Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 578

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

 

нарийн бичгийн дарга: Б.Лхагвадорж,

иргэдийн төлөөлөгч:  Г.Ариунболор,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ням-Очир,

шинжээч: Ц.Ганболд,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.Мөнгөнцэцэг, түүний өмгөөлөгч М.Энхжаргал, /0368/

гэрч: О.Хаснавч,

шүүгдэгч: О , түүний өмгөөлөгч Т.Отгонсүрэн, /0026/ Ж.Ганболд /2352/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О т холбогдох эрүүгийн 2016 2602 3148 тоот дугаартай, 2 хавтас хэргийг хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 4, охин, хүргэн, зээ охины хамт байсан, одоо хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа,  

2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

           Шүүгдэгч О  нь иргэн Ц.Саруулбаатарыг онц харгис хэрцгий
аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-О  мэдүүлэхдээ:

   Хэрэг болох үед зээ охин, би, талийгаач бид гэртээ байсан. Гэрт халуун байсан тул би зээ охиноо дагуулан гудсан дээр очиж, хэвтсэн. Талийгаач сандал дээр суугаад, архи уугаад байсан. Би гудсан дээр хэвтэж байхдаа зүүрмэглэсэн байсан. Гэтэл нэг сонин дуу гарсан. Эргээд хартал талийгаачийн цээжинд хутга байсан. Би түүний цээжнээс нь гулдчаад, угзраад газар хэвтүүлж, гарыг нь татахад хутга нь цуг гарч ирсэн. Ийм л юм болсон. Талийгаач хутга аваад өөрийгөө хутгалсан үйл явдлыг би хараагүй. Тэгээд би сандраад охин Хаснавчийг “Хасаа” гээд чанга дуудахад тэр гаднаас орж ирсэн. Хаснавч гэрт орж ирэхэд талийгаачийн цээжинд хутга зоолттой байсан, үгүйг би мэдэхгүй байна. Талийгаач гар утсаа намайг гудсан дээр хэвтэхээс өмнө гал руу шидсэн байсан. Яагаад утсаа гал руу шидсэн шалтгааныг  би мэдэхгүй.  Саруулбаатар өмнө нь өөрийн амийг хорлох оролдлого хийж байсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст автоаваарын асуудлаар шалгагдаж байхдаа гэрт растворител оруулж ирэхээр нь би гаргаж байсан. Үүнийг түүний найз Батдорж нь мэднэ. Тэр өдөр бид 2 хэрүүл хийж, маргалдаагүй. Түүний хажууд сахиус нь байгаа. Түүний цээжинд хутга байсан, би хутгатай нь хамт газар хэвтүүлээд, гарыг нь татахад хутга нь цуг гарч ирсэн. Талийгаачийн уулзаж, учирдаг хүүхнүүдийн тухай би мэдэхгүй, Хасвнавчийг орж ирэхээс өмнө би хутгыг сугалсан эсэхээ мэдэхгүй байна. Тэр үед би үнэхээр их айж, сандарсан байсан. Хаснавчийг орж ирэхэд цагдаа, түргэн дууд гэж би хэлсэн. Түргэн, цагдаа 4-5 минутын дараа ирсэн байх. Хаснавч айлд ороод ирэхэд 30-40 секунд болсон байх. Угаалтуурын доор байсан хувинг татаад би шээсэн. Гэхдээ Хаснавчийг айлд орсон хойно, эсхүл түүнийг орж ирсэн хойно, эсхүл цагдаа нар ирсэн хойно шээсэн эсэхээ санахгүй байна. Би хохирол төлөх ямар ч боломжгүй. Надад  Саруулбаатарыг хутгалж, алах ямар ч шалтгаан байхгүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Ц.Мөнгөнцэцэг мэдүүлэхдээ:

Миний дүү Ц.Саруулбаатар 1993-1994 онд О тай танилцсан.  О  танхай, хулигаан найзуудтай байсан. Тэгээд дүү маань түүнээс салсан.  О  1994 онд Хаснавчийг манай ээжийнд авчирсан байсан. Ээж маань надад “О  хүүгээс маань салж яваад 1 жилийн дараа охинтой болсон гээд хүүхдээ авчирсан” гэж хэлсэн. Би ээжээсээ яагаад түүнд дургүй байгааг нь асуухад “О  хүмүүжил муутай, надад хоол хийж өгөөд “май, гудар” гэж хэлдэг гэж байсан. Би 12 дугаар сарын 22-ны өдөр дүүгээ нас барсныг мэдсэн. Би дүүгийнхээ амьдралд байнга тусалж, дэмждэг байсан. Буяны ажил явдал болох үед би хүмүүст дүүгийн маань зүрх хаагдсан гэж хэлж байсан. Гэтэл 12 дугаар сарын 25-ны өдөр дүү Ц.Саруулбаатарын хүүгийн ээж ирээд “Саруулбаатар охинтой байсан байна, тэр охины ээж нь түүнийг хутгалсан байна” гэж бидэнд ярьсан. Тэгээд би Хаснавчтай утсаар ярихад “та надтай битгий ярь” гээд яриагүй. Гэтэл Хаснавч 102-т дуудлага өгөхдөө ”ээж, аавыг хутгалсан” гэж дуудлага өгсөн байсан. Манай дүү өөрийгөө хутгалах хүн биш. Хаснавч, О  нар хүний хувьд биднээс уучлалт гуйгаагүй. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж, оршуулгын зардлын 9 359 000 төгрөг, өмгөөлөгчийн зардлын 3 000 000 төгрөг, нийт 12 359 000 төгрөгийг гаргуулна уу. Дүү маань охиноо хайрлаж, түүнийг элэг бүтэн амьдруулахын төлөө явж байгаад амиа алдлаа. Дүүгийнхээ амийг амиар нь төлүүлнэ, маш их гомдолтой гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч-О.Хаснавч мэдүүлэхдээ:

   Тухайн үед би цагдаад дуудлага өгөхдөө “ээж, аавыг хутгалсан” гэж хэлснээ санахгүй байна. Харин дараа нь байцаагч нар надад чи “ээж, аавыг хутгалсан” гэж дуудлага өгсөн гэж хэлж байсан. Тэр өдөр аав, ээжтэй маргаагүй, гэрт хэрүүл болоогүй. Намайг 00-д сууж байхад ээж гэнэт “Хасаа” гэж орилохоор нь 00-оос гарч, гэртээ ороход аавын цээжнээс цус гарсан, ээж “аав чинь өөрийгөө ингэчихлээ “ гэж надад хэлсэн. Би цагдаад дуудлага өгсөн боловч ирэхгүй байсан. Тэгээд дахиад дуудлага өгөхөөр би хажуу айлд ороод, гарч ирэхэд үсрээд л 1 минут болсон байх. Буцаад гэрт орсон чинь ээж, аавын цээжин дээр дараад, “хэнийг ч хамаагүй дуудаач” гэж орилоод байсан. Аавын гарт хутга байсан. Намайг 00-оос гараад гэртээ ороход аав ширээний хажууд суусан, бөөн цус болсон байсан. Хажуу айлын Энхжаргал гуай гэрт ороод эргээд гэртээ ороход аавыг газар хэвтүүлсэн байсан. Би анх өөрийнхөө утаснаас дуудлага өгсөн боловч утасны товчлуур дарагдахгүй байсан тул  дахиад дуудлага өгөхөөр хажуу айлд орсон. Аавыг ээж хутгалсан талаар би хараагүй. Цагдаад яагаад тэгж хэлснээ санахгүй байна. Цагдаа намайг хэнтэй ч битгий харьц гэсэн тул Мөнгөнцэцэг эгчтэй утсаар яриагүй гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч-Ц.Ганболд мэдүүлэхдээ:

   Хэргийн 48-49 дүгээр хуудасны зурагт харагдаж байгаагаар хүн өөрийн цээжний зүүн хэсэгт зүүн гараараа хутгалах нь их бэрхшээлтэй. Би шинжилгээ хийх явцдаа талийгаачийн сарвууны хөшилтийг хөдөлгөж суллаад, сарвуунд нь багаж бариулаад, шархны сувгийн чигийн дагуу багажийг давхцуулж туршилт хийсэн. Цогцос дээр үүссэн шарх нь 10 см орчим урттай багажаар үүсгэгдсэн байсан учраас түүнээс урт хэмжээний багажаар туршилт хийхэд зүүн гараараа нилээн төвөгтэй байдлаас өөрийгөө хутгалахаар байсан ба амь насаа егүүтгэх хэмжээний гэмтэл өөртөө учруулах нь хэцүү, түүний сурсан дадсан хөдөлгөөн биш байна гэж үзсэн. Талийгаач баруун гараараа уг үйлдлийг хийсэн ч тухайн үед 3.3 промил буюу хүнд зэргийн согтолттой байсан хүн сурсан дадсан хөдөлгөөнөөр богино хугацаанд өөрийн амь насыг хохироох гэмтлийг өөртөө учруулах боломж багатай. Талийгаачийн цусанд 3.3 промилл, ходоодонд 3.4 промилл спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Хүнд зэргийн согтолттой хүний биеэ хамгаалах чадвар нь түүний архи даах, уусан архины хэмжээ зэргээс шалтгаалах боловч ер нь үйлдэл хөдөлгөөн, чадвар нь ч багасах тул богино хугацаанд маш хурдан энэ үйлдлийг хийхэд бэрхшээлтэй буюу боломж багатай юм. Талийгаач өөрөө өөрийгөө хутгалсан уу эсвэл бусдад хутгалуулсан уу гэдгийг би тогтоохгүй. Талийгаачид нэг л шарх үүссэн байсан, тэр гэмтэл шарх нь цээжний зүүн урд талд байсан учраас урдаас үүсэх боломжтой гэж үзсэн. Би шинжээчийн дүгнэлтдээ гэмтлийг “...баруунаас зүүн, урдаас хойш, доороос дээш чиглэлтэй гэж бичсэн байна. Харин шарх дээрээс доош чиглэлтэй байхад доороос дээш гэж дүгнэлтэд буруу бичсэнээ залруулж байна. Талийгаачид учирсан шарх  зүүн хөхний баруун дээр хэсэгт байна. Биед нэвтрээд 4, 5 дугаар хавирганы мөгөөрс буюу өвчүүний хажуугаар гарч, зүрхний 2 ховдлын доод хэсгийг нэвт хатгасан байсан. Биед үүссэн шарх урдаас хойш чиглэлтэй гэдэг нь биеийн урд талаас арагш чиглэлтэй байсан. Мөн үл ялиг баруунаас зүүн чиглэлтэй хатгагдсан, мөн дээрээс доош чиглэлтэй байсан. Энэ шарх 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байсан. Энэ шарх нь зүрхний 2 ховдлыг нэвт хатгасан тул богино хугацаанд 1-2 минутад нас барна. Талийгаачид учирсан гэмтлийг тэр өөрөө, өөртөө учруулсан байх боломж муутай. Харин бусдын гараар үүсгэгдэх илүү боломжтой. Хүн зүүн гараараа өөртөө гэмтэл учруулбал олонх тохиолдолд зүүнээс баруун чиглэлтэй байдаг гэв.

Мөрдөн байцаалтад гэрч-Энхжаргал мэдүүлэхдээ:

Би 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдөр өглөөнөөс орой 10 хүртэл 7 настай хүүхдийн хамт гэртээ байж байсан. Тэгтэл яг хэдэн цаг гэдгийг нь санахгүй байна, ойролцоогоор 17 цагийн орчимд манай хажуу айлын Хаснавч нь ганцаараа уйлсан байдалтай манай гэрт орж ирсэн. Тухайн үед Хаснавч нь “аав үхэх гээд байна, түргэн дуудах гэсэн юм, утсаа өгч байгаач” гэж хэлэхээр нь өөрийнхөө гар утсыг өгсөн. Тэгтэл Хаснавч манай гэрээс гарахаар нь би “яасан юм бол” гэж бодоод өмдөө өмсөөд араас нь гараад Хаснавчийн амьдардаг монгол гэрт нь ороход Хаснавч, Хаснавчийн ээж О , Саруул, Хаснавчийн охин гэх хүмүүс байсан. Хаснавч нь зүүн талын орон дээр хүүхдээ тэврээд “одоо яах юм бэ” гээд уйлаад сууж байсан. Гэрийн баруун талын газар гудас дэвссэн, дээр нь Саруул нь их эвгүй байдалтай хэвтэж байсан. Хажууд нь эхнэр нь болох О  сууж байсан. О  нь надад “цус нь тогтохгүй байна, одоо яах вэ, ямар аймаар юм бэ” гээд байсан. Тэгэхээр нь шууд 103-т түргэн тусламж дуудсан. Тэгээд байж байтал Хаснавчийн гар утас нь дугаараад цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирэхээр нь би айгаад гэрээс гараад явсан. Тухайн үед Саруул нь их эвгүй хэвтэж байсан ба намайг орох үед царай нь хөхрөөд бие нь татганаад хөдлөөд байсан. Саруул нь ухаангүй байдалтай байсан. Саруулбаатар тахилынхаа өмнө гудсан дээр хагас дээшээ харсан байдалтай хэвтчихсэн, царай зүс нь хөхрөөд, цээж нь хэржигнээд дуугараад байхаар нь би айгаад сайн харж чадаагүй, ямарч гэсэн зүүн талын гартаа урт хутга барьсан байдалтай байгаа харагдсан. О  Саруулбаатарын наад талд суучихсан цээжин дээр нь гараараа дараад байсан ба наад талд нь газраар нэлээн цус болсон байсан. О  болохоор надад “Саруул өөрийгөө ингэчихлээ, одоо яах вэ” гээд байсан гэжээ. (хэргийн 26-28 дугаар хуудас)

 

           Мөрдөн байцаалтад гэрч-Э.Баяр мэдүүлэхдээ:

            ...Би жолооны курсээсээ 18 цаг дөхүүлж гарч яваад Бичил хорооллын ПС тоглоомын газар очиж тоглоод сууж байтал 21 цагийн орчим эхнэр Хаснавчийн өвөө Цог гуай гаднаас орж ирээд “хадам аав чинь өнгөрсөн байна” гэж надад хэл дуулгасан. Тэгээд би өвөөтэй хамт гэр рүүгээ очиход цагдаа нар ирчихсэн үзлэг хийж дуусаад явах гэж байсан. Би охиноо хараад хажуу айлдаа үлдсэн. Хадам ээж О , эхнэр Хаснавч нарыг цагдаа нар аваад явсан юм. Тухайн үед манай эхнэр Хаснавч уйлчихсан байсан. Юу болсон талаар нь тодорхой асууж амжаагүй. Маргааш нь эхнэрээсээ асуухад “17 цагийн орчим гэртээ ирчихээд бие засахаар гараад нойлд бие засаж байтал хадам ээж Хасаа гээд орилохоор нь гэрт гүйгээд ортол хадам аав өөрийгөө хутгалсан уу , эсвэл хутгалуулсан уу мэдэхгүй, цээжнээс нь цус гарчихсан байхаар нь Хаснавч айгаад ойртож харж чадаагүй” гэж надад хэлсэн. Надад өөр тодорхой мэдсэн зүйлгүй. Талийгаач манай охинд зураг зурж өгөхдөө хэвийн баруун гараараа зурдаг, хааяа мах идэхдээ зүүн гараараа огтолж байгаа харагддаг гэжээ. (хэргийн 36, 37 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-П.Бямбажаргал мэдүүлэхдээ:

            ...Надтай хамт амьдарч байх хугацаандаа амиа хорлох болон өөрийнхөө
биед гэмтэл учруулах ямар нэгэн үйлдэл хийж байгаагүй. Тийм үйлдэл хийгээд
байхаар хүн биш. Амьдралд их хайртай, студийн ажилтай болохоор өглөөнөөс
орой болтол тасралтгүй ажиллаад амьдралынхаа төлөө их зүтгэж байсан гэжээ. (хэргийн 42 дугаар хуудас)

 

           Мөрдөн байцаалтад гэрч-Д.Ариунболд мэдүүлэхдээ:

            Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 15-110 тоотод “ээж аавыг хутгалчихлаа” гэсэн дуудлагыг анх хэлтсийн жижүүрийн шуурхай алба буюу Тайшир 10-т өгсний дагуу Тайшир 10-аас анх дуудлагыг манай хөдөлгөөнт эргүүлийн машинд 17 цаг 54 минутад дамжуулж өгсөн. Би жолоочийн хамт 17 цаг 54 минутад энэ дуудлагыг аваад дуудлага өгсөн гэх хүний дугаарыг Тайшир 10-аас авч, тэр дугаар руу нь би залган холбогдож, тус хаягт хаагуур яаж очих талаар асуухад утасны цаанаас 1 эмэгтэй учир зүггүй уйлаад байсан. Тухайн үед манай машин хэрэг гарсан газрын арын гудамжинд нь очоод зогсчихсон байсан учраас би жолоочийн хамт араар нь тойрч тус хаягт очоод “117 дугаар гудамжны тэнд ирчихлээ, гараад ир” гэхэд дуудлага өгсөн эмэгтэй манай машины гэрлэн дохио буюу маяакийг хараад цаанаас уйлчихсан гарч ирсэн. Би хэргийн газарт хамгаалалтын тууз татаад, жолоочид аюулгүй байдлыг хангахыг даалгаад 15-110 тоот хаягт байрлах гэрт ороход хутгалуулсан гэх эрэгтэй гэрийн зүүн хойд талд газарт байгаа гудсан дээр дээшээ хараад хэвтчихсэн, хараа нь тогтчихсон, ямар ч хөдөлгөөнгүй байсан. Тэр хүний эхнэр гээд байгаа эмэгтэйгээс юу болсон талаар асуухад“нэг хүүхнээс болж хардаж маргалдсан, манай нөхөр бөө, манай нөхөр утсаа шүүрч аваад гал руу хийсэн, манай нөхөр сандал дээр сууж байгаад өөрийгөө хутгалсан” гэх зэргээр хэлж байсан. Тухайн үед тэр эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, үйл хөдлөл нь хэнэггүй, цагдаа ирээд өөрөөс нь юм асуугаад байгааг ямар ч гэсэн ойлгоод миний асуусан асуултад хариулт өгч байсан. Би цагдаа жолоочийн хамт дуудлагыг аваад 6 минутын дараа хэргийн газарт очсон болно гэжээ. (хэргийн 167 дугаар хуудас)

 

          Мөрдөн байцаалтад гэрч-Д.Батдорж мэдүүлэхдээ:

           ...Саруулбаатарын эхнэр О ыг дуудаад О ыг ирэхээр нь
бид нар 3-уулаа хамт хороолол руу таксидаж хорооллын “Сөөхий” дэлгүүрийн
харалдаа урд талд байрлах нэрийг нь мэдэхгүй нэг паб-д ороод 0.5 литрийн 1 шил архи захиалж аваад уг архины ихэнхийг талийгаач бид хоёр хувааж уусан. Биднийг тэр паб-д байхад Болороо гэдэг эмэгтэй Саруулбаатарын утас руу байнга
утасдаад байсан тул Саруулбаатар утсаа унтраасан. Тухайн үед О
Саруулбаатарын утсаар Болороотой ярьсан эсэхийг би анзаараагүй. 2016 оны 12 сарын 21-ний өдөр О , Саруулбаатар нар хэрэв маргаж муудалцсан
бол тэр нь Болороо гэдэг эмэгтэйгээс л болсон. Учир нь Болороо гэдэг эмэгтэй
Саруулбаатарыг шоронд ял эдэлж байхад танилцаад шоронгоос гарснаас нь
хойш талийгаач Саруулбаатар тэр Болороо гэдэг эмэгтэйтэй хэсэг хугацаагаар
хамтран амьдрагчийн байдалтай явж байгаад Болороо их архи уудаг, танхайдуу
маягийн эмэгтэй учраас Саруулбаатар Болороогоос холдоод охиныхоо эх
О тайгаа амьдрахаар шийдээд нас барахаасаа 7 орчим хоногийн өмнө Зүүн Наранд байрлах хашаандаа байшин бариад бөөгийн тахил шүтээнийхээ гэрийг бариад, охин Хаснавчаараа бөөгийн түшээ хийлгээд мөнгөтэй болохоороо Америкт байгаа эмэгтэй дүү рүүгээ явна гэж надад ярьдаг байсан. Талийгаач амьдралд их хайртай хүн байсан гэжээ. (хэргийн 211, 212 дугаар хуудас)

     

Мөрдөн байцаалтад гэрч-Л.Болорчимэг мэдүүлэхдээ:

Би 2016 оны 12 сард буюу талийгаачийг нас барахаас 4 орчим хоногийн өмнө талийгаачтай миний ажиллаж байсан Баянзүрх дүүргийн Скай паб-д уулзаж,
бид хоёр манай ажлаас хамт гараад буудалд орж, хоносон. Тухайн үед
Саруулбаатар нүүрээ маажуулчихсан байдалтай байсан тул би гайхаад “нүүрээ
яасан юм” гэж түүнээс асуухад Саруулбаатар “манай нэг найз эхнэрээ хардаад би
тэднийг салгах гэж байгаад нүүрээ маажуулчихлаа, би охинтойгоо хамт амьдарч
байгаа” гэж надад хэлж байсан. Мөн би Саруулбаатараас “чи яагаад гэрээ охиндоо бариад өгчихөв” гэж асуухад Саруулбаатар “охиноо өрөвдөөд, манай охин нялх нойтон хүүхэдтэй, орох оронгүй, ээж нь ч гэсэн орох оронгүй байгаа болохоор өрөвдөөд гэрээ барьж өгөөд охинтойгоо хамт байгаа” гэж ярьж байсан. 2016 оны 12
сарын 19-ний орчим болов уу 1 согтуу эмэгтэй Саруулбаатарын дугаараас над руу
залгаад “Саруулбаатарыгаа Парадоксын урдаас ирж ав” гэж хэлэхээр нь би уурлаад “чи хамт идэж уусан юм бол өөрөө аваад яв” гэж хэлсэн. Би зөрүүлээд “битгий хөгшин янхан яриулаад бай” гэсэн мессэж бичээд орхисон юм. Талийгаач хааяа архи ууна, уусан ч өглөө босоод ажилдаа явчихдаг, шараа тайлна гэх зэргээр дампуураад байдаггүй, тайван дөлгөөн зантай, огцом уур уцааргүй, хүнтэй маргаж муудах дургүй хүн бөгөөд амьдралаас уйдах нь битгий хэл 80 насална, кино хийнэ гээд явдаг байсан гэжээ. (хэргийн 168 дугаар хуудас)

          

           Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 65 тоот дүгнэлтэд:

1. Талийгаачид цээж зүүн хөндийг 4-5-р хавирганы мөгөөрсийг гэмтээн
нэвтрэн үнхэлцэг, зүрхний хоёр ховдолын доод хэсгийг нэвт хатгаж зүссэн,
баруунаас зүүн, урдаас хойш, дороос дээш чиглэлтэй шарх, цээжний зүүн
хөндийн цус хуралт 1 550 мл, зүүн уушгины авчилт, цээж, баруун бугалга,
гуя, шилбэний цус хуралтууд тогтоогдлоо.

2. Цээжний хөндий нэвтэрсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгах үйлдлээр үүсгэгдэх ба ажлын хэсгийн урт нь 10.5 см-с багагүй, өргөн нь 4.7 см байж болно. Цээж, баруун бугалага, гуя, шилбэний цус хуралтууд нь мохоо зүйлийн олон удаагийн буюу цохих үед үүсгэгдэнэ. Хуучин 3-5 хоногийн өмнө үүссэн байна.

3. Цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн шарх нь үхэлд хүргэжээ.

4. Талийгаач нь зүрхийг гэмтээсний улмаас цээжний хөндийд цус алдаж нас баржээ.

5. Цус нь 1-р бүлэг байна.

6. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

7. Цусанд 3.3 промилл, ходоодны шингэнд 3.4 промилл спиртийн агууламж илэрсэн байна.

8. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин эмгэг үгүй байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 47 дугаар хуудас)

 

Хэрэг учралын газарт 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд:

Цогцосны толгой гэрийн баруун хойд чигт, хөл нь зүүн урагш чигт чиглэсэн, цогцос нь дээш харж, баруун гар алдалсан, зүүн гар биеийн дагуу хагас нугалсан, зүүн гарын сарвуунд ягаан өнгийн цэцгэн хээтэй, цагаан өнгийн дэвсгэр бүхий хутга, урт нь 31 см, ажлын хэсэг нь 19 см, бариул хэсгийн өргөн 4.5 см, байсныг хураан авав гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 6 дугаар хуудас)

 

2017 оны 04 сарын 12-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс хуулбарлаж авсан Си ди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн харилцагч эмэгтэй-байна уу гэхэд харилцуураас Хаснавч-уйлаад байснаа одоо яанаа гэв.

Харилцагч эрэгтэй-102, 103 байна, байна уу, байна уу, байна уу гэж давтахад
 харилцуураас Хаснавч-түрүүн би орж ирээд би одоо яахав гээд уйлахад
 харилцагч эрэгтэй-102, 103 гэж давтахад

Харилцуураас Хаснавч-дуудлага өгөх гэсэн юм гэхэд

    Харилцагч эрэгтэй- түрүүн өгсөн биз дээ гэж асуув.

Харилцуураас Хаснавч-өгсөн боловч ирэхгүй байна гээд уйлахад             харилцагч эрэгтэй-байна уу, утсаа барьж байгаарай, Баянгол дүүргийн цагдаа руу холбоодохъё гэхэд

хажуугаас өөр хоолойтой харилцагч эрэгтэй- би Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс гээд яриа тасалдав.

Харилцуураас Хаснавч- Эгчээ дуудлага өгөх гэсэн юм, Баянгол дүүргийн 22-р хороо 15-110 тоот гэхэд

харилцагч эмэгтэй- юу болсон юм гэж лавлав.

Харилцуураас Хаснавч-ээж нөгөө, ээж, аавыг хутгалаад, зүрхэн дээр нь хутгалсан гэж хэлэхэд

харилцагч эмэгтэй-хаана нь, аль талд нь юм гэж асуухад

харилцуураас Хаснавч-мээмэндээр нь зүүн талынх, цус нь гоожоод байна гэхэд

харилцагч эмэгтэй яаралтай түргэн 103 дууд гэхэд

харилцуураас Хаснавч-за ахаа гээд уйлж байснаа утас
 тасарч яриа дуусав гэжээ. (хэргийн 198 дугаар хуудас)

 

            Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 359 тоот дүгнэлтэд:

1. О  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. О  нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байна.

3. О  нь архины хамааралтай болон эмгэг согтолттой гэх шинж тэмдгүүд үгүй байна.

4. О  нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 173 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

О  урьд 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр суллагдсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 147 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР :

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О ыг хохирогч  Ц.Саруулбаатарыг онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүгдэгч нь ...хэрэг болох үед зээ охин, би, талийгаач бид гэртээ байсан. Гэрт халуун байсан тул би зээ охиноо дагуулан гудсан дээр очиж, хэвтсэн. Талийгаач сандал дээр суугаад, архи уугаад байсан. Би гудсан дээр хэвтэж байхдаа зүүрмэглэсэн байсан. Гэтэл нэг сонин дуу гарсан. Эргээд хартал талийгаачийн цээжинд хутга байсан. Би түүний цээжнээс нь гулдчаад, угзраад газар хэвтүүлж, хутгыг нь гартай нь хамт сугалсан. Ийм л юм болсон. Тэр үед бид 2 хэрэлдээгүй байсан. Талийгаач хутга аваад өөрийгөө хутгалсан үйл явдлыг би хараагүй. Тэгээд би сандраад охин Хаснавчийг “Хасаа” гээд чанга дуудахад тэр гаднаас орж ирсэн. Хаснавч гэрт орж ирэхэд талийгаачийн цээжинд хутга зоолттой байсан, үгүйг би мэдэхгүй байна. Талийгаач гар утсаа намайг гудсан дээр хэвтэхээс өмнө гал руу шидсэн байсан. Яагаад утсаа гал руу шидсэн шалтгааныг би мэдэхгүй. Түүний цээжинд хутга байсан, би хутгатай нь хамт газар хэвтүүлээд, гарыг нь татахад хутга нь цуг гарч ирсэн. Хасвнавчийг орж ирэхээс өмнө би хутгыг сугалсан эсэхээ мэдэхгүй байна. Тэр үед би үнэхээр их айж, сандарсан байсан. Хаснавчийг орж ирэхэд цагдаа, түргэн дууд гэж би хэлсэн. Түргэн, цагдаа 4-5 минутын дараа ирсэн байх. Хаснавч айлд ороод ирэхэд 30-40 секунд болсон байх. Угаалтуурын доор байсан хувинг татаад би шээсэн. Гэхдээ Хаснавчийг айлд орсон хойно, эсхүл түүнийг орж ирсэн хойно, эсхүл цагдаа нар ирсэн хойно шээсэн эсэхээ санахгүй байна. Би хохирол төлөх ямар ч боломжгүй. Надад  Саруулбаатарыг хутгалж, алах ямар ч шалтгаан байхгүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэж мэдүүлж байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнгөнцэцэгийн О  миний дүүгийн амийг хохироосон. Хаснавч тэр явдлыг харж байсан гэж бодож байна. Тэр 102 руу залгаад “ээж, аавыг хутгалчихлаа” гэж хэлсэн байсан. Хаснавч бидэнд талийгаачийг өөрийгөө хутгалсан гэж ойлгуулсан. Гэтэл би хөндлөнгийн хүнээс Хаснавчийн 102-т өгсөн дуудлага, О  нөхрийнхөө зүрхэн тус газар хутгалсан талаар сонссон. Хаснавч ээж О ынхаа миний дүүг хутгалахыг харсан учраас “ээж аавыг хутгалчихлаа” гэж дуудлага өгсөн байна,

 

шинжээч Ц.Ганболдын ...хэргийн 48-49 дүгээр хуудсанд байгаа зурагт харагдаж байгаагаар хүн өөрийн цээжний зүүн хэсэгт зүүн гараараа хутгалах нь их бэршээлтэй. Би шинжилгээ хийх явцдаа талийгаачийн сарвууны хөшилтийг хөдөлгөж суллаад, сарвуунд нь багаж бариулаад, шархны сувгийн чигийн дагуу багажийг давхцуулж туршилт хийсэн. Цогцсон дээр үүссэн шарх нь 10 см орчим урттай багажаар үүсгэгдсэн байсан учраас түүнээс урт хэмжээний багажаар туршилт хийхэд зүүн гараараа нилээн төвөгтэй байдлаас өөрийгөө хутгалахаар байсан ба амь насаа егүүтгэх хэмжээний гэмтэл өөртөө учруулахад бэрхшээлтэй. Түүний сурсан дадсан хөдөлгөөн биш байна гэж үзсэн. Мөн баруун гараараа уг үйлдлийг хийсэн ч талийгаач тухайн үед 3.3 промилл буюу хүнд зэргийн согтолттой байсан тул сурсан дадсан хөдөлгөөнөөр богино хугацаанд өөрийн амь насыг хохироох гэмтлийг өөртөө учруулах боломж багатай. Талийгаачийн цусанд 3.3 промилл, ходоодонд 3.4 промилл спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.  Хүнд зэргийн согтолттой хүний биеэ хамгаалах чадвар нь түүний архи даах, уусан архины хэмжээ зэргээс шалтгаалах боловч ер нь үйлдэл хөдөлгөөн, чадвар нь ч багасах тул богино хугацаанд маш хурдан энэ үйлдлийг хийхэд бэрхшээлтэй буюу боломж багатай юм. Би шинжээчийн дүгнэлтдээ гэмтлийг “...баруунаас зүүн, урдаас хойш, доороос дээш чиглэлтэй гэж бичсэн байна. Харин шарх дээрээс доош чиглэлтэй байхад доороос дээш гэж дүгнэлтэд буруу бичсэнээ залруулж байна. Уг хутга нь 10.5 см-ээс илүү урттай байсан тул өөртөө гэмтэл учруулахад төвөгтэй. Талийгаачид учирсан шарх зүүн хөхний баруун дээр хэсэгт байна. Биед нэвтрээд 4, 5 дугаар хавирганы мөгөөрс буюу өвчүүний хажуугаар гарч, зүрхний 2 ховдлын доод хэсгийг нэвт хатгасан байсан. Биед үүссэн шарх урдаас хойш чиглэлтэй гэдэг нь биеийн урд талаас арагш чиглэлтэй байсан. Мөн үл ялиг баруунаас зүүн чиглэлтэй хатгагдсан, дээрээс доош чиглэлтэй байсан. Энэ шарх нь зүрхний 2 ховдлыг нэвт хатгасан тул богино хугацаанд 1-2 минутад нас барна. Талийгаачид учирсан гэмтлийг тэр өөрөө өөртөө учруулсан байх боломж муутай, харин бусдын гараар үүсгэгдэх илүү боломжтой. Хүн зүүн гараараа өөртөө гэмтэл учруулбал зүүнээс баруун чиглэлтэй гэмтээх нь илүү магадлалтай,

          гэрч Д.Ариунболдын ...Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 15-110 тоотод “ээж аавыг хутгалчихлаа” гэсэн дуудлагыг анх хэлтсийн жижүүрийн шуурхай алба буюу Тайшир 10-т өгсний дагуу Тайшир 10-аас анх дуудлагыг манай хөдөлгөөнт эргүүлийн машинд 17 цаг 54 минутад дамжуулж өгсөн. Би жолоочийн хамт 17 цаг 54 минутад энэ дуудлагыг аваад дуудлага өгсөн гэх хүний дугаарыг Тайшир 10-аас авч, тэр дугаар руу нь би залган холбогдож тус хаягт хаагуур яаж очих талаар асуухад утасны цаанаас 1 эмэгтэй учир зүггүй уйлаад байсан. Тухайн үед манай машин хэрэг гарсан газрын арын гудамжинд нь очоод зогсчихсон байсан учраас би жолоочийн хамт араар нь тойрч тус хаягт очоод “117 дугаар гудамжны тэнд ирчихлээ, гараад ир” гэхэд дуудлага өгсөн эмэгтэй манай машины гэрлэн дохио буюу маяакийг хараад цаанаас уйлчихсан гарч ирсэн. Би хэргийн газарт хамгаалалтын тууз татаад жолоочид аюулгүй байдлыг хангахыг даалгаад 15-110 тоот хаягт байрлах гэрт ороход хутгалуулсан гэх эрэгтэй гэрийн зүүн хойд талд газарт байгаа гудсан дээр дээшээ хараад хэвтчихсэн, хараа нь тогтчихсон, ямар ч хөдөлгөөнгүй байсан. Тэр хүний эхнэр гээд байгаа эмэгтэйгээс юу болсон талаар асуухад “нэг хүүхнээс болж хардаж маргалдсан, манай нөхөр бөө, манай нөхөр утсаа шүүрч аваад гал руу хийсэн, манай нөхөр сандал дээр сууж байгаад өөрийгөө хутгалсан” гэх зэргээр хэлж байсан. Тухайн үед тэр эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, үйл хөдлөл нь хэнэггүй, цагдаа ирээд өөрөөс нь юм асуугаад байгааг ямар ч гэсэн ойлгоод миний асуусан асуултад хариулт өгч байсан. Би цагдаа жолоочийн хамт дуудлагыг аваад 6 минутын дараа хэргийн газарт очсон гэсэн мэдүүлгүүд,

 

           Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн

1. Талийгаачид цээж зүүн хөндийг 4-5-р хавирганы мөгөөрсийг гэмтээн
нэвтрэн үнхэлцэг, зүрхний хоёр ховдолын доод хэсгийг нэвт хатгаж зүссэн,
баруунаас зүүн, урдаас хойш чиглэлтэй шарх, цээжний зүүн
хөндийн цус хуралт 1 550 мл, зүүн уушгины авчилт, цээж, баруун бугалга,
гуя, шилбэний цус хуралтууд тогтоогдлоо.

2. Цээжний хөндий нэвтэрсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгах үйлдлээр үүсгэгдэх ба ажлын хэсгийн урт нь 10.5 см-с багагүй, өргөн нь 4.7 см байж болно. Цээж, баруун бугалага, гуя, шилбэний цус хуралтууд нь мохоо зүйлийн олон удаагийн буюу цохих үед үүсгэгдэнэ. Хуучин 3-5 хоногийн өмнө үүссэн байна.

3. Цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн шарх нь үхэлд хүргэжээ.

4. Талийгаач нь зүрхийг гэмтээсний улмаас цээжний хөндийд цус алдаж нас баржээ.

5. Цус нь 1-р бүлэг байна.

6. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

7. Цусанд 3.3 промилл, ходоодны шингэнд 3.4 промилл спиртийн агууламж илэрсэн байна.

8. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин эмгэг үгүй байна гэсэн 65 тоот дүгнэлт,

 

2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн харилцуураас Хаснавч-ээж нөгөө, ээж, аавыг хутгалаад, зүрхэн дээр нь хутгалсан гэж хэлэхэд

харилцагч эмэгтэй-хаана нь, аль талд нь юм гэж асуухад

харилцуураас Хаснавч мээмэндээр нь зүүн талынх, цус нь гоожоод байна гэсэн ярианы Си ди бичлэг, уг ярианы тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөн байцаагчийн тэмдэглэл, дуудлагын хуудас, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас, илтгэх хуудас зэрэг нотлох баримтаар О  нь архи ууж, согтуурсан үедээ 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн үед Баянгол дүүргийн 22дугаар хороо, Зүүн Нарангийн 15 дугаар гудамжны 110 тоот гэртээ хохирогч Ц.Саруулбаатарыг биеэ хамгаалж чадахгүй хүнд зэргийн согтолттой байгааг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон, тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан  нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч О т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т заасан “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” эрхийнхээ дагуу өөрийн үйлдсэн хэргийг хүлээхгүй байгаа боловч түүний мэдүүлэг нь шинжээч Ц.Ганболд, гэрч Д.Ариунболд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлт, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Мэдээлэл шуурхай удирдлагын төвд Хаснавчийн өгсөн дуудлага зэргээр үгүйсгэгдэж байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас О т холбогдох хэргийг хохирогч Ц.Саруулбаатарыг онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж, өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь О т холбогдох хэргийг хохирогч Ц.Саруулбаатарыг онц харгис хэрцгий
аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар яллаж байна.

 Шүүгдэгчийн үйлдлээс хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсэж, өвдөж шаналсан, тарчлан зовсон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдэрсэн, 1 нас 6  сартай зээ охин нь сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй тул прокуророос О т “хүнийг онц харгис хэрцгий аргаар алсан” гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар яллаж байгаа нь нотлогдохгүй тул уг үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

          Харин хохирогчийн цусанд 3.3 промилл, ходоодны шингэнд 3.4 промилл спиртийн агууламж илэрч, нас барах үедээ хүнд зэргийн согтолттой бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж, чадахгүй биеэ хамгаалах чадваргүй байхад шүүгдэгч О  нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 15 дугаар гудамжны 110 тоот гэртээ хохирогч Ц.Саруулбаатарыг хувийн таарамжгүй харьцаа буюу хардалтын улмаас зүрхэн тус газар нь хутгалж, санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнгөнцэцэг, шинжээч Ц.Ганболд, гэрч Д.Ариунболд нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 65 тоот дүгнэлт, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Мэдээлэл шуурхай удирдлагын төвд дуудлага өгсөн О.Хаснавчийн ярианы Си ди бичлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон тул уг хэрэгт түүнийг гэм буруутайд тооцов.  

 

Шүүгдэгч О  хохирогчийн цээжний зүүн хөндий рүү хутгалж, зүрхийг гэмтээж, амь насанд нь аюултай гэмтэл учруулсан, уг гэмтлийн улмаас Ц.Саруулбаатарын цээжний хөндийд цус алдаж, нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.Хаснавч Тухайн үед би цагдаад дуудлага өгөхдөө “ээж, аавыг хутгалсан” гэж хэлснээ санахгүй байна. Харин байцаагч нар надад чи ээж, аавыг хутгалсан гэж дуудлага өгсөн гэж хэлж байсан. Аав, ээжтэй маргаагүй, гэрт хэрүүл маргаан болоогүй. 00-д сууж байхад ээж гэнэт “Хасаа” гэж орилохоор нь 00-оос гарч, гэртээ ороход аавын цээжнээс цус гарсан, ээж “аав чинь өөрийгөө ингэчихлээ“ гэсэн.  Би хажуу айлд ороод үсрээд л 1 минут болсон байх, буцаад ороод ирсэн чинь ээж аавын цээжин дээр дараад, “хэнийг ч хамаагүй дуудаач” гэж орилоод байсан. Аавын гарт хутга байсан гэж мэдүүлсэн нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 9.6 дугаар зүйлийн 5-д заасан өөрийн төрсөн эхийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийнхээ дагуу мэдүүлж байгаа боловч энэ нь түүний 2017 оны 04 сарын 12-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвд өгсөн дуудлагын бичлэгээр үгүйсгэгдэж байна.

 

Талийгаач нь хүнд зэргийн согтолттой үедээ ажлын хэсэг нь 19 см урттай, өргөн нь 4.7 см хутгыг зүүн гартаа барьж байгаад зүрх рүүгээ хутгалж өөрийн амь насыг хохироох гэмтэл учруулах  боломжгүй, түүнд учирсан гэмтэл нь бусдын гараар үүсгэгдэх илүү боломжтой гэсэн шинжээч Ц.Ганболдын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч О ын “би талийгаачийг хутгалаагүй” гэсэн мэдүүлэг үгүйсгэгдэж байх бөгөөд хохирогч зүүн гараараа өөртөө гэмтэл учруулбал учирсан гэмтэл нь зүүнээс баруун чиглэлтэй байх магадлалтай байхад харин учирсан гэмтэл нь баруунаас зүүн чиглэлтэй байгаа, хутган дээр хохирогчийн хурууны хээ илрээгүй, гэрч О.Хаснавчийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг 32 минутад хэрэг гарсны дараа цагдаагийн байгууллагад “ээж, аавыг зүрхэн дээр нь хутгалсан, цус нь гоожоод байна” гэж дуудлага өгсөн талаарх ярианы бичлэг зэрэг нь О ын гэм буруутай үйлдлийг нотлож байна. 

 

    Энэ гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нар архи ууж согтуурсан, шүүгдэгч нь талийгаачтай Болорчимэг гэдэг эмэгтэйгээс ирсэн мессэжнээс болж маргалдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг алсан” бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ гэж заасан бол 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн  2.7-д “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан” бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэхээр заасан нь оногдуулах хорих ялын доод, дээд хэмжээ буурсан байна.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”,

мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасныг үндэслэн О ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүл мэндийн байдлыг нь  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.   

Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд 12 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.  

Энэ хэргийн улмаас хохирогчийн амь нас хохирч, түүнийг оршуулахтай холбоотой зайлшгүй зардал гарсан нь “Юлд” ХХК, “Алтжин бөмбөгөр” худалдааны төв, “Арвидах” худалдааны төв, “Драгон” зах, “Толиухан” ХХК, “Боса импекс” ХХК-иас хүнсний зүйл худалдан авсан тухай баримт, “Суварга буян” ХХК-иас үйлчилгээ авсан, буяны цайллагын төлбөр төлсөн зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар О аас 9 536 000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнгөнцэцэгт олгож шийдвэрлэлээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, түүнд төлсөн 3 000 000 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй. 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрх бөгөөд энэ хэргийн тухайд заавал өмгөөлөгч авах нөхцөл шаардлагад хамаарахгүй учир өмгөөллийн зардалд нэхэмжилж байгаа 3 000 000 төгрөгийг  хангах боломжгүй.

 

О  2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн боловч ялгүй болсон, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурдав.  

     Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Си ди бичлэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж, хөх өнгийн бэлтгэлийн өмд, хөх өнгийн оймс, бор өнгийн дотуур өмд, саарал эрээн өнгийн дотоож, хар хөх өнгийн даавуун пудволка, цагаан өнгийн торон материалтай хөхөвч, хар өнгийн давуун өмд, гудасны гадна даавуу, ягаан өнгийн цэцгэн хээтэй, цагаан өнгийн дэвсгэр бүхий ахуйн хэрэглээний хутга, (ажлын хэсэг 19 см, бариул хэсгийн өргөн 4,5 см) гар утасны шатсан эд анги, угаадас зэргийг устгах нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ганболд, Т.Отгонсүрэн нар О т холбогдох хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч нь гэм буруутай болох нь эргэлзээтэй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно  уу гэсэн санал гаргаж байгаа боловч уг саналыг хүлээн авах боломжгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

          ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Прокурорын газраас О т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Баянгол дүүргийн прокурорын газраас О т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 болгон өөрчилсүгэй.

3. О ыг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар шүүгдэгч О ыг 12 /арван хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар О т оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар О ын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 359 хоногийг ялтны ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

    8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж,

хөх өнгийн бэлтгэлийн өмд, хөх өнгийн оймс, бор өнгийн дотуур өмд, саарал эрээн өнгийн дотоож, О ын хар хөх өнгийн даавуун пудволка, цагаан  өнгийн торон материалтай хөхөвч, хар өнгийн даавуун өмд, гудасны гадна даавуу, ягаан өнгийн цэцгэн хээтэй, цагаан өнгийн дэвсгэр бүхий ахуйн хэрэглээний хутга, (ажлын хэсэг 19 см, бариул хэсгийн өргөн 4.5 см) гар утасны шатсан эд анги, угаадас зэргийг устгасугай.

 9. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүйг дурдсугай.

 

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д  зааснаар О аас гэм хорын хохиролд 9 359 000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнгөнцэцэгт олгож,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН

 

 

                                    ШҮҮГЧИД                                  А.АЛТАНХУЯГ

 

 

                                                                                       Ц.ДАЙРИЙЖАВ