| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00385/И |
| Дугаар | 133/ШШ2024/00372 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 133/ШШ2024/00372
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би
Нэхэмжлэгч:************ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********** холбогдох,
Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 55,000,000 төгрөг, алданги гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 55,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөгийг гаргуулах тухай
2. Нэхэмжлэгч ************* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1670 дугаартай нотариатын гэрээгээр байгуулсан төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэв. Гэрээнд миний бие иргэн *********** Говь-Алтай аймгийн ************* байрлах 337метр квадрат гэр, орон сууц хашааны зориулалттай худалдсан бөгөөд үндсэн төлбөр болох 55,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл авч чадаагүй тул тус төлбөр болон гэрээний 3.3 дахь заалтын дагуу алданги төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. нэхэмжлэгч ********* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ хүрээнд хариуцагч талтай дахин тохиролцож энэхүү тайлбарыг гаргаж байна. Бид ярилцаад 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор газрын төлбөрийг 65,000,000 төгрөгөөр бүрэн барагдуулахаар тохиролцлоо гэжээ.
3. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч ********* дахин тохиролцож энэхүү тайлбарыг дахин гаргаж байна. Бид ярилцаад 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор газрын төлбөрийг 65,000,000 төгрөг болгон барагдуулахаар тохиролцлоо. Нэхэмжлэлийн шаардлага 55,000,000 төгрөг болон алданги, хүүд 10,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч ********* нь хариуцагч ********* холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 55,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 65,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч ************ нь ...2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор газрын төлбөрийг 65,000,000 төгрөг болгон барагдуулахаар тохиролцлоо. Нэхэмжлэлийн шаардлага 55,000,000 төгрөг болон алданги, хүүд 10,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 55,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 65,000,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,950 төгрөгнөөс 216,475 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч *********** 216,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ********* холбогдох газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 55,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 65,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ********* нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,950 төгрөгнөөс 216,475 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ********** 216,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН