Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 551

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Т.Оюунжаргал,

шүүгдэгч Д.Б ,

хохирогч Ц.Отгонбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705008570160 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн,  Увс аймгийн Малчин суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар Төмөр замынн дээд сургуулийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн Төмөр замын замчин мэргэжлийн ангид суралцдаг, оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,

 Шүүгдэгч Д.Б  нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тээврийн дээд сургуулийн орчим Ц.Отгонбилэгийг цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б  мэдүүлэхдээ: “2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Тээврийн дээд сургуулиас гараад төв зам руу явж байсан. Тэгтэл Бат-Эрдэнэ Тээврийн дээд сургуулийнхантай муудалцаад зогсож байсан. Тэгэхээр нь салгах гэж очтол Тээврийн дээд сургуулийн нэг банди Бат-Эрдэнийг өшиглөөд унагаасан. Бид нар очоод салгаж дийлэхгүй байсан болохоор хойшоо зугтаасан. Тэгтэл араас нэг банди хүрээд ирсэн. Тэгэхээр нь цохих гэж байна гэж бодоод эргэж хараад цохисон гэв. Тэр цохисон хүнийг Отгонбилэг мөн байсан эсэхийг би мэдэхгүй байна” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Отгонбилэг мэдүүлэхдээ: “2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр сургууль дээрээ бие даалтын цагтаа байсан ба 14 цаг 40 минутад тараад сургуулийн дотуур байрны урд явж байтал Гансүх гэдэг залуу гарч ирээд “та нар Тээврийн дээд сургуулийнх уу” гэхээр нь бид нар “тийм” гэж хэлээд явсан. Тэгээд сургуулийн дотуур байрны үүдээр гараад явж байтал Бат-Эрдэнэ хүрч ирээд “та нар олуулаа томрох гээд байгаа юм уу” гэж хэлсэн. Тэр үед Бат-Эрдэнэтэй хамт хэдэн хүүхэд зэрэгцээд явж байсан ба тэр дунд Б  байсан. Тэгээд бид нар муудалцаад манай найз Тэмүүлэн эхлээд дайрсан. Тэгэхээр нь түүнийг салгасан. Гэтэл манай найз Намсрайг хүнтэй муудалцаж байхаар нь салгаж байтал Б  намайг цохисон. Тэгээд зодоон болсныг би хараагүй ба эмнэлэгт үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт эхний өдөр үзүүлэхэд зүгээр байна гэсэн боловч дараагийн өдөр хамраас цус гараад байхаар нь дахин үзүүлтэл цөмөрсөн байсан. Хохирлын баримтыг хэрэгт өгсөн. Ойролцоогоор 1.200.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. 2018 оны 01 дүгээр сард хагалгаанд орж хадаасаа авхуулна. Б г намайг цохиж байхыг харсан хүмүүс байдаг” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч Д.Б  нь Ц.Отгонбилэгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Ц.Отгонбилэгийн “ Би 2017 оны 09 дүгээр сарын 25-ны орой 18 цаг орчимд өөрийн сургууль болох Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд байрлах Төмөр замын дээд сургуулийн гадаа Бөхбат, Баярсайхан, Гүррагчаа, Ренчинчогсом, Эрдэнэбаяр, Довчин нарын хамт сургуулийн дотуур байрны гадна талд байж байхад Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурдаг Гансүх гэх залуу над дээр ирээд та нар тээврийн дээдийнхэн мөн үү гэхээр нь мөн гээд цаашаагаа яваад өгсөн юм. Тэгээд манай хоёр найз Ренчинчогсом, Эрдэнэбаяр нар нь сургуулийн байрнаас гарч ирээд та нар олуулаа яах гээд байгаан гээд Бат-Эрдэнэ гэх залуу нь хэлсэн. Тэгэхээр нь бид нарт ямар ч асуудал байхгүй, та нар уусан архиа шингээ гэж хэлтэл Бат-Эрдэнэ мөн Б  гэх хоёр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан манай найз Тэмүүлэнг бариад авсан. Тэгэхлээр нь би очоод салгасан. Тэгтэл цаад талд нь манай найз Намсрайг хоёр хүүхэд бариад авсан байхлаар нь бас салгах гээд очтол хажуу талаас Б  ирээд миний зүүн нүд хэсэг рүү нэг удаа цохисон. Тэр үед нь би нүдээ бариад холдоод явсан юмаа.

...Зодоон болох  үед ногоон өнгийн бомбер өмссөн уртавтар үстэй сүүлд нэрийг нь сонсоход Б  гэж сонссон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5-6 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №12256 дугаартай шинжээчийн:

“1. Ц.Отгонбилэгийн биед зүүн гайморовын урд, ард ханын зөрүүтэй цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод хана, ар ханын зөрүүтэй далд хугарал, зүүн гайморовын хөндийн цус хуралдалт, зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 9 дүгээр хуудас/

 

Гэрч Г.Тэмүүлэнгийн “ ...зодоон дууссаны дараа Отгонбилэг хэлэхдээ Намсрайг салгах гээд очтол нэг залуу намайг араас татаж байгаад цохичихлоо, миний нүд хэр болсон байна гээд асууж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

 

Гэрч Б.Намсрайгийн “... Би тэд нарын араас очоод зогстол хоёр нь араас ирээд заамдаад ТҮЦ-ны урагшаа чирээд явсан. Тэгэж байтал манай ангийнхан намайг салгасан. Хоёулаа намайг цохиж зодсон. ... Отгонбилэг цохиулчихлаа гээд ирсэн. Чамайг салгах гэж байгаад цохиулчихлаа гэж байсан. Бас ногоон бомбертай хүүхэд намайг цохисон гэж цагдаа дээр анх ирэх үедээ хэлсэн юм. Довчин, Тэмүүлэн хоёр цагдаа дээр ирсэн хойно одоо Б  гэх залууг чи Отгонбилэгийг цохисон ш дээ гэж байсан. Дараа нь Отгонбилэг ирээд тэр залууг шууд таниад энэ залуу байна гээд заасан. ... Отгонбилэг гаднаас байцаагчийн өрөө рүү орж ирээд тэр хүүхдийг шууд намайг цохисон хүүхэд мөн гэж заасан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14 дүгээр хуудас/

 

Гэрч Гүррагчаагийн “ ...тэр үед Намсрайг хоёр залуу дундаа хийгээд цохиж байсан. Тэр үед Отгонбилэг, Намсрайг салгах гэж очоод Намсрайг зодож байсан хоёр залуугийн нэгэнд нь цохиулаад ойр хавьд байсан машины дэргэд очоод газар суусан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17 дугаар хуудас/

 

Гэрч Э.Эрдэнэбаярын “ ...бөөнөөрөө зогсож байтал Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хүүхдүүд согтуу хүрээд ирсэн. 3-4 хүүхэд ирсэн. Бүгд согтуу байсан. Намсрай салгах гэтэл хоёр хүүхэд нь Намсрайг газар унагаасан. Тэгээд зодоон болсон. Тэгээд л ер нь харилцан зодолдсон. Тэр хавиар хүмүүс бөөгнөрөөд цагдаа дуудсан. Та нар тар гэж хүмүүс хашгиралдаад бид нар ч ийш тийшээ зугтаах маягтай тарцгаасан. Эргээд ангийнхантайгаа уулзсан чинь Отгонбилэг гэмтэл рүү явчихсан байсан. Бид нар араас нь явсан. Гэмтэл дээр очоод харахад Отгонбилэгийн зүүн хацар хонхойсон байсан”  гэсэн мэдүүлэг. /хэргийн 19 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Речинчогсүмийн “ ...Тэгтэл Бат-Эрдэнэ Тэмүүлэн рүү тулж ирээд байсан. Араас нь манай ангийн нэг татаад холдуулсан. ...Тэгтэл зүүн талд Намсрайг хоёр нь барьж аваад цохиж аваад Отгонбилэг салгах гээд очиж байсан. ... Зодоон салж байхад Отгонбилэг цохиулчихлаа гээд өөрийг нь цохисон залууг заасан. ... Гүррагчаа, Эрдэнэбаяр, Тэмүүлэн бид хэд Отгонбилэгийг дагуулаад эмнэлэг явсан.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20 дугаар хуудас/

 

Гэрч Баярсайханы “ ... Бат- Эрдэнэ гэх нэрийг нь мэддэг болсон залуу өөр 3 залуутай хүрээд ирсэн. Бат-Эрдэнэ нь нилээн согтуу байсан. Та нар Тээврийн дээдийхэн мөн үү та нар яах гэж байгаа юм гээд байсан. ... Тэгсэн чинь нөгөө хоёр нь Намсрайг бариад авсан цохиод байсан. Тэгтэл Отгонбилэг салгах гээд очтол бордуу банди Отгонбилэгийг татаж ирснээ цохичихсон. Би Отгонбилэгийг цохисон залууг одоо харвал танина.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21 дүгээр хуудас/

 

Гэрч Н.Балдоржийн “... цагдаа дээр ирэхэд Б д цохиулсан гэх хүүхэд нь Б г таньж байсан. Б д хандаад “чи намайг цохисон биз дээ” гэхэд Б  “би цохисон үнэн” гээд байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Д.Б гийн яллагдагчаар өгсөн  “ ...Тэгээд цаашаа Төмөр замын чуулгын байрны тэнд очоод зогстол одоо надад цохиулсан банди ард ирчихсэн байсан. Би намайг цохих гэж байна гэж бодоод зүүн шанаа орчим нь гараараа  нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 34 дүгээр хуудас/

“... Би тэр өдөр ногоон бомбер загварын куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй, түрийтэй хар ботинктой байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоодсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Д.Б  нь тухайн үед болсон маргааны улмаас Ц.Отгонбилэгийг нүүрэн тус газар нь цохиж гэм буруугийн санаатай хэлбэрээр түүний биед зүүн гайморовын урд, ард ханын зөрүүтэй цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод хана, ар ханын зөрүүтэй далд хугарал, зүүн гайморовын хөндийн цус хуралдалт, зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий гэмтэл учруулсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл гэж тогтоожээ.

 

Иймд шүүгдэгч Д.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Б гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд нийтэд тустай ажил хийлгэх ял сонгож оногдуулахаар шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Отгонбилэгт учирсан хохирлын талаарх баримтууд хэрэгт авагдсан бөгөөд /хэргийн 8, 42 дугаар хуудас/ эдгээр баримтуудаар хохирогчид учирсан хохирлыг тооцоход 1.118.460 /нэг сая нэг зуун арван найман мянга дөрвөн зуун жар/  төгрөгийн   баримт  авагджээ.

Иймд уг төлбөрийг гаргуулж хохирогч Ц.Отгонбилэгт олгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 Хохирогч Ц.Отгонбилэг нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх тул гарах хохирол, хор уршигийг нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдвал зохино.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б  баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй байна.

 

Шүүгдэгч  Д.Б гийн үйлдэлд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байх бөгөөд харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.     

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

           

1. Б г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б г  300 /гурван зуу/  цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Б д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Б  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6.  Д.Б гаас  1.118.460 /нэг сая нэг зуун арван найман мянга дөрвөн зуун жар / төгрөг гаргуулж хохирогч  Баянгол дүүргийн 8 дугаар хороо 09А дугаар байрны 57 тоотод оршин суух Цогтын Отгонбилэгт /РД:УП96030453/ олгосугай.

 

7. Хохирогч Ц.Отгонбилэг нь цаашид гарах хохирол, хор уршигийг нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                              

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          А.АЛТАНХУЯГ