Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2024/03452

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 23

181/ШШ2024/03452

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,

Нэхэмжлэгч:................ гудамж,................төлөөлж Сүхбаатар дүүргийн прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ............. оршин суух, Д.Д /Регистрийн дугаар:УК92070311/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 2.785.005 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь О.Д д холбогдуулан гэм хорын хохиролд 2.785.005 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

О.Д нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо 11 дүгээр гудамжны 64 тоотод Н.Б ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 2022/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Д д 450 нэгжтэй тэнцэх буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч О.Д гийн учруулсан хоёр нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хоёр нүдний алим, хоёр нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын салстад шарх бүхий хөнгөн гэмтлийн улмаас хохирогч Н.Б нь эмнэлгийн байгууллагуудаар үзлэг оношилгоо, эмчилгээ хийлгэсэн байх бөгөөд үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас дараах зардлууд гарсан байна. Үүнд: Гэмтэл согог судлалын үндэсний төв -Гэмтлийн яаралтай тусламж 200,000 төгрөг, Амбулаторийн үзлэг-14,000 төгрөг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг-Мэс засал-2,557,005 төгрөг, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв-Амбулаторийн үзлэг-14,000 төгрөг нийт 2,785,005 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх" гэж заасан.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, мөн хуулийн 19 дүгээр зүйлд тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр нь даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдэж, нийт даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилготой тул гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг тус сангаас нөхөн төлсөн нь төр, нийтийн аль алины ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй. О.Д д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хянан шийдвэрлэж, түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос гадна Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01/1248 дугаартай албан бичгээр тус прокурорын газарт хандан ' ...гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргаж, төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах тухай хүсэлтийг ирүүлсэн.

Иймд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэгдээгүй орхигдсон тул улсын төсөв, иргэн, хуулийн этгээдээс даатгалын санд төлсөн мөнгөн хөрөнгө болон нийт даатгуулагчийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэм буруутай этгээдүүдээр эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах үндэслэлтэй байна. О.Д гаас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 2.785.005 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд оруулахаар прокурорын нэхэмжлэлийн шаардлага гаргав гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: О.Д миний бие Нийслэлийн прокурорын газрын нэхэмжилсэн 2.785.005 төгрөгийг 12 дугаар сарын 01-нд бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлж Сүхбаатар дүүргийн Прокурорын газар нь О.Д д холбогдуулан гэм хорын хохиролд 2.785.005 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 2.785.005 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлжээ.

Ийнхүү зөвшөөрсөн явдал Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлж Сүхбаатар дүүргийн прокурорын газрын нэхэмжлэлтэй, О.Д д холбогдох хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 2.785.005 /хоёр сая долоон зуун наян таван мянга тав/ төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 59.510 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

3.Энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ