| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00393/И |
| Дугаар | 133/ШШ2024/00408 |
| Огноо | 2024-10-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 133/ШШ2024/00408
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** аймгийн *** сумын *** багт оршин суух, *** овгийн Б-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,
Мал маллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, гэрч Б.Б, Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1990 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд *** аймгийн *** сумын *** багт мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие Б.Б нь ***оны ***сарын ***-ний өдөр *** аймгийн *** суманд Б, С нарын ууган хүүхэд болж төрсөн. Би *** аймгийн Халиун сумын *** жилийн Ерөнхий боловсролын *** сургуульд 1982 оны 09сарын 01-нд элсэн орж, 1990 оны 06сарын 05-нд суралцаж төгссөн. Ийнхүү сургуулиа төгсөөд 1990 оны 06сарын 06-наас хойш өдийг хүртэл буюу 2024 оны 08сарын 08 хүртэл мал маллаж амьдарч байна. Тухайлбал 1990 оны 06 сарын 06-наас 1995 он хүртэл эцэг, эх төрсөн дүү нарын хамт мал маллаж байгаад, 1995 оны 07сарын 02-нд Б.Б миний бие нөхөр А.Г-той, *** аймгийн *** сумын *** багт гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн. Б.Б миний бие өндөр настны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1990 оны 07сараас 1995 онуудын А данс эцэг, эхийн нэр дээр байсан учраас 1990 оноос 1995 он хүртэл мал маллаж, малчнаар ажиллаж байсан жил тооцогдохгүй байна. Тийм учраас хүсэлт гаргагч миний бие ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж байна. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.1, 135.2.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэх, хүний ажиллаж байсан байдал нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болохоор заасан тул Б.Б миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1990 оны 06 дугаар сараас 1995 онд мал маллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хандсан байгаа гэв.
4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Б.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Б-ийн Б-ийн төрсний бүртгэлийн лавлагаа,
-*** аймаг *** даргын Тамгын газар архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай *** 1990 оны малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
-*** аймаг *** даргын Тамгын газар архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай Б-ийн Б-ийн 1991-1995 онуудын малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
-Үндэсний архивын сан хөмрөгийн 1989, 2000 оны архивын лавлагаа,
- *** аймаг *** даргын тамгын газар архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай архивын лавлагаа, алдарт эхийн одонгийн архивын баримт,
-1990-1995 онуудын жилийн эцсийн мал тооллогын архивын хуулбар,
-*** аймгийн *** сумын дунд сургуулийн *** 1990 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай Анги дэвших, сургууль төгсгөх улсын шалгалтын комисс байгуулах тухай тухай тушаалын архивын хуулбар,
-1990 оны төгсөгчдөд олгосон гэрчилгээний архивын хуулбар,
-Б.Б-аас А.Г-д олгосон итгэмжлэл, тэдгээрийн иргэний үнэмлэхийн хуулбар,
5. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:
-*** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай албан бичиг,
-*** аймгийн *** сумын *** дугаартай Төрөгсдийг бүртгэх анкет-ын архивын хуулбар,
-1990 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн *** серийн дугаартай паспорт олгосон баримтын архивын хуулбар,
-1990 оны 04 дугаар сарын 23-ны өдрийн Маягт *** Б.Б-ийн Паспорт авах өргөдөл ийн архивын хуулбар,
-2001 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн маягт *** Б.Б-ийн Иргэний үнэмлэх авах өргөдөл ийн архивын хуулбар,
-1987 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн маягт *** дугаартай БНМАУ-ын хүн амын регистрийн карт ын архивын хуулбар,
-Говь-Алтай аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн *** дугаартай албан бичиг,
-1987 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Маягт ***, *** дугаартай БНМАУ-н хүн амын регистрийн карт н архивын хуулбар,
-1987 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Маягт ***, *** дугаартай БНМАУ-н хүн амын регистрийн карт н архивын хуулбар,
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 03-*** дугаартай архивын лавлагааны архивын хуулбар.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч *** овгийн Б-ийн Б нь 1990 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд *** аймгийн *** сумын *** багт мал маллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ***дугаартай тогтоолын *** дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.
Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
4.1 Б-ийн Б нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд *** аймгийн ***сумын *** багт мал маллаж байсан болох нь:
-*** аймгийн *** даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай тус аймгийн *** сумын *** багийн малчин, өрхийн тэргүүлэгч Б-ийн Б-ийн (1993 онд Б.Б) мал маллаж байсан хугацаа (1991-1995 он хүртэлх) гээд тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
Б-ийн Б-ийн 1991, 1992, 1994, 1995 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны *** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
Үндэсний архивын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар 1989 оны хүн ам, орон сууцны тооллого, *** аймгийн *** сум, хадгаламжийн нэгж ***, хуудасны дугаар ***, байршил сумын төв, Ж-ын С эхнэр, *** настай, эмэгтэй, Б-ийн Б охин, 14 настай, эмэгтэй, Б-ийн Б хүү, 12 настай, эрэгтэй, Б-ийн Б хүү, 5 настай, эрэгтэй, Б-ийн Э, охин, 8 настай, эмэгтэй, Б-ийн Э, охин, 3 настай, эмэгтэй, Б-ийн Б, тэргүүлэгч өөрөө, 37 настай, эрэгтэй гэх бүртгэгдсэн лавлагаа,
Гэрч Ч.Б-ын ...1995 онд А.Г гэдэг хүнтэй гэрлээд тэрнээс хойш манайхан айл саахалт мал маллаж байсан. Өдийг хүртэл мал маллаж байгаа. Тэрнээс өмнө аав ээжийн хамт мал маллаж байсан... гэх мэдүүлэг,
Гэрч Б.Б-ийн Аав ээж нь малчин хүмүүс байсан учир хөдөө байсан. Сургуульд сурахдаа өвөө эмээтэйгээ сум дээр сурдаг байсан. 1990 онд 8 дугаар анги төгсөөд аав ээж нь мал малладаг байсан учир малчин болсон. Үгүй, 8 дугаар анги төгссөн. Одоог хүртэл мал маллаж байгаа. Аав ээжтэйгээ мал маллаж байгаад хүнтэй суусан. Тэгээд бас мал малласан гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4.2. 1989 оны хүн ам, орон сууцны тооллогод Б-ийн Б-ийн ам бүл 7 гэж тоологдсон, 1991, 1992 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Б.Б ам бүл 7, 16-аас дээш насны малчдын тоо 2, 36-гаас тэтгэвэрт хүртэлх насны 2, 1994 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Б.Б ам бүл 7, мал дээр ажилласан 5, 1995 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Б.Б ам бүл 6, жилийн дөрвөн улирлын турш мал байнга малладаг ам бүлийн тоо 4 гэж бүртгэгдсэн бөгөөд Б.Б нь 1995 онд А.Г-той гэр бүл болсон гэх гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд Б.Б нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд эцэг, эхийн хамт мал маллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
5. Иймд *** овгийн Б-ийн Б-г 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд *** аймгийн *** сумын *** багт мал маллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
6. Харин хүсэлтээс 1990 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Учир нь *** аймгийн *** даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай тус аймгийн *** сумын *** багийн малчин, өрхийн тэргүүлэгч Б-ийн Б-ийн мал маллаж байсан хугацаа (1990 он) гээд 1990 онд тоологдсон малын тоог тодорхойлсон архивын лавлагаа, мөн *** аймгийн *** даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай 1993 онд Б.Б гээд 1993 онд тоологдсон малын тоог тодорхойлсон архивын лавлагааг нотлох баримтаар гаргаж ирүүлсэн байх бөгөөд хавтаст хэргийн материалд цугларсан нотлох баримтуудаар 1990, 1993 онуудад Б.Б-ийн хамт мал маллаж байсан болох нь бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх таамаглалд үндэслэж шийдвэр гаргах боломжгүй юм.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *** овгийн Б-ийн Б-г 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд *** аймгийн *** сумын *** багт мал маллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1990 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ