Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сеймуратын Еркеш |
Хэргийн индекс | 110/2024/0017/З |
Дугаар | 110/ШШ2024/0022 |
Огноо | 2024-05-06 |
Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 110/ШШ2024/0022
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.М,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Н нарын хоорондын сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн шийдвэртэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагч Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч Н.М нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан, “Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаар “Сумын Засаг даргыг томилуулахаар дахин нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгох”–оор маргаж байна.
2. Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаар тогтоолоор ээлжит 14 дүгээр хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан Ш.Саясатыг сумын Засаг даргаар томилуулахаар дахин нэр дэвшүүлсэн байна.
3. Маргаан бүхий 63 дугаар тогтоол нь хууль болон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчээс маргаж, тус шүүхэд 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч Н.М нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байсан И.Д нь гэмт хэрэгт холбогдож, шүүхээс гэм буруутай гэсэн эцсийн шийдвэр гарсан тул Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар сумын Засаг даргаас огцруулсан юм.
Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр явагдаж, уг хуралдаанд сумын Засаг даргад шинээр нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж, Ардчилсан намын бүлгээс Ш.С, Монгол Ардын намын бүлгээс Н.М би нэр дэвшиж, улмаар төлөөлөгчдийн олонхын саналаар Ш.С Баяннуур сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн тухай тогтоол батлагдсан.
Баяннуур сумын Засаг даргад нэр дэвшсэн тухай тогтоолыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад 2024 оны 3 дугаар сарын эхээр албан ёсоор хүргүүлсэн боловч аймгийн Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд Ш.С Баяннуур сумын Засаг даргаар батламжлахаас татгалзсан хариу өгсөн байлаа.
Гэтэл Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан нь 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж, Баяннуур сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Тухайн хуралдаанаас Ш.С Баяннуур сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлсэн тухай 63 дугаартай тогтоол гарсан байна.
Уг тогтоол нь илэрхий алдаатай, хууль зөрчсөн тогтоол гэж үзэж байгаа учраас сумын Монгол Ардын намын бүлгээс сумын Засаг даргад нэр дэвшигч Н.М би өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай болсон юм.
Иймд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаартай “Сумын Засаг даргыг томилуулахаар дахин нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
1. Урьд Баяннуур сумын Засаг даргад нэр дэвшсэн Ш.С тус аймгийн Засаг дарга батламжлахаас татгалзсан тул тэрээр дахин сумын Засаг даргад нэр дэвших эрхгүй гэж үзэж байна.
2. Тухайн өдрийн хуралдаан болох тухай сумын Монгол Ардын намын бүлгээс нэр дэвшиж байсан Ш.М надад албан ёсоор мэдэгдээгүй. Хэрвээ мэдэгдсэн бол би уг хуралдаанд оролцож, сумын Засаг даргад нэрээ дэвшүүлэх бодолтой байсан ба бэлтгэл ажлыг хангаж байсан.
3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан нь олонх ирснээр хүчинтэй болно. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 27 төлөөлөгчийн суудалтай ба тухайн өдрийн хуралдаанд 13 төлөөлөгч оролцсон нь олонх гэж үзэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна.
Иймд илт хууль тогтоомжийг ноцтой зөрчиж гарсан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаартай “Сумын Засаг даргыг томилуулахаар дахин нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлтэй. 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр сумын Засаг даргад Ш.С болон Н.М гэдэг 2 хүн нэр дэвшсэн байгаа. Ш.С нь олонхын санал аваад тогтоолыг аймгийн Засаг даргад уламжилсан. Гэтэл аймгийн Засаг дарга нэгжийн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Ш.С Баяннуур сумын Засаг даргаар томилохоос татгалзсан.
Үүнтэй холбогдуулан 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дахин хуралдаан болж, сумын Засаг даргад дахин Ш.С нэр дэвшүүлсэн байна. Тэгэхээр буцаасан тохиолдолд Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаа анхны нэр дэвшүүлсэн ажиллагаатай адилхан журмаар явагдахаар хуульчилсан. Нэгэнт аймгийн Засаг дарга тухайн хүнийг сумын Засаг даргаар томилохоос татгалзаж байгаа тохиолдолд Ш.С дахин нэр дэвших эрх байхгүй. Яагаад гэвэл дээд шатны албан тушаалтан нь хамт ажиллахгүй хэмээн сумын Засаг даргаар томилоогүй байгаа.
Хариуцагч хариу тайлбартаа нэхэмжлэгчид заавал мэдэгдэх алба байхгүй, мэдэгдэх шаардлага байхгүй гэж байгаа. Гэхдээ заавал албан ёсоор мэдэгдэх ёстой. Баяннуур сумын Засаг даргад нэр дэвших асуудлыг олон нийтэд мэдээлэх ёстой. Яагаад гэвэл сумын Засаг даргад шаардлага хангаж байгаа хэн ч гэсэн нэр дэвших боломжтой. Зөвхөн төлөөлөгч нарын дундаас сонгоно гэсэн ойлголт байхгүй.
Тус суманд 27 төлөөлөгч сонгогдсон байдаг. Тэгэхээр олонх оролцсоноор асуудал шийдэгдэх ёстой. Тийм учраас тухайн хуралдаанд төлөөлөгч нарын олонх нь оролцсон гэж үзэх боломж байхгүй. Иймд Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэв.
5. Хариуцагч Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж дарга М.Б хариу тайлбартаа:
“Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 63 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахыг хүсжээ. Хурал бүрэн эрхийн хүрээнд сумын Засаг даргад нэр дэвшүүлэх шийдвэр гаргах эрхтэй бөгөөд эрх хэмжээний хүрээнд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан. Үүнээс болж иргэн Н.М ямар эрх ашиг зөрчигдөж байгаа нь ойлгомжгүй байна. Харин Н.М нь Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанд сумын Засаг даргад өрсөлдсөн боловч олонхын саналын авч чадаагүй.
Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд Н.М оролцох эрхгүй бөгөөд тухайн хуралдаанд түүний ямар нэгэн оролцоо хамаарал байхгүй, хурлын төлөөлөгч биш юм. Харин Монгол Ардын намын төлөөлөгчдөд хуралдааны товыг урьдчилан мэдэгдэж, хэлэлцэх асуудлыг танилцуулсан байхад хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж оролцоогүй болно. Тухайн хуралдаанаар зөвхөн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцээгүй бөгөөд сумын хэмжээнд тулгамдаж байгаа бусад асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн.
Засаг даргад нэр дэвшүүлэх нь иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиараа олгосон бүрэн эрх бөгөөд аймгийн Засаг даргын татгалзал нь үндэслэлгүй байна гэж үзээд олонхын саналаараа дахин нэр дэвшүүлсэн.
Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааныг 13 төлөөлөгч хийсэн нь ирцийг бүрдүүлээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй юм. Тус суманд 23 төлөөлөгч байдаг бөгөөд 13 төлөөлөгч ирснээр хуралдааны ирц бүрддэг. К.С, А.Х, Ө.Ж, М.А нарын бүрэн эрх нь хуульд зааснаар дуусгавар болсон учраас тэдгээр төлөөлөгчид хуралдаанд оролцох боломжгүй. Дахин сонгууль болоогүй, шинээр төлөөлөгч нэмж томилогдоогүй тул нийтдээ 23 төлөөлөгчийн бүрэн эрх нь хүчин төгөлдөр юм. Иймд Н.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
”Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаас гаргасан тогтоол нэхэмжлэгч Н.М эрх ашгийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй. Мөн тухайн тогтоол үндэслэл бүхий ,хууль ёсны болсон гэж үзэж байгаа. Тус хуралдааныг нийт төлөөлөгчийн бүрэн эрх нь хүчин төгөлдөр байгаа төлөөлөгчдөөс олонх нь хүрэлцэн ирснээр хийсэн. Хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэгдсэн. Баяннуур сумын Засаг даргаар нэр дэвшүүлсэнтэй холбоотой асуудлыг өөрт нь хамааруулж нэхэмжлэгч Н.М зүгээс нэхэмжлэл гаргаж байгаа.
Ш.С гэдэг хүнийг 2 дахь удаагаа Баяннуур сумын Засаг даргаар нэр дэвшүүлсэн шийдвэр гаргасантай холбоотой тайлбарыг бичгээр хүргүүлсэн байгаа. Анх Ш.С сумын Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад уламжилсан. Гэтэл 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны тогтоолыг аймгийн Засаг дарга ямар нэгэн үндэслэл заахгүйгээр татгалзсан. Тийм учраас дахин хэлэлцүүлэхээр болж, хуралдаан товлон зарласан байдаг. 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж, аймгийн Засаг даргын татгалзал үндэслэлгүй гэж үзээд, Ш.С нэрийг дахин дэвшүүлсэн. Нэр дэвшүүлсэн тогтоолыг нийт 23 төлөөлөгчийн 13 төлөөлөгч буюу олонх нь оролцож гаргасан тул тухайн хуралдааны шийдвэрийг албажуулж, дахин нэр дэвшүүлсэн байдаг.
Нэхэмжлэгч надад урьдчилж, мэдэгдээгүй, мэдэгдсэн байсан бол би Засаг даргад дахин нэр дэвших байсан гэсэн. Нэхэмжлэгчийн хувьд урьд нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанд сумын Засаг даргад нэр дэвшсэн боловч олонхын санал авч чадаагүй. Тэгээд дараа нь хуралдааны тов болон хэлэлцэх асуудлын дарааллыг баталж, тус сумын төлөөлөгчдөд урьдчилан мэдэгдэж, хуралдаан хийсэн. Нэхэмжлэгч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч эсвэл Тэргүүлэгч биш байсан учраас тухайн хүнд хурлын тов болон хэлэлцэх асуудлын талаар мэдэгдэх үүрэг хүлээхгүй тул тов мэдэгдээгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан. Тийм учраас нэхэмжлэгч өөрт нь хамааралгүй асуудлаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
1. Нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаар “Сумын Засаг даргыг томилуулахаар дахин нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Баяннуур сумын Засаг даргад нэр дэвшсэн Ш.С тус аймгийн Засаг дарга батламжлахаас татгалзсан тул тэрээр дахин сумын Засаг даргад нэр нэр дэвших эрхгүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 27 төлөөлөгчийн суудалтай ба тухайн өдрийн хуралдаанд 13 төлөөлөгч оролцсон нь олонх гэж үзэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, тухайн өдрийн хуралдаан болох тухай сумын Монгол Ардын намын бүлгээс Засаг даргад нэр дэвшиж байсан Ш.М надад албан ёсоор мэдэгдээгүй. Хэрвээ мэдэгдсэн бол би уг хуралдаанд оролцож, сумын Засаг даргад нэрээ дэвшүүлэх бодолтой байсан ба бэлтгэл ажлыг хангаж байсан” гэж тодорхойлон маргасан.
3. Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр эхэлж, 3 дугаар сарын 01-ний өдөр дууссан, ээлжит 13 дугаар хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, Ардчилсан намын бүлгээс Ш.С, Монгол Ардын намын бүлгээс Н.М нэрийг тус тус дэвшүүлж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан Ш.С сумын Засаг даргаар томилуулахаар 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаар тогтоолоор томилох эрх бүхий албан тушаалтан болох аймгийн Засаг даргад санал болгосон байна.
Аймгийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1-01/313 дугаар албан бичгээр “Ш.С томилохоос татгалзаж, хуулийн дагуу дахин сумын Засаг даргаар нэр дэвшүүлэн томилуулах саналаа ирүүлэх” талаар мэдэгдсэн байх ба хэргийн оролцогчид эдгээр үйл баримтын талаар маргаагүй болно.
4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 35.1.4.тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч дараах эрх, үүрэгтэй байна:39.1.1.асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох”, 41 дүгээр зүйлийн 41.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болно: 41.1.3.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан; 41.1.5.энэ хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон”, 46 дугаар зүйлийн 46.7-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно”, 46.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглоно”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална” гэж тус тус заасан.
5. Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн 27 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байснаас төлөөлөгч К.С төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсоноор, төлөөлөгч А.Х, Ө.Ж, М.А нарын хувьд гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсанаар, нийт 4 төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болж, тухайн орон гарсан 4 суудал нөхөгдөөгүй, өөрөөр хэлбэл, бүрэн эрх бүхий 23 төлөөлөгч байгаа болох нь тогтоогдсон /Хавтаст хэргийн 39,42,43,44-45,46,62,128-178 дах тал/.
Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 04 дүгээр захирамжаар ээлжит 14 дүгээр хуралдааныг 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт хийхээр товлон зарлаж, 7 асуудал хэлэлцэхээр шийдвэрлэсэн байх ба аймгийн Засаг даргын дээрх 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1-01/313 дугаар албан бичгээр сумын Засаг даргаар Ш.Саясатыг томилохоос татгалзсанаар Хурлын даргын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар захирамжаар ээлжит 14 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудалд сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхээр өөрчлөлт оруулж,нийтдээ 8 асуудал хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
Энэхүү 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит 14 дүгээр хуралдааны тов болон сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлэх зэрэг 8 асуудал хэлэлцэх тухай мэдээллийг агуулсан мэдэгдэх хуудсыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны мэргэжилтнээс 23 төлөөлөгчид гардуулах, утсаар болон цахим хаягаар нь явуулах зэргээр 2024 оны 3 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 34,35-37,38,50,94,95,98,99-103,104 дэх тал/ тус тус нотлогдсон болно.
6. Улмаар Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит 14 дүгээр хуралдаанд 13 төлөөлөгч оролцож, Хурал дахь Ардчилсан намын бүлгээс сумын Засаг даргад Ш.С дахин нэр дэвшүүлсэн, Монгол Ардын намын бүлгийн ахлагч Ш.М болон төлөөлөгч Б.Енараас хэн нэгнийг нэр дэвшүүлэх санал гаргаагүй байх бөгөөд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Ш.С сумын Засаг даргаар томилуулахаар дахин нэр дэвшүүлсэн 63 дугаар тогтоолыг баталжээ.
Уг 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаар тогтоолыг Хурлын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаар албан бичгээр хүргүүлсэн боловч аймгийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1-01/451 дүгээр албан бичгээр “одоогоор шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 22,23,24-32,94-95,109 дэх тал/ тогтоогдож байна.
7. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцох нь төлөөлөгчийн хуулиар олгосон эрх, үүрэгт хамаарах бөгөөд Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн 27 төлөөлөгчөөс 4 төлөөлөгчийн бүрэн эрх нь хугацаанаас өмнө дуусгавар болж, тухайн орон гарсан 4 суудал нөхөгдөөгүй байх тул үлдсэн 23 төлөөлөгчид 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит 14 дүгээр хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг мэдэгдсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3,41.1.5,46 дугаар зүйлийн 46.7, 46.8 дах хэсэгтэй тус тус нийцсэн байна.
Түүнчлэн тухайн ээлжит 14 дүгээр хуралдаанд бүрэн эрх бүхий 23 төлөөлөгчөөс 13 төлөөлөгч буюу олонх нь оролцсон байх тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7-д зааснаар хуралдааны ирцийн хувьд хүчинтэй гэж үзэхээр байна.
Үүнээс гадна ээлжит 14 дүгээр хуралдаанд оролцоогүй 10 төлөөлөгчөөс хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцохгүй талаар мэдэгдээгүй, өөрөөр хэлбэл, санал, хүсэлт, нотлох баримт гаргаж өгөөгүй, мөн уг хуралдааны товыг мэдэгдээгүй, оролцуулаагүй гэх асуудлаар болон хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар маргаж нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
8. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ”, 56.5-д “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна: 56.5.1.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана; 56.5.2.энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56.7-д “Дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно”, 56.8-д “Энэ хуулийн 56.7-д зааснаар томилохоос татгалзсан тохиолдолд зохих шатны Хурал энэ хуулийн 56.5-д заасан журмаар дахин нэр дэвшүүлнэ”, 56.9-д “Энэ хуулийн 56.8-д заасны дагуу дахин нэр дэвшүүлсэн хүнийг ажлын таван өдрийн дотор дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд томилох үүрэгтэй” гэж Засаг даргад нэр дэвшүүлэх, томилох асуудлыг тус тус нарийвчлан зохицуулжээ.
9. Хуульд зааснаар сумын Засаг даргад тавигдах шаардлагыг хангасан хүнийг нэр дэвшүүлэх санал гаргах эрх нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон Хурал дах нам, эвслийн бүлэгт хамаарах бөгөөд Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит 14 дүгээр хуралдаанд оролцсон төлөөлөгчид болон Монгол Ардын намын бүлгийн ахлагчаас Засаг даргад нэр дэвшүүлэх санал гаргаагүй, харин Ардчилсан намын бүлгээс Ш.Саясатыг Засаг даргад нэр дэвшүүлэх санал гаргасан нь тус тус нотлогдсон.
Иймд дээрх байдлаар хуралдааны тов болон хэлэлцэх асуудлыг төлөөлөгчдөд мэдэгдсэнээр 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан ээлжит 14 дүгээр хуралдаанаар сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх ба нэхэмжлэгч Н.М нь Хурлын төлөөлөгч биш, мөн Засаг даргад нэр дэвшүүлэх санал гаргах нь Хурал дах нам, эвслийн бүлгийн болон төлөөлөгчийн бүрэн эрх тул нэхэмжлэгчийн “хуралдааны товыг надад мэдэгдээгүй, мэдэгдсэн бол би уг хуралдаанд оролцож, сумын Засаг даргад нэрээ дэвшүүлэх бодолтой байсан” гэх тайлбар нь үндэслэлгүй байна.
10. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах тул Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит 14 дүгээр хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Ш.С сумын Засаг даргаар томилуулахаар дахин нэр дэвшүүлсэн тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 48 дугаар зүйлийн 48.1, 56 дугаар зүйлийн 56.2, 56.5.1,56.5.2, 56.8 дах заалттай тус тус нийцсэн байна гэж дүгнэлээ.
11. Мөн нэхэмжлэгч Н.М нь Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч биш тул түүнд хуралдааны товыг мэдэгдэх, оролцуулах хууль зүйн үндэслэлгүйгээс гадна сумын Засаг даргад нэр дэвшүүлэх санал гаргах нь Хурал дах нам, эвслийн бүлгийн болон төлөөлөгчийн бүрэн эрх байхаар хуульчилсан тул өөрийн бүрэн эрхэд хамаарах сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг ирцийн хувьд хүчинтэй хуралдаанаар хуульд заасан журмын дагуу хэлэлцэж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар баталсан Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаар “Сумын Засаг даргыг томилуулахаар дахин нэр дэвшүүлэх тухай” тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-д тус тус зааснаар маргаан бүхий захиргааны акт нь хууль бус бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд хүчингүй болгохоор зохицуулсан ба дээрх байдлаар нэхэмжлэгч Н.М маргаж буй захиргааны актыг хууль бус гэж, мөн уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж тус тус үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Н.М нь шүүх хуралдааныг өөрийнхөө эзгүйд хийх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр Я.Сьездийг оролцуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 35 дугаар зүйлийн 35.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 46 дугаар зүйлийн 46.7, 48 дугаар зүйлийн 48.1,56 дугаар зүйлийн 56.8 –д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.М “Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаар “Сумын Засаг даргыг томилуулахаар дахин нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгох” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ