Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 577

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,  

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч: Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б д холбогдох эрүүгийн 1703 0000 10089 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хоолны технологич мэргэжилтэй, “Gate” ресторанд зөвлөх тогооч ажилтай, сард 800 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4, эхнэр, 4-10 насны 2 хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Б  нь 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ганзам” зочид буудлын ресторанд Л.Батболдыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б  мэдүүлэхдээ:

Эхнэр маань гэртээ ирээд, уйлаад “намайг олон хүний дунд Л.Батболд доромжилсон” гэхээр нь би уурандаа Л.Батболдын ажил дээр очоод түүнийг үгийн зөрүүгүй ширээн дээр дарж аваад, цохисон. Би өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэдгийг ойлгосон. Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан 278 000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан. Хамгийн сүүлд хохирогчоос уучлалт гуйхаар очиход эрүүл мэндийн байдал нь хэвийн байсан. Хохирогч сайн дурын үндсэн дээр надтай эвлэрсэн. Цаашид хүнтэй зодолдох биш, харин ярилцаж учраа олох ёстой гэдгийг ойлгосон гэв.

 

 

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Л.Батболд мэдүүлэхдээ:

      ...утсаа оролдоод рестораны текний хажуугаар өнгөрөх гээд явж байтал өөдөөс манай ресторанд тогооч хийдэг Нарантунгалагийн нөхөр Б  хүрч ирээд шууд “чи муу пизда” гэж хэлэхээр нь би “юу” гээд гайхаад асуутал “чи муу эхнэр зоддог хэн бэ” гээд шууд баруун талын нүд рүү гараараа нэг удаа цохихоор нь би “яаж байгаа юм бэ” гэж хэлээд куртикнийх нь ханцуйнаас зуурсан чинь заамдаж аваад ширээн дээр дарах үед ширээ доошоо уначихсан. Тэр миний дээр гарч ирээд миний баруун талын нүд рүү ахиад гараараа цохиод байхаар нь би “нүд рүү битгий цохиод бай” гэж хэлтэл “чам шиг муу эрүүгийн элементүүдийг хаана ч таарсан алж чадна” гэж хэлсэн. “чи зүгээр бай, битгий нүр рүү цохиод бай” гэсэн чинь Б  “чи муу эхнэрт гар хүрдэг юу вэ” гээд байхаар нь би “юу гээд хуцаад байгаа юм бэ, тавиач ээ”  гэж хэлтэл нүд рүү гараараа цохиод байсан. Тухайн үед манай манаач Гансүх ах үүдний паарны хаалтыг хадаад газар хэвтэж байснаа босч ирээд Б ын араас татахад нь би газраас босч ирсэн. Би Б д “чи яаж байгаа юм бэ. Би чамд нэг ч гар хүрээгүй шүү” гэж хэлсэн чинь “чам шиг эрүүгийн элемент яаж ч чадахгүй” гэхээр нь “чи ямар аймаар юм бэ” гэж хэлтэл “удахгүй чи бүр аймаар гэдгийг нь мэдрэнэ” гэж хэлсэн гэжээ. (хавтаст хэргийн 18 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Л.Болор мэдүүлэхдээ:

... том зааланд пижигнээд юм нурж байгаа чимээ гарахаар нь юу болсон юм бол гээд яваад очтол нэг ширээ нураад унасан, манай зөөгч Батболд газар хэвтчихсэн, дээр нь манай тогоочийн нөхөр Б  гарсан, бие биенээ заамдчихсан байдалтай байж байхаар нь би “хөөе юу болж байнаа, хүүхдүүдээ боль боль” гэж салган, Б ыг цааш нь түлхээд, Батболдыг газраас босгосон. гэжээ. (хавтаст хэргийн 20 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Гансүх мэдүүлэхдээ:

...манайд тогоочоор ажилладаг Нарантунгалагийн нөхөр Б  гаднаас орж ирэнгүүтээ нэг юм хэлэх шиг болсон ба тухайн үед юу гэж хэлснийг нь сайн сонсоогүй, Тэгээд л шууд зөөгч Батболдыг заамдаж аваад ширээн дээр дарсан чинь ширээнийх нь тавцан салаад доош газар унацгаасан ба Б  нь Батболдын дээр гарчихсан заамдаастай гараараа нүүр рүү нь цохиод байхаар нь би очоод Б ыг араас нь тэвэрч авч татаад Батболдоос салгасан. Эхлээд хоёр давхарт рестораны том зааланд Б  нь Батболдыг газар унагааж байгаад нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохьсон. Харин Батболд Б ыг нэг ч удаа цохиогүй, цохих хүч нь хүрэхгүй байсан байх. Б  Батболдыг заамдаад боочихсон байсан юм гэжээ. (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Мөнхболд мэдүүлэхдээ:

...чимээ гарахаар нь гайхаад гараад ирсэн чинь манай зөөгч Батболд түрүүн Б тай хамт надтай зөрсөн залуутай зууралдчихсан, Батболдын хүзүүгээр нь гараараа доошоо дарчихсан байхаар нь би очоод тэр хоёрыг салгасан гэжээ. (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ч.Тунгалаг мэдүүлэхдээ:

...би яваад очсон чинь Б ыг манай үйлчлэгч Чимэгээ хорьчихсон Батболдыг касс, буфетчин Болор хорьчихсон зогсож байсан ба Б ын араас орсон залуу болон Б , Батболд нар хоорондоо хэрэлдэж байсан. Би “яасан бэ” гэсэн чинь Б  “энэ Батболд манай эхнэр Нарантунгалагтай муудалцаад бүүр алгадсан байна лээ” гэсэн чинь Батболд “Нарантунгалаг бид 2 бол муудалцахынхаа хувьд бол муудалцсан. Гэхдээ би юу гэж эмэгтэй хүнийг цохиж байдаг юм. Чи учрыг нь сайн олоогүй байж намайг яахаараа цохиж зоддог юм” гэж хэлж байсан гэжээ. (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Чимэгээ мэдүүлэхдээ:

...том зааланд пижигнээд юм нурж унаж байгаа чимээ сонсогдохоор нь дээшээ гараад ресторанд яваад ортол нөгөө зассан ширээнүүдийн хаалган талынх нь ширээ нураад уначихсан байхаар нь би зөөгч Батболдоос “юу болсон бэ” гэж асуухад “сая тогооч Нарантунгалагийн нөхөр Б  намайг цохиод тэр үед уначихсан юмаа” гэж хэлсэн гэжээ. (хавтаст хэргийн 28 дугаар хуудас)

 

      Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 12562 тоот дүгнэлтэд:

      1. Л.Батболдын биед тархи доргилт, баруун, зүүн нүдний алимны доргилт, баруун нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зүүн чихний арын төвгөр, зүүн ташаан толгойн орчимд цус хуралт тогтоогдлоо.

      2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

      3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. (хавтаст хэргийн 35 дугаар хуудас)

     

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 64-67 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б  ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 40 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б  нь 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ганзам” зочид буудлын ресторанд “манай эхнэрийг зодлоо “ гэсэн шалтгаанаар Л.Батболдыг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун, зүүн нүдний алимны доргилт, баруун нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зүүн чихний арын төвгөр, зүүн ташаан толгойн орчимд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч Л.Батболдын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 12562 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

           

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгажээ. 

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч Л.Батболд нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой зардлын талаар 273 000 төгрөгийн баримт хэрэгт авагдсан, шүүгдэгч нь хохирогч Л.Батболдод 273 000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ.    

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б  нь торгох ялыг 01 сар /нэг сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Си ди бичлэг 2 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН