Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 414

 

Б.Д нарын нэхэмжлэлтэй,

НЗД, БГД-ийн ЗД,

СБД-ийн ЗД, ХУД-ийн ЗД

нарт холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                   Г.Банзрагч

                                                  Б.Мөнхтуяа

                                                  Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                        Л.Атарцэцэг

 

Нарийн бичгийн дарга:           Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/863 дугаар захирамжийн зөөврийн байгууламжийн ТҮЦ-д холбогдох хэсэг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/25 дугаар захирамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/16 дугаар захирамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 дугаар захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/626 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0677 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0228 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюун, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дамба, Г.Дэмбэрэл, О.Чойндонгаваа, Т.Бэрхцэцэг, Ж.Лхагвасүрэн, Д.Тогтмаа нарын өмгөөлөгч Н.Буянжаргал, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхдөл нар,

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхдөлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0677 дугаар шийдвэрээр: 1 дэх заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Д.Дамба нарын 98 нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/863 дугаар захирамжийн зөөврийн байгууламжийн түц-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Г.Байгаль нарын 8 нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Д.Тогтмаа болон Д.Чимгээ нарын 5 нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч С.Оюун нарын Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн А/25 дугаар захирамжийг хүчингүй болгох, С.Баттөр нарын 27 нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Т.Бэрхцэцэгийн Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/626 дугаар захирамжийг хүчингүй болгох, М.Содном нарын 19 нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Ө.Чойдонгаваагийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/16 дугаар захирамж, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч М.Оюунцэцэг, Н.Оюунчимэг, Д.Буяннэмэх, Г.Ананд-Очир, Д.Түмэнбаяр, Т.Энх-Амгалан, Н.Алтанзул, Б.Ядамсүрэн нарын Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/863 дугаар захирамжийн зөөврийн байгууламжийн түц-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн А/25 дугаар захирамжийг хүчингүй болгох, нэхэмжлэгч Д.Алтансувд, Э.Гантөмөр, Ц.Ариунаа нарын Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/863 дугаар захирамжийн зөөврийн байгууламжийн түц-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/626 дугаар захирамжийг хүчингүй болгох, нэхэмжлэгч Т.Чимгээ, Ч.Сүрэнхорлоо, Ж.Лхагвасүрэн, О.Энхмандах, Д.Мөнхсайхан нарын Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/863 дугаар захирамжийн зөөврийн байгууламжийн түц-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус хүлээн авахаас татгалзаж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11ий өдрийн 221/МА2018/0228 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0677 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхдөл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 221/МА2018/0228 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

4. Нийтийн эзэмшлийн зам талбайд хууль ёсны зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж Худалдаа үйлчилгээний журам, Нийслэлд түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам зэргийг зөрчин худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа түргэн үйлчилгээний цэгийг буулган газар чөлөөлөх ажлыг зохион байгуулсан нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2, 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 07 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмын 8 дугаар зүйлийн 8.2.4 дахь заалтуудыг үндэслэн хэрэгжүүлсэн арга хэмжээ болно.

5. Иймд, тухайн иргэдэд газар чөлөөлөх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч мэдэгдэх хуудаст заасан хугацаанд багтаж газар чөлөөлөх үүргээ биелүүлээгүй нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь заалтыг зөрчсөн тул албадан нүүлгэж, газар чөлөөлөх ажиллагаа хийсэн.

6. Мөн давж заалдах шатны шүүх тухайн шаардлагыг анхнаас нь зөв тодорхойлуулж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болохоос гадна хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж буцаасан бөгөөд Засаг даргад Газрын тухай хууль болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 56 дугаар тогтоолоор эрх олгогдсоныг харгалзан үзэж шийдвэрлээгүй. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 56 дугаар тогтоол нь Улаанбаатар хотод “Түргэн үйлчилгээний цэг” эрхлэх харилцааг зохицуулж буй цорын ганц эрх зүйн баримт бичиг бөгөөд тус тогтоолыг хүчингүй болгосон эрх бүхий албан тушаалтны ямар нэгэн шийдвэр байхгүй.

7. Тус журмын 2.1 “Түргэн үйлчилгээний цэгийн байгууламж нь тухайн дүүргээс зөвшөөрөгдсөн түр байршилд байна”, 2.1.2 “Тухайн зөвшөөрөгдсөн цэгт бүр байрлах түргэн үйлчилгээний цэгийн байгууламжийн тоог тухайн дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн Улаанбаатар хотын Ерөнхий менежер тушаал гаргаж батална” гэж заасан

8. Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж зөв шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т “...шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн,...”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн ...шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан...” гэж заасантай нийцжээ.

10. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримт дутуу байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, нэхэмжлэгч 98 иргэн тус бүрийн тухайд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодорхой болгож, захиргааны байгууллагын ямар буруутай үйл ажиллагаа, шийдвэрийн улмаас эрх нь хэрхэн зөрчигдсөн болохыг тодруулаагүй, зарим нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагын шийдвэрлээгүй орхигдуулсан зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн ноцтой алдаа гаргасан нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болсон байна.

11. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/863, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/25, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/16, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08, Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/626 дугаар захирамжуудаар нийслэлийн нутаг дэвсгэрт “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулах, энэ арга хэмжээний хүрээнд нийслэл болон холбогдох дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эдэлбэрийн газар, гудамж, зам, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан зөөврийн байгууламж болон авто зам, явган хүний зам хаасан объект, эзэмшил ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж сунгасан хашаа зэргийг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

12. Нэхэмжлэгч иргэд нь дээрх захирамжуудын улмаас өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж хүчингүй болгуулахаар /өөрт нь хамааралтай захирамжийг/, харин хариуцагч нар нь “...зохион байгуулалтын шинжтэй, гадагшаа биш дотогшоо чиглэсэн акт..., нэхэмжлэгчдийн эрх зөрчигдөөгүй...” гэж маргажээ.

13. Шүүх нэхэмжлэгч тус бүрийн тухайд маргаан бүхий захиргааны актын улмаас тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөнийг нотлох баримтуудад үндэслэн дүгнэж чадаагүйгээс гадна тухайн байршилд захиргааны байгууллагаас олгогдсон зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж буй нэхэмжлэгч зарим иргэдийн эрх хууль ёсны ашиг сонирхол маргаан бүхий захиргааны актын улмаас хэрхэн зөрчигдсөнийг болон эдгээр актууд нь дээрх иргэдэд ямар хамааралтайг тодруулалгүйгээр, “...зөвшөөрөлгүйгээр ажиллаж буй иргэдэд хамааралтай...” гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэн нэр бүхий 16 иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ. Тодруулбал, дүүргийн газрын албанаас зохих зөвшөөрөл бүхий иргэдэд албадан нүүлгэх тухай шаардлага ирүүлсэн гэх үйл баримтыг анхаарч, дүгнэх шаардлагатайг давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан нь зөв байна.

14. Мөн хэрэгт зарим нэхэмжлэгчид болох иргэн Б.Уранцэцэг, Д.Энхмандах, Ц.Баярмаа, Б.Амарсанаа, Б.Намнандорж, М.Содном, П.Рина, Б.Доржханд, Н.Ууганбаяр, Ж.Оюумаа, Э.Батзориг, Н.Уранчимэг, Д.Мөнхтуяа, Х.Мөнхчимэг, С.Ягаанбанди, Ц.Ням, Э.Гантөмөр, Б.Даваадулам, Ц.Ариунаа, Н.Тунгалаг, Г.Байгаль, Д.Дайрийхүү, Ш.Бадаубай нарт холбогдох нотлох баримт огт авагдаагүйг анхаараагүй байна.

15. Үүнээс гадна нэхэмжлэгч Б.Гэрэлтцолмон, Б.Нарангэрэл, Ш.Бадаубай нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунцэцэгийн гаргасан “...А/863 дугаар захирамжийг үндэслэн ТҮЦ-д холбогдон явуулж байгаа үйл ажиллагааг зогсоож өгнө үү...” гэх нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх дүгнээгүй, шийдвэрлээгүй орхигдуулсан нь буруу энэ талаар хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

16. Хяналтын шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх алдаа зөрчлийг зөвтгөхгүйгээр бүрдэл дутуу нотлох баримтад дүгнэлт хийх боломжгүй, анхан шатны шүүх магадлалд болон тогтоолд заасан ажиллагааг бүрэн хэрэгжүүлж, хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байна.

17. Иймд, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Газрын тухай хуулийн 57.3-т заасныг зөрчсөн учраас албадан нүүлгэж, газар чөлөөлөх ажиллагаа хийсэн, ...нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 56 дугаар тогтоолд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан, магадлалыг хүчингүй болгож өгнө үү...” гэх гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0228 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

   ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ