Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/19

 

 

 

 

 

  2022         10         13                                         2022/ДШМ/19

 

       Д.Эт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Л.Отгончимэг,

Шүүгдэгч: Д.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Мөнхтулга /цахимаар/,

Нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдлоор Д.Эт холбогдох 2238000000024 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Балжид онхуд овогт Дын Э, .... оны .... дүгээр сарын ....-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, .......................мэргэжилтэй, .......................ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ...... дүгээр хороо, ........... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар .........................../.

Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Асумын 6 дугаар баг Хатгал тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Д”амралтын газарт хамтран амьдрагч Т.Уыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Балжид онхуд овогт Дын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дын Эт 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Э нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Д.Эын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга давж заалдах гомдолдоо: ...Шүүх шүүгдэгч Д.Эыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, ... “гэр бүлийн хамаарал бүхий хүний” эсрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна” гэжээ.

Бидний хувьд хэрэгт авагдсан үйл баримтын талаар дүгнэлт өгч, анхан шатны шүүх дээр маргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээтэй байдал бий болсон тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх байр суурьтай орсон.

Учир нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогч Т.У нь өөрт ашигтай байдлаар бодит байдлыг гуйвуулан мэдүүлэг өгч, уг мэдүүлгийн дагуу Д.Э нь түүний биед халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан гэж анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт өгсөн гэж үзэж байна.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтын хувьд шүүгдэгч Д.Эын өгч буй мэдүүлэг нь тодорхой баримт болон бусад гэрчийн мэдүүлгээр нотлогддог бөгөөд хохирогч Т.У амралтын газрын байшинд хууль зөрчсөн үйлдэл хийж байсныг шүүгдэгч Д.Э таслан зогсоож, өөрийн болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол их хэмжээгээр учрахаас урьдчилан сэргийлж, хамгаалах үйлдэл хийсэн байдаг.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарцаагүй байдалд хохирол учруулсан буюу хохирогч Т.У нь шүүгдэгч Д.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, амралтын газрын байшингийн цонхыг санаатай хагалж гэмтээсэн зэрэг үйлдлээс шалтгаалж, арга буюу хүч хэрэглэж хууль бус үйлдлийг таслан зогсоосон нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдал байна гэж үзэж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Шүүгдэгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хохирогч гээд байгаа хүнд гар хүрээгүй. Нэг ч удаа алгадаж үзээгүй. Хөвсгөлд ирж амраах санаатай ирсэн ч ийм зүйл болсон. Би хохирогчийг зодоогүй учраас энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөч гэж хүсэж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийг зодсон асуудал байхгүй. Харин өөрийн болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол их хэмжээгээр учрахаас урьдчилан сэргийлж, тухайн хүний хууль бус үйлдлийг таслан зогсоох үйлдэл хийсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.У нь намайг цохисон, зодсон, хүчирхийлсэн гэж худал мэдүүлэг өгсөн. Д.Эын хувийн байдлыг тогтооход ажил хамт олныхоо дунд нэр хүндтэй, бусдыг цохиж зодох хүн биш гэдэг нь харагддаг тул энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж цагаатгаж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Асумын 6 дугаар баг Хатгал тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Д” амралтын газарт хамтран амьдрагч Т.Уыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, түүний үйлдлийн шинжид үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн нөхцөл байдал, шүүхээс тогтоосон үйл баримтын талаар маргаж, “...шүүгдэгч  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарцаагүй байдалд хохирол учруулсан,  ... анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий  гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судалбал, анхан шатны шүүх шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Т.Уыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн 06 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудад тулгуурлан тогтоож,  үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд аюул тулгарсан, уг аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдал тулгарсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Тодруулбал, хохирогч Т.У Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хууль бусаар халдсан, довтолсон, үүний улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд бодит аюул тулгарсан, уг аюулыг тухайн нөхцөл байдалд өөрөөр зайлуулах аргагүй байсан, шүүгдэгчийн хохирогчид учруулсан хохирол нь учирч болох байсан хохирлоос  бага  гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Э нь хохирогч Т.Уын эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан  гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон тул хохирогчийн тус шүүхэд гаргасан “...хөнгөн гэмтлийн дүгнэлтийг шүүгдэгч Д.Э үйлдээгүй болно. Тэр өдөр Д.Э бид 2 машинд явж байгаад огцом тоормослож юм мөргөсөн, мөн бүдэрч унасан зэргээс болсон. Иймд Д.Э намайг зодож, цохиж гэмтэл учруулаагүй тул Д.Эт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид ямар нэгэн гомдол, санал байхгүй болно.” гэсэн нэмэлт тайлбарыг үндэслэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

Хэрэгт хохирогчийн “...хүчээр бэлгийн харилцаанд оруулсан”, шүүгдэгчийн “...У байшингийн цонх хагалсан” гэсэн мэдүүлэг авагдсан байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх үйлдлүүдэд “Эд хөрөнгө устгах, гэмтээх”,  “Хүчиндэх”, “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг  шалгаж тодруулаагүй орхигдуулсан нь  мөрдөн шалгах ажиллагааг гүйцэт биш хийсэн гэж үзэх үндэслэл болно.

Гэвч Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд дээрх хуулийн зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулгын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/167 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАЯРХҮҮ

                                        ШҮҮГЧИД                                З.ХОСБАЯР

                                                                             Б.СОСОРБАРАМ