| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/01977/И |
| Дугаар | 181/ШШ2024/03458 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2024/03458
| 2024 09 23 | 181/ШШ2024/03458 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ............ тоотод бүртгэлтэй ч, ........ тоотод оршин суух, Б.Б /регистрийн дугаар: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................ давхарт байрлах, МК ХХК /регистрийн дугаар:.../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 50.223.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А.нар оролцов. Хариуцагчийн эзгүйд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь МК ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 50.223.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Миний бие МК ХХК-тай 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 112-0-01/13-4. тоот Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Поларис апартмент-2 хотхон Д блок 1-р орц, 11 давхарт 1102 тоот 45.4 мкв 2 өрөө орон сууцыг 81.700.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон болно. Би гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2021 оны 3 дугаар сарын 20-нд 20.000.000 төгрөг төлөөд сар бүр 642.000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийтдээ 33.482.000 төгрөг төлсөн. Гэтэл компани гэрээний 2.2 дугаар зүйлийн 2.2.2 дахь заалтаар 2022 оны 4 дүгээр улиралд орон сууцанд оруулна гэсэн үүргээ зөрчиж одоог хүртэл 5-6 давхар хүртэлх багана босгоод ямар ч үйл ажиллагаа явуулахгүй захиалагч иргэдийг амьдралаар нь хохироож алдагдал, төлбөрт оруулж байна.
Аргагүй хүнд байдалд орж өвчин зовлонтой байгаа болон айлын байр олон сарын хугацаагаар түрээсэлж маш их хохирч байгаагаа хэлэхэд мөнгийг чинь буцааж өгнө гээд 2023 оны 02 дугаар сарын 13-нд Гэрээ цуцалсан акт гэх баримт үйлдэж 180 хоногт багтаан буцааж өгнө гэсэн боловч одоог хүртэл буцааж өгөөгүй.
Иймд гэрээний 5.14 дэх заалтын дагуу алдангид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2 дахь заалтаар алдангид хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр 0.5 хувиар тооцоод үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэх заалтаар 16.741.000 төгрөг, компанид төлсөн 33.482.000 төгрөг нийт 50.223.000 төгрөгийг МК ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
3.Нэхэмжлэгчээс баримтаар: 2021 оны 3 сар, 5-12 сарын төрийн банкны орлогын мэдүүлгийн баримт, 2022 оны 01-12 сар хүртэлх орлогын мэдүүлгийн баримт, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ цуцалсан акт, 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 005/032 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, зэргийг ирүүлжээ. /хх 3-23, 26-31, 32, 33/
Хариуцагчаас баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг ирүүлжээ. /хх 40-41, 42,/
Шүүхийн журмаар: нэхэмжлэгчийн хүсэлтээр 181/ШЗ2024/13589 дугаар захирамжийн дагуу МК ХХК-аас гаргуулсан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээг бүрдүүлжээ. /хх 79-85/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч Д.Б нь МК ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 50.223.000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Шаардах эрхийн үндэслэлээ: гэрээ байгуулагдсан, хугацаандаа орон сууцыг барьж ашиглалтад хүлээлгэн өгөөгүй, өгөх эсэх тодорхойгүй тул гэрээг цуцалж, төлсөн мөнгийг алдангийн хамт гаргуулна гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
4.1.Нэг талаас Д.Б , нөгөө талаас МК ХХК нар 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр талууд харилцан тохиролцож, Худалдагч нь Хан-Уул дүүрэг, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Поларис апартмент-2 хотхоны D блок, 1 дүгээр орц, 11 дүгээр давхар 1102 тоот 45.4 мкв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор барьж дуусган худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, Худалдан авагч нэг мкв-д 1.800.000 төгрөгөөр тооцон нийт үнэд 81.720.000 төгрөг төлөхөөс гэрээ байгуулсан өдрөө 20.000.000 төгрөг, үлдэх 61.720.000 төгрөгийг 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2029 оны 02 дугаар сар хүртэл, сар бүрийн 15-нд 642.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тохирч, П2-D-01/13-46 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулжээ. /хх 79-84/
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн гэрээ байна.
4.2.Гэрээний дагуу нэхэмжлэгч 2021 оны 3 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 33.482.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулга, шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх 3-23, 25/
5.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, Худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Талууд 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэрээ цуцалсан протокол үйлджээ. /хх32/
Талуудын хоорондох гэрээний 2.2.1-д орон сууцны барилгыг 2022 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар тохиролцсон байна. Ийнхүү орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгөх үүргээ хэрэгжүүлээгүйгээс Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасан ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон үндэслэлээр гэрээг цуцалжээ. Ийнхүү харилцан тохиролцож гэрээг дуусгавар болгохоор тохирсон явдал хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.
Иймд гэрээ цуцлагдсны үр дагаварт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй, хариуцагч буцаан төлөх үүргийг хүлээх тул төлсөн 33.482.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
6.Нэхэмжлэгч алдангид 16.741.000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.2.6-д гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувиар алданги төлөх-өөр тохиролцсон, дээрх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан тул мөн зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд алданги шаардах эрхтэй.
Гэрээгээр орон сууц хүлээлгэн өгөх хугацаа болох 2022 оны 4 дүгээр улирал байх тул түүнээс хойшхи гэрээ цуцлагдах хүртэлх 455 хоногт ногдох алданги 7.617.155 /16.741*455/ төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
Дээрхийг нэгтгээд хариуцагчаас 41.099.155 /33.482.000 + 7.617.155/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан МК ХХК-иас 41.099.155 /дөчин нэгэн сая ерэн есөн мянга нэг зуун тавин таван/ төгрөг гаргуулж Д.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9.123.845 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 409.065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 363.445 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ