Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/964

 

 

 

 

 

      2022           10             6                                          2022/ДШМ/964                     

 

Д.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Гансувд,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Х.Мөнгөнсүх,

хохирогч П.Ц,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/795 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Огийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Од холбогдох эрүүгийн 2209 01174 1198 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            З овгийн Дгийн О, .... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ................ аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй, ..................................... техникийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 1, ....................... дүүргийн .... дүгээр хороо, ....................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор ....................... дүүргийн .... дугаар хороо, .... дугаар байрны .... тоотод түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД:................................./;

            Шүүгдэгч Д.О нь П.Цын “Платин Ултима” нэртэй койны хэтэвч рүү нэвтрэх мэдээлэл болох QR кодууд, иргэний үнэмлэхийн ар өврийн зураг зэргийг өөрийн Google Drive хаяг руу хуулж улмаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36 дугаар байрны 22 тоотод байхдаа дээрх мэдээллийг ашиглан түүний цахим хэтэвч рүү нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч “Платин Ултима” койны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 5 дугаар сарын 29-ний өдрийн хооронд орж ирсэн хүү болох 163.203.042 төгрөгийг дээрх цаг хугацаанд 18 удаагийн үргэлжилсэн үйлдлээр өөрийн “Binance Holding LTD” кривтовалютын биржээр дамжуулан өөрийн Голомт банкны 2705134051 дугаартай данс руу шилжүүлэх үйлдлээр хулгайлан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З овгийн Дгийн Ог цахим төхөөрөмж, хууль бусаар халдаж, мэдээллийг хуулбарлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3 /гурав/-н жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Д.О нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.Огийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Д.О нь шүүхээс өөрийн холбогдсон эрүүгийн хэрэгт гаргасан шүүхийн дүгнэлт болон үндэслэлтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй. Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй, гэм буруугаа чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Хохирогч нь хохирлоо бүрэн барагдуулан авсан, санал хүсэлт, гомдол байхгүй болохоо илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг үндэслэл болгон шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг ялын доод хэмжээгээр буюу торгох болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа бөгөөд хохирол төлбөр төлж барагдуулсан. Давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.

Хохирогч П.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Д.Огийн ажлын газрынх нь удирдах албан тушаалтан байсан. Мөн би Д.Отэй ах, дүүс шиг харилцаатай байсан. Тэрээр залуу хүн болохоор алдаа гаргасан бөгөөд алдаагаа өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Би Д.Огийн ар гэрийнхнийг нь сайн мэднэ. Ар гэрийнхэн нь Д.Огийн дэмжлэгээр амьдардаг. Хохирол төлбөрт байр, машин, зогсоол авсан бөгөөд Д.О хохирол төлбөр бүрэн барагдуулсан. Иймд түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

            Прокурор М.Гансувд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Д.Огийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тодорхой, ойлгомжтой байдлаар дүгнэсэн байдаг. Д.Од оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогддог. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Д.Огийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэхэд прокурорын зүгээс татгалзах зүйлгүй. Д.О нь эрхэлсэн тодорхой ажилтай, анх удаагаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн талаар нотлох баримт хэрэгт авагдсан байдаг. Мөн Эрүүгийн хуулийн зорилго нь хохирсон этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна .” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.О нь П.Цын “Платин Ултима” нэртэй койны хэтэвч рүү нэвтрэх мэдээлэл болох QR кодууд, иргэний үнэмлэхийн ар өврийн зураг зэргийг өөрийн Google Drive хаяг руу хуулж улмаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36 дугаар байрны 22 тоотод байхдаа дээрх мэдээллийг ашиглан түүний цахим хэтэвч рүү нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч “Платин Ултима” койны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 5 дугаар сарын 29-ний өдрийн хооронд орж ирсэн хүү болох 163.203.042 төгрөгийг дээрх цаг хугацаанд 18 удаагийн үргэлжилсэн үйлдлээр өөрийн “Binance Holding LTD” кривтовалютын биржээр дамжуулан өөрийн Голомт банкны 2705134051 дугаартай данс руу шилжүүлж хулгайлан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч П.Цын “...Би анх 2022 оны 2 дугаар сарын 10-аар Шагдарын Амартүвшин гээд хуурай эгч маань надад “Платин Ултима” гэдэг койн байна. Сар болгон ашиг, хүү орж ирдэг койн байна. Чи нэг ашиглаад үзээч энэ боломж шүү гэж хэлсэн. ...Би 3 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл нийтдээ 8 багц койн /110 еврогийн багцаар 2 ширхэг, 1100 еврогийн багцаар 5 ширхэг, 11.000 еврогийн багцаар 1 ширхэг/ худалдан авсан. ...Тухайн үед Монгол мөнгөөр ойролцоогоор 120 сая орчим төгрөг шилжүүлсэн... ингээд би 8 багцтай болсон. ...2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр орж ирэх эхний 3 багцийн хүүг би өөрөө хүлээгээд авчихсан. ...доллар болгуулаад, төгрөг болгож авсан. Үүн дээр би хамт ажилладаг Дгийн Огийн туслалцаатайгаар авсан. ...60 орчим сая төгрөг орж ирсэн. ...Гэтэл 4 дүгээр сарын 1-ний өдөр орж ирэх ёстой байсан 1 багцийн хүүг үл таних этгээд өөр данс руу шилжүүлээд авчихсан байсан. Тэгээд 4 дүгээр сарын 4-ний өдөр хүнд алдсан болохоо мэдсэн. Тэгээд би ...“Платин койн” ХХК-ийн Монгол дахь салбарын захирал Болортой 4 дүгээр сарын 5-ны өдөр очиж уулзаад миний юмыг шалгаж үзээд “Та алдчихсан байна. Таны нууц код, бүх юмыг мэддэг хүн авна. Өөр ямар ч боломжгүй шүү дээ гэж хэлсэн. ...Би хохирлоо бүрэн барагдуулж авсан байгаа. Санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...” /хх 75-80/,

шүүгдэгч Д.Огийн “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан. ...Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Цын койн шилжүүлж авсан “PLCY” нэртэй цахим хэтэвчинд нь дахиад койн байгаа, тэр койны хүү гэж сар болгон USDT хэлбэрээр орж ирдэг болохыг мэдсэн учраас Цын иргэний үнэмлэхийн хуулбарыг нууцаар хуулаад авчихвал дараа нь баригдахгүйгээр койны цахим хэтэвчнээс орж ирсэн хүүг нь нууцаар авъя гэж бодоод Цыг өөр ажил хийж байхад нь ажлынхан компьютер дээр өөрийнхөө email хаягийг оруулан иргэний үнэмлэхийн хуулбар хадгалагдсан байсан хавтсыг тэр чигээр нь хуулбарлан авсан, мөн “PLCY” нэртэй койны цахим хэтэвч рүү Ц нэвтэрч ордог QR кодыг нь email хаягаа ашиглан Google Drive хаяг руу хуулбарлан авч хадгалсан. Дээрх хадгалж авсан QR кодыг өөрийнхөө утсанд уншуулан “PLCY” нэртэй цахим хэтэвч рүү орж Цын койны хүү орж ирэх хуваарьт өдрүүдийг хартал... харагдаж байсан. …шунал хөдлөөд шилжүүлээд авчихвал баригдахгүй гэж буруу бодол төрж дээрх үйлдлийг хийсэн...” /хх 105-108/ гэх мэдүүлгүүд,  

мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Д.Огийн “Ай фоне 7 плас” загварын гар утсанд үзлэг хийсэн “...Сэжигтэн Огээр албаны хэрэгцээнд ашигладаг Dell G5 загварын зөөврийн компьютер дээр Chrome веб хөтчийг нээн www.gmail.com сайтыг нээн сэжигтэн Д.Огээр өөрийнх нь Gmail хаягийг оруулахад [email protected] гэх хаягийг оруулсан бөгөөд тухайн Gmail рүү нэвтэрч баруун дээд буланд байрлах шар өнгийн муурны зурагтай дугуй дүрс бүхий хаягийн цэсэн дээр дарж “Manage your Google account” цэс рүү орж “Contact info” хэсгийг харахад тухайн емайл хаягт [email protected] гэх цахим шуудангийн хаягийг бүртгүүлсэн байх бөгөөд утасны дугаар өөрийн 88991606 дугаарын утсыг бүртгүүлсэн байсныг дэлгэцийн зургийг авах аргаар бэхжүүлэн авч 2 зураг авч бэхжүүлэн хавсаргав. нийт 163.203.042 төгрөгийг авсан...” /хх 41-45/,

мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Д.Огийн “Ай фоне 7 плас” загварын гар утсанд үзлэг хийсэн “...Сэжигтэн Д.Огээр гар утасных нь дэлгэцийн түгжээг нээлгэж үзлэгийг эхлүүлэн Google Drive аппликейшн ороход “tatar ajillagaa” нэртэй фолдер байх бөгөөд тухайн фолдер руу нэвтрэхэд “ID card”, “QR code”, “Selfie” гэх нэртэй 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр үүсгэсэн 3 фолдер байх бөгөөд “ID card” нэртэй фолдерийг нээхэд хохирогч П.Цын хамаарал бүхий иргэдийн иргэдийн цахим иргэний үнэмлэхийн 13 зураг хадгалагдсан, “QR code” нэртэй фолдерийг нээхэд хохирогч П.Цын хамаарал бүхий иргэдийн нэр дээр нээсэн PLS Ultima койны нэвтрэх эрх бүхий QR кодыг агуулсан 22 зураг хадгалагдсан. “Selfie” нэртэй фолдерийг нээхэд хохирогч П.Цын хамаарал бүхий иргэдийн өөрсдийнхөө иргэний цахим үнэмлэхийг барьж авхуулсан 12 зураг хадгалагдсан байсныг дэлгэцийн зургийг авах аргаар 8 зураг, файл хэлбэрээр 11.551 КВ хэмжээтэй zip файл болгон хуулбарлан авч бэхжүүлэв.хавсралт “PLCY” нэртэй цахим хэтэвчинд байрлах хохирогч П.Цын дансанд орж ирэх койны хүүний хуваарь буюу график 7 хуудас материалыг хүлээн авч хэрэгт хавсаргасан тухай” /хх 133-140/ гэх тэмдэглэлүүд зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Ог цахим төхөөрөмж, хууль бусаар халдаж, мэдээллийг хуулбарлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Од тухайн зүйл ангиудад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байгаа хэдий ч тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч П.Цын шүүх хуралдаанд гаргасан “...хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, уг хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Д.Огийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүхийн гаргасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын энэхүү хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг ялын доод хэмжээгээр буюу торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү...” гэсэн  агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.О нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/795 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 59 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/795 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял...” гэж,

- 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3 /гурав/-н жилийн хугацаагаар тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай. ...” гэж,

- 4 дэх заалтад “...шүүгдэгч Д.Од оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...шүүгдэгч Д.Од оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Огийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүхийн ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг  хүлээн авч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Огийн цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                      Д.МӨНХӨӨ

                   

                                 ШҮҮГЧ                                                      Д.ОЧМАНДАХ

                                

                                 ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ