Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 572

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Л.Оюун,  шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Б.Соёлмаа,

иргэдийн төлөөлөгч Ш.Дондогмаа,

шүүгдэгч С.У  түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ?У т холбогдох эрүүгийн 201626030045 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, У  Хөвсгөл аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 3, эх дүү нарын хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн  2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар ял хойшлуулсан,

Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн   2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт  зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар,

Сум дундын 22 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 234 дүгээр зүйлийн 234.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

 

Шүүгдэгч С.У  нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрийн худалдагч Х.Болорчимэгийг “Дэлгүүрийг чинь 8-н нэрийн дэлгүүр болгож өгнө” хэмээн хуурч 210.000 төгрөгийг залилан авахыг завдсан,

2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр цагаан байрны автобусны буудлаас чанх хойд зүгт байрлах “Чандмань-Эрдэнэ” 6-н нэрийн барааны дэлгүүрийг ажиллуулж байсан Ц.Туулыг Чингэлтэй дүүрэгт улсын байцаагчаар 3-н сар ажиллаж байна, Танай дэлгүүрийг түрээслэдэг эзэн чинь тамхины зөвшөөрөл гаргуулах гэж манай найзаар намайг гуйлгуулсан юм, өнөөдөр эхнээс нь бичиг баримтыг нь бүрдүүлнэ” хэмээн хуурч бэлэн 260.000 төгрөг, 5000 төгрөгийн Мобикомын нэгж зэргийг залилан авсан,

2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 13 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто заводын буудалд байрлах Түргэн үйлчилгээний цэг ажиллуулж байсан Д.Буяннямыг “Нийслэлийн Цагдаагийн газрын хүүхдийн байцаагч ахлах дэслэгч Анхбаяр гэдэг хүн байна торгоно” хэмээн хуурч мөнгө залилан авахыг завдсан,

2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Орос элчингийн баруун талд байрлах “Хонхондой” эмийн санд ажиллаж байсан Ч.Цэрэнбадамыг “Нийслэлийн эрүүл мэндийн газраас явж байна, танай нэр дээр өргөдөл ирсэн, Танайхаас эм авсан хүүхэд хордчихсон байна. Одоо комын байдалд ухаангүй, амь нь дээсэн дөрөөн дээр байна, ажил мэргэжилтэйгээ үлдмээр байвал 220.000 төгрөг өг” хэмээн хуурч бэлэн 220.000 төгрөгийг залилан авсан,

2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо барилгачдын талбайн зүүн хойно байх Түргэн үйлчилгээний цаг ажиллуулж байсан Б.Оюунгэрэлийг “Тамхины зөвшөөрөл гаргаад өгье” хэмээн хуурч бэлэн 200.000 төгрөгийг залилан авсан,

2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Их төгөл” эмийн санд жор найруулагчаар ажиллаж байсан Б.Шинэбаярыг “чи оюутан байна, оюутан эмийн санд ажиллах ёсгүй учраас надад мөнгө болон гар утсаа өг эсхүл эмийг лацдуул” хэмээн хуурч бэлэн 200.000 төгрөг, 70.000 төгрөгийн үнэлгээтэй Самсунг Эс-2 маркийн гар утас зэргийг нь залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                  ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.У  мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч С.У ыг ял эдлэхээс чөлөөлөх тухай хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч С.У  нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлжээ.

Түүнийг энэ хорих ялыг эдэлж байх хугацаанд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дагаж мөрдөгдөж эхэлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “.. оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, мөн хуулийн 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулсан ялын хэмжээ багасгасан бол шүүх ялтны ялыг хөнгөрүүлнэ” гэж тус тус заажээ.

Иймд С.У ын Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийг байнга үйлдсэн” гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэгтэй нийцэж байна.

Энэ хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагад хорих ял шийтгэхээр хуульчлаагүй тул С.У т 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 1 жил 8 сарын хорих ял эдлэхээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн талаарх өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч С.У т холбогдох эрүүгийн хэргийг прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар буюу “Энэ хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн  хүндрүүлэх нөхцөл байдлаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь С.У ын үйлдлүүд нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрүүдэд үйлдэгджээ.

2017 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дагаж мөрдөгдөж эхэлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1 дэх заалт болох “энэ хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн хүндрүүлэх шинж нь 2017 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хамааралтай байна.

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасны дагуу шүүгдэгч С.У т холбогдох хэргийг мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу зүйлчлэлийг хөнгөрүүлэн түүнд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчлэх нь зүйтэй.

 

Нөгөөтэйгүүр прокуророос шүүгдэгч С.Ууганбаярыг  2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрийн худалдагч Х.Болорчимэгийг “Дэлгүүрийг чинь 8-н нэрийн дэлгүүр болгож өгнө” хэмээн хуурч 210.000 төгрөгийг залилан авахыг завдсан,

2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 13 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто заводын буудалд байрлах Түргэн үйлчилгээний цэг ажиллуулж байсан Д.Буяннямыг “Нийслэлийн Цагдаагийн газрын хүүхдийн байцаагч ахлах дэслэгч Анхбаяр гэдэг хүн байна торгоно” хэмээн хуурч мөнгө залилан авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинж нь “... өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол ...” гэж гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд энэ нөхцөл байдал бий болоогүй бол гэмт хэрэгт тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд шүүгдэгч С.У ын үйлдсэн Х.Болорчимэг, Д.Буянням нарыг залилахыг завдсан үйлдлүүдийг гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч С.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудад тусгагдсан мэдээллээр нотлогдсон байна.

Үүнд:

1. 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр цагаан байрны автобусны буудлаас чанх хойд зүгт байрлах “Чандмань-Эрдэнэ” 6-н нэрийн барааны дэлгүүрийг ажиллуулж байсан Ц.Туулыг Чингэлтэй дүүрэгт улсын байцаагчаар 3-н сар ажиллаж байна, Танай дэлгүүрийг түрээслэдэг эзэн чинь тамхины зөвшөөрөл гаргуулах гэж манай найзаар намайг гуйлгуулсан юм, өнөөдөр эхнээс нь бичиг баримтыг нь бүрдүүлнэ” хэмээн хуурч бэлэн 260.000 төгрөг, 5000 төгрөгийн Мобикомын нэгж зэргийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Туулын “2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг 30 минутын орчимд намайг дэлгүүр дээрээ хүү Энхсайханы хамтаар байж байтал гаднаас хар хөх өнгийн куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй, 170-175 см орчим өндөртэй, бор царайтай, 20-25 орчим насны эрэгтэй хүн орж ирээд өөрийгөө Чингэлтэй дүүрэгт улсын байцаагчаар 3-н сар ажиллаж байна. Танай дэлгүүрийг түрээслүүлдэг эзэн чинь тамхины зөвшөөрөл гаргуулах гэж манай найзаар намайг гуйлгуулсан юм аа. Өнөөдрөөс эхлэн бичиг баримтыг нь бүрдүүлэх гэж байна. Тэгэхийн тулд 260.000 төгрөгний хэрэгтэй байна гэж ярихаар нь итгээд 260.000 төгрөг тоолж өгсөн. Тэгтэл 5000 төгрөгний Мобикомын нэгжийг 99342257 гэсэн дугаар луу шилжүүлсэн. ...Тэр залуу мөнгөө авангуутлаа маргааш ирнэ гэж хэлээд гараад явсан. Тэр хүнийг явсаны дараа бичиг баримтыг нь үздэг байж гэж бодоод гараад хартал алга болчихсон байхаар нь шууд Тусгаар тогтнолын ордон руу очиход 303 дугаарын өрөөнд нь надтай уулзаж мөнгө авсан хүн ажилладаггүй болохыг мэдэж авсан. Нэгж шилжүүлсэн 99342257 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. ... Гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн  1 дүгээр хавтас 160-161 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.Энхсайханы “2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 15 цаг 30 минутын орчимд би ээж Туулын хамтаар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чандмань-Эрдэнэ нэртэй 6-н нэрийн хүнсний дэлгүүр дээр сууж байтал гаднаас хар хөх өнгийн куртик өмссөн ах орж ирээд би танай дүүргийн хариуцсан улсын байцаагч байна, том хүн байвал дуудаадхаач гэсэн. Тэгэхээр нь би ээжийг дуудаад уулзуултал Тамхины тухай хуулинд өөрчлөлт орсон гэж хэлж байсан. Тэгсэн нэг мэдсэн ээж намайг энэ хүний хэлсэн дугаар луу нэгж хийчих гэхээр нь тэр ахын хэлсэн 99342257 гэсэн дугаар луу 5000 төгрөгний нэгж шилжүүлсэн. Тэгээд тэр ах гараад явчихсан. Би ээжид хандаж та бичиг баримтыг нь харсан юм уу гэхэд үгүй гэсэн. Би гүйгээд гартал аль хэдийн алга болчихсон байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 162-163 дугаар хуудас/

“...Тухайн үед өөрийгөө Мэргэжлийн хяналтын газарт ажилладаг гэх ах ээжтэй ярилцаад тамхины зөвшөөрөл олгож өгнө гэж мөнгө асууж байсныг сонссон. ...Ээж надад хэлэхдээ 260.000 төгрөг өгсөн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 121 дүгээр хуудас/

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл “... №2-д байх залуу мөн байна. Халзан толгойн оройн хэсгээр бага зэрэг үстэй, биеэрхүү 20-25 орчим насны залуу байсан. Тухайн үед хөх өнгийн куртиктэй явж байсан” /хэргийн 2 дугаар хавтас 95 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

2. 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Орос элчингийн баруун талд байрлах “Хонхондой” эмийн санд ажиллаж байсан Ч.Цэрэнбадамыг “Нийслэлийн эрүүл мэндийн газраас явж байна, танай нэр дээр өргөдөл ирсэн, Танайхаас эм авсан хүүхэд хордчихсон байна. Одоо комын байдалд ухаангүй, амь нь дээсэн дөрөөн дээр байна, ажил мэргэжилтэйгээ үлдмээр байвал 220.000 төгрөг өг” хэмээн хуурч бэлэн 220.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ч.Цэрэнбадамын “2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 21 цаг 30 минутын орчим Орос элчингийн  баруун талд байрлах Хонхондой эмийн сан дотроо ажлаа хийгээд байж байтал 25-30 орчим насны дунд зэргийн махлаг биетэй бордуу царайтай жартгардуу давхраатай нүдтэй, үсээ 2 талаар нь хусчихсан, гол хэсгээрээ богино үстэй эрэгтэй орж ирээд Нийслэлийн эрүүл мэндийн газраас явж байна, танай нэр дээр өргөдөл ирсэн. Маргааш миний ажил дээр очиж уулзах хэрэгтэй байна гэхээр нь ямар учиртай юм бэ гэж асуухад танайхаас эм авсан хүүхэд хордчихсон байна, одоо комын байдалд ухаангүй, амь нь дээсэн дөрөөн дээр байна, танайхаас эм авсан хүүхэд дүүдээ эм авсан байна лээ, танай билл өргөдөлтэй хавсраад байж байна лээ, чамайг дүрслээд байна гэсэн. Чи насанд хүрээгүй хүүхдэд эм олгосон байна гэх мэт юм ярихаар нь юм асуух гэсэн чинь дуугүй байж бай чи хүн алах гэж байна гэх мэтээр загнаад байснаа би чамд ганц л арга зааж өгье 72 дугаар тогтоол гарна тэрнийг гаргахгүй гэж л бодож байвал ажил мэргэжилтэйгээ үлдмээр байвал 220.000 төгрөг өгчих, тэр тогтоолыг гаргахгүйн тулд сая төгрөг хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа биз дээ гээд загнаад байхаар нь сандрахдаа орлогын мөнгөнөөс 220.000 төгрөг өгөөд явуулсан. Үнэмлэх бичиг баримтыг нь ч үзээгүй. Манай эмийн санд камерын бичлэг байхгүй. ... Намайг залилсан эрэгтэйг олж хохирлоо барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 16 дугаар хуудас/

3.  2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо барилгачдын талбайн зүүн хойно байх Түргэн үйлчилгээний цаг ажиллуулж байсан Б.Оюунгэрэлийг “Тамхины зөвшөөрөл гаргаад өгье” хэмээн хуурч бэлэн 200.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Оюунгэрэлийн “...Тэгээд яриан дундуураа би сургуулиа төгсөөд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт архи тамхитай тэмцэх  албанд ажиллаж байгаа юм. Өнөө орой цагдаагийн байгууллагаас мэргэжлийн хяналттай хамтарсан том шалгалт гарах гэж байгаа тамхины зөвшөөрөлгүй аж ахуй нэгжийг торгож үйл ажиллагааг нь зогсооно гэсэн. Тэгсэнээ би тамхины зөвшөөрөл гаргаад өгье надад 200.000 төгрөг өөрийн бичиг баримттай хамт өгчих гэж хэлсэн. Тухайн үед тэр залууд итгээд бэлнээр 200.000 төгрөг өөрийн бичиг баримтыг өгөөд явуулсан. Орой нь цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтаас шалгалт ирээгүй ба надад үлдээсэн нэг утасны дугаар луу нь залгахад холбогдохгүй байсан юм. Би тэр залууг огт харж байгаагүй. Надад 200.000 төгрөгийн хохирол мөн иргэний үнэмлэхний зардал зэрэг хохирол учирсан байна. Би тэр залууг хараад танина” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 220-221 дүгээр хуудас/

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл “...№2-д байх залуу мөн байна. Халзан толгойн оройн хэсгээр шараар будуулсан биеэрхүү залуу байсан” /хэргийн 2 дугаар хавтас 93 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

4. 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Их төгөл” эмийн санд жор найруулагчаар ажиллаж байсан Б.Шинэбаярыг “чи оюутан байна, оюутан эмийн санд ажиллах ёсгүй учраас надад мөнгө болон гар утсаа өг эсхүл эмийг лацдуул” хэмээн хуурч бэлэн 200.000 төгрөг, 70.000 төгрөгийн үнэлгээтэй Самсунг Эс-2 маркийн гар утас зэргийг нь залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Шинэбаярын “Би 2010 оноос  хойш Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Их төгөл эмийн санд жор найруулагчаар ажиллаж байгаа юм. 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр манай эмийн санд үл таних 20-25 орчим насны биеэрхүү халзан эрэгтэй хүн орж ирээд мэргэжлийн хяналтын улсын байцаагч байна гэж хэлснээ гэнэт хэд хоногийн өмнө танай  эмийн санд би өөрийн гар утсаа алдсан утсаа хайж явж байна гэсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй байна гэхэд тэр залуу би мэргэжлийн хяналтын байцаагч байна, чи оюутан байна, оюутан эмийн санд ажиллах ёсгүй учраас надад мөнгө болон гар утсаа өг эсхүл эмийг лацдуул гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухай үед айсан. Айсандаа орлогын 200.000  төгрөг болон өөрийн Самсунг Эс- 2 маркийн гар утсыг тэр залууд өгөөд явуулсан. ...Би тэр залууг хараад танина” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 222-224 дүгээр хуудас/

Эд зүйлийн үнэлгээ. “Самсунг Эс 2 маркийн гар утас 70.000 төгрөг” /хэргийн 2 дугаар хавтас 130 дугаар хуудас/

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл “... №2-д байх залуу мөн байна. Халзан толгойн оройн хэсгээрээ бага зэрэг үстэй, биеэрхүү залуу байсан” /хэргийн 2 дугаар хавтас 94 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч С.У  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч С.У аас хохирогч Ц.Туулд учруулсан 265.000 төгрөгийг, хохирогч Ц.Цэрэнбадамд учруулсан 220.000 төгрөгийг, хохирогч Б.Оюунгэрэлд учруулсан 200.000 төгрөгийг, хохирогч Б.Шинэбаярт учруулсан 270.000 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах нь зүйтэй гэж  үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн баруун гартаа Онцгой байдлын сургуулийн таних тэмдэг, зүүн гар талдаа ХСИС-ийн таних тэмдэгтэй хар хөх өнгийн энгэрийн халаасан дээрээ 2 ширхэг соёмботой товчтой, улаан цагаантай эмжээртэй дүрэмт хувцсыг С.У т буцаан олгож, түүний  баривчлагдсан, цагдан хоригдсон 189 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцвол зохино.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг  хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

           

            Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10, 36.12, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. С.У ын Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь  хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 1 жил 8 сарын хорих ял эдлэхээс чөлөөлсүгэй.

 

            2. У т холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Болорчимэг, Д.Буянням нарыг залилахыг завдсан үйлдлүүдийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. У ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            4. С.У ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.У т  оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.У аас 265.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Туулд, 220.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Цэрэнбадамд, 200.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Оюунгэрэлд, 270.000 төгрөг  гаргуулж хохирогч Б.Шинэбаяр нарт тус тус олгосугай.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.У ын энэ хэрэгт цагдан хоригдсон 189 /нэг зуун наян ес/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

            8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн баруун гартаа Онцгой байдлын сургуулийн таних тэмдэг, зүүн гар талдаа ХСИС-ийн таних тэмдэгтэй хар хөх өнгийн энгэрийн халаасан дээрээ 2 ширхэг соёмботой товчтой, улаан цагаантай эмжээртэй дүрэмт хувцсыг С.У т буцаан олгосугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  С.У т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ

 

                  

                                       ШҮҮГЧИД                                         Л.ОЮУН

 

                                                                                   

Ч.ОТГОНБАЯР