Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
Хэргийн индекс | 128/2023/0463/З |
Дугаар | 128/ШШ2024/0235 |
Огноо | 2024-03-15 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2024/0235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Ц
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба
Гуравдагч этгээд: Ц.Б******* нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, гуравдагч этгээд Ц.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн засаг дарга, газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгч Э.Цын нэр дээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их амны ******* тоот хаягт байрлах 700 м2 газрын эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гаргаж гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашгийг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгож хариуцагч нарт Э.Цын нэр дээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их амны ******* тоот хаягт 700 м2 газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гаргаж гэрчилгээ олгохыг даалгуулах тухай шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Баянзүрх дүүргийн засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/114 дугаартай "Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай" захирамжаар иргэн Ц.Б*******д газар эзэмших эрх олгосон шийдвэр нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашгийг зөрчсөн хууль шийдвэр болохыг тогтоолгож, иргэн Ц. Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гэжээ.
3. Нэхэмжлэгч Э.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
3.1. Нэхэмжлэгч Э овогтой Ц миний бие өөрийн төрсөн дүү Э овогтой О хамт анх 2008 онд БЗД-ийн 20-р хорооны Их амны хэсэг ******* тоот хаягт байрлах газарт 2 айлын газар авахаар Баянзүрх дүүргийн газрын албан хандаж тухайн үед энэ газар дээр иргэдэд газар олголт хийгдэхгүй байгаа та эхний ээлжид кадастрын зургаа хийлгэж бай гэсний дагуу тус газарт машины дугуйгаар тойруулан хашаа татаж улмаар 2010 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шон хатган шургаагаар тойруулан хашаа барьж кадастрын зургаа гаргуулан авсан бөгөөд 2012 оноос эхлэн хашаандаа автобус авчран тухайн автобусандаа хавар, зун, намартаа амьдарч байсан.
3.2. Улмаар миний бие өөрийн мөнгө санхүүгийн боломжоо харж байгаад эсрэг талын хашаанд амьдардаг Ү. Б гэдэг хүнд хөлс мөнгийг нь төлөөд хашааны банз авчирч хашаагаа бариулсан бөгөөд банзаар хашаагаа барьсныхаа дараа өөрийнхөө амьдардаг гэрийг авчран хашаандаа барьж 2017 оны 06 дугаар сарын 25-аас хойш энэ газар дээр амьдарч эхэлсэн тул хорооноос надад БЗД, 20-р хороо, Их амны ******* тоот гэсэн хаягийг өгч албан ёсоор бүртгэсэн 2018 оны хавар манай энэ хавийн айлуудад газар өмчлүүлж байна гэсний дагуу би газар өмчлөх хүсэлтээ холбогдох материалуудыг нь хавсарган Баянзүрх дүүргийн газрын албан өгсөн.
3.3. Миний гаргасан өргөдлийн дагуу БЗД-ийн 20-р хорооны газар зохион байгуулагч Д.О өөрийн биеэр ирж үзсэн бөгөөд танай газар өөр айлын газартай давхцал байхгүй, өмчлүүлэх гэрчилгээ олгох боломжтой юм байна, харин 2010 онд хийгдсэн кадастрын зураг чинь барьсан хашаатайгаа зөрүүтэй байгаа тул дахин кадастрын зураг гаргуулаад өргөдлөө өг гэсэн. Миний бие газар зохион байгуулагчийн хэлсний дагуу 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр /beeline layd LLC/ компаниар дахин кадастрын зураг гаргуулан хорооноосоо хэсэг тоот зэрэг бүх материалаа бүрдүүлэн газрынхаа албанд өргөдлөө өгч надад өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолтыг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр газар зохион байгуулагч Д. О хийж өгч хариугаа 3 сарын дараа ирээрэй гэсэн.
3.4. Улмаар 2018 оны 07 дугаар сарын эхэнд очиж асуухад сарын сүүлээр ирээрэй, сарын сүүлээр очихоор сарын эхээс ирээрэй, танай материал хурлаа орсон байна сарын сүүлээр ирж асуу, сарын сүүлээр очихоор дараа сарын эхээр ирээрэй захирамж арай гараагүй байна, дарга байхгүй, дарга солигдсон гэх мэт шалтгаанаар бичиг баримт гаргаж өгөхгүй 2020 оныг гаргасан бөгөөд энэ хугацаанд газар зохион байгуулагч Д. О очих болгонд санаа зоволтгүй ээ чиний газар давхцал байхгүй, энэ газар дээрээ өөрөө амьдарч байгаа болохоор санаа зовох хэрэггүй гэрчилгээ чинь гарна гэж хэлж байсан.
3.5. Гэтэл миний материалыг хүлээн авснаас хойш ямар нэгэн шийдвэр гаргаагүй атлаа 2020 оны 05 дугаар сард миний газар дээр гэрчилгээ гаргуулсан гээд Б******* гэдэг хүн явж байгаа талаар мэдсэн бөгөөд мэдсэн даруйдаа Баянзүрх дүүгийн газар зохион байгуулалтын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын газар зэрэг байгууллагуудад тус тус өргөдөл гаргасан.
3.6. Газрын маргаантай асуудлаараа Баянзүрх дүүгийн газрын албан дээр очтол Б******* та 2-ын материалыг бүгдийг нь нийслэлийн газар зохион байгуулалтын газар руу явуулсан удахгүй хариуг нь өгнө гээд надад тодорхой хариу өгөөгүй. Өргөдлийн хариу өгөхгүй болохоор нь нийслэлийн газар зохион байгуулалтын газар очиж уулзахад харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн газрын алба руу шилжүүлсэн гэсэн тул дахин Баянзүрх дүүргийн газрын албан дээр очиж уулзтал А******* гэдэг байцаагч Б******* та 2-ыг нүүрэлдүүлж уулзуулна, бас та 2-ыг гэрчилгээ гаргуулахаар бүрдүүлж өгсөн материалуудыг тулгаж үзье гэснээ чиний өгсөн материал байхгүй байна, Б*******гийн өгсөн материал л байна, тиймээс Б*******гийн нэр дээр гэрчилгээ гарсан байна гэсэн.
3.7. Гэтэл би 2018 оны 3 сарын 21-ний өдөр өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолтыг надад өгч байсан хирнээ миний материал олдохгүй байна гэдгийг их гайхсан миний өгсөн өргөдлийг шалгаж үзэлгүйгээр 2020 оны 07 сарын 27-ны өдрийн 13/3745 дугаартай албан тоотоор Баянзүрх дүүргийн 20-р хороо, Их аманд 700м2 газрыг 2019 оны Засаг даргын А/114 тоотоор Ц овогтой Б*******д газар эзэмших гэрчилгээ гаргасан талаар дурдсаныг /гэрчилгээ захирамж харж байгаагүй/ миний бие хүлээн зөвшөөрөхгүй байсан тул Нийслэлийн засаг дарга гомдол гаргасан бөгөөд миний гомдлыг хүлээн авч Нийслэлийн Засаг дарга 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 07/5787 дугаар албан бичгээр хариу хүргүүлэн шийдвэрлэж өг гэсэн.
3.8. Улмаар Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба Нийслэлийн засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 07/5787 дугаар албан бичгийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дахин кадастр хийлгүүлж дахин холбогдох бүх материалыг авсан бөгөөд надад газар эзэмшүүлэхээр Баянзүрх дүүргийн засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны А/454 дугаар захирамж гарсан гэж амаар хэлсэн боловч өнөөдрийг болтол уг захирамж болон газрын гэрчилгээг гаргаж өгөөгүй, худлаа хэлж төөрөгдүүлснээр байна.
3.9. Баянзүрх дүүргийн Засаг дарга 2020 ооны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/454 дугаартай захирамж гаргасан гэж хэлсэн боловч үнэндээ захирамж гаргаж өгөөгүй төрийн байгууллага нэхэмжлэгчийг төөрөгдүүлж олон дахин буцаагаад сүүлдээ хэлэх үггүй болсон учраас захирамж гарсан гэж худлаа хэлж нэхэмжлэгчийг өнөөдрийг болтол хүлээлгэсэн" болохыг дурьдах нь зүйтэй байна.
3.10. Хэрэв Э.Цын нэр дээр газар эзэмшүүлэх, өмчлүүлэх Засаг даргын захирамж гарсан байсан бол өнөөдрийг болтол газрын гэрчилгээ гаргаж өгөхгүй байх үндэслэлгүй, мөн Э.Цыг дахин дахин гомдол, хүсэлт гаргаж байхад амаараа хэлсэн захирамжийнхаа хуулбарыг гарган өгч болохгүй байсан бол ядаж энэ тухай хуулийн дагуу гомдол хүсэлтийн хариунд нь бичгээр өгөх ёстой байсан боловч гомдол хүсэлтийн хариуг нь өгөхгүй байгаа нь ийм захирамж гаргаагүй болохыг баталж байгаа юм.
3.11. Улмаар миний бие 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дахин Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба болон Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Б-д миний газрын асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч өнөөдрийг болтол ямар нэгэн хариу өгөөгүй бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 03- ны өдөр өргөдлийн хариугаа авахаар очтол 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 15/299 дугаартай "Иргэн Э.Ц танаа" гэсэн албан бичиг болон Бүртгэл хяналтын карт өгсөн бөгөөд өөр ямар нэгэн хариу, өргөдөл шийдвэрлэсэн тухай юу ч байхгүй гэж хэлсэн тул шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээс өөр аргагүй нөхцөл H байдал орсон тул ийнхүү хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
3.12. Иймд Баянзүрх дүүргийн засаг дарга, газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгч Э.Цын нэр дээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их амны ******* тоот хаягт байрлах 700 м2 газрын эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гаргаж гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашгийг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгож хариуцагч нарт Э.Цын нэр дээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их амны ******* тоот хаягт 700 м2 газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гаргаж гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын үндэслэлдээ:
4.1. Нэхэмжлэгч Э овогтой Ц миний бие 2008 онд БЗД-ийн 20-р хорооны Их амны хэсэг ******* тоот хаягт байрлах газарт 1 айлын газар авахаар Баянзүрх дүүргийн газрын албан хандаж тухайн үед энэ газар дээр иргэдэд газар олголт хийгдэхгүй байгаа та эхний ээлжид кадастрын зургаа хийлгэж бай гэсний дагуу тус газарт машины дугуйгаар тойруулан хашаа татаж улмаар 2010 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шон хатган шургаагаар тойруулан хашаа барьж кадастрын зургаа гаргуулан авсан бөгөөд 2012 оноос эхлэн хашаандаа автобус авчран тухайн автобусандаа хавар, зун, намартаа амьдарч байсан.
4.2. Улмаар миний бие өөрийн мөнгө санхүүгийн боломжоо харж байгаад эсрэг талын хашаанд амьдардаг Ү.Б гэдэг хүнд хөлс мөнгийг нь төлөөд хашааны банз авчирч хашаагаа бариулсан бөгөөд банзаар хашаагаа барьсныхаа дараа өөрийнхөө амьдардаг гэрийг авчран хашаандаа барьж 2017 оны 06 дугаар сарын 25-аас хойш энэ газар дээр амьдарч эхэлсэн тул хорооноос надад БЗД, 20-р хороо, Их амны ******* тоот гэсэн хаягийг өгч бүртгэсэн. 2018 оны хавар манай энэ хавийн айлуудад газар өмчлүүлж байна гэсний дагуу би газар өмчлөх хүсэлтээ холбогдох материалуудыг нь хавсарган Баянзүрх дүүргийн газрын албан өгсөн.
4.3. Миний гаргасан өргөдлийн дагуу БЗД-ийн 20-р хорооны газар зохион байгуулагч Д.О өөрийн биеэр ирж үзсэн бөгөөд танай газар өөр айлын газартай давхцал байхгүй, өмчлүүлэх гэрчилгээ олгох боломжтой юм байна, харин 2010 онд хийгдсэн кадастрын зураг чинь барьсан хашаатайгаа зөрүүтэй байгаа тул Дахин кадастрын зураг гаргуулаад өргөдлөө өг гэсэн. Миний бие газар зохион байгуулагчийн хэлсний дагуу 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр /beeline layd LLC/ компаниар дахин кадастрын 03 дугаар хорооноосоо хэсэг тоот зэрэг бүх материалаа бүрдүүлэн газрынхаа албанд өргөдлөө өгч надад өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолтыг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр газар зохион байгуулагч Д.О хийж өгч хариугаа 3 сарын дараа ирээрэй гэсэн.
4.4. Улмаар 2018 оны 07 дугаар сарын эхэнд очиж асуухад сарын сүүлээр ирээрэй, сарын сүүлээр очихоор сарын эхээс ирээрэй, танай материал хурлаа орсон байна сарын сүүлээр ирж асуу, сарын сүүлээр очихоор дараа сарын эхээр ирээрэй захирамж арай гараагүй байна, дарга байхгүй, дарга солигдсон гэх мэт шалтгаанаар бичиг баримт гаргаж өгөхгүй 2020 оныг гаргасан бөгөөд энэ хугацаанд газар зохион байгуулагч Д. О очих болгонд санаа зоволтгүй ээ чиний газар давхцал байхгүй, энэ газар дээрээ өөрөө амьдарч байгаа болохоор санаа зовох хэрэггүй гэрчилгээ чинь гарна гэж хэлж байсан.
4.5. Гэтэл миний материалыг хүлээн авснаас хойш ямар нэгэн шийдвэр гаргаагүй байтлаа 2020 оны 05 дугаар сард миний газар дээр гэрчилгээ гаргуулсан гээд Б******* гэдэг хүн явж байгаа талаар мэдсэн бөгөөд мэдсэн даруйдаа Баянзүрх дүүгийн газар зохион байгуулалтын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын газар зэрэг байгууллагуудад тус тус өргөдөл гаргасан.
4.6. Газрын маргаантай асуудлаараа Баянзүрх дүүгийн газрын албан дээр очтол Б******* та 2-ын материалыг бүгдийг нь нийслэлийн газар зохион байгуулалтын газар луу явуулсан удахгүй хариуг нь өгнө гээд надад тодорхой хариу өгөөгүй. Өргөдлийн хариу өгөхгүй болохоор нь нийслэлийн газар зохион байгуулалтын газар очиж уулзахад харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн газрын алба руу шилжүүлсэн гэсэн тул дахин Баянзүрх дүүргийн газрын албан дээр очиж уулзтал А******* гэдэг байцаагч Б******* та 2-ыг нүүрэлдүүлж уулзуулна, бас та 2-ыг гэрчилгээ гаргуулахаар бүрдүүлж өгсөн материалуудыг тулгаж үзье гэснээ чиний өгсөн материал байхгүй байна, Б*******гийн өгсөн материал л байна, тиймээс Б*******гийн нэр дээр гэрчилгээ гарсан байна гэсэн.
4.7. Гэтэл би 2018 оны 3 сарын 21-ний өдөр өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолтыг надад өгч байсан хирнээ миний материал олдохгүй байна гэдгийг их гайхсан миний өгсөн өргөдлийг шалгаж үзэлгүйгээр 2020 оны 07 сарын 27-ны өдрийн 13/3745 дугаартай албан тоотоор Баянзүрх дүүргийн 20-р хороо, Их аманд 700м2 газрыг 2019 оны Засаг даргын А/114 тоотоор Ц овогтой Б*******д газар эзэмших гэрчилгээ гаргасан талаар дурдсаныг /гэрчилгээ захирамж харж байгаагүй/ миний бие хүлээн зөвшөөрөхгүй байсан тул Нийслэлийн засаг дарга гомдол гаргасан бөгөөд миний гомдлыг хүлээн авч Нийслэлийн Засаг дарга 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 07/5787 дугаар албан бичгээр хариу хүргүүлэн шийдвэрлэж өг гэсэн.
4.8. Улмаар Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба Нийслэлийн засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 07/5787 дугаар албан бичгийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дахин кадастр хийлгүүлж дахин холбогдох бүх материалыг авсан бөгөөд надад газар эзэмшүүлэхээр Баянзүрх дүүргийн засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны А/454 дугаар захирамж гарсан гэж амаар хэлсэн боловч өнөөдрийг болтол уг захирамж болон газрын гэрчилгээг гаргаж өгөөгүй байна.
4.9. Ингээд миний бие 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дахин Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба болон Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Б-д миний газрын асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч өнөөдрийг болтол ямар нэгэн хариу өгөөгүй бөгөөд 2023 оны 05 дугар сарын 03-ны өдөр өргөдлийн хариугаа авахаар очтол 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 15/299 дугаартай "Иргэн Э.Ц танаа" гэсэн албан бичиг болон Бүртгэл хяналтын карт өгсөн бөгөөд өөр ямар нэгэн хариу, өргөдөл шийдвэрлэсэн тухай юу ч байхгүй гэж хэлсэн тул шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал орсон тул хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.
4.10. Миний гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүхээс захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулахад иргэн Ц.Б*******д газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/114 дугаартай "Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай" захирамжийн Ц.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгох шийдвэр гаргаагүй атлаа Э.Цд дахин газар эзэмших шийдвэр гаргасан болохыг олж мэдлээ. Иймд нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж Баянзүрх дүүргийн засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/114 дугаартай "Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай" захирамжаар иргэн Ц.Б*******д газар эзэмших эрх олгосон шийдвэр нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашгийг зөрчсөн хууль шийдвэр болохыг тогтоолгож, иргэн Ц. Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
5. Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
5.1. Иргэн Э.Ц (ЗЙ*******) нь нэхэмжлэхдээ уг байршилд 2008 оноос хойш амьдардаг байсан гэж дурдсан байх боловч уг маргаж буй газрын хойд хэсэг буюу иргэн Э.О эзэмшил газарт 2016 оны 4 сарын орчим түр байгууламж тавьсан байх ба уг маргаж буй байршилд 2017 оны 9 сарын орчимд анх хашаа барьсан нь 2007 оны 7 дугаар сараас 2023 оны 5 дугаар сар хүртэлх сансрын зургаар харагдаж байна.
5.2. Мөн иргэн Э.Ц (ЗЙ*******) маргаж буй байршилд иргэн Ц.Б******* (ПЭ*******) нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 5655 дугаар газар баталгаажуулах тухай хүсэлтийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан бөгөөд дүүргийн Засаг даргын 2016 оны А/114 дүгээр газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай захирамжаар 700м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгож газрын кадастрын мэдээллийн санд бүртгэн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр ******* дүгээр гэрчилгээ олгосон байна.
5.3. Газрын кадастрын мэдээллийн сан нь иргэний эзэмшил газрыг давхардуулан бүртгэдэггүй учир иргэн Э.Ц (ЗЙ*******)-ийн дүүргийн Засаг даргын 2020 оны А/454 дүгээр газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай захирамжаар олгогдсон эзэмшил газрыг бүртгэж гэрчилгээ олгох боломжгүй байна.
5.4. Иймд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалт (Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна)-ийг зөрчин олгосон иргэн Э.Ц (ЗЙ*******)-ийн 2020 оны А/454 дүгээр захирамжаар олгогдсон газрыг хүчингүй болгож, нэхэмжлэхийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5.5. Иргэн Э.Цын нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 6 дугаар сарын 20- ны өдрийн гаргасан тайлбар дээр нэмэлтээр гаргах тайлбар байхгүй болно. гэжээ.
6. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
6.1. Тус шүүхэд хэлэлцэгдэж буй иргэн Э.Цын нэхэмжлэлтэй хэргийг судалж дараах тайлбарыг хүргүүлж байна. Иргэн Э.Цын нэхэмжилж буй байршилд иргэн Ц.Б******* /ПЭ *******/ гэх иргэн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/114 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хууль ёсны дагуу олгосон байна. Иймд Газрын тухай хуулийн 31 дүгэр зүйлийн 31.3 дахь заалт /Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцахгүй байна/-ыг зөрчин олгосон газрыг хүчингүй болгож нэхэмжлэхийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
6.2. Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа Э.Цын нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч С. Чын гаргасан хариу тайлбарыг дэмжиж байгаа болно. гэжээ.
7. Гуравдагч этгээд Ц.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
7.1. Цэрэнбадам овогтой Б******* /ПЭ*******/ миний бие нь 2016 онд Баянзүрх дүүргийн газрын албанд тус дүүргийн 20-р хороо их амны ******* тоот хаягтай 700 м.кв газрыг эзэмших хүсэлтэй байгаагаа зохих хуулийн дагуу материалаа өгч хүсэлт гаргасан. 2019 онд тус газрынхаа эзэмших эрхийн гэрчилгээг авсан. 2019 оноос хойш тухайн газрынхаа төлбөрийг хуулийн дагуу төлж байсан.
7.2. Ц.Б******* миний бие нь 2020 онд бие давхар болж 2021 онд хүүтэй болсон. Хүү мань эрүүл мэндийн асуудалтай, асаргаа, сувилгаа шаардлагатай, сэтгэл санааны хувьд маш хүнд жилүүд байсан. Ингээд хүү мань 2022 оны 10 сард нас барсан. Энэ хүнд асуудалтай жилүүдэд иргэн Э.Ц /ЗЙ*******/ Баянзүрх дүүргийн Их аманд байршилтай миний эзэмшлийн газрыг ашиглахгүй байгаа гэсэн шалтгаанаар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, цуцлуулах хүсэлт гаргасан байгаад нь гомдолтой байна.
7.3. Иймээс тухайн асуудлыг хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж газар эзэмших эрхийн гэрчилгээг минь хүчин төгөлдөр хэвээр нь үлдээж өгнө үү.
7.4. Цэрэнбадам овогтой Б******* миний бие 2016 онд газрын албанд өргөдлөө өгөөд 2019 онд газар эзэмших гэрчилгээгээ хуулийн дагуу Баянзүрх дүүргийн газрын албаар, Баянзүрх дүүргийн Засаг даргын А/114 тоот захирамжаар эзэмшсэн байхад Э.Ц гэх эмэгтэйн гомдол, хууль бус баримт нотолгоо, аман мэдүүлгээр Ц.Б******* миний эзэмшилд байгаа газар дээр кадастрын зураг давхардуулан яг тэр хаяг дээр дахин Э.Цын нэр дээр эзэмших гэрчилгээ гаргуулан, Ц.Б******* миний нэр дээрх эзэмшлийн гэрчилгээг хүчингүй болгуулах хүсэлт гомдол өгөөд яваад байгаа Баянзүрх дүүргийн газрын алба болон Э.Ц нарын үйлдэл хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг шалгаж өгнө үү.
7.5. Ямар үндэслэлээр миний нэр дээрх газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох хүсэлт гомдол өгөөд байгааг нэмэлт тайлбар авч өгнө үү. Ц.Б******* миний газар эзэмших хүсэлт өгсөн цаг хугацаа, шаардагдах материал Засаг даргын захирамж гэх мэт шаардагдах материалууд бүгд хуулийн дагуу явагдсан бөгөөд энэхүү хэргийн материалд бүгд байгаа. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Цаас Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан Э.Цын Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их амны ******* тоот, 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хариуцагчид газрын гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/114 дүгээр захирамжийн Ц.Б*******д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Маргааны үйл баримтын тухайд:
1.1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Э.Цын газар эзэмших тухай өргөдөл /1хх-67 тал/ нь хорооны Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн цохолттой байх бөгөөд өргөдөлдөө 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн огноотой Б******* ХХК-иар хийлгэсэн нэгж талбарын зургийг хавсарган Газрын албанд 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гаргасан болох нь өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолт /1хх-13 тал/, 2018 оны өргөдөл гомдлын бүртгэл /1хх-132-133 тал/-оор тус тус тогтоогдож байна.
1.2. Нэхэмжлэгч Э.Цд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/454 дүгээр захирамжаар Гачууртын Их ам ******* тоот хаягт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн /1хх-119-120 тал/ боловч тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гуравдагч этгээд Ц.Б*******гийн газартай давхцаж байгаа үндэслэлээр газар эзэмшүүлэх гэрчилгээ олгоогүй, гэрээ байгуулаагүй байна.
1.3. Харин гуравдагч этгээд Ц.Б******* нь газар эзэмших тухай өргөдлөө 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн огноотой Б******* ХХК-иар хийлгэсэн газрын байршлын зургийн хамт 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан болох нь хэрэгт авагдсан өргөдөл, гомдлын бүртгэл, хяналтын картын маягт /хх1-50 тал/, 2016 оны Өргөдөл, гомдол бүртгэх дэвтэр-9-ийн 5655 дугаарт бүртгэгдснээр тогтоогдоно. /2хх-33-34 тал/
1.4. Уг өргөдлийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/114 дүгээр захирамжаар Ц.Б*******д Гацуурт Их аманд гэр бүлийн хэрэгцээнд 700 мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 13******* нэгж талбарын дугаар бүхий 0000******* дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр олгожээ.
1.5. Нэхэмжлэгч Э.Цын эзэмшихийг хүссэн газар /газар эзэмших өргөдөлд хавсаргасан 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн огноотой Б******* ХХК-иар хийлгэсэн нэгж талбарын зурагтай газар/ нь гуравдагч этгээд Ц.Б*******гийн газрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн 13******* дугаар нэгж талбарын дугаар бүхий газартай 400 мкв хэмжээгээр давхцалтай болох нь Газар зохион байгуулалтын, геодези, зураг зүйн газрын 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 3/1667 тоот албан бичгээр /1хх-106-107 тал/, мөн бодит байдалд давхцалтай болох нь шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн фото зургаар нотлогдоно.
1.6. Маргаж буй газрын байршил нь Баянзүрх дүүргийн 20 хороо /хуучнаар/ Их амны хэсэгт байрлах бөгөөд уг байршил нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 24 дүгээр тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаар тогтоолоор тус дүүргийн 2019, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан /1хх-234-238 тал/ зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.
2. Маргааны хууль хэрэглээний тухайд:
2.1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ... газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно, 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно., 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна., 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна., 32.1-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана. гэж тус тус газар эзэмшүүлэх харилцааг хуульчилж өгсөн байна.
2.2. Дээрх хуулийн заалтаар аливаа иргэн, хуулийн этгээд нь газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргаж, Засаг даргаас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, газар эзэмшүүлэх шийдвэр гарсан бол эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулж, зөвхөн эрхийн гэрчилгээгээр газар эзэмших эрхтэй байна.
2.3. Энэхүү маргааны тохиолдолд шүүхээс тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны бичиг хэргийн бүртгэл, газрын хувийн хэрэгт хийсэн үзлэг болон хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр, гуравдагч этгээд нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус тус газар эзэмших өргөдөл өгч бүртгэгдсэн болох нь тогтоогдсоноос үзэхэд давхцал бүхий газарт гуравдагч этгээд Ц.Б******* нь цаг хугацааны хувьд түрүүлж хүсэлтээ гаргасан, харин нэхэмжлэгч Э.Ц нь гуравдагч этгээдээс өмнө хуульд заасан журмаар газар эзэмших өргөдлөө захиргааны байгууллагад гаргасан болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
2.4. Нэхэмжлэгчээс Б******* ХХК-иар 2010 онд кадастрын зураг хийлгэж байсан, 2008 оноос хойш газар зохион байгуулагчид газар эзэмших өргөдлөө өгч байсан, гуравдагч этгээд өргөдлөө сүүлд нөхөн өгсөн зэргээр маргах боловч Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр газар эзэмшихийг хориглосон тул нэхэмжлэгчийн хувьд гуравдагч этгээдээс өмнө газрыг өөрийн мэдэлд байлгаж хашаалсан, 2010 онд хувийн компаниар кадастрын зураг хийлгэсэн зэрэг үйл баримт нь газрыг эзэмших эрх түрүүлж үүссэн гэж үзэх үндэслэл болохгүйн зэрэгцээ гуравдагч этгээд Ц.Б******* нь газар эзэмших хүсэлтээ нөхөн өгсөн гэх баримт шүүхээс хийсэн үзлэгийн баримт болон бусад баримтуудаар тогтоогдоогүй болно.
2.5. Мөн нэхэмжлэгчээс хашаа барин амьдарсаар байхад давхцуулан газар олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэж заасанд нийцэхгүй гэж маргах боловч нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасан журмаар газрыг эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ аваагүй, газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй нь тогтоогдож байгаа, ийнхүү нэхэмжлэгчийн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр хашсан газар нь дээрх хуулийн заалт дахь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газар-т хамаарахгүй юм.
2.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахыг, 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, ...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгохоор, 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр хуульчилсан.
2.7. Дээр дүгнэснээр Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана, 32.2-т Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана, 32.2.1-т овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, 32.2.2-т эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг, 32.2.3-т газар эзэмших зориулалт, хугацаа гэж тус тус заасны дагуу түрүүлж өргөдөл гаргасан гуравдагч этгээд Ц.Б*******д газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт газар эзэмшүүлсэн шийдвэр нь хуульд нийцсэн бөгөөд хүчин төгөлдөр гэрчилгээгүйгээр газрыг ашиглаж, цаг хугацааны хувьд дараа нь эзэмших эрхийн захирамж гарсан нэхэмжлэгч Э.Цын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд шүүхээс гуравдагч этгээд Ц.Б*******д газар эзэмшүүлсэн шийдвэр хуульд нийцсэн гэж дүгнэсэн, мөн маргаж байгаа газар нь байршлын хувьд давхцалтай байхад гуравдагч этгээд Ц.Б*******гийн эзэмших эрхтэй газарт давхцуулан нэхэмжлэгч Э.Цд газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/454 дүгээр захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 32.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Цаас Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Э.Цын Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их амны ******* тоот, 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хариуцагчид газрын гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/114 дүгээр захирамжийн Ц.Б*******д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ илүү төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ