| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/03397/И |
| Дугаар | 181/ШШ2024/03453 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2024/03453
| 2024 09 23 | 181/ШШ2024/03453 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,
Нэхэмжлэгч:...тоотод байрлах, Г.д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............ давхарт байрлах, СМ ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ниймгийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь СМ ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ниймгийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Г.Д би анх 2017 оны 10 дугаар сараас СМ ХХК-д механикийн албан тушаалд ажиллаж эхэлсэн бөгөөд 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс Ачих буулгах техникийн Ээлжийн ахлах албан тушаалд томилогдсон.
Миний бие Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Оюу толгой уурхайн талбарт байрлах ажлын байран дээрээ 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн үед электрон тамхийг халаасандаа хийж байхад, Төслийн менежер Роберт харчихаад надаас юу халаасандаа хийсэн бэ гэж асуусан. Би хариуд нь под /электрон тамхи/ гэж хэлэхэд, Роберт надад хандан чи ийм үйлдэл хийж болохгүй гэх агуулгатай зүйлийг англиар хэлсэн.
Тэр өдрийн ажил дууссаны дараа Ро намайг дуудан уулзалт хийж, тайлбар бичиж өг гэсний дагуу тайлбар бичиж өгөхөд, 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр намайг ажилд гарах хэрэггүй, чиний асуудлыг судална гэж мэдэгдсэн. 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс уурхайн талбараас буулган, ростероос 3 хоногийн өмнө Улаанбаатар руу буцаасан. Мөн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэх зөрчлийг шалгах хугацаанд уурхайн талбарт очихгүй байх мэдэгдлийг имэйлээр ирүүлсэн.
2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар дахь оффист 15 цагт хүрээд ир гэж дуудсаны дагуу очиход, Гүйцэтгэх захирлын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №083/24 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг гардуулж өгсөн. Уг тушаалаар Г.Д намайг Оюу толгой компанийн ёс зүйн хэм хэмжээний тухай харилцагч байгууллагын журмын 6.1.1, 6.2.1 дэх заалтуудыг зөрчсөн үндэслэлээр Ээлжийн ахлахын албан тушаалаас чөлөөлж, хяналт хариуцсан Ахлах ажилтан албан тушаалд томилсон байсан.
Сахилгын шийтгэл ногдуулах тухай энэхүү тушаалыг миний бие дараах байдлаар Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэж байна. Үүнд:
1.Г.Д нь алхаж байхдаа халаасанд байсан цахилгаан тамхийг сорчихоод буцаан халаасандаа хийсэн үйлдэл нь хөдөлмөрийн сахилгын зөрчил биш болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-д ...Хөдөлмөрийн гэрээг цуцлах болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана.. гэж заасан байдаг. Манай компанид мөрдөгдөж буй Хөдөлмөрийн дотоод журамд миний гаргасан дээрх үйлдэл буюу электрон тамхийг биедээ авч явсан үйлдлийг хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж заагаагүй. Мөн хөдөлмөрийн гэрээнд энэ талаар заагаагүй бөгөөд энэ нь өнөөдрийн байдлаар Монгол Улс электрон тамхийг ямар нэгэн эрх зүйн актаар зохицуулаагүй байдагтай холбоотой байх.
2.Түүнчлэн тушаалд Г.Д намайг Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны холбогдох заалтыг зөрчиж, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан талаар бичээгүй ба үүнээс дүгнэхэд Г.Д миний бие хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүйг нотолно.
3.Харин тушаалын хууль зүйн үндэслэлээ СМ ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтаар тодорхойлохгүй, өөр компани болох Оюу толгой компанийн ёс зүйн хэм хэмжээний тухай харилцагч байгууллагын журмын 6.1.1, 6.2.1 заалтуудыг зөрчсөн гэж хууль зүйн үндэслэлээ тодорхойлсон зэргээс тушаал нь хуульд үндэслээгүйг илэрхийлнэ.
4.Ажил олгогч СМ ХХК өөрийн баталсан хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг ажилтанд танилцуулж, түүнийг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй бөгөөд тэрнээс Г.Д надад огт танилцуулаагүй, дээр нь өөрөө батлаагүй ёс зүйн хэм хэмжээний журам зөрчсөн гэж сахилгын шийтгэл ногдуулах эрхгүй болно.
5.Г.Д миний бие электрон тамхийг ажил үүргээ гүйцэтгэж байхдаа огт хэрэглээгүй, ажил үүрэг гүйцэтгэх цэг рүү очих явцдаа халаасанд байсныг мэдээд нэг сорчихоод буцаан өөрийн халаасандаа хийсэн үйлдэл л гаргасан. Энэхүү үйлдлээ Төслийн менежер Робертоос нуухгүйгээр үнэнээ хэлж, тайлбар бичиж өгсөн байдаг. Учир нь манай компанийн Аюулгүй байдлын соёл ба алдааны менежментын бодлогын баримт бичигт ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авахгүйгээр ажилтан өөрийн алдаатай үйлдлээ шударгаар хүлээн зөвшөөрч, дахин алдаа гаргахгүй байх боломжийг олгох зарчим байдаг. Гэтэл Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр шууд хориглосон үйлдэл биш ч дээд шатны албан тушаалтныхаа асуусан асуултанд үнэн зөвөөр хариулж, буруутгасан хандлагыгойлгож хүлээн зөвшөөрсөн тайлбар бичиж өгсөн ч үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлэх шийдвэр гаргасан нь шударга бус юм.
6.Г.Д миний ажлын байрыг өөрчилж буюу Ачих буулгах техникийн Ээлжийн ахлахын албан тушаалаас чөлөөлж, Ачих буулгах техникийн хяналт хариуцсан Ахлах ажилтны албан тушаалд томилсныгоо Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.4-д зааснаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан гэж тушаалдаа бичсэн. Гэтэл манай компанид Ачих буулгах техникийн хяналт хариуцсан Ахлах ажилтан гэсэн албан тушаал байгаагүй бөгөөд шинээр бий болгож байгаа албан тушаал юм. Миний албан тушаалын доод албан тушаал бол багийн ахлах, дуудлагын багийн ахлах, ахлах механикч гэсэн албан тушаалууд байдаг.
7.Г.Д намайг өөр ажилд үндэслэлгүйгээр шилжүүлснээр миний цалин хөлс 25 %иар буурах бөгөөд Ачих буулгах техникийн Ээлжийн ахлахын 1 цагийн үндсэн цалин 7945 төгрөг ба шинээр бий болгож байгаа Ачих буулгах техникийн хяналт ажлын байрыг минь үндэслэлгүйгээр өөрчилснөөр Г.Д миний цалин хөлс орлого 25%-иар буурч, амьдралд маань хүндээр тусч, амьжиргааны нөхцөл байдалд шууд сөргөөр нөлөөлнө.
Иймд Г.Д намайг СМ ХХК-ийн Ачих буулгах техникийн Ээлжийн ахлахын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр тушаал гарган, 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс ээлжийн ахлах албан тушаалд эгүүлэн томилсон билээ. Мөн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр буух цалин дээр нөхөн олгохоор болсон. Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Д нь СМ ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ниймгийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг ирүүлжээ.
Дээрх хүсэлт Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.СМ ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Г.Д татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдсугай.
3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ