Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/963

 

 

 

 

 

      2022           10             6                                          2022/ДШМ/963                     

 

О.Э-А, Ү.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ган-Эрдэнэ,

иргэний нэхэмжлэгч Ж.У,

шүүгдэгч О.Э-Агийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,

шүүгдэгч Ү.Б, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/1028 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ү.Б, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.Э-А, Ү.Б нарт холбогдох эрүүгийн 2205 00000 0697 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б овгийн Огийн Э-А, ...... оны .... дугаар сарын ....-ны өдөр .................. аймгийн ........................ суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрөмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт .................. дүүргийн .... дугаар хороо, .............................. гудамж, .... тоотод оршин суух хаягтай, /РД:..................../,

            - Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 121 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгож, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан,

            - Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял шийтгүүлж, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан;

            2. Ц г овгийн Үын Б, ..... оны .... дугаар сарын ....-ний өдөр .............. аймгийн .............. суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ТҮЦ-д ажиллаж байгаа гэх, ам бүл 5, эхнэр, хадам эгч, дүү нарын хамт ............... аймгийн ................. сум, .... дүгээр баг, ................. гудамж, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .................... дүүргийн нийтийн байранд түр оршин суудаг гэх, /РД:............................./,

            - Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 28-ний өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            - Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 17.8 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 7 жил 6 сар 22 хоног 12 цагийн хорих ял шийтгүүлж, 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 8 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, албадлагын арга хэмжээ авагдсан.

            Шүүгдэгч О.Э-А нь 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18 дугаар гудамжны 561 тоотод байрлах хохирогч Л.Эын байнга амьдрах зориулалттай байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч “Хаиер” загварын 52 инчийн зурагт, барилгын молдок хулгайлан авч 1.140.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2021 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХВ-06 тоот хашааны эсрэг талд байх хохирогч Ц.Аийн гараашийн цоожийг эвдэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч цохилттой дрилл, гар дрилл, компрессор хулгайлан авч 626.800 төгрөгийн хохирол учруулсан,

            2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 1 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух хохирогч Р.Дгийн байнга амьдрах зориулалттай байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч гагнуурын аппарат, цахилгааны утас, том, жижиг тасдагч, автомашины аккумлятор, кабелийн утас хулгайлан авч 589.600 төгрөгийн хохирол учруулсан,

            2022 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн шөнө 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжны 739 тоотод байрлах хохирогч Г.Гын гараашид хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч том, жижиг өрөм, батарейтай дрилл, импакт, суурин тасдагч, 2 жижиг тасдагч, гар том тасдагч, градустай хөрөө хулгайлан авч 706.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр С дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 814 дүгээр байрны 10 тоотод байрлах хохирогч П.Сын гэрээс шар шувуун хэлбэртэй 1 хос монетон ээмэг, бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 714.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Ү.Бтай бүлэглэн 2022 оны 1 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 3 дугаар гудамжны 39 тоотод оршин суух хохирогч Б.Аийн гараашид хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч гагнуурын аппарат, гагнуурын аппаратын утас, том, дунд, жижиг тасдагч, цахилгаан жижиг, том молдок, цохилттой дрилл, газов боолт чангалагч хулгайлан авч 1.705.000 төгрөгийн хохирол учруулсан,

            шүүгдэгч Ү.Б нь 2022 оны 3 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “утсаар чинь яриадахъя” гэж хохирогч Р.Пгийн эзэмшлийн “Самсунг А-12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийн улмаас 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Э-Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

            Ү.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Огийн Э-Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, шүүгдэгч Ц г овгийн Үын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Э-Аг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хорих ял, шүүгдэгч Ү.Быг 2 /хоёр/ жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Быг 1 /нэг/ жилийн хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жилээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ү.Бт энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жил 6 сар 22 хоног 12 цагийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 4 /дөрөв/ жил 10 /арав/ сар 8 /найм/ хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-А, Ү.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-Агийн цагдан хоригдсон 168 /нэг зуун жаран найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцон хасч, шүүгдэгч Ү.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-Агаас 2.980.000 /хоёр сая есөн зуун наян мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Л.Эт 1.140.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.От 1.040.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Уд 800.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч О.Э-Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Ү.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-А, Ү.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ү.Б, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Ү.Бын хувьд анхан шатны шүүх хуралдаанд үйлдсэн гэмт үйлдэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг ба түүний өмгөөлөгчийн хувьд Ч.Загдсүрэн миний бие, хохирогч Р.Пгийн 350.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А-12” загварын гар утсыг дээрэмдэн авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн “дээрэмдэх” гэмт хэргийн зүйл ангийг хүлээн зөвшөөрөөгүй, мэтгэлцэж оролцсон. Хохирогч Р.П мөрдөн шалгах ажиллагааны явцад “...2022 оны 3 дугаар сарын 23-ны шөнө 02 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт 112-ын автобусны буудал дээр явж байхад танихгүй 2 залуу ирээд надаас тамхи асуухаар нь өгөөд хамт тамхилсан. Тэгээд би тэр хоёр танихгүй залууг “хаашаа явах юм” гэж асуухад Баянхошууны эцэс Жанцан орно гэхээр нь “хамт явъя” гэж хэлээд Жанцан руу хамт алхсан. Тэгээд бид гурав Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр хорооллын гудамжинд явж байтал шар царайтай, хар куртиктай, цагаан өнгийн жинсэн өмдтэй залуу нь миний “Самсунг А-12” загварын гар утсыг гуйж аваад, ярьж байгаад булан эргээд зугтаачихсан. Тэгэхээр нь би хамт явж байсан ногоон куртиктэй, цагаан өмдтэй, хар түрийтэй гуталтай залууд хандаж найзыгаа олж өгөө, утсаар авмаар байна, хоёулаа цагдаагийн хэлтэс руу явъя гэж хэлээд дагуулаад явж байсан чинь намайг тавь гэж хэлээд алгадсан, тэгэхээр нь би хавирч унагаагаад нүүрэн тус газар нь 1-2 удаа цохисон чинь зөрүүлээд газраас чулуу аваад миний толгой руу цохичихсон. Тэгээд би цагдаад хандсан юм...” /3 хх 25-26/, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Анх ярихдаа найзтайгаа яръя гэж хэлээд миний утсыг авсан, улсын яллагчийн “Таны гар утсыг авсны дараа яасан бэ” гэсэн асуултад “би Т гэх найзтай нь маргалдаж байгаад намайг нэг удаа цохих үед Б ирж салгаад, гар утасныхаа кодыг гаргаад өгөөч гээд гаргуулаад, нэг харсан булан тойроод яваад өгсөн байсан”, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэнгийн “Та тэр үед нь Ттэй зодолдож байхад Б буцаж ирсэн үү” гэсэн асуултад “Ттэй маргалдаж байхад гар утасны кодыг нэг удаа гаргаад өгчих гэж гаргуулаад аваад явсан байсан” /4 хх 28/ гэж тус тус мэдүүлдэг.

            Дээрх хохирогчийн мэдүүлэг болон шүүх хуралдааны тэмдэглэлээс дүгнэхэд Ү.Б хохирогч Р.Пгийн гар утсыг аваад шууд зугтаасан эсэх нь эргэлзээтэй байдаг. Утсаар нь яриад буцаагаад өгье гэж хэлээд анх утсыг нь авсан байдаг, энэ хооронд хохирогч Р.П нь утас олж өг гэж найз Ттэй маргалдаж байх үед Б эргэн ирж тэр хоёрыг салгасан тухай, тэгээд хохирогчоос утасны код түгжээг гаргуулсан, тэгээд нэг харсан чинь Б яваад өгсөн байсан тухай хэлдэг. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 13 дахь талд “утсаар чинь яриадахъя” гэж хэлээд шууд зугтаасан үйл баримт нь “залилах гэмт хэргийн шинж”-ийг хангахгүй гэсэн дүгнэлт эргэлзээ үүсгэж байна. Мөн Ү.Б, түүний найз Т гэх найзтай нь хохирогч Р.П Баянхошууны 112-ын автобусны буудлаас Баянхошууны Жанцангийн буудал хүртэл 30 гаруй минут хамт алхсан, Б өөрийгөө Энхмөнх гэж танилцуулсан зэрэг нь хуурч мэхлэх, хамт алхсан нь итгэл төрүүлэн хохирогчийн эд зүйлийг залилан авсан нь “залилах” гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байна /4 хх 28/.

            Иймд шүүгдэгч Ү.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг хохирогч Р.Пгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...миний утсыг буцааж өгсөн учраас гомдол, санал байхгүй” /4 хх 7-8/ гэх мэдүүлэг, мөн “эд зүйл хүлээлгэн өгсөн тухай” тэмдэглэл /3 хх 62/ зэрэг нотлох баримтуудыг харгалзан үзэж, 1 жилийн хорих ялыг 6 сарын ял болгон хөнгөрүүлж өгнө үү. Мөн дээрэмдэх гэмт хэргийн зүйчлэл нь хууль хэрэглээний алдаа мөн эсэхийг хянан магадлаж өгнө үү.

            Шүүгдэгч О.Э-Атай бүлэглэн үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт анхан шатын шүүх ял оногдуулахдаа Ү.Бын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, түүний үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлагыг буруу дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч О.Э-Агийн идэвхтэй үйлдэл, үйл ажиллагаа, ятгалгаар шүүгдэгч Ү.Б уруу татагдсан байдаг. Өмнө нь Э-Атай хамт хулгайлах гэмт хэрэг хийхээс Ү.Б өөрөө татгалзсан байдаг. Энэ нь гэрч А.Сын “Бид гурав гурвуулаа хашааг нь давж ороод эхлээд Б бид хоёр Э-Аг хөлөөс нь өргөж өгөхөд Э-А цонхыг овтёркаар хөшиж онгойлгоод орчихсон. Би араас нь Быг хөлөөс нь өргөж оруулсан. 3-4 минутын дараа гарч ирээд Б “ер нь болилоо” гэсэн. Араас нь Э-А гарч ирээд “та хоёр ямар өөдгүй юм бэ, энд бараг 3.000.000 төгрөгийн үнэтэй юм байна шүү дээ гурвуулаа авчихъя л даа, тэгээд дахиж иймээ тиймээ юм хийхгүй” гэж яриад байхаар нь Б бид хоёр “болъё болъё, шоронд орохын нэмэр” гээд буцаж хашаа давж гараад явцгаасан” гэх мэдүүлгээр нотлогддог /2 хх 189-190/.

            Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт даргалагч шүүгч шүүгдэгч О.Э-Агаас “та Быг яагаад уруу татсан бэ” гэж асуухад, шүүгдэгч О.Э-А “болохгүй зүйлд уруу татсандаа маш их гэмшиж байна“ гэсэн /4 хх 10/. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Ү.Быг уруу татагдан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдэг итгэл үнэмшлээр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед дүгнэсэн хэрнээ эрүүгийн хариуцлага оногдуулахдаа энэ тухай харгалзан үзээгүй. Даргалагч шүүгчийн Б уруу татагдсан гэсэн итгэл үнэмшлийг бататгах, Б үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, гэмшлийг илтгэх Ү.Бын /хх 142/ мэдүүлгийг шүүх хуралдаанд шинжлэн судлуулах нотлох баримтаар уншиж, сонсгох гэсэн боловч даргалагч шүүгчээс наадах чинь нотлох баримт биш гэсэн үндэслэлээр шинжлэх судлуулах боломжоор хангаагүй.

            Ү.Бын гэрчээр өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын сүүлээр би 5-н буудлын автомашин угаалгын газар ажиллаж байсан газар цагаан өнгийн “Приус-30” загварын автомашин ороод ирсэн тэгээд тэр машиныг угаах гэтэл надтай урьд өмнө нь 437 дугаар ангид хамт ял эдэлж байсан Э-А байсан. Тэгээд бид хоёр бие биенийгээ таниад жоохон юм ярьж байгаад салсан. Салахдаа Э-А миний гар утасны дугаарыг аваад явсан. Үүний дараа... яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна ямар ч байсан 2022 оны 1 дүгээр сарын сүүлээр над руу Э-А яриад уулзъя гэхээр нь уулзсан. ...Тэгээд уулзаад байж байтал Э-А нэг яриа байна хөгшөөн надад одоо зээл энэ тэр нэхэгдээд мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь би ямар яриа байгааг асуутал Заамар явах уу гэхээр нь би тийшээ явж чадахгүй гэтэл тэгвэл хоёулаа гайгүйхэн шиг том газар хулгай хийчихье гэхээр нь би саяхан гарч ирсэн болохоор дахиад шоронд ормооргүй байна гэж тэр үед хэлээд явуулсан. Үүний дараа маргааш, нөгөөдөр нь над руу байнгын залгаад байхаар нь ахиад уулзахад Э-А ганцаараа хүрч ирээд чи надад туслаад өгөөч, би чамаар хулгай хийлгэхгүй, байр хараад өгчих, цагдаад баригдах юм бол би чамайг чирч татахгүй би өөрөө баараа дагаад явчихаж чадна гэж надад хэлсэн. ...Тэгэхээр нь үүний дараа 1 дүгээр хорооллын арын дэнжээр таксинд хамт явж байхдаа нэг тоосгон барилга харчихаад энэ дотор бол юм байгаа даа барилгын багаж хэрэгсэл байгаа. ...аягүй найдвартай байдаг юм чи ер нь мэдэхгүй байна даа, чи яагаад байгаа юм шийрэгнээд байгаа юм уу, айгаад байгаа юм уу гэсэн тэгээд би гэртээ харьсан. Бас маргааш нөгөөдөр нь хамт ахиад таксинд яваад байж байтал Э-А Баянхошууны хөтлийн хавьцаа дэлгүүр рүү ороод 2 ширхэг ажлын цагаан бээлий авч гарч ирээд Баянхошууны хойд замаар явж байгаад 1 дүгээр хорооллын арын замаар гарч ирээд хэд хоногийн өмнө хараад хэлээд байсан баригдаж байсан доороо гарааштай барилгын гадаа бид хоёр ирэхэд Э-А халааснаасаа шар иштэй аптерик гаргаж ирээд нэг хашаан дээр зогсож байгаад хоёр давхрынх нь цонхыг хөшөөд Э-А орсон тэгээд оронгуутаа намайг дуудахаар нь араас нь би ортол дороо жижиг коридортой тасалгаатай жижиг өрөөнүүдтэй байсан, тэгээд... Э-А намайг зогсож бай гээд миний гаргасан багажуудыг үүдэн дээр ...зөөгөөд тавиарай гэсэн. Тэгээд тэр багажуудаа орж ирсэн цонхныхоо доор бөөгнүүлж тавьж дуусахад Э-А би гараад байж байя чи надад аваад өгөөрэй гэхээр нь би цонхоор тухайн багажуудыг авч өгсөн. Тэгээд маргааш өглөө нь Э-Атай уулзахад би өмнө нь нэг багаж тавьж байсан ломбард байгаа чиний бичиг баримт байгаа биз дээ хоёулаа тийшээ явъя гэхээр нь бид хоёр Дамбын эцэс рүү явах замд байдаг ломбардад би өөрийнхөө нэрээр бүгдийг нь 700.000 төгрөгт барьцаанд тавьсан...” /хх 142/ гэх мэдүүлгээр гэмт хэрэгт уруу татагдсан, Э-Агийн ятгалгад орсон гэж дүгнэж болохоор байдаг. Шүүх хуралдааны үед шүүгдэгч Э-Агаас өмгөөлөгч Ч.Загдсүрэн миний бие “Та Аийн орон байранд нэвтрэхдээ яагаад заавал Бтай хамт явсан бэ” гэж асуухад “Тухайн үед би Бтай хамт явж байхад Б С дүүрэгт зодоон хийгээд 100.000 төгрөгийн торгуулийг төлөхдөө гар утсаа ломбардад тавьсан. 100.000 төгрөгийн торгуулийг төлсөн...” /4 хх 28/ гэж мэдүүлдэг.

            Гэрч С “...Тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь би Бын нийтийн байранд хамт байж байтал Э-А гаднаас ороод ирсэн. Э-А орж ирээд бид хоёрыг “3-уулаа гаръя” гэсэн. Бид гурав гадаа гарахад “маньд төлөвлөчихсөн ганц хоёр газар байна, энэ лүү орчихмоор байна. Тэгээд утсаа ломбарднаас авахгүй бол эхнэр уурлаад болохгүй байна гэж эхэлсэн. Би тэр үед хулгай хийх талаар ярьж байгааг шууд ойлгосон. Тэгээд Б бид хоёр хоёулаа тэгж ярихыг дэмжээд “за тэгье, гэхдээ баригдвал чи өөрөө арыг нь даагаарай, бид хоёр наанаас чинь 100.000 төгрөг ч авахгүй, араа өөрөө даана шүү гээд хамт явсан. Э-А тухайн үед гар утсаа 100.000 төгрөгт ломбардад тавьчихсан, тэрийгээ авах юм яриад байсан...” /2 хх 189-190/ гэж мэдүүлдэг. Мөн гэрч Д “...Ү.Быг тайван дөлгөөн зантай, хүний үгээр, няхуур хянамгай биш зантай...” /3 хх 34/ гэж зан байдлыг тодорхойлсон байдаг.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан буюу эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болох эд хөрөнгийн болон бусад байдлаар эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч О.Э-Агийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг болоод гэрч А.Сын мэдүүлгээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, Бын торгууль 100.000 төгрөгийг Э-А өөрийн утсаа ломбардад утсаа тавьж төлсөн гэдгээр утсаа ломбардаас авах хэрэгтэй гэж Быг өөрийн эрхшээлдээ оруулан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Ү.Бын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, бусдын эрхшээлд автан гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын дагуу анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Ү.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өмгөөлөгчийнхөө хэлсэн тайлбартай санал нэг байна. Би гэнэн, томоогүй насандаа буруу хүүхдүүдтэй нийлж, буруу зүйл хийгээд 1 жил хорих ангид сууж байхдаа хөгшин эмээгээ алдсан. Дараа нь 6 сарын хорих ялаар шийтгүүлж, ялаа эдлэхдээ ээжийгээ алдсан. Хорих ангид байхдаа хийсэн зүйлдээ гэмшиж, өөрийнхөө алдааг бүрэн ухамсарлаж, дахин гэмт хэрэгт холбогдохгүйг хичээж амьдарна гэж бодсон. Тэнсэнтэй байх хугацаандаа би ажил хөдөлмөр эрхэлж, гэрийнхэндээ тусалж байсан. Улмаар найз охинтой болсон бөгөөд одоо миний найз охин жирэмсэн. Тэнсэнтэй байх хугацаандаа гэмт хэрэг хийх санаа, сэдэл надад байгаагүй. Намайг гэмт хэрэгтэн гэх талаас нь битгий хараарай гэж хүсэж байна. Надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэв.

Шүүгдэгч Ү.Бын өмгөөлөгч Ч.Загдсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын хүрээнд хэрэглэж өгнө үү гэж байгаа юм.” гэв.

Шүүгдэгч О.Э-Агийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийвэр үндэслэлтэй гарсан гэж үзсэн тул миний үйлчлүүлэгч болон миний зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. О.Э-А мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн үйлдлийнхээ талаар бүгдийг нь үнэн, зөвөөр мэдүүлэг өгсөн. Миний үйлчлүүлэгч 2.980.000 төгрөгийг бусдад төлөх төлбөртэй байгаа бөгөөд тухайн хохирол төлбөрийг төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн. Шүүгдэгч Ү.Быг миний үйлчлүүлэгч дарамталж, эрхшээлдээ оруулан уруу татсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогддоггүй. Насанд хүрсэн хүн хүнд уруу татагдаад хэрэг үйлдээд явна гэдэг бол ойлгомжгүй асуудал. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Иргэний нэхэмжлэгч Ж.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би тэтгэврийн насны хүн бөгөөд ломбард ажиллуулдаг. 2022 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Ү.Б, Г.А гэх хоёр хүн монетон ээмэг, бөгжийг манай ломбардад 800.000 төгрөгөөр тавьсан. 3 дугаар сарын 24-ний өдөр н.С гэдэг хүн над дээр ирээд “Миний хамтран амьдрагч миний эд зүйлсийг хулгай хийж, танай ломбардад тавьсан байна” гэж хэлээд хугацааг нь сунгачхаад аваад явсан байсан. Би ажилтай байсан учраас анхан шатны шүүх хуралд оролцож чадаагүй. Би шүүхээр явж үзээгүй учраас сайн ойлгоогүй. Би Ү.Б гэдэг хүнд үйлчилсэн байтал О.Э-А гэх хүн надаас авсан 800.000 төлөх гээд байгааг ойлгохгүй байна.” гэв.

            Прокурор Г.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ү.Бын өмгөөлөгч Ч.Загдсүрэнгийн зүгээс дээрмийн гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд маргаж анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Анхан шатны шүүх “Залилах гэмт хэрэг бус дээрмийн гэмт хэрэг байна” гэж дүгнэсэн. Дээрмийн гэмт хэрэг нь залилах гэмт хэргээс үйлдлээрээ ялгардаг. Тухайн цаг хугацаанд нэг орон зайнд “Утсаар чинь түр ярьчхаад өгье” гэж хэлээд өөртөө гар утсыг нь авангуутаа зугтаах үйлдэл хийсэн. Залилах гэмт хэрэг нь бүр мөсөн өөрийн өмчлөлд шилжүүлэн авах зорилгоор бусдыг хуурч мэхлэх, төөрөгдөлд оруулах аргаар үйлдэгддэг. Ү.Б нь хохирогчийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр авч зугтаасан гэмт хэрэг үйлдсэн юм. Энэ талаар сэжигтэн Т тодорхой мэдүүлсэн байдаг. Тухайн мэдүүлэгт “Ү.Б хохирогчтой зодолдсон. Цагдаа явъя гэхээр нь би Ү.Бын гэрийг мэднэ гэж хэлээд найз охиных нь утасны дугаарыг өгсөн” гэсэн байдаг. Ү.Б буцаж ирээд зодооныг салгаж, гар утасных нь кодыг гаргуулсан гэх асуудал хавтаст хэргийн хүрээнд тогтоогддоггүй. Найз охиных нь дугаараас цагдаа нар залгахад Ү.Б ирж хохирогчид гар утсыг нь буцааж өгсөн. О.Э-А, Ү.Б нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан 1 үйлдэл дээр прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдсэн. А.С, Ү.Б, О.Э-А гурав хулгайн гэмт хэрэг хийх гэж байгаад Ү.Б, А.С хоёр сайн дураараа татгалзсан байдаг. Тийм учраас энэ хэрэгт улсын яллагчийн зүгээс А.С, Ү.Б хоёрт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Э-А нь:

1. 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18 дугаар гудамжны 561 тоотод байрлах Л.Эын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч “Хаиер” загварын 52 инчийн зурагт, барилгын молдок хулгайлж 1.140.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

Хохирогч Л.Эын “...2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн үед Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18-561 тоотод байрлах гэртээ ирээд байшингаа шалгаад явсан, тэгээд 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагт ирж байшингаа шалгахад хашааны хаалга онгорхой байхаар нь анзаараагүй тэгээд байшиндаа ороход том өрөөнд байсан 50 инчийн зурагт алдагдсан байсан, тухайн өрөөнд байсан барилгын молдок хулгайд алдагдсан байсан, тэгээд цагдаад хандсан. Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх 11-12/,

“Кости-Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн “...Haier 52 inch led” телевизор 1.000.000 төгрөг, барилгын молдок 140.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 35-36/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-6/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 79-86/,

2. 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХВ-06 тоот хашааны эсрэг талд байх Ц.Аийн тусгайлан хамгаалсан байр болох гараашийн цоожийг эвдэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч цохилттой дрилл, гар дрилл, компрессор зэргийг хулгайлан авч 626.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ц.Аийн “...2021 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 09 цаг өнгөрөөгөөд ажлын байран дээр ирсэн чинь ...гараашийн хаалганы 2 цоож байхгүй, гарааш дотор байсан хий хураагч, гар дрилл, цохилттой дрилл, тасдагч зэрэг багаж хэрэгслүүд байхгүй байсан. Тухайн үед барилгын заслын ажилд надтай хамт эхнэр Төгсбаяр болон туслахаар Алагаа, Э-А гэгч 2 хүн 2-3 хоног ажиллаж байсан. Би Э-Аг сэжиглэж байна. Яагаад гэхээр надтай 2-3 хоног ажиллаад тэгээд ажилдаа ирээгүй. Мөн байх хугацаандаа гараашийн илүү түлхүүр алга болсон байсан. Би хий хураагчийн төлбөрийг эзэнд нь 650.000 төгрөг өгч хохирлыг нь барагдуулсан. Хуучин тасдагчийг хувь хүнээс 180.000 төгрөгөөр худалдаж авсан...” /хх 229/,

гэрч Г.Агийн: “...2021 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 10 цагийн орчимд нэг эрэгтэй ирж цэнхэр өнгийн хий хураагч 1, цохилттой дрилл 1, гар дрилл 1, гагнуурын аппарат 1, таслагч 2 ширхгийг авчирч “Би Огийн хүүхэд нь байна, та ээжтэй яриадхаач, ээжийн бие муу байна, эм тарианы мөнгө хэрэгтэй байна” гэсэн. Отэй утсаар ярихад “наад хүүхэд чинь манай хүү байгаа, би явуулсан, наад авч очсон багажуудаа миний нэр дээр авчихаарай, би эмнэлэгт байгаа” гэсэн. О нь урд манай ломбарданд молдок, бусад багаж тавьсан байсан. Би тэр хүүхдийн эд зүйлүүд нь Огийн тавиулж байгаа эд зүйл байна гэж бодоод Огийн нэр дээр бүртгэж аваад 450.000 төгрөг өгсөн...” /хх 241/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн “...Цохилттой дрилл 144.000 төгрөг, компрессор 414.000 төгрөг, гар дрилл 68.200 төгрөг, нийт 626.800 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 248-249/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 211/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 214-219/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 220-225/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 220-225/,

эд мөрийн баримтыг хураан авах тухай /хх 242/,

3. 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 1 дүгээр гудамжны 11 тоотод байрлах Р.Дгийн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч гагнуурын аппарат, цахилгааны утас, том, жижиг тасдагч. автомашины аккумлятор, кабелын утас зэргийг хулгайлан авч 589.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Р.Дгийн “...2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр би эхнэрийн хамт хороо ороод хашаагаа эргэх санаатай үүдэнд нь 13 цагийн орчимд очтол том гараашийн хаалга онгорхой байхаар нь хүргэн рүү залгаад “чи машин авсан юм уу” гэж асуухад “би гэртээ байна” гэхээр нь хулгай орсон байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. Хятадын гагнуурын аппарат 2018 онд захаас 250.000 төгрөг, дагалдах массын утас нэмэх нь 4 метр 40.000 төгрөг, хасах нь 2 метр 30.000 төгрөгөөр, том тасдагч 1 ширхэг 50.000 төгрөг, жижиг тасдагч 35.000 төгрөг, 120а 2 ширхэг аккумлятор, хатуу 380 вольтын кабел 25 метр 150.000 зэрэг эд зүйл алдагдсан...” /2 хх 61-62/,

иргэний нэхэмжлэгч Н.Оын “...тухайн хулгайн эд зүйлс болох гагнуурын аппарат, тастагч дундын, жижиг тастагч зэргийг цагдаагийн байгууллагаас хурааж авсан. Дээрх зүйлсийг манай барьцаалан зээлдүүлэх төвөөс хурааж авсан тул манай байгууллагад 220.000 төгрөгийн хохирол учраас байна. Иймд дээрх 220.000 төгрөгийг нэхэмжилж байна...” /2 хх 65/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “...гагнуурын аппарат 168.000 төгрөг, массын утас 24.000 төгрөг, массын утас 12.000 төгрөг, тасдагч том 34.000 төгрөг, тасдагч жижиг 24.000 төгрөг, аккумлятор 280.000 төгрөг, кабель хатуу 20.800 төгрөг, кабель зөөлөн 26.000 төгрөг, нийт 589.600 төгрөг...” хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх 84-85/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх 39/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 40-48/,

4. 2022 оны 2 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжны 739 тоотод байрлах Г.Гын тусгайлан хамгаалсан байр болох гараашид хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч том, жижиг өрөм, батарейтай дрилл, импакт, суурин тасдагч, 2 жижиг тасдагч, гар том тасдагч, градустай хөрөө зэргийг хулгайлан авч 706.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Г.Гын “...2022 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс ...хойш 4-5 хоногийн дараа ажлын гарааш руу ороход багаж хэрэгслүүд алдагдсан байсан. Манай гэр 2 дугаар сарын 13-аас бусад өдрүүдэд байнгын хүнтэй байдаг тул энэ өдөр л хулгай орсон байх гэж бодож байна. Ажил маань зогсчихсон байсан учраас байнга гарааж руу орохгүй байсан тул тухайн үед мэдээгүй хэд хоногийн дараа юм авах гээд орохдоо мэдсэн. Хохирлоо барагдуулсан учир надад одоо гомдол, санал байхгүй...” /2 хх 174-175/,

гэрч А.Сын “...Бид гурав гурвуулаа хашааг араас нь давж ороод эхлээд Б бид хоёр Э-Аг хөлөөс нь өргөж өгөхөд Э-А цонхыг овтёркаар хөшиж онгойлгоод орчихсон. ...Э-А гарч ирээд .”..та хоёр ямар өөдгүй юм бэ, энд бараг 3.000.000 төгрөгийн үнэтэй юм байна шүү дээ гурвуулаа авчихъя л даа, тэгээд дахиж иймээ тиймээ юм хийхгүй” гэж яриад байхаар нь Б бид хоёр “больё больё, шоронд орохын нэмэр” гээд буцаж хашаа давж гараад явцгаасан. ...Э-А “нөгөөдүүлээ би ганцаараа авчихлаа” гээд улаан тоосгон байшингийн хашааны ард хонхор газар, хашааны буланд цагаан юманд боочихсон, мөн мужааны 90 градусын хөрөө, суурин тасдагч гэх мэт зүйл нуугаад тавьчихсан байсан. Э-А тэр хулгай хийсэн эд зүйлсийг хаана, хэдэн төгрөгөөр барьцаанд тавьсан гэдгийг бид хоёр мэдэхгүй, мөнгөнөөс нь аваагүй...” /2 хх 189-190/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн “...таслагч жижиг 136.000 төгрөг, таслагч том 105.000 төгрөг, таслагч суурин 256.000 төгрөг, дрилл жижиг 51.000 төгрөг, дрилл батарейтай 68.000 төгрөг, дрилл том 90.000 төгрөг, нийт 706.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх 158-159/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх 139/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 140-146/,

5. 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр С дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхон 814 дүгээр байрны 10 тоотод П.Стай хамтран амьдарч байхдаа түүний шар шувуун хэлбэртэй 1 хос ээмэг, монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 714.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч П.Сын “...найзаараа дамжуулж О.Э-Атай танилцаж, 2022 оны 1 дүгээр сараас манайд хамтран амьдрах болсон. 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ажилдаа явахдаа өөрийнхөө ээмэг, бөгжийг үлдээгээд явсан. Орой ирэхэд алга болсон байхаар нь хамтран амьдрагч О.Э-Агаас асуутал “би мэдэхгүй байна” гээд байсан. ...Тухайн цагдаагаас юу болсон талаар асуухад “энэ хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, эдгээр зүйлсийг хулгайлсан байна” гээд эд зүйлийг жагсаагаад бичсэн байсан. Тэр дунд нь миний алга болсон ээмэг, бөгж байсан...” /2 хх 232-233/,

иргэний нэхэмжлэгч Ж.Уын “...2022 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 2 эрэгтэй хүн орж ирээд бичиг баримтаа үзүүлээд “монетон бөгж, 1 хос ээмэг барьцаалж зээл авъя” гэсэн. Граммлаад үнэлээд 800.000 төгрөгөөр үнэлж тэр хүнд бэлнээр 800.000 төгрөг өгсөн. Тухайн барьцаалсан хүн нь Б /ИГ99081494/ гэсэн бичиг үзүүлж бүртгүүлсэн А /СТ93112414/ гэж хүн нь бичиг баримт байхгүй, “би эзэн нь байгаа юм, би авна” гэж хэлээд өөрийнхөө нэр регистрийг бүртгүүлсэн...” /2 хх 244-245/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн “...Монетон бөгж 378.000 төгрөг, ээмэг 336.000 төгрөг, нийт 714.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх 247-250/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх 227/,

“Андууд” ломбардны 2022 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 3499 дугаартай барьцаат зээлийн гэрээ /3 хх 7/,

Шүүгдэгч О.Э-А, Ү.Б нар нь:

1. 2022 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 3 дугаар гудамжны 39 тоотод байрлах Б.Аийн байнга оршин суух зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч гагнуурын аппарат, гагнуурын аппаратын утас, том, дунд, жижиг тасдагч, цахилгаан жижиг, том молдок, цохилттой дрилл, газов боолт чангалагч зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 1.705.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Аийн “...2022 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө үл таних 2 этгээд манай байшинд орсон байна. Том, дунд, жижиг тасдагч, гагнуурын аппаратын утас, гагнуурын аппарат, молдок 220в, газов боолт чангалагч, модны цахилгаан харуул, цохилттой дрилл зэрэг эд зүйлс алдагдсан. Том тасдагч 300.000 төгрөг, жижиг тасдагчийг 150.000 төгрөг, дунд тасдагч 250.000 төгрөг, гагнуурын аппаратын утас 60.000 төгрөг, гагнуурын аппарат 480.000 төгрөг, цохилттой дрилл 280.000 төгрөг, газов боолт чангалагч 25.000 төгрөг, молдок 220в 500.000 төгрөг, модны цахилгаан харуул 170.000 төгрөг, 4 жилийн өмнө байшин барьж эхлэхдээ цувуулж худалдаж авч байсан...” /хх 140/,

иргэний нэхэмжлэгч Н.Оын “...2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн орчим тухайн иргэн 9 ширхэг эд зүйл барьцаанд тавьсан. Би хохирлоо барагдуулж авмаар байна...” /хх 147-148/ гэх мэдүүлгүүд,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн Ц-164 дугаартай “...Том тасдагч 280.000 төгрөг, дунд тасдагч 180.000 төгрөг, жижиг тасдагч 140.000 төгрөг, гагнуур аппарат 250.000 төгрөг, гагнуурын аппаратын утас 40.000 төгрөг, цохилттой дрилл 250.000 төгрөг, газав боолт чангалагч 25.000 төгрөг, молдок 220в 420.000 төгрөг, цахилгаан харуул 130.000 төгрөг, нийт 1.705.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 151-152/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 127-136/,

2022 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ /хх 156/,

Шүүгдэгч Ү.Б нь:

1. 2022 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “утсаар чинь яриадахъя” гэж Р.Пгийн эзэмшлийн “Самсунг А-12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийн улмаас 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Р.Пгийн “...2022 оны 3 дугаар сарын 23-ны шөнө 02 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт 112-ын автобусны буудал дээр явж байхад танихгүй 2 залуу ирээд надаас тамхи асуухаар нь өгөөд хамт тамхилсан. ...Бид гурав гэр хорооллын гудамжинд явж байтал шар царайтай, хар куртиктэй, цагаан жинсэн өмдтэй залуу миний “Самсунг галакси А-12” загварын гар утсыг надаас гуйж аваад ярьж байгаад зугтаачихсан. Хамт явж байсан залууд “Найзыгаа олж өг, утсаа авмаар байна, цагдаагийн хэлтэс рүү явъя” гэхэд намайг алгадсан. Тэгэхээр нь би хавирч унагаад нүүрэнд нь 1-2 удаа цохисон. Газраас чулуу аваад миний толгой руу цохисон...” /3 хх 25-26/,

гэрч Ш.Дгийн “...Өчигдөр орой 00 цагийн үед санагдаж байна миний дугаар луу танихгүй дугаараас залгаад “сая Б гэдэг залуу миний гар утсыг булааж аваад зугтчихлаа, би цагдаад өгнө, эсвэл миний гар утсыг авчраад өгчих” гэж хэлэхээр нь “за та ямар ч байсан алдсан утасныхаа дугаарыг өгчих, би залгаад үзье” гээд утсаа тасалсан. Тэгээд залгасан чинь Б утсыг авахаар нь “чи юу болоод байгаа юм бэ, яагаад хүний утас аваад зугтчихсан юм бэ, чи хүрээд ир, юу болсон юм” гэж асуухад “би одоо очлоо, энд эндүүрэл гарсан юм шиг байна” гээд утсаа тасалсан. ...“Самсунг галакси А-12” загварын хар өнгийн утас байсан...” /3 хх 34-35/,

Б.Тгийн сэжигтнээр өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, 112-ын автобусны буудал дээр найз Бтай явж байгаад нэг танихгүй залуутай тааралдаад Булгаа юм яриад зогсоод байхаар нь би Булгаагийн найз юм болов уу гэж бодсон. ...Б тухайн залуугаас “утсаа өгөөч” гээд утсаар нь ярьж байгаад булан эргээд яваад өгсөн. Тэгсэн чинь тухайн залуу “найз чинь хааччихваа” гээд надаас утсаа нэхээд бид хоёр маргалдаж байтал тэр залуу миний зүүн нүд рүү 1 удаа, зүүн чих рүү 1 удаа цохиход нь би газар унасан. Тэгээд би газраас баруун гараараа чулуу аваад тэр залуугийн толгой хэсэгт нэг удаа цохисон. Цагдаа руу явъя гэхээр нь би “Бын гэрийг мэднэ” гээд найз охиных нь утасны дугаарыг өгсөн...” /3 хх 43-44/ гэх мэдүүлгүүд,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 22/007 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх 58-59/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч О.Э-Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг ганцаараа болон бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, шүүгдэгч Ү.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, харин Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх хэдий ч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт журамласан заалтуудыг орхигдуулж, зөрүүтэй, буруу бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.

Анхан шатны шүүхээс тухайн зүйл ангиудад зааснаар шүүгдэгч О.Э-Ад 2 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Ү.Бт 3 жилийн хорих ял тус тус оногдуулж, Ү.Бт тус шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жил 6 сар 22 хоног 12 цагийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 10 сар 8 хоногоор тогтоож, тэдгээрт оногдуулсан хорих уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Ү.Б, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нар “...Ү.Б нь “дээрэмдэх” гэмт хэргийг бус “залилах” гэмт хэргийг үйлдсэн, ...хохирогч Р.Пгийн “...гомдол, саналгүй...” гэх мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг харгалзан үзэж 1 жилийн хорих ялыг 6 сарын хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү, ...шүүгдэгч Ү.Бын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, бусдын эрхшээлд автан гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын дагуу ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хамтран гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол...” гэж заасан ба залилах гэмт хэрэг нь бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэгээрээ ялгаатай бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрт нь, гэр бүлийн гишүүн, бусад хүнд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол, хор уршиг учруулахаар заналхийлсний улмаас бусдын эрхшээлд гарцаагүй автаж хийсэн энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасан ба хэргээс үзэхэд шүүгдэгч Ү.Б нь шүүгдэгч О.Э-Агийн албадлага, эрхшээлд авсан гэж үзэх үндэслэл тогтоохгүй байх бөгөөд О.Э-А нь Ү.Быг гэмт хэрэгт “уруу татсан” гэх үндэслэлээр түүний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй.

Шүүгдэгч Ү.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаар шүүгдэгч Ү.Б, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нар давж заалдах гомдолдоо дурдсан хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Түүнчлэн, шүүгдэгч Ү.Б өмнө нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 28-ний өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, мөн шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 17.8 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 7 жил 6 сар 22 хоног 12 цагийн хорих ял шийтгүүлж, 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 8 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, албадлагын арга хэмжээ авагдсан байх бөгөөд дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн хувийн байдал нь түүний засрал хүмүүжлийг олоогүй байдлыг илтгэж байна.

Иймд шүүгдэгч Ү.Б, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч О.Э-А, Ү.Б нар нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/1028 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 55 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/1028 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтад “...Шүүгдэгч Б овогт Огийн Э-Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн...” гэснийг “...Шүүгдэгч Б овогт Огийн Э-Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн...” гэж,

-  2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Э-Аг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хорих ял, шүүгдэгч Ү.Быг 2 /хоёр/ жилийн хорих ял, шүүгдэгч Ү.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Э-Аг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хорих ял, шүүгдэгч Ү.Быг 2 /хоёр/ жилийн хорих ял, шүүгдэгч Ү.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ү.Б, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-А, Ү.Б нарын 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                      Д.МӨНХӨӨ

                   

                                 ШҮҮГЧ                                                      Д.ОЧМАНДАХ

                                

 

                                 ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ