| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/01014/И |
| Дугаар | 181/ШШ2024/03290 |
| Огноо | 2024-09-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 181/ШШ2024/03290
| 2024 09 09 | 181/ШШ2024/03290 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 66666 байрлах, ДГАЗТГ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .....тоотод оршин суух, Б.Ө /Регистрийн дугаар: .../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 4.487.360 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ү., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А.л нар оролцов. Нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ДАБСЗД нь Б.Ө од холбогдуулан гэрээний үүрэгт 4.487.360 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Б сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хийгдэх Шинээр баригдсан цэцэрлэгт хүрээлэнгийн доторх тохижилт-ын 5.609.200 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг гүйцэтгэхээр Ивээлт шийр хайрхан бүлгийн ахлагч Б.Ө той БЖ/2014022 тоот гэрээ байгуулан, ажлыг хийлгүүлсэн. Ажлыг засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хүлээж авах гэтэл Ажлыг хангалтгүй хийсэн, техникийн тодорхойлолтод тусгагдсан ажил дутуу гүйцэтгэлтэй гэх үндэслэлээр ажлыг хүлээж аваагүй бөгөөд, одоо хүртэл уг ажлаа бүрэн хүлээлгэж өгөөгүй.
Тухайн үед ажлыг хүлээж авна гэсэн байдлаар 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Б.Ө ын данс руу урьдчилгаа төлбөр 4.487.360 төгрөгийг сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс шилжүүлсэн. Гэтэл Д аймгийн Төрийн аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Зөрчлийг арилгуулах тухай албан шаардлага тавьж, Б.Ө ын гүйцэтгэсэн ажлыг хүлээж аваагүй байхад мөнгө шилжүүлсэн нь буруу гэх үндэслэлээр авлага үүсгэж албан шаардлага тавьсан. Энэ албан шаардлагын дагуу Б.Ө оос ажлаа хүлээлгэж өгч дуусгаагүй тул төсвийн хөрөнгийг буцаан өгөх шаардлага-ыг тавихад хүлээж авахгүй, төлөхгүй байгаа болно. Б.Ө од шилжүүлсэн дээрх 4.487.360 төгрөг нь манай байгууллагад авлагаар тусгагдсан байгаа. Аудитын байгууллагаас Б.Ө оос дээрх мөнгийг буцаан гаргуулж төсөвт оруул гэсэн шаардлагыг тавьсан.
Иймээс Б.Ө оос 4.487.360 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Ө би 5.609.200 төгрөгийн гэрээ байгуулаагүй ба 4.487.360 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Тухайн жил би 18.000.000 төгрөгийг гэрээ байгуулж гэрээний ажлаа 100% хийсэн. Тус сумын засаг дарга н.Туяа, засаг даргын орлогч н.Болдоо сумын ерөнхий нягтлан н.Ууганбаатар нар үгсэн хуйвилдаж надаас авилга өгөхийг шаардаж миний нэрээр хуурамч гэрээ байгуулж мөнгө идэх үйлдэл гаргах гээд байсан болохоор би 100 хувь дууссан. Ажлаа актаар хүлээлгэн өгч чадаагүй уг ажил чанартай сайн болж нутгийн олон одоо болтол ашиглаж байгаа. Уг хэргийн АТГ тухайн онд шалгаж байсан гэжээ.
3.Нэхэмжлэгчээс баримтаар: Д аймаг дахь Төрийн аудитын газар албан шаардлага 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 28/А1260315 тоот зөрчил арилгах тухай албан бичиг, алдаа зөрчилтэй, асуудлын бүртгэл, төлбөрийн хүсэлт, барилга угсралт, их засварын ажлын хяналтын хүснэгт, Иргэдийн төлөөлөгчидийн хурлын 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай тогтоол, түүний хавсралт, Д аймаг дах Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 02/23 дугаартай албан бичиг, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Д аймгийн Баянжаргал сумын засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/31 дугаартай захирамж, ЗДО Х.Болдбаатар гэх 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн зарлал, Б.Бадрахцогзол иргэний үнэмлэхний лавлагаа, мэргэжлийн боловсролын үнэмлэхний хамт, Б.Ө , М.Д , Н.Г. нарын иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Д аймгийн Б сумын засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1/174 тоот албан бичиг, Шинээр баригдаж буй цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт бж/2014/022 ажлын гэрээ, Барилга угсралт их засварын ажлын хүснэгт, Хамтран ажиллах гэрээ, Д аймгийн Б сумын засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1/175 дугаартай Бүлгийн ахлагч Б.Ө танаа гэх тоот, 2014 оны 8 дугаар сарын 04-ний 01 дугаартай ЗДТГ-т гэх хариу албан бичиг, Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл, Д аймгийн Б сумын засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 76 дугаартай гэрээ байгуулах тухай захирамж, Д аймгийн Б сумын төвд шинээр баригдаж буй цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт хийх ажлын 2014 оны 8 дугаар сарын 11-ний БЖ/2014/022 дугаартай гэрээ, 600м хашаанд хийгдэх ажлын төсөв, Д аймгийн Ивээлтшийр хайрхан бүлэг гэх 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаартай албан тоот, төлбөрийн хүснэгт, ажлыг хүлээж авах сумын комиссын хурлын тэмдэглэл, Д аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 65 дугаартай албан тоот, зөрчил арилгуулах тухай албан шаардлага, түүний хавсралтын хамт, мөн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 28/А1260315 дугаартай албан шаардлага, 2022 оны 3 дугаар сраын 01-ний өдрийн 18/50 дугаартай Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэх, тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 139/ШЗ2022/00695 дугаартай нэхэмжлэлийн буцаах тухай шүүгчийн захирамж, Д аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 65 дугаартай албан бичиг, Д аймгийн Баянжаргал сумын засаг даргын Тамгын газрын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2/117 дугаартай албан бичиг, Д аймгийн Баянжаргал сумын цагдаагийн хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаартай албан бичиг зэргийг ирүүлжээ. /хх 2-12, 28, 33-83, 91/
Хариуцагчаас баримтаар: Иргэний үнэмлэхний лавлагаа, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг ирүүлжээ. /хх19, 92/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч Д аймгийн Б.. сумын засаг дарга нь Б.Ө од холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4.487.360 төгрөг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: ажил гүйцэтгэх гэрээг байгуулж урьдчилгаа төлбөрийг төлсөн, ажлыг хүлээлгэж өгөөгүй, бүрэн гүйцэтгээгүй, түүнчлэн тохиролцсноос өөр материалаар гүйцэтгэсэн, аудит зөрчлийг арилгуулахаар шаардсан гэж тайлбарлажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзлаа: ажлыг хийж гүйцэтгэсэн, гэрээнд чанарын шаардлага, тоо хэмжээг заагаагүй тул гүйцэтгэсэн ажлыг доголдолгүй гэж үзнэ, мөн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж тайлбарлав.
4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
4.1.Нэг талаас Д аймгийн Баянжаргал сумын засаг дарга, нөгөө талаас Ивээлт шийр хайрхан бүлгийн ахлагч Б.Ө нар харилцан тохиролцож 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр БЖ/2014/022 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ. Уг гэрээгээр: Гүйцэтгэгч нь Д аймгийн Б сумын төвд шинээр баригдаж буй цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт хийх ажлыг 2014 оны 8 дугаар сарын 25-ны хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр, захиалагч ажлын хөлс 5.609.200 төгрөгийг урьдчилгаа 80 хувь, ажлыг бүрэн хүлээлгэж өгсний дараа 20 хувийг олгохоор тохиролцжээ. /хх 59-60/
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн ажил гүйцэтгэх гэрээ байна.
Хариуцагчаас нийтдээ 18.000.000 төгрөгийн гэрээг байгуулсан, уг гэрээг байгуулаагүй гэж бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа дурдсан ч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хуралдааны явцад уг гэрээг байгуулсан үйл баримтад маргаагүйг дурдав.
4.2.Гэрээний дагуу урьдчилгаа 4.487.360 төгрөгийг Б.Ө ын дансанд 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн, уг мөнгийг хүлээн авсан гэдэгт талууд маргаагүй.
5.Хэрэгт авагдсан баримтаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх дээрх тохижилтын ажлын зарын дагуу хариуцагч Б.Ө бусад иргэдтэй хамтарч Ивээлт шийр хайрхан бүлэг байгуулж оролцохоор тохирч хамтран ажиллах гэрээг байгуулсан, хамтран ажиллах гэрээний 2.1-д хамтын ажиллагаатай холбоотой үйл ажиллагааг ахлагч дангаар төлөөлөн удирдан явуулах-аар тусгасан байна. Иймд гуравдагч этгээд болох нэхэмжлэгчтэй хийсэн хэлцлийн хувьд Б.Ө хариуцна.
6.Харин ажлын хөлсөд төлсөн мөнгийг буцаан олгох эсэх, гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэсэн эсэх нь маргааны зүйл болжээ.
6.1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар, мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д зааснаар гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэж, ажлыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээхээр заасан.
Хариуцагч ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн гэж, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ажлыг хүлээн авсан урьдчилгаа төлбөрийнхөө хэмжээнд хийж гүйцэтгэсэн гэж өөр өөрөөр тайлбарласан ч дээрх тайлбаруудыг дэмжих баримтгүй. Түүнчлэн захиалагч талын эрх бүхий этгээдээс мөнгө нэхсэний улмаас ажлыг актаар хүлээлгэж өгөөгүй хэмээн маргасан ч мөн л энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй.
Нэхэмжлэгч талаас баримтаар ирүүлсэн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ажлыг хүлээж авах сумын комиссын хурлын тэмдэглэлд: зарим ажил дутуу, элсэн волейболын талбай шаардлагад нийцээгүй, сүүдрэвч модоор хийхээс нэгийг төмрөөр хийсэн, гадна хашааг ахин будах ажил дутуу, блокон өрлөгийг будаж шохойдох ажил огт хийгдээгүй гэж тусгагдсан байна. /хх 71-72/
Дээрхээс үзвэл хариуцагч гэрээт ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй.
6.2.Ажлыг актаар хүлээлгэн өгөөгүй, талуудын хооронд маргаан үүссэнээс гэрээг цуцалсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д нийцэх тул гэрээ цуцлах хүртэлх хугацаанд гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээнд тохирох хөлсийг захиалагч төлнө.
Зарим ажлыг гүйцэтгэсэн болох нь нэхэмжлэгчийн ирүүлсэн тэмдэглэлд тусгагдсан тул төлсөн ажлын хөлсийг бүхэлд нь буцаан шаардах үндэслэлгүй.
6.3.Түүнчлэн гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, өртөгийн талаар дэмжих баримтыг нэхэмжлэгч ирүүлээгүй, хариуцагч талаас мөн адил баримт ирүүлээгүй.
Хэрэгт авагдсан БЖ/2014/0. тоот ажил гүйцэтгэх гэрээнд гүйцэтгэгчийн хийвэл зохих ажлын тоо хэмжээ, чанарын талаар тухайлан заасан зохицуулалтгүй байна. Гэхдээ гэрээ байгуулахаас өмнө гүйцэтгэгч тухайн ажлыг 5.609.200 төгрөгөөр хийж гүйцэтгэх саналыг гаргасан, ийнхүү санал гаргахдаа төсвийг хийсэн болох нь хэрэгт ирүүлсэн мэргэшсэн төсөвчин Мөнхжаргалын 600 м хашаанд хийгдэх ажлын төсөв-өөр тогтоогдож байна. Уг төсөвт хийгдэх ажлыг элсэн дэвсгэр хийж элсэн волейболын талбайг 51,2 мкв талбайд хийх, 2 ширхэг модон сүүдрэвч угсрах, 600 м хашааг өнгийн будгаар будах, 720 мкв блокон хашааны 2 талаас шавардах ажлыг хийхээр буюу гэрээний дагуу хийгдэх ажлын тоо хэмжээг тусгасан байна. /хх 61-67/
7.Иймд шүүх анхны төсөвт өртөгт тусгагдсан ажлын нэр төрөл, тоо хэмжээ, нэгж үнийг ажлыг хүлээж авах хурлын тэмдэглэлд тусгагдсан гүйцэтгэгдээгүй гэх ажлын тоо хэмжээтэй харьцуулан тулгах замаар шийдвэрлэлээ.
7.1.Гүйцэтгэгч хоёр ширхэг модон сүүдрэвч барих ёстойгоос нэгийг модоор хийсэн, нөгөөг нь төмрөөр гүйцэтгэсэн болох нь дээрх хурлын тэмдэглэлээр тогтоогдсон. Үүнд хариуцагч маргаагүй ч захиалагч өөрөө ажлын явцад модоор хийгдэх байсныг төмөр болгож өөрчилсөн гэж тайлбарласан. Гэвч ажлын явцад захиалагчийн зааврын дагуу өөрчилсөн болохыг дэмжих баримт авагдаагүй тул шүүх төсөвт тусгагдсан нэг ширхэг модон сүүдрэвч барихад гарах материалын зардал, цалингийн зардлыг хасна.
Модон сүүдвэрч барих материалын зардалд 237.160 төгрөг тооцсон тул хийгдээгүй нэг сүүдрэвч зардал 118.580 төгрөгийг хасна. /хх65/
7.2.Хоёр ширхэг сүүдвэрчийн модон эдлэл угсрах цалингийн зардалд 108.916 төгрөг төсөвлөсөн тул хийгдээгүй нэг ширхэг модон сүүдрэвчид ногдох үндсэн зардал 54.458 төгрөг.
Мөн хурлын тэмдэглэлд блокон хашааг шавардаагүй үлдээсэн гэж тусгагдсан тул блокон хашаа шавардахад гарах цалингийн зардалд 410.886 төгрөг гэж тусгагджээ. Дээрх хоёр ажлын зардал тооцоолсон нийт үндсэн цалин болох 910.886 төгрөгний 51 хувь байх тул энэ аргачлалаар тооцвол нийт ажиллах хүчний зардал 2.329.310 *51 хувь = 1.187.948 төгрөг байна.
Иймд нийт 1.306.528 /118.580+1.187.948/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.3.Бусад дутуу гүйцэтгэсэн гэх ажлын тухайд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд тодорхойлох боломжгүй. Түүнчлэн гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангаагүй, доголдолтой тухай тайлбараа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй, хэрэгт энэ талаар дэмжих баримт ирүүлээгүй болно.
8.Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Гэрээнд ажлыг хүлээн өгөх хугацааг 2014 оны 8 дугаар сарын 25-нд байхаар, ажлыг актаар хүлээн авснаас хойш баталгаат хугацаа 1 жил байхаар тусгажээ. Ажлыг талууд актаар хүлээлцээгүй тул баталгаат хугацааны нэг жил дууссанаас хойш Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа үйлчилнэ.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчээс 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч холбоо барихгүй, алга болсон үндэслэлээр харьяа Цагдаагийн хэсэгтээ анх хандсан, Сумын цагдаагийн хэсгээс 2018 оны 12 дугаар сарын 05-нд олдохгүй байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэх талаар хариуг өгсөн, Д аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүхүийн 139/ШЗ222/00695 дугаар шүүгчийн захирамжаар буцаасан, дахин энэ нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд гаргажээ. Иймд шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, улмаар хугацаа хэтрээгүй гэж үзлээ.
Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тухай хариуцагчийн татгалзлыг хүлээн авахгүй.
9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.На. өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх тухай хүсэлтийг шүүхэд цахимаар ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар Б.Ө оос 1.306.528 /нэг сая гурван зуун зургаан мянга таван зуун хорин найман/ төгрөг гаргуулж ДАБСЗД д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3.180.832 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 35.854 төгрөгийг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ