Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2024/03479

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 24

181/ШШ2024/03479

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:.................байрлах, ХБ ХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Б.Э , Б.Э нарыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхжаргал оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Э , Б.Э нарыг эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч Б.Э , хамтран үүрэг гүйцэтгэгч  нар нь Хас банктай 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1090083994 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 9,500,000 төгрөгийн зээлийг 365 хоногт 23.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нийт 5,825,123 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний гол нөхцөл болох хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч гэрээ байгуулснаас хойш зээлээ төлж байгаад 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлж, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш огт төлөлгүй хугацаа хэтрүүлээд байна. Зээлдэгч Б.Э нь зээл авч байх үедээ Монгол экспресс ХХК-д ажиллаж байсан. Одоо ажлаасаа гарсан. Зээлдэгч зээл авах үедээ Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн алтан өлгий 15 дугаар гудамж, 24 тоот хаягт оршин суудаг гэж Банкинд бүртгүүлсэн. Банк 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороон дээр очиж уулзахад тус хорооны засаг дарга зээлдэгч уг хаягт амьдардаггүй, хашаа зарагдсан гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн. Зээлдэгч болон зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч нарын утаснууд холбогдох боломжгүй, оршин суугаа хаяг тодорхойгүй учир зээл төлүүлэх ажиллагаа хийхэд хүндрэлтэй байна. Иймд зээлдэгч Б.Э , Б.Э нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчээс баримтаар: улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, тушаалууд, зээлийн өргөдөл, зээл олгох шийдвэр, зээл олголтын зөвшөөрөл, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, иргэний үнэмлэхийн хуулбар, харилцагчийн анкет, Монгол экспресс ХХК-ийн тодорхойлолт, Баянгол дүүргийн 22-р хорооны Засаг даргын тодорхойлолт, судалгааны тэмдэглэл, дансны хуулга, шаардах хуудас зэргийг ирүүлжээ. /хх 4-29/

Шүүхийн журмаар: хаяг шалгасан мэдэгдэх хуудас зэргийг бүрдүүлжээ

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ХБ ХК нь Б.Э , Б.Э нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Нэг талаас ХБ ХК, нөгөө талаас Б.Э , Б.Э нар 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрээг байгуулсан байх тул тэдгээрийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.

3.Дээрх гэрээ болон Б.Э , Б.Э нарын иргэний үнэмлэхний хуулбарт тэдгээрийн оршин суух хаягийг Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, зүүн наран, 15 гудамж, 24 тоот гэж тусгажээ.

4.2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргаас хашаа зарагдсан тул уг хаягт амьдардаггүй гэж тодорхойлжээ.

5.Шүүхээс дээрх хаягийн дагуу мэдэгдэх хуудсыг 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүргүүлэхэд Б.Э , Б.Э нар уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг харьяалах хорооны Засаг даргаас тодорхойлж мэдэгдэх хуудсыг буцаажээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Э , Б.Э нарын оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Авгачууд овогт Б.Э Регистрийн дугаар:Х.../, Алаг адуут овогт Б.Эг /Регистрийн дугаар:../ нарыг эрэн сурвалжилсугай.

2.Б.Э , Б.Э /бүртгэлтэй хаяг: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, зүүн наран, 15 дугаар гудамж, 24 тоот/-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Наранцэцэг, утас:96890706/ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ