Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 133/ШШ2024/00400

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжэгч: ************** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........... аймгийн ******************** холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************, хариуцагчийн өмгөөлөгч **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Шүүх хуралдаанд оролцогчийн ирцтэй холбогдуулан зохигчид нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн төлөөлөгч ********** эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэлийн шаардлага: ......... аймгийн ********** захирлын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/04 дугаар эмч ************** ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, эмчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл: ********** 2022 оны 9 сараас эхлэн эмчийн ажлыг хийж байсан. Ажиллах хугацаандаа үүрэгт ажилдаа алдаа дутагдал гаргаагүй идэвхи санаачлагатай ажиллаж байсан. Боловсролын тухай хуулий 14 дүгээр зүйлийн 14.3 заалтыг зөрчиж хууль бус тушаал гаргаж ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

********* миний бие ......... аймгийн *********** 2022 оны 09 дүгээр сараас эхлэн эмчийн ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, идэвхи санаачлагатай ажиллаж байсан. Гэтэл ажил олгогчийн зүгээс гэнэт 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б/04 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал үйлдэж үндсэн орон тоо хасагдсан тул ажлаас чөлөөлж байна гэсэн. Гэтэл надад орон тоо цөөрсөн талаар мэдэгдэж байгаагүй. Үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байх тул .......... аймгийн ******** захирлын Б/04 дугаар эмч ********** ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хйлгүүлж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч ******* нь ********* эмчээр ажиллаж байсан. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн а/494 а/761 Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдтай хамтарсан тушаалын дагуу ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт эмч зайлшгүй ажиллах шаардлагатай гэдэг үндэслэлээр анх томилогдон ажилласан. 2022 оноос хойш томилогдон ажиллаж байгаад ажил олгогчийн зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ********** ажлаас чөлөөлсөн байдаг. Ингэж ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан буюу орон тоо цөөрсөн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Энэ чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. *********** эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүх хуралдаан хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.

4. Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ************ захирлын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/04 тушаалаар тус сургуулийн эмчээр ажиллаж байсан *********** үндсэн орон тоо хасагдсан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлсөн бөгөөд *********** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын 2018 оны хамтарсан тушаалаар баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг нормативаар 481-ээс дээш суралцагчтай сургууль эмчтэй байхаар баталсан бөгөөд .......... сумын ерөнхий боловсролын сургууль нь 401 суралцагчтай учир эмчгүй ажиллах шаардлагатай болсон.

Тухайн шийдвэрийн хэрэгжилтийг хангах талаар Боловсролын ерөнхий 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/1711 албан бичиг, ........... аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 305 тоот албан бичгүүд ирүүлж 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жишиг нормативаас илүү ажиллаж байгаа ажилтнуудын цалинг санхүүжүүлэх боломжгүй талаар чиглэл өгч, тус шийдвэрийн хувийг Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байдаг.

********** 2023 оны батлагдсан төсөвт эмчийн орон тооны төсөв бүрэн суугдаж батлагдсан учир ********** эмчийг тухайн онд цалинжуулж боломжтой учраас ажил олгогчийн хувьд ажиллуулсан байдаг.

Харин 2024 онд тухайн орон тооны цалин хасагдсан учир 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ********* ажил олгогчоос мэдэгдэл хүргүүлж орон тоо хасагдсан учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн. 

Цалингийн сан орон тоонд хүрэлцэхгүй учраас *********** захирлын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/02 тушаалаар 2024 онд ажиллах багш, ажилчдын орон тоо, бүтцийг жишиг нормативт нийцүүлсэн баталсан бөгөөд сургуулийн эмчийн орон тоо хасагдсан байна.

2024 оны 01 дүгээр сард сургуулийн эмчийн орон тоо илүү ажиллуулсантай холбоотойгоор бусад ажилчдын нэмэгдэл цалинг олгох боломжгүй байдалд хүрсэн учир *********** захирлын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/04 тушаалаар ***************** ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна.

********** хөдөлмөрийн гэрээний биелэлт, хөдөлмөрийн дотоод журам, сахилгын шийтгэлийн үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй бөгөөд тухайн орон тоо нь хасагдаж, санхүүжилтгүй болсон учир ажлаас чөлөөлсөн болохыг анхаарч үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримтын жагсаалт:

- ........... аймгийн ************ захирлын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/04 дугаартай эмч ************ ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар

- Эрүүл мэндийн сайд, Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/494, А/761 дугаартай үлгэрчилсэн загвар, жагсаалт батлах тухай тушаал хуулбар

- ********* нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт

6. Хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтын жагсаалт:

- Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч *********** 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаартай албан бичиг,

- Мэдэгдэх хуудас/2024.01.02/

- ........... аймгийн ********* өдрөөр суралцагчдын 2023-2024 оны хичээлийн жилийн тайлан

- ........... аймаг *************** 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/02 дугаартай 2024 онд ажиллах багш ажилчдын орон тоо, албан тушаалын жагсаалт батлах тухай тушаал, уг тушаалын хавсралт

- ....... аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 305 дугаартай албан бичиг,

- Боловсролын Ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн албан бичиг

- Боловсрол, шинжлэх ухаан, спортын газрын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дугаар тушаалын хавсралт

- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, сангийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дугаартай орон тооны жишиг норматив батлах тухай хамтарсан тушаал, уг тушаалын хавсралт

7. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

- ......... аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 205 дугаартай албан бичиг

- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, сангийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дугаартай орон тооны жишиг норматив батлах тухай хамтарсан тушаал, уг тушаалын хавсралт

- Төсвийн зарлагын 2024 оны хуваарь

- ........ аймгийн ******** бүтэц, орон тооны хүснэгт

- ........ аймгийн ******** захирлын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/42 дугаартай ****** ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

- ........ аймгийн ********** захирлын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/04 дугаартай эмч ************ ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

- Хөдөлмөрийн гэрээ/***************/-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

- Албан тушаалын тодорхойлолт

- ... аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 3/680 дугаартай албан бичиг

- Гэрч *************** мэдүүлэг

- Боловсролын Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/2264 дугаартай албан бичиг

- Боловсролын Ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01/1171 дугаартай албан бичиг

- Боловсролын Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 01/3407 дугаартай албан бичиг

- ........ аймгийн ************* жилийн нийт батлагдсан төсвийн задаргаа

- Монгол Улсын Боловсролын яамны 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2/705 дугаартай албан бичиг

- Эрүүл мэндийн сайд, Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/494, А/761 дугаартай үлгэрчилсэн загвар, жагсаалт батлах тухай тушаал, уг тушаалын 1, 2, 3, 4 дүгээр хавсралт

- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дугаартай орон тооны жишиг норматив батлах тухай тушаал, уг тушаалын хавсралт

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч ********** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч ******** ........... аймгийн *********** холбогдуулан .......... аймгийн ********** захирлын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/04 дугаар эмч ************* ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, эмчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч *********** нь ........ аймгийн ********** эмчээр ажиллаж байсан болох нь ........ аймгийн ******** захирлын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/42 дугаартай ********** ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ..... аймгийн ********** захирлын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/04 дугаартай эмч ******** ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, албан тушаалын тодорхойлолт, ********* нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул хөдөлмөрийн харилцааны явцад үүссэн, шүүхэд харъяалагдах асуудлаар шүүхэд уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д дараах хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэнэ гээд 158.1.1-д энэ хуулийн 154.8-д заасны дагуу гаргасан гомдол, 154 дүгээр зүйлийн 154.8-д сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан хэдий ч 158 дугаар зүйлийн 158.2-д Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж, 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж зааснаас үзэхэд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг сонгох боломжийг бий болгосон буюу эрх олгосон хэм хэмжээ байх тул эрхийг албадан эдлүүлэх боломжгүй юм.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан бол шүүхээр шийдвэрлэхээр заасан байх тул нэхэмжлэгч *********** нь уг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хэргийн харъяалал зөрчөөгүй байна.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хандах эрхтэй гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-д заасан журмын баримтлан нэхэмжлэгч********** нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/04 дугаартай тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзэв.

5. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд .......... аймгийн ****** нь ******* 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр эмчээр томилон ажиллуулснаар зохигчдын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.

6. Нэхэмжлэлийн шаардлагын талаархи үйл баримт буюу ажилтанг ажлаас чөлөөлсөн үйл явц, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хууль зүйн үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл ажил олгогч ажилтанг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/04 дугаартай эмч ************ ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцлан дуусгавар болгож, ажлаас чөлөөлжээ.

7. Ажил олгогч ажлаас чөлөөлөх үндэслэлээ тодорхойлж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Боловсролын ерөнхий хуулийн 33.3.2 дахь заалт, Боловсролын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/1711 тоот албан бичиг, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг тус тус баримтлан бичиж ажлаас чөлөөлсөн байна.

Боловсролын ерөнхий хуулийн 33.3.2 дахь хэсэгт тухайн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг хуульд заасны дагуу томилж, чөлөөлөх гэж,

Боловсролын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/1711 тоот албан бичигт Монгол Улсын боловсролын салбар 2022 оноос хувьсах зардал, гүйцэтгэл, ур дүнгийн санхүүжилтийн системд шилжиж, танай сургуулийн 2023 оны төсвийг Засгийн газрын 2022 оны 91 дугаар тогоолын дагуу хүүхдийн тоо, холбогдох итгэлцүүрүүдэд тооцож хуваарилсан. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт заасны дагуу тесвийн шууд захирагч батлагдсан төсөвтөө багтаан, өр, авлага үүсгэхгүй ажиллах үүрэгтэй. Мөн Боловсрол, соёл, шинжлах ухаан, спортын сайд, Сангийн сайдын 2018 оны хамтарсан А/024/11 дугээр тушаалаар еренхий боловсролын сургуулийн багшаас бусад ажилтны орон тооны жишиг нормативыг баталсан. Энэхүү жишиг нормативаас илүү байгаа ажилтнуудын цалинг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн санхүүжүүлэх боломжгүй болж байгааг энэхүү албан бичгээр мэдэгдэж байна гэж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэж тус тус заажээ.

8. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны эсвэл ажил олгогчийн санаачилгаар цуцална.

9. Дээрх тушаалд үндэслэл болгосон бусад хууль болон албан бичиг нь ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоход чиглэсэн агуулгатай байна. Тодруулбал Боловсролын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/1711 тоот албан бичгийг үндэслэн тухайн сургуулийн эмчийн орон тоо хасагдсан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-д заасан ажлын байр хасагдсан гэх заалтын дагуу Говь-Алтай аймгийн ************** нь ************* ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлжээ.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай.

........... аймгийн ************** захирал нь ажил олгогчийн санаачлагаар нэхэмжлэгч ********* хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг баримталсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт ... аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж тус тус заажээ.

Ажил олгогч нь ажилтанд орон тоо хасагдсан талаар мэдэгдсэн болохоо нотлохоор хэрэгт 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн мэдэгдэх хуудсыг гаргаж ирүүлсэн боловч тухайн мэдэгдэх хуудасны огноогоор тооцоход хуульд заасан 30 хоногийн хугацааг баримтлаагүй, мэдэгдэх хуудсыг *********** хэзээ, хэрхэн, яаж гардуулж мэдэгдсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй буюу уг мэдэгдэх хуудсыг өгсөн эсэх нь хэргийг шийдвэрлэхэд хууль зүйн ач холбогдолтой байхад хариуцагч нь дээрх хуулийн заалтын дагуу нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Тодруулбал хариуцагчаас ......... аймгийн ******* захирлын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/04 дугаартай эмч ******** ажлаас чөлөөлөх тухай тушаалд Боловсролын ерөнхий хуулийн 33.3.2 дахь заалт, Боловсролын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/1711 тоот албан бичиг, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг тус тус баримталсан атлаа ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудсыг ********* хэзээ, хэрхэн, яаж гардуулж, мэдэгдсэн талаарх баримтыг хариуцагчаас хавтаст хэргийн материалд нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

10. Ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэл хүргүүлэх журмыг баримтлалгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлээр мөн хуулийн 80.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ********* ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй буюу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо хөдөлмөрийн хуульд заасан журмыг баримтлаагүй байна. Хуулийн дээрх заалт нь ажлаас халагдах болсны үр дагавар буюу тухайн үндэслэлийг судлах, дараагийн ажлын байраа олох зэргээр үр дагаварыг шийдвэрлэх боломжийг ажилтанд олгох зорилготой ба энэхүү байдлыг нотолгоожуулах замаар ажилтны эрх ашгийг хамгаалсан зохицуулалт юм.

Орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөхөд Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэхгүй байх ойлголт, зохицуулалт байхгүй юм.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй гэжээ.

Хариуцагч нь дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн шийдвэрийнхээ үндэслэлийг бүрэн нотлоогүй болно.

12. Иймд **************** урьд эрхэлж байсан ажил болох ......... аймгийн ***************** эмчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх үндэслэлтэй байна.

11. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-д ...ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч ************ нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөхөөс өмнөх гурван сарын хугацааны цалин 2023 оны 10, 11, 12 сар буюу 1,443,470+1,443,470+2,628,320=5,515,260 төгрөг байх бөгөөд уг хугацааны ажлын нийт өдөр болох 62 өдөрт хувааж, нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцоход 5,515,260:62=88,955 төгрөг байна.

2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал ажлын 164 өдрөөр тооцож үзвэл ************* олгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нийт 88,955*164=14,588,260/арван дөрвөн сая таван зуун наян найм мянга хоёр зуун жар/ төгрөг байх тул үүнийг ......... аймгийн ************** гаргуулан нэхэмжлэгч ************* олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж зааснаар дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч ************* нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ......... аймгийн ******************** даалгах үндэслэлтэй байна.

12. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 14,588,620 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 230,893 төгрөг, нийт 301,093 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ************* урьд эрхэлж байсан ажил буюу.......... аймгийн ************ эмчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч ....... аймгийн *********** 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нийт 14,588,620 /арван дөрвөн сая таван зуун наян найм мянга хоёр зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************* олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч ********* нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулалт хийхийг хариуцагч ......... аймгийн *********** даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 14,588,620 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 230,893 төгрөг, нийт 301,093 төгрөгийг хариуцагч ........ аймгийн *********** гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН