Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2017/0804

 

 

 

 
2017 оны 11 сарын 15 өдөр     Дугаар 221/МА2017/0804             Улаанбаатар хот


Б.Т-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, Л.М, Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0701 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Б.Т-н нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0701 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг баримтлан “Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу Захиргаа удирдлагын газрын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” Б.Т-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “... Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүсэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс үүдэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, ажил олгогчийн хууль зөрчсөн үйлдлийн өөгшүүлсэн шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул дор дурдсан үндэслэл, шалтгааны улмаас шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Ажил олгогч намайг Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаар “Ажлаас халах тухай” тушаалаар: “... Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1. дэх заалтыг үндэслэн ... УИХ-д хүргүүлсэн 2006 оноос 2015 он хүртэлх тайланд харьцуулсан дүн шинжилгээ хийж 2016 оны тайлан бичих шинэчилсэн загварын төсөл боловсруулж Хорооны даргад 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр танилцуулах үүрэг, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн явц, үр дүнг Сангийн яаманд хүргүүлэх зэрэг үүргийг удаа дараа хангалтгүй биелүүлсэн ...” гэж үндэслэлгүйгээр буруутган 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халсныг Анхан шатны шүүх: “... ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллахдаа удирдлагаас өгсөн хугацаатай үүргийг тогтоосон хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдсон байна... нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан болон удирдлагаас өгсөн хэрэгжүүлбэл зохих үүргийг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн нь тогтоогдсон ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Энэхүү ажил олгогчийн зүгээс субьектив байдлаар асуудалд хандан намайг үндэслэлгүйгээр буруутгаж халсан хоёр үндэслэлийг анхан шатны шүүх хэрхэн дүгнэснийг дээр товч өгүүлсэн тул дор миний зүгээс ямар үндэслэл, шалтгаанаар тушаалд дурдсан үндэслэлийг эс зөвшөөрч байгаагаа сийрүүлье. Үүнд:
1. “... УИХ-д хүргүүлсэн 2006 оноос 2015 он хүртэлх тайланд харьцуулсан дүн шинжилгээ хийж 2016 оны тайлан бичих шинэчилсэн загварын төсөл боловсруулж Хорооны даргад 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр танилцуулах үүрэг ...”-ийг хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийн тухайд:
Тухайн ажлыг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс мөн оны 03 дугаар сарын 09-ны өдөр хүртэлх хугацааны дотор хийж, гүйцэтгэх чиглэлийг удирдлагаас надад өгсөн ба миний бие өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэн холбогдох албан тушаалтанд танилцуулсан. Энэ нь хэрэгт нотлох баримтаар хариуцагчаас гаргаж өгсөн “Улсын Их Хуралд ажлаа тайлагнахтай холбоотой яаралтай хийх ажлын төлөвлөгөө” гэх Б.Б-н гарын үсэгтэй баримтаас тодорхой харагддаг ба 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос УИХ-д хүргүүлдэг үйл ажиллагааны жилийн тайлангийн загварыг өмнөх жилүүдэд хэрхэн бэлтгэн, ямар загвартай хүргүүлдэг байсныг харьцуулж, 2016 оны үйл ажиллагааны тайланг бэлтгэх загварыг боломжит 2 хувилбараар бэлтгэж Захиргаа удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б хэвлэмэл байдлаар өгөхөд тэрбээр танилцаад хариу өгнө гэсэн боловч хариу өгөөгүй тул дахин 2017 оны 03 дугаар сарын 09-ны, мөн оны 03 дугаар сарын 14-ний өдрүүдэд цахим шуудан /и-мэйл/-аар Б.Б болон холбогдох бусад албан тушаалтнуудад хугацаанд нь хүргүүлсэн.
2. “... Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн явц, үр дүнг Сангийн яаманд хүргүүлэх үүрэг ...”-ийг хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийн тухайд:
Тухайн ажлыг хийж гүйцэтгэх үүрэг, чиглэлийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны /Баасан гариг буюу ажлын сүүлийн өдөр/-ны өдөр Б.Б өгсөн бөгөөд миний бие өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь бүрэн гүйцэд, хангалтай, чанартай хийх зорилгоор амралтын өдрүүдэд амралгүй ажиллаж, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ажлын 14:00 цагт хэвлэмэл байдлаар Б.Б өгч, мөн өдрөө цахим шуудангаар түүнд болон холбогдох бусад албан тушаалтнуудад хугацаанд нь хүргүүлсэн болно.
Дээрх 2 ажил нь дан ганц миний үйл ажиллагаа, ажлын үр дүнгээс бүхэлдээ хамаарах ажлууд биш бөгөөд хорооны холбогдох бусад газар, хэлтэс, алба хаагчаас ирүүлэх, гаргаж өгөх тайлан, мэдээллээс шууд хамааралтай хийгдэх ажил байсан ч миний зүгээс өгсөн үүрэг, даалгаврыг тогтоосон хугацааны дотор хангалттай биелүүлсэн. Тухайн ажлуудыг намайг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэн өгч байсан талаар хариуцагч маргадаггүй ба энэ нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-н “... Т-с ирүүлсэн мэйл-үүдтэй цаг хугацааны хувьд маргахгүй. Над руу явуулсан эсэх талаар маргахгүй ...”, “... нэхэмжлэгчийн хийсэн ажлаа хугацаандаа хийж, цахим хаягаар явуулж байсантай маргахгүй ...” гэх тайлбараар нотлогдоно. Түүнчлэн би өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, маргаан бүхий тушаалд дурдсан ажлуудыг цаг тухайд нь хийж гүйцэтгэн зохих албан тушаалтнуудад хүргүүлж байсан, тухайн үед харилцаж байснаа нотлох зорилгоор 2 удаа /2017 оны 09 дүгээр сарын 1, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр/ холбогдох и-мэйл /цахим шуудан/-үүдэд үзлэг хийлгэх хүсэлтийг бичгээр гаргаж байсан ба хариуцагч хүлээн зөвшөөрч, маргахгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн учир хүсэлтээсээ татгалзаж байсан болно.
Монгол Улсын дээд шүүхийн тайлбараас үзвэл миний хувьд дээрх 2 ажлыг “... гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн ...” байх урьдач нөхцөл хангагдсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан үндэслэлээр буруутгахаар байна.
Нөгөө талаар маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл болох төрийн албан хаагчийн албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх нөхцөл байдал нь хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд энэ нь тогтоогдсон тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасныг үндэслэн намайг төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авч болох хэдий ч тухайн ажлуудыг чанарын хувьд доголдуулан, тогтоосон журмын дагуу гүйцэтгээгүй гэдгийг ажил олгогч үнэлж, тогтоогоогүй, хугацаа хэтрэлд нь зөвхөн миний үйл ажиллагаанаас болсон эсхүл дан ганц надаас шалтгаалсан, би үүнд буруутай гэдгийг мөн л тогтоохгүй намайг үндэслэлгүйгээр буруутгасан болно. Өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл ногдуулахдаа нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтод болон албан чиг үүрэгт тусгасан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэхдээ хэрхэн доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэрэг “хангалтгүй биелүүлсэн” байж болох үйл баримтууд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн тухайн 2 ажлын УИХ, Сангийн яаманд шууд бэлтгэн хүргүүлэх эрх хэмжээ надад олгогдоогүй, миний хийж гүйцэтгэх чиг үүрэг шууд хамаарахгүй ба би харьяалах дээд шатны албан тушаалтнуудад “... дэмжлэг үзүүлж, мэдээллээр хангах” чиг үүрэгтэй юм. Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.6, 3.2.7-д зааснаас үзвэл Газрын дарга ажилтнуудыг удирдлага, зохион байгуулалт, шуурхай мэдээллээр хангаж, тэдний боловсруулсан баримт бичгийг хянаж ажиллах үүрэгтэй ба Б.Б нь энэ үүргээ хангалттай хэрэгжүүлэхгүй, надад боломжит хугацааны өмнө үүрэг даалгавар өгөхгүй, эзэмшсэн мэргэжил, ур чадварт тохирохгүй зарим ажлыг цагийг нь тулгаж өгч, богино хугацаанд хийж гүйцэтгэхийг нэг бус удаа шаардаж байсан болно.
Дээрхийг нэгтгэн дүгнэж үзвэл хариуцагч нь хуульд заасны дагуу албан үүргээ хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох эрхтэй боловч тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажилд яг ямар зүйлийг засварлах шаардлагатай байгаа, хугацаа хэтрүүлсэн үйл явдал түүний үйл ажиллагаатай шууд хамааралтай эсэх нь тодорхойгүй, шинэ ажлын хэсэг байгуулан хугацаа алдсан гэх боловч яг ямар ямар ажилчид ажлын хэсэгт томилогдсон зэргээ нотлохгүйгээр Б.Б хувийн таарамжгүй харилцаандаа тулгуурлаж, асуудалд бодитой бус субъектив байдлаар хандаж, дан ганц миний үйл ажиллагаанаас ажлын эцсийн үр дүн хамаархааргүй байхад бусад ажилчдад ямар нэгэн арга хэмжээ авалгүй тэдэнд давуу байдал олгож, намайг ажлаас халсан байгааг онцгой анхаарна уу.
Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0701 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаар “Ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу Захиргааны удирдлагын газрын мэргэжилтнээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж, хариуцагчид миний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Б.Т нь “Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүү мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 220 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д заасан сахилгын шийтгэл, мөн оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 280 дугаар тушаалаар хуулийн 26.1.2-т заасан сахилгын шийтгэлийг Б.Т-д тус тус ногдуулж байсан бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
Маргаан бүхий Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Ажлаас халах тухай” 57 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг үндэслэн Б.Т-г Захиргаа удирдлагын газрын мэргэжилтний албан тушаалаас мөн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас халахаар шийдвэрлэжээ.
Б.Т нь төрийн албан хаагчийн үүргээ хангалтгүй биелүүлсэн, Улсын Их Хуралд хүргүүлсэн 2006 оноос 2015 он хүртэлх тайланд харьцуулсан дүн шинжилгээ хийж 2016 оны тайлан бичих, шинэчилсэн загварын төсөл боловсруулах, уг тайланг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны даргад танилцуулах, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн явц болон үр дүнг Сангийн яаманд хүргүүлэх зэрэг үүргийг удаа дараа хангалтгүй биелүүлсэн нь нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь халсан Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Ажлаас халах тухай” 57 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж заасантай нийцсэн талаар анхан шатны шүүх дэлгэрэнгүй, зөв дүгнэсэн байна.
Тиймээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан “... хариуцагч нь хувийн таарамжгүй харилцаандаа тулгуурлаж, асуудалд бодитой бус субъектив байдлаар хандаж, дан ганц миний үйл ажиллагаанаас ажлын эцсийн үр дүн хамаархааргүй байхад бусад ажилчдад ямар нэгэн арга хэмжээ авалгүй тэдэнд давуу байдал олгож, намайг ажлаас халсан ...” гэсэн үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт болох Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Ажлаас халах тухай” 57 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд энэ талаар шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, нэгэнт Б.Т нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2017 оны 57 дугаар тушаал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Иймд анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0701 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


ЕРӨНХИЙ ШҮҮГЧ     Д.БАТБААТАР
ШҮҮГЧ                        Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ                        Э.ХАЛИУНБАЯР