Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 530

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч О  нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О холбогдох 1705011880229 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын компанид туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 3, нагац дүү О.Нарансолонго, хамтран амьдрагч Д.Баяржаргал нарын хамтаар, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэл эдэлж байгаагүй

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч О  нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байранд хамтран амьдрагч Д.Баяржаргалыг “архи уулаа” гэх шалгаанаар гэр бүлийн хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О  мэдүүлэхдээ: “Улсын яллагчийн уншсан яллах дүгнэлтэд үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн мэдүүлэг авагдсан байгаа ба шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч Д.Баяржаргал мэдүүлэхдээ:  “...би 2017 оны 10 дугаар сарын 14-ий өдөр өөрийн түрээслэн суудаг гэр болох гэртээ өглөө 06 цагийн үед босоод 07 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо яаралтай тусламжийн газар орж тариа хийлгүүлээд гэрээсээ авчирсан халуун кофе, усыг оочерлож байгаа хүмүүст зарах гэхэд тухайн өдөр хагас сайн өдөр хүмүүс бага байсан. Тэгээд би буцаад гэртээ хоёр халуун саваа аваад орох үед манай хамтран амьрагч О  сэрүүн хэвтэж байсан, тэгээд би халуун саваа гэртээ оруулж тавиад буцаад унтаад өгсөн юм. Тэгээд 11 цагийн үед сэрэхэд манай хамтран амьдрагч О  ажилдаа явсан байсан. Тэгээд хоёр халуун савнаасаа цай уух гээд харахад миний хоёр халуун сав байхгүй болохоор Отгондорж руу залгахад утсаа авахгүй болохоор түүн рүү чи манайхаас зайлаарай, маний хоёр халуун сав хаана байгаа гэж асуухад би ахынхаа гэрт оруулаад тавьчихсан байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь гараад байрны доод талын дэлгүүрээс жижиг 100 гр архи 2 ширхэгийг авч уугаад унтаад өгсөн юм. Тэгээд нэг сэрсэн чинь манай нөхөр хажууд миний нүүр амнаас цус гарчихсан, байхаар нь энэ юу болсон юм бэ чи намайг яачихваа гэж хэлэхэд харин тиймээ намайг уучлаарай би чамайг харин зодчихлоо гэж хэлсэн. Би өдөр 11 цагийн үед гаднаас архи авч уугаад хэдэн цагийн үед унтсан гэдгээ мэдэхгүй байна, нэг сэрсэн чинь миний хамар амнаас цус гарчихсан байхаар нь нөхрөөсөө намайг хэн ингэж зодож байгаа юм бэ гэж асуухад харин тиймээ зодчихсон байна, намайг уучлаарай гэж хэлсэн. ...Отгондорж надаас уучлалт гуйсан, бид хоёр одоо хэрэлдэж маргалдахгүй байгаа, бид хоёр сайн дураараа эвлэрсэн...” гэжээ. /хх 4-5, 7 хуу/

 

Гэрч Д.Сосорбарам мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн үед миний гар утас руу манай охины хажуу талд амьдардаг Ариунаа гэх эмэгтэй над руу залгаад сайн байна уу, танай охин Баяржаргалыг нөхөр нь зодоод аюул болж байна, хурдан ирж авахгүй бол болохгүй байна, нөхөр нь согтуу байна, аймар зодоод байна. Би чанга ярьж чадахгүй байна, би айгаад байна, та ямар ч байсан ирж хүүхдээ ав гэж хэлэхээр нь би 10 минутын дараа нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 46-50 тоотод ороход манай охин Баяржаргал шалан дээр хэвтэж байсан ба дуудахад сэрэхгүй, хамар ам нь битүү хавдчихсан, их хүнд байсан, тэгээд би нөхөр Отгондоржоос юу болсон бэ чи яахаараа хүний охиныг ингэж зоддог юм гэж асуухад танай охин өөрөө над дээр гүйж ирдэг та одоо энэ охиноо аваад яв гэж хэлсэн, тэгэхээр нь би охин Баяржаргалыг аваад гэртээ очсон юм. Намайг очиход Баяржаргал шалан дээр уначихсан байсан, хажуу айлын хүн, Отгондорж нар байсан...” гэжээ. /хх 14-15/

 

Гэрч Ч.Ариунаа мэдүүлэхдээ: “...Манай гэр болох Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 46-55 тоотод байрлах 2 өрөө байрны жижиг өрөөг иргэн Баяржаргал, Отгондорж нар 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс манай хажуу өрөөг хөлслөж сууцгаасан юм. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед өөрийн ажлаа хийх гээд гараад лифтээр доошоо буугаад нэг давхарт ирэхэд Отгондорж надтай зөрөөд лифтэнд суусан юм. Тэгээд би өөрийн гараар хийсэн аньс, хад нэрсний жүүснүүдийг хорооллоор зарж байхад манай том хүү утсаар яриад ээжээ Отгондорж ах гаднаас ороод ирсэн чинь Буянжаргал эгч урдаас нь май май гээд салаавч өгөөд Отгондорж ах энэ хоёр зодолдоод байх шиг байна гэж хэлэхээр би та хоёрын хаалгыг онгойлгож орж ирээгүй бол дуугүй цайгаа ууцгааж бай гэж хэлсэн юм. Тэгээд би 1 цагийн дараа гэртээ ирээд хоёр хүүхэдтэйгээ уулзаад юу болсон яасан юм бэ гэж асуухад энэ хоёр хоорондоо хэрэлдээд байна гэж хэлэхээр нь би заза өмнө нь ингэж байсан юм чинь гайгүй биздээ гэж хэлсэн. Тэгээд би 18 цагийн үед би хажуу өрөөнд ороод та хоёр чинь яагаад байгаа юм бэ юу болоод байгаа юм бэ ингэж хэрэлдэж маргалдахаа болиочээ гэж хэлэхэд Баяржаргал миний урдаас энэ муу пизда одоо харахаас дургүй хүрээд байна, алаад хаямаар байна гээд байсан. Тухайн үед Баяржаргалын нүүр нь жаахан хавдчихсан байсан. Тэгэхээр нь би Баяржаргалын ээж рүү залгаад та ирж охиноо ав, их хэцүү юм муухай орилоод нөхөр лүүгээ дайраад, пиздаг ална гээд орилоод байна, бид нар тайван амармаар байна, орой болсон хойно хэрэлдээд байх юм утсаар хэлсэн боловч ирээгүй. Тэгээд 2-3 удаа залгаж байж ирж Баяржаргалыг аваад явсан юм....” гэжээ. /хх 16-17/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13278 дугаартай дүгнэлт: “1. Д.Баяржаргалын биед 2 нүдний зовхи, 2 хацар, шанаа, эрүү, хоолой, цээжний урд хэсэг, зүүн суганы ар хэсэг, 2 гарын бугалга, 2 гуя, шилбэ, тавхайн зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зүүн нүдний алимын салстын цус хуралт гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэжээ. /хх 8 хуу/

 

Иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28, 33 хуу/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

О  нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 46 дугаар байрны 55 тоот байранд хамтран амьдрагч Д.Баяржаргалыг “архи уулаа” гэх шалгаанаар гэр бүлийн хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлжээ.

            Шүүгдэгч О  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Баяржаргал /хх 4-5, 7/, гэрч Д.Сосорбарам, /хх 14-15/, гэрч Ч.Ариунаа /хх 16-17/ нарын мэдүүлэг ,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13278 дугаартай дүгнэлт /хх 8/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүгдэгч О ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүдэгч О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О  нь торгох ялыг 2018 оны 3 дугаар сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч О ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                                  Г.ЕСӨН-ЭРДЭНЭ