Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/18

 

 

 

 

 

  2022        10         05                                        2022/ДШМ/18

 

     Б.О, Б.Ч нарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: М.Берикбол,

Шүүгдэгч: Б.О, Б.Ч,

Шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч: Д.Содномдорж,

Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс, Д.Содномдорж, Ц.Баасанбаяр нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.О, Б.Ч нарт холбогдох 2238000000109 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шар ургийн овогт Б- О ....... оны .... дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн ......... суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргааны менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар баг .............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ....................../. 

2.А ургийн овогт Б-н Ч, .......... оны ............ дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн ...........суманд төрсөн, ......... настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн ............. сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, нөхөр, хүүхдийн хамт, Хөвсгөл аймгийн ............... сумын .......... дугаар багт оршин суух бүртгэлтэй,  ял шийтгэлгүй /регистрийн дугаар ......................./.

Б.О нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ........... дугаар баг ........ дугаар гудамж ........ тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.Чтэй маргалдаж улмаар түүний нуруун тус газар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Б.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Асуманд 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Б.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Б.Огийн толгой руу сандлаар цохиж зулай, хуйханд сорви бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолоор А овогт Бийн Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдсэнд, шүүгдэгч Шар овогт Болдын Ог Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бийн Чийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Болдын Ог 5 (тав) жил, 01 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 5 (тав) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдэж, хохирогч Б.Ч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ч нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Б.Чийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн 2238000000109 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хөх өнгийн нэхий дээл, улаан өнгийн цамц 1 ширхэг, хөхний даруулга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Чд буцаан олгож, бариулгүй төмөр хутаг 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Эрүүгийн 2238000000109 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Ч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр давж заалдах гомдолдоо:  “...миний үйлчлүүлэгч Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлджээ. Энэ зүйлд заасан гэмт хэрэгт 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр заажээ. Энэ бол үнэхээр хүнд зүйл, заалт юм. Б.Огийн гаргасан үйлдэл нь хүнд гэмт хэргийн шинжийг агуулаагүй бөгөөд харин хүний биед хүнд гэмтлийг болгоомжгүйгээр учруулсан гэж үзэх хангалттай үндэслэл байсан.

...Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно. Мөн Эрүүгийн хуулийн 11.2 дах хэсэгт санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэсэн зүйл заалт байна. Эдгээр зүйл заалтуудаас ялгаж зааглаж ойлгож зүйлчлэх ёстой болж байгаа ба Огийн үйлдэл эдгээрийн алинд хамаатай болохыг тодруулъя:

Хавтаст хэрэгтэй танилцаад дараах нотлогдсон зүйлсийг тэмдэглэхэд: Гэрч, хохирогч Б.Чийн: “...2021 оны 12 сарын 20-ны үед байх, Томоо, Жижгээгийн гэрт найз Мөнхцэцэг, нөхөр Баянаа нарын хамтаар пиво уусан. Би архи ууж согтсондоо, уур хүрсэндээ аяга аваад шидсэн чинь Огийн толгойных нь ар хэсэг рүү оноход хуйх нь язарч цус гоожиж эмнэлэгт очиж боолт хийлгүүлсэн. Мөн 2022 оны 1 сарын сүүлчээр согтуу машин барьж яваад Хатгалын цагдаад машинаа журамлуулж Ог дуудахад тэрээр найзынхаа хамт Алаг-Эрдэнэд ирсэн. Сэлэнгээ эгчийн гэрт 2-3 том пиво уусан. Пүүжээ Ог аваад гарахад нь би яахаараа алгадуулж байдаг юм бэ гээд гэрээс модон сандал авч гүйгээд Ог машинд суух гэж байхад нь араас нь цохичихсон чинь толгойны ар хэсэгт нь онож хуйх нь язарчихсан...” гэх мэдүүлэг,

...Энэ бүхнээс дүгнэхэд Ч нь байнга архи согтууруулах ундаа хэрэглэдэг, архи уусан үедээ догшин ширүүн авирлаж Огийн нүүр, биеийг нь маажих, улмаар аяга, сандлаар толгойн тус газар өмнөөс болон араас нь цохих зэргээр түүний эрүүл мэндэд гэмтэл хохирол учруулсаар иржээ. Энэ нь нэг бус олон удаа давтагдаж ирсэн байна. Чийн эдгээр үйлдэл нь Ог айдаст автуулах, цочрон давчдах, улмаар өөрийнхөө эрхшээл дарамтад оруулсан үйлдлээс өөрийгөө хамгаалах өөрийн эрхгүй хаалт, хамгаалалт хийхэд хүргэж нэгэнт эхэлсэн довтолгоог хаахаас өөр аргагүй байдалд дахиад цохиулчихгүй юм сан гэх байдалд хүргэжээ.

Чийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд уураа гаргаад хэрүүл маргаан үүсэж улмаар түүнийг цохиж зодоход нэгэнт довтолгоо эхэлсэн үед О нь зомгол цуулж байхтай давхацдаг. Энэ үед л түүнд эд зүйлсээр сандлаар цохиулчихгүй юм сан, зодуулчихгүй юм сан гэсэн ганц бодлоор гартаа хутгатай гэдгээ ухамсарлаагүй, өөрийгөө хамгаалах үүднээс гараараа хаасан нь түүний цээжний хөндийд нэвтэрсэн шарх үүссэн. Бид энэ үүссэн торгон агшинд тэр хүнд юу бодогдож байсан байж болох вэ гэдгийг анхаарах ёстой.

...Эрүүгийн хуульд хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах талаар тусгасан бөгөөд О нь бусдын биед гэмтэл учирч болохыг мэдэх ёстой байсан боловч мэдээгүй үйлдсэн нь илт байна. Энэ нь хутгалагдсаныг мэдмэгц хутгаа хараад “...яана аа...” гээд үүд рүү шидэж байгаагаар харагдаж байна. Хэрэв хүсэж үйлдсэн, зориуд энэ байдалд хүргэсэн бол ийм үйлдэл гаргахгүй.

...Нөгөө талаар Б.О нь Б.Чийн байнгын доромжлол хүчирхийлэл дунд байдаг байх бөгөөд мөн байнгын айдас хүйдэс, айх цочирдох зэргээр дахиад цохиулж нүдүүлж бие эрхтэн, эрүүл мэндээрээ хохирчих вий, нүүр ам, гар хөлөө маажуулчих вий гэсэн болгоомжлол дунд түүний үйлдэлд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах, түүнд хүч хэрэглэсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн байдал алдагдсаны улмаас хүний биед хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэс бий. Гэхдээ энэ тохиолдолд хоромхон зуур юу хийж байгаагаа цочролын улмаас алддаг.

Иймд энэхүү хэргийг нягтлан зөв зүйлчилж нийгэмд нэг гэр бүл ч гэсэн хамт байх боломжийг нь олгох нь зүйтэйгээс гадна О нь Чийг хутгалсан үйлдлээ нууж элдэв арга саам хэрэглээгүй, хүлээн зөвшөөрч ирсэн бөгөөд гагцхүү санаатай юу, болгоомжгүйгээр үйлдэгдсэн үү гэдгийг шийдүүлэх л гэсэн хэрэг гэжээ.

Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Г.Түвшинтөгс, Д.Содномдорж нар давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.8 дугаар зүйлд заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэлээ.

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08-р сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолын 4 талд “...Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 03-р сарын 01-ний өдрийн 150 дугаартай дүгнэлтийн 2-т “Дээрх зулай дагзны хуйханд сорви бүхий гэмтэл нь 2022.01.29-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд тус тус мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна..” гэж шийтгэх тогтоолд дурджээ.

Гэтэл шинжээч эмч Ж.Батмөнхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 150 дугаар дүгнэлтэд “...Дээрх зулайн сорви гэмтэл нь 2021 оны 12-р сарын 20-ны өдөр, дагзны сорви гэмтэл нь 2022 оны 01-р сарын 29-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд тус тусдаа мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна” гэсэн байхад уг дүгнэлтийг буруу тайлбарлаж шийтгэх тогтоолд бичжээ.

Хохирогч Б.О хэрэг учрал гарсан өдөр биедээ хэрхэн гэмтэл авсан эсэх, ямар шалтгааны улмаас тухайн гэмтлийг авсан нь тодорхой бус байдаг. Хохирогч өөрийгөө бусдад зодуулж гэмтэл авсан тухай гэрэл зургийг анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн байхад нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна.

Хохирогч Б.О нь 2022 оны 01-р сарын 30-ны өдөр Б.Чтэй таарамжгүй харьцааны улмаас толгой руугаа сандлаар цохиулсан гэж анхан шатны шүүх дүгнэсэнд гомдолтой байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглох заалтыг зөрчсөн, 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотлоогүй, мөн хуулийн 16.15 цугаар зүйлд зааснаар нотлох баримтыг шалгаж үнэлээгүй. Дээрх байдлыг шалгаж тогтоосон бол гэмт хэргийн шалтгаант холбоог тогтооход ач холбогдолтой байсныг шүүхээс анхаарч үзэлгүй хэт яллах талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн.

2. 2238000000109 дугаартай хавтаст хэргийн 38 дугаар хуудсанд Мөрдөгчийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг ялтан Б.Од танилцуулаагүй, түүний гарын үсгийг нь хуурамчаар дуурайлгаж зурсан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “яллагдагч шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцах эрхтэй” гэснийг зөрчжээ.

3. 2022 оны 03-р сарын 01-ний өдрийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 155 дугаартай дүгнэлтийн үзлэг ба шинжилгээ хэсэгт “Цээжний зүүн ар хэсэгт хурц ирмэг нь 12:30, мохоо ирмэг 6:30 цагийн түвшинд ташуу байрласан, зах ирмэг тэгш 1.5*0.3 см хэмжээтэй шугаман хэлбэрийн шархтай. Уг шарх нь 2 ширхэг оёдолтой” байна гэж үзлэг хийжээ. Шинжээч эмч рентгений зураг уншиж дүгнэлт гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Хөвсгөл аймгийн рентгений эмч хохирогчийн актад ямар гэмтэлтэй болохыг дурдсан эсэх нь эргэлзээтэй байгаад гомдолтой байна. Хохирогч Б.Чд оёдол тавьсан эмч, эмчилгээ хийсэн эмч, рентгений эмч нараас мэдүүлэг авалгүй ял оногдуулсанд гомдолтой байна.

4. Хавтаст хэргийн 26 дугаар хуудсанд Б.О нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Б.Ч утсаар залгаад би Аявж байна гэж хэлсэн. Тэгснээ би одоо чамайг очиж ална гэж хэлээд уурлаад утсаа салгасан...” гэх мэдүүлэг, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр толгой руу нь аягаар цохиж толгойг нь хагалсан, 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр толгой руу нь сандлаар цохиж гэмтэл учруулсан, 2022 оны 02 дугаар сарын 20-ны шөнө цохиж, зодож, маажиж эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Дээрх нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг гарах шалтгаант холбоо үүссэн байх боломжтой байхад мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “яллах болон цагаатгах, ял хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэснийг зөрчсөн.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй. Шийтгэх тогтоол нь үндэслэлтэй. Шинжээчийн дүгнэлттэй танилцаад санал гомдлоо гаргах эрх нь нээлттэй байсан тул шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Шүүгдэгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би маш олон удаа цохиулж зодуулсан зургаа анхан шатны шүүх хуралдаанд гаргаж үзүүлсэн. Гэтэл миний гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлээгүй” гэв.

Шүүгдэгч Б.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Надаас болж ийм хэрэг гарах болсон. Хэдийгээр би хутгалуулсан ч гэсэн Б.Ог аяга болон сандлаар цохисон. Би эмнэлгийн үйлчилгээг аваад давхар ажлаа хийгээд явж байгаа. Надад хүнд гэмтэл учруулсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний биеийн байдал зүгээр байгаа, надад хүнд гэмтэл учруулаагүй” гэв.

Шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч Д.Содномдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ …Б.О нь Б.Чд удаа дараа зодуулж, хүчирхийлэлд өртөж байсны улмаас хэрэг гарах шалтгаант холбоо үүссэн байх боломжтой байхад хэт яллах талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн байна. Шинжээчийн дүгнэлтийг Б.Од танилцуулаагүй, танилцуулсан баримтад түүний гарын үсгийг дуурайлгаж зурсан байдаг. Шинжээч эмч рентгений зургийг уншиж дүгнэлт гаргаж байгаа нь ойлгомжгүй, шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоогоогүй зэрэг зөрчлүүд байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ болгож өөрчилж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.О нь 2022 оны ..... дугаар сарын 19-ний өдрөөс 20-д шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дугаар багийн ..... дугаар гудамжны 16 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.Чтэй маргалдаж улмаар түүний нуруун тус газар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар,

Шүүгдэгч Б.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Асуманд 2022 оны .... дүгээр сарын 30-ны өдөр Б.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Б.Огийн толгой руу сандлаар цохиж зулай, хуйханд сорви бүхий хөнгөн гэмтэл санаатай  учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “шүүгдэгч Б.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа шүүгдэгч Б.О, Б.Ч нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 150 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 155 дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 236 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Энхтүвшингийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 23 дугаартай мөр судлалын шинжилгээ хийсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтууд зэргийг харгалзан шүүгдэгч Б.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 (тав) жил, 01 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн ба хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулжээ.

Хэргийн талаар

Б.О нь зэвсэг ашиглаж Б.Чийн нуруун тус газар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Б.Огийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...тэгээд би эхнэрийнхээ нуруу луу гараараа цохилоо гэж бодсон боловч хутгалчихсан байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Чийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...тухайн өдөр би Б.О рүү уурлаж, юм авч шидсэн нь үнэн, ийм зүйл болно гэж огт бодоогүй. Б.О намайг цохисон учраас би зөрүүлээд цохиод, орилсон тэгээд Б.О миний нурууны гол руу цохих шиг болохоор нь харсан чинь хутгалчихсан байсан...” гэх мэдүүлэг,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 155 дугаартай дүгнэлт, мөн эмчийн нэмэлт шинжилгээ хийсэн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 236 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Энхтүвшингийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 23 дугаартай мөр судлалын шинжилгээ хийсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг,

Б.Ч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Б.Огийн толгой руу сандлаар цохиж зулай, хуйханд сорви бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь гэрч М.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ог машинд суух гэж байхад Ч сандал барьж гүйж ирээд сандлаараа түүний толгойн ар хэсэгт цохисон...” гэх мэдүүлэг,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 150 дугаартай дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах гомдлын талаар

Шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр “...Огийн гаргасан үйлдэл нь хүнд гэмт хэргийн шинжийг агуулаагүй бөгөөд харин хүний биед хүнд гэмтлийг болгоомжгүйгээр учруулсан гэж үзэх хангалттай үндэслэл байсан. Нөгөө талаар хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн байдал алдагдсаны улмаас хүний биед хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэс бий. Гагцхүү санаатай юу, болгоомжгүйгээр үйлдэгдсэн үү гэдгийг шийдүүлэх л гэсэн хэрэг...”  гэх гомдлын тухайд

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хүний сэтгэцийг ердийн ухамсарт байдлаас гаргаж, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болгохыг ойлгох бөгөөд энэ нь маш хүчтэй тэсрэлт маягаар илэрч хоромхон зуур үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатал болно.

Өөрөөр хэлбэл хохирогчийн нэг бус удаагийн хууль бус үйлдлийн хариу болж үүсч, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус үйлдэл болох бөгөөд энэ үйлдэл нь гэмт этгээдийн хувьд хүлээгээгүй нөхцөл байдалд, түргэн зуур болдог онцлогтойгоос гадна гэмт этгээдийн санаа шууд болон шууд бус хэлбэрээр илэрдэг.

Анхан шатны шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэхэд Б.Ч нь

Б.Ог санаа сэтгэлийн болон бие махбодын хувьд түүнийг хутгалж, гэмтэл учруулахаар хэмжээнд хүргэх хууль бус үйлдэл гаргаагүй, харин маргаан үүссэн нөхцөл байдалд Б.О нь уурлаж Б.Чийг хутгалсан нь түүний гэмт санаа төрөх үйл явцыг өдөөснөөс бус санаа сэтгэлийн хүчтэй цочрол давчдалд гэмт санаа төрөх шалтгаан болоогүй ба Б.Огийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан “...Ч надтай ирж хэрүүл хийгээд намайг цохиж аваад байхаар нь зөрүүлээд бол нэлээн хэдэн удаа гараараа цохисон. Би галаа түлэхээр зомгол цуулж байхад Ч цохиж аваад байхаар нь хутгатай гараараа хальт түлхсэн чинь дал руу нь хутгалсан байсан... тэгээд би эхнэрийнхээ нуруу луу гараараа цохилоо гэж бодсон боловч хутгалчихсан байсан...” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч Д.Содномдорж, Г.Түвшинтөгс, шүүгдэгч Б.О нар “Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 03-р сарын 01-ний өдрийн 150 дугаартай дүгнэлтийг шийтгэх тогтоолд буруу тайлбарласан. Б.О хэрэг учрал гарсан өдөр биедээ хэрхэн гэмтэл авсан эсэх, ямар шалтгааны улмаас тухайн гэмтлийг авсан нь тодорхой бус, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотлоогүй, мөрдөгчийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг ялтан Б.Од танилцуулаагүй, түүний гарын үсгийг нь хуурамчаар дуурайлгаж зурсан, шинжээч эмч рентгений зураг уншиж дүгнэлт гаргаж байгаа нь ойлгомжгүй, мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “яллах болон цагаатгах, ял хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэснийг зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг хянан  шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Шүүгдэгч нарт шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан журмын дагуу танилцуулсан, мөн тэдний хүсэлтээр шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ хийлгэж, дүгнэлтийг тус тус танилцуулж гарын үсэг зуруулсан байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ч нь: “...миний бие зүгээр байгаа надад ийм хүнд гэмтэл учруулаагүй...” гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй, шүүх эрх бүхий байгууллагаас томилогдсон тусгай мэдлэг эзэмшсэн шинжээчийн гаргасан дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй болно.

Шүүх нотлох баримтыг шалгаж үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.

Иймд шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар 5 (тав) жил, 01 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон гэж үзэв.

Харин анхан шатны шүүх хэргийн шийдвэрлэхдээ гаргасан доорх зөрчил байгааг магадлалд дурдлаа. Үүнд:

1/ Хөвсгөл аймгийн Прокурорын яллах дүгнэлтэд: Яллагдагч Б.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Асуманд 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Б.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний толгой хэсэг рүү модон сандлаар цохиж зулай, хуйханд сорви бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “....энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хуульд тодорхой заасан,

Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь 2.1-ээс 2.14 хүртэлх заалттай байтал яллах дүгнэлтэд аль тохирох заалтыг бичээгүй,

2/ Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдсэнд,

Шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэж  тус тус бичжээ.

Шүүх шийтгэх тогтоолын “ТОГТООХ нь” хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч Б.Чийг гэм буруутайд тооцохдоо утга найруулгын хувьд “үйлдсэн үйлдсэнд” гэж, мөн шүүгдэгч Б.Ог гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тохирох зүйл, заалтыг баримтлаагүй алдаа гаргасан байна.

3/ Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “....шүүгдэгч Б.О анх удаа гэмт хэрэг үйлдсэн... эрүүгийн хуулийн тусгай ангид оногдуулахаар заасан хорих ялаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж....” гэж дүгнэлт хийсэн атлаа шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулжээ.

Цаашид энэ төрлийн алдаа зөрчил гаргахгүй ажиллавал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ц.Баасанбаяр, Г.Түвшинтөгс, Д.Содномдорж нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.СОСОРБАРАМ

                         ШҮҮГЧИД                              Н.БАЯРХҮҮ                  

                                                                                   Л.ЭРДЭНЭБАТ