Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0850/З |
Дугаар | 128/ШШ2019/0472 |
Огноо | 2019-08-07 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2019/0472
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Д.Халиуна, иргэдийн төлөөлөгч А.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, гуравдагч этгээдийн төлөөлөгч Х.И*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, өмгөөлөгч Ц.Ц******* нарыг оролцуулан Т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай "Т******* ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 3, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож, сүүлд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/25 дугаар захирамжаар сунгалт хийснээр хуулийн дагуу уг газрыг эзэмшиж байна.
Б******* ХХК 25 га газрыг нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/375 дугаар захирамжаар давхцуулах олгосон тул Т******* ХХК-ийн газрын давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүхэд гаргасан боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2016/0251 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаар тогтоолоор ... Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт заасныг баримтлан "Б******* ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахдаа тус компанид 2007 онд газар эзэмшүүлсэн анхны байршил болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт, эсхүл гуравдагч этгээд Т******* ХХК-ийн эзэмшил 140 га газарт давхцуулахгүйгээр газрын кадастрын байршлыг тогтоох байдлаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх болохыг дурдсугай гэж заасан. Гэтэл Нийслэлийн Засаг даргаас шүүхийн шийдвэрийг биелүүлж 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/878 дугаар захирамжийг гаргахдаа үндэслэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан нөхцөл байдлаар бус Т******* ХХК-ийн шүүхээр хамгаалагдсан эрх ашгийг нь зөрчиж эзэмшил газрын хэмжээг 25 га-аар багасгасан байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/878 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Т******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ ... Б******* ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахдаа тус компанийн 2007 онд газар эзэмшүүлсэн анхны байршил болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт, эсхүл Т******* ХХК-ийн эзэмшил 140 га газартай давхцуулахгүйгээр газрын кадастрын байршлыг тогтоохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Т******* ХХК-д анх 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/25 дугаар захирамжаар олгогдсон байсан 140 га газар эзэмших хууль ёсны эрхийг буцаан сэргээж өгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/878 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах гэж, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ... Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/878 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Б******* ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахдаа тус компанийн 2007 онд газар эзэмшүүлсэн анхны байршил болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт, эсхүл Т******* ХХК-ийн эзэмшлийн 140 га газартай давхцуулахгүйгээр газрын кадастрын байршлыг тогтоохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа Т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ хоёр компанийн газартай холбоотой маргаан өмнө нь гурван шатны шүүхээр бүрэн шийдэгдсэн. 2016 оны 4 дүгээр сард гарсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг Улсын Дээд шүүхээс хэвээр үлдээсэн. Уг магадлалд Б******* ХХК-ийн 25 га газрын газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа нь хууль бус, яаралтай эрхийг нь сунгана уу. Ингэхдээ Б******* ХХК-д 2007 онд газар эзэмшүүлсэн анхны байршил болох хэсэгчилсэн төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт эсхүл Т******* ХХК-ийн эзэмшил 140 газартай давхцуулахгүйгээр газрын кадастрын байршлыг тогтоож, сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгасан.
Гурван шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хэрэгжсэн бөгөөд Т******* ХХК-ийн 140 га газартай давхцуулсан байна гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хууль бус захирамж гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа тул үүнийгээ хүчингүй болгож, Б******* ХХК-д Т******* ХХК-ийн газар эзэмших эрхийн байршилтай давхцуулахгүйгээр шинэ байршилд 25 га газрын сунгалтын асуудлыг шийдвэрлэж өгнө гэдгийг шүүх хуралдаанд илэрхийлж байна.
Өмнөх гурван шатны шүүх хуралдааны шийдвэрийг эргэж харвал бүх газрын анхны байршил, газар эзэмших эрх гэх мэт асуудлууд шийдэгдсэн. Нийслэлийн Засаг даргын 2018 оны Б******* ХХК-ийн 25 га газрыг сунгасан захирамжтай холбоотой маргааныг хэлэлцэж байна. Өөрсдийн бурууг хүлээн зөвшөөрч, гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг сэргээж өгнө. Иймд хэн нэгэн этгээдийн эрх ашиг хөндөгдөхгүй учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай албан бичиг ирүүлсэнтэй холбоотой хүсэлт байна. Шүүх хуралдаанаар асуудлыг хэлэлцэж өгнө үү. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бусад этгээдийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хөндөж байна. Учир нь Нийслэлийн Засаг даргын 878 дугаар захирамж гарснаар Б******* ХХК-ийн 2007 оноос хойш эзэмшиж чадахгүй байсан газар дээрээ кадастрын зураг хийлгүүлж, гэрээ, гэрчилгээгээ авсан. Энэ захирамж хүчингүй болсон тохиолдолд бүх гэрээ, гэрчилгээ хүчингүй болно. Иймд энэ компанийн эрх ашиг зөрчигдөхгүй гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд маш тодорхой тайлбарласан. Үүнийг нэхэмжлэгч, хариуцагч нар талаас нь хойш уншиж байна. 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 975 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын хугацааг сунгах гэж байна. Энэ нь маш тодорхой. Үүнтэй холбоотой байрлалыг нь зааж өгөхдөө Б******* ХХК-ийн газар эзэмшүүлэх эрхийг сунгахдаа компанид 2007 онд эзэмшүүлсэн анхны байршил болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх хэсэгт эсхүл Т******* ХХК-ийн газартай давхцуулахгүйгээр гэж байна. Эсхүл гэдэг үгний өмнөх хэсгийг хэрэгжүүлбэл Б******* ХХК-д газар олго, энэ үгнээс хойших хэсгийг хэрэгжүүлбэл Т******* ХХК-ийн газартай давхцуулахгүй байх гэсэн утга юм.
2007 онд анх эзэмшүүлсэн газар дээр сунгах юм бол Т******* ХХК-ийн газартай давхцуулахгүй гэсэн үг байна уу? Эсхүл гэдэг үг нь өөрөө сонголт юм. Энэ үгнээс хойш үгийг урдах үг рүү аваачиж тайлбарлаж болохгүй. 2007 оны захирамж хэрэгт авагдсан байгаа. Уг захирамжид Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Б******* ХХК-д орон сууц, үйлчилгээний цогцолборын барилгын зориулалтаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Наадамчдын гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд талд гэж байршлыг заасан байна. 2013 онд сунгасан 975 дугаар захирамж нь мөн энэ байршилд байна.
2006 онд тус дүүргийн 6, 7 дугаар хороонд газар эзэмшсэн этгээдийн газартай хэрхэн давхцах вэ? Энэ нь ойлгомжгүй байна. Б******* ХХК уг газарт 3.3 тэрбум төгрөг төлж, төсөл сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн нь утгагүй зүйл болж үлдэх үү? Хууль бус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нэрээр Улсын Дээд шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж болохгүй. Иймд заавал шүүх хуралдаанаар асуудлыг шийдвэрлүүлмээр байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/878 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Б******* ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахдаа тус компанийн 2007 онд газар эзэмшүүлсэн анхны байршил болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт, эсхүл Т******* ХХК-ийн эзэмшлийн 140 га газартай давхцуулахгүйгээр газрын кадастрын байршлыг тогтоохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэж эцсийн байдлаар тодруулсан.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01/3043 тоот албан бичгээр Т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн байна.
Мөн Нийслэлийн Засаг даргаас 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 01/3458 тоот албан бичгээр Т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Д, тус хэлтсийн мэргэжилтэн С.М******* нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.2, 21.2-т заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн оролцуулахаар итгэмжлэл олгожээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ бөгөөд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд Б******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх тухай хүсэлтээ тус тус илэрхийлж холбогдох тайлбарыг хийсэн.
Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ... Нэхэмжлэгч компаниас Б******* ХХК-ийн 25 га газрыг сунгасан байршилтай холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нийслэлийн Засаг даргын зүгээс Б******* ХХК-ийн 25 га газрыг сунгахдаа 2018 онд шүүхийн шийдвэрийг үндэслэж сунгасан. Ингэхдээ Т******* ХХК-ийн эзэмшиж байгаа 140 га газартай давхцуулсан байдлаар сунгасантай нэхэмжлэгч маргасан. Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа боловч Б******* ХХК-ийн эрх ашгийг хөндөх ёсгүй бөгөөд гурван шатны шүүхийн шийдвэрээр газар эзэмших эрхийг нь сунгасан. Улсын Дээд шүүхийн тогтоол болон магадлалыг Нийслэлийн Засаг дарга зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, хууль бус захирамж гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа тул үүнийгээ хүчингүй болгож, Б******* ХХК-д Т******* ХХК-ийн газар эзэмших эрхийн байршилтай давхцуулахгүйгээр шинэ байршилд 25 га газрын сунгалтын асуудлыг шийдвэрлэж өгнө гэдгийг шүүх хуралдаанд илэрхийлж байна.
Тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга С.Б******* захирамж гаргахдаа Б******* ХХК-ийн 25 га газрыг Т******* ХХК-ийн эзэмшлийн 140 га газартай давхцуулсан нь Нийслэлийн Засаг дарга С.А*******аас компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх чиглэл өгсөн. Ингэхдээ Б******* ХХК-тай ярилцаж, бусдын газартай давхцуулахгүйгээр 25 га газрын асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг уламжилж байна. гэх тайлбарыг хийсэн.
Хэргийн оролцогчдын гаргасан хүсэлт, тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн Т******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь гуравдагч этгээд Б******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь Т******* ХХК-д 2006 онд, Б******* ХХК-д 2007 онд анх газар эзэмших эрх үүссэн, эзэмшил газрын анхны байршил хаана болох, тухайн дүүргийн хороодын дугаар хэрхэн өөрчлөгдсөн болох, мөн нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзэмшил газар хэрхэн, яаж давхацсан талаарх үйл баримтыг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 0251 дүгээр магадлалыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн нь хуулийн хүчин төгөлдөр байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 0251 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар ... Б******* ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, тус компанид Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/975 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын хугацааг сунгах үйл ажиллагаанд санаатай саад учруулж, гэрээний хугацааг сунгах үйл ажиллагааг тасалдуулж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоон, гэрээг сунгахыг хариуцагчид даалгасугай гэж, 2 дахь заалтаар ... Нийслэлийн Засаг даргын 2006 оны 568 дугаар захирамжаар Т******* ХХК-д Хан-Уул дүүргийн 6, 7 дугаар хороонд газар олгогдсон байхад нийслэлийн Өмчийн харилцааны газраас зориудаар кадастрын мэдээллийн санд Б******* ХХК-ийн тус дүүргийн 10 дугаар хороонд олгогдсон газартай дамнуулан бүртгэсэн үйлдлийг хууль бусад тооцуулах, Б******* ХХК-д хууль ёсоор эзэмшиж буй газрын кадастрын нэгж талбарыг устгасан үйлдлийг хууль бусад тооцож, газрын кадастрын бүртгэлийг сэргээхийг даалгах, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, Б******* ХХК-д хууль ёсны эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо /хуучнаар 10 хороо/-нд байрлах 25 га газарт орон сууц, үйлчилгээний хорооллын төсөл хэрэгжүүлэх ажилд хууль дүрмийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар батлахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтаар ...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б******* ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахдаа тус компанид 2007 онд газар эзэмшүүлсэн анхны байршил болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт, эсхүл гуравдагч этгээд Т******* ХХК-ийн эзэмшил 140 га газартай давхцуулахгүйгээр газрын кадастрын байршлыг тогтоох байдлаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх болохыг дурдсугай гэсэн заалтыг нэмсүгэй гэж шийдвэрлэжээ.
Иймд Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн хэргийн үйл баримтыг анхан шатны шүүх дахин хэлэлцэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч Т******* ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан ... Б******* ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахдаа тус компанийн 2007 онд газар эзэмшүүлсэн анхны байршил болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт, эсхүл Т******* ХХК-ийн эзэмшлийн 140 га газартай давхцуулахгүйгээр газрын кадастрын байршлыг тогтоохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан нь дээрх 0251 дүгээр шүүхийн магадлалд заасныг хариуцагч хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэл болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно., мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д ... энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн ..., хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... ийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хууль ёсны бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэх болно.
Тухайн хэрэг анхан шатны журмаар хянан шийдвэрлэгдэж байгаа боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 22 тоот Хэргийг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэхээр тогтоох тухай тогтоолын дагуу тус шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0514 тоот Шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай шүүгчийн захирамжаар тухайн хэргийг бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэв.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-д Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байна. гэж заасны дагуу тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШЗ2019/0282 тоот Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийн хүчин төгөлдөр байх хугацаа энэхүү тогтоол гарсан 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөр дуусгавар болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т******* ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/878 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Б******* ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахдаа тус компанийн 2007 онд газар эзэмшүүлсэн анхны байршил болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт, эсхүл Т******* ХХК-ийн эзэмшлийн 140 га газартай давхцуулахгүйгээр газрын кадастрын байршлыг тогтоохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээд Б******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дах хэсэгт заасны дагуу энэхүү шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА