлах ойлгох, бие авч явах чадвартай байсан юм...” гэжээ. /хх 18-19/

 

Гэрч Н.Наранцацралт мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 18 цагийн үед 1 дүгээр хороолол 11 дүгээр байрны гадаа багын найз Даваасамбуу Эрдэнэбат хоёртой уулзсан.

…бид 3 пабаас гараад замын ур байрлах Голд 999 пабд орсон. Эрдэнэбат бааранд ороод үүдэнд байсан 2 эмэгтэй сууж байсан дугуй ширээнд очоод суусан. Даваасамбуу бид хоёр араас нь очиж хамт ширээнд суусан. Тэгээд нэг шил 0.5 граммтай архи захиалаад 2 эмэгтэйгийн хамт ...архиа уунгаа бас бүжиглэсэн, бас хоёр эмэгтэйтэй бас бүжиглэсэн. Манай эхнэр Наранчимэг над руу залгаад байсан. Тэгээд найз Эрдэнэбат руу нэг удаа залгасан тэр үед манай бага охин бие нь өвдөөд байсан тул гэр лүүгээ яараад явсан. Үүнээс хойш юу болсныг би мэдээгүй...” гэжээ. /хх 20/

 

Гэрч Б.Мөрөн мэдүүлэхдээ: “...би ажлаа хийгээд байж байхад ...гаднаас 3 залуу орж ирээд 2 эмэгтэй сууж байсан ширээн дээр сууцгаасан. ...Тэгээд байж байтал ...хохирогч гээд байгаа Даваасамбуу сууж байсан ширээний доод руу бөөлжсөн. Тэгээд би цэвэрлэгч Алтанцэцэг эгчийг дуудаж бөөлжсийг цэвэрлүүлсэн. Тэгээд би ажлаа хийгээд байж байтал нөгөө Даваасамбуу гэх залуу бас дахин манай баарны суудаг кабин руу бөөлжчихөөр нь би дахин үйлчлэгч Алтанцэцэг эгчийг дуудаж цэвэрлүүсэн. Тэр үед Даваасамбуу гэх залуу 00-ын өрөө рүү явсан. Буцаж бааранд Даваасамбуу орж ирээд нэг пиво захиалж уусан, Тэгээд нэлээд удаж байгаад Даваасамбуутай хамт үлдсэн байсан найзаас нь 4000 төгрөгийн тооцоогоо үлдсэн байсан мөнгөө өгөө гэж нэхсэн. Гэтэл найз нь хамт явж байсан Даваасамбуугаас аваа гэж хэлсэн. Тэгээд би хажууд сууж байсан Даваасамбуугаас 4000 төгрөгийг нэхэхэд надад мөнгө өгөхгүй ширээнд суугаад байсан. Тэгээд би мөнгөө өгөх байлгүй дээ гэж бодоод байж байтал Даваасамбуу гарах гээд байгаа юм шиг үүдний шат байдаг хэсэг рүү явсан. Тэгэхээр нь би араас нь очоод ахаа тооцоо гэж хэлсэн чинь Даваасамбуу гэж хүн надаас тооцоо хэд юм бэ гэж асуусан. Тэгээд би үлдсэн тооцоо 4000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгсэн Даваасамбуу надаа мөнгө байхгүй гэж хэлсэн. Даваасамбуу гэж хүн надад нэг андройд үйлдэлтэй гар утас гаргаж ирээд энэ гар утсыг цэнэглээд аваад ирээ гэж хэлсэн. Тэгээд би гар утсыг аваад тек дээр очоод энэ гар утасны цэнэглэгч байна уу гэж асуухад байхгүй гэж хэлсэн. Тэгээд би гар утсыг аваад Даваасамбуу дээр очоод цэнэглэгч байхгүй байна ахаа гэж хэлсэн. Гэтэл Даваасамбуу тэгвэл тооцоог чинь өгөхгүй гэж хэлээд миний гараас гар утсыг шүүрээд авсан. Ингээд байж байтал баарны хамгаалагч Золхүү ирээд яасан бэ гэж надаас асуухаар нь би энэ хүн тооцоогоо өгөхгүй байна гэж хэлсэн. Хамгаалагч Золхүү ахаа та тооцоогоо өгөө гэж хэлсэн. Гэтэл үйлчлүүлэгч Даваасамбуу Золхүүтэй муудалцаад байх шиг байсан. Би өөр ширээний тооцоо авах гээд явах үед Даваасамбуу хамгаалагч Золхүүг мөргөх шиг болсон. Тэгээд Даваасамбуу түрвүүчнээсээ уранхай 10.000 төгрөг гаргаж ирээд газар нөгөө мөнгөө шидсэн. Тэр үед хамгаалагч Золхүү мөнгөө авч өг гэж хэлсэн. Гэтэл нөгөө мөнгөө Даваасамбуу газраас аваад хамгаалагч Золхүүгийн ам руу чихих гэж үзсэн. Тэгээд мөнгийг Золхүү аваад надад өгсөн. Тэр үед Золхүү Даваасамбууг ширвэж татаад газар унагаасан. Тэгээд байж байтал баарны зохион байгуулагч М  өрөөнөөсөө гарч ирээд Даваасамбууг гадагшаа аваад гарсан...” гэжээ. /хх 21/

 

Гэрч Б.Алтанцэцэг мэдүүлэхдээ: “...Золхүү очоод залууд чи тооцоогоо хийчихээч асуудал гаргаад байх юм гэж хэлтэл уранхай 10.000 төгрөг гаргаж ирээд Золхүүгийн ам руу нь чихих гээд дайраад байсан. Тэгээд хамгаалагч Золхүү нөгөө залууг гуд татаад газар унагаасан. Тэр үед нөгөө залуу босоод ирсэн коридорт маргалдах үед манай баарны зохион байгуулагч М  өрөөнөөс гарч ирээд юундаа маргалдаад байгаа юм бэ? гэж нөгөө залууд хэлээд чи гадаа жоохон гараад тайвшир гэж хэлээд М  нөгөө залууг дагуулаад гарсан. Хамт явж байсан залуу нь ширээндээ суугаад үлдсэн. ...тэгээд нилээн байж байгаад гадна хогоо шүүрдэх гээд гарахад хаалганы хажууд камер тусдаггүй хэсэгт сууж байсан. Тэгээд би дээшээ гараад хамгаалагч Гансүхэд түрүүний маргалдаад байсан залуу гадаа үүдэнд байна шдээ гэж хэлээд дээшээ яваад орсон. Тэгээд удалгүй хамгаалагч Гансүх зохион байгуулагч М  бид нар нөгөө залуу дээр очсон хамгаалагч Гансүх нөгөө залууг урдаа тэврээд караокены 1 тоот өрөөнд оруулсан. ..тэгээд байж байтал зодуулсан залуугийн хамт явж байсан залуу явах гээд өлгүүрээс гадуур хувцсаа аваад доош буух үед зохион байгуулагч М  надруу нөгөө залуу нь явах гэж байна хамт явсан залуу нь доор караокед байгаа ш дээ араас нь очоод нөгөө залууг энд байгааг хэлчих гэж хэлсэн. Би нөгөө залууд хамт явсан залуу чинь караокены 1 тоотод байгаа ш дээ гэж хэлсэн. Тэр залуу өрөөнд ороод манай найзыг хэн зодсон бэ? яасан юу болсон талаар асууж байсан...” гэжээ. /хх 25-28/

 

Гэрч Б.Пүрэвжаргал мэдүүлэхдээ: “...хамт ажилладаг М , Алтанцэцэг нараас наад хүн чинь тасарсан юм уу хөлдчихвийдээ өрөөнд оруулж дулаацуулах уу гэж хэлсэн. …Тэгээд нөгөө согтуу залууг нэг нь оруулж манай караокены нэг тоот өрөөнд оруулсан. Би тэр залууг хэн оруулсныг анзаарч хараагүй. 1 тоот өрөөнд байсан согтуугийн найз нь гээд нэг залуу гаднаас орж ирсэн. Тэгээд тэр залуу манай найз яасан юм бэ гэж тэр хавийн хүмүүсээс асуугаад байсан...” гэжээ. /хх 29/    

 

Шинжээч эмч Т.Чимэд-Очир мэдүүлэхдээ: “...Хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлээс баруун тохойн цус хуралт баруун, зүүн хөлийн зулгаралт гэмтэл нь унах үед үүсэж болно. Энэ гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний бүрэн бус тасрал, хэвлийн хөндийн гэдэсний агууламжийн чацархайн задрал хэвлийн хөндийг цус алдалтанд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн нүдний зовхи цус хуралт дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин 2 хөлийн зулгаралт баруун тохойн цус хуралт, зүүн нүдний зовхины цус хуралт нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /хх 34/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2028 дугаартай дүгнэлтэд: “Б.Даваасамбуугийн биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний бүрэн бус тасрал, хэвлийн хөндийн гэдэсний агууламж, чацархайн задрал, хэвлийн хөндийн цус алдалт, зүүн нүдний зовхи, баруун тохойнд цус хуралт, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэжээ. /хх 32/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6, 7/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 9-10/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 59/, 

Өвчний түүх /хх 72-82/,

Хохирлын 701.594 төгрөгийн баримтууд /хх 83-99/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

            Шүүхийн дүгнэлт:

Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Огдоонууд овогт Мөнх-Очирын М ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан түүнийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилэх үндэслэлтэй байна.

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д “таваас дээш долоон жилийн хорих ял” оногдуулахаар заасан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулахаар заасан байх тул шүүгдэгчид оногдуулах ял хөнгөрсөн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч М  нь 2017 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голд 999” нэртэй бааранд төлбөр, тооцооны маргаан үүсгэсэн иргэн Д.Даваасамбууг зодож хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний бүрэн бус тасрал, хэвлийн хөндийн гэдэсний агууламж, чацархайн задрал, хэвлийн хөндийн цус алдалт буюу хүнд хохирол  санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Даваасамбуу /хх 12-13, 14-15/, гэрч Ж.Гансүх /хх 16-17/, Ж.Эрдэнэбат /хх 18-19/, Б.Мөрөн /хх 21/, Б.Алтанцэцэг /хх 25-28/, Б.Пүрэвжаргал /хх 29/ нарын мэдүүлэг, шинжээч эмч Т.Чимэд-Очирын тайлбар /хх 34/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2028 дугаар дүгнэлт /хх 32/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хав 6, 7/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 9-10/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 59/, өвчний түүх /хх 72-82/, хохирлын 701.544 төгрөгийн баримтууд /хх 83-99/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулсаныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хохирогч Д.Даваасамбуугийн зүй бус харьцаа, хууль бус үйлдэл гэмт хэрэг гаргахад нөлөөлсөн, хохирогчийн гомдол саналгүй гэх хүсэлт зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч М  нь 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 11 хоног цагдан хоригдсон ба 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар цагдан хоригдсон 1 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240,000 төгрөгөөр тооцох /11 х 240.000= 2.640.000 төгрөг/, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 12-ний өдрийг хүртэл нийт 104 хоног цагдан хоригдсон хоногийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тооцох /104 х 15= 1560 нэгж буюу 1.560.000 төгрөг/, нийт 4.200.000 төгрөгийг шүүгдэгчид оногдуулсан торгох ялаас хасч тооцохоор байна.  

 

Хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүйг тус тус дурдах, тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Gold999” баарны хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авсан 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч М ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М ыг 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3, 4-д зааснаар шүүгдэгч М  нь торгох ялыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний дотор биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М ын цагдан хоригдсон 115 хоног буюу нийт 4.200.000 төгрөгийг торгох ялаас хасч, шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг 10.800.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

6. Хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс хохирогчид 3.800.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Gold999” баарны хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авсан 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

  

 

           

                                   

                        ДАРГАЛАГЧ

                        ШҮҮГЧ                                                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                    ШҮҮГЧИД                                                              А.АЛТАНХУЯГ

 

                                                                                                 

                                                                                                    Ч.ОТГОНБАЯР