Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/31

 

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Б.М,

Ялтан: Б.Б,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнхзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундБ.ын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ХМШЗ/08 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурор Б.Мгийн эсэргүүцлээр ялтан Б.Бөд холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хувийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ялтны хувийн байдлын тухайд: Б-ийн Б, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “***” ХХК-д цахилгаанчнаар ажиллаж байсан, ам бүл 3, ээж, дүүгийн хамт оршин суух, *** шүүхийн 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, оршин суугаа нутаг дэвсгэрээс явахыг хориглосон үүрэг хүлээлгэсэн байна.  

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мгаас ялтан Б.Б-д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солиулахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хувийн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Б-ийн Б-д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 9 хоногийн ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Бөд оногдуулсан 1 жил, 1 сар, 9 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар ялтан Б.Бөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.М эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ХМШЗ/08 дугаартай шүүгчийн захирамжаар ялтан Б.Бөд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 09 хоногийн ялыг мөн хугацаагаар хорих ялаар солих шийдвэр гаргахдаа ялын тооцооллыг буруу тооцож, ялтанд ял завшуулах нөхцөл боломжийг бүрдүүлсэн.

Ялтан Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх хугацаанд нийт 19 удаа цахим бугуйвчны цэнэгийг багасгасан, цахим бугуйвчийг 3 удаа унтрааж хяналтаас 24 цагаас илүүгүй хугацаагаар санаатайгаар зайлсхийсэн, зөвшөөрөгдсөн бүсээс 1 удаа гарч, удаа дараа давтан зөрчил гаргаж, хяналтаас зайлсхийсэн учраас прокурорын дүгнэлтээр шүүх ялыг сольж шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ 1 жил 1 сар 9 хоногийн хорих ял гэж оногдуулсан тооцоолол нь буруу, ялтанд ял завшуулах боломж нөхцөл үүссэн гэж үзэж байна. Ялтан Б.Бөд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон тооцоход нийт 2 жил 6 сарын хорих ялаас биеэр 11 сар 15 хоногийн хорих ял, шагналын 5 хоног, нийт 11 сар 20 хоногийн хорих ял эдэлсэн, үлдэгдэл 1 жил 6 сар 10 хоногийн хорих ял байгаа. Жинхэнэ бодит ялын тооцоо бүхэл бүтэн 5 сарын зөрүүтэй гарч байна. Тийм учраас энэ ялын тооцоог зөвтгүүлэхээр эсэргүүцэл бичсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэсэн үндэслэл байна. Үүнээс мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэсэн үндэслэлд хамаарч байна гэж үзэж байна.

Ялтан Б.Бийн 1 жил 1 сар 9 хоногийн хорих ял нь 1 жил 6 сар 10 хоног болж хүндэрч байгаа. Давж заалдах шатны шүүх зарчмаараа ял хүндрүүлсэн шийдвэр гаргах боломжгүй учир анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах саналтай байна. Иймд 08 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.  

 

Ялтан Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би сая цагдан хорих байранд сар гаран болсон. Би 2021 онд цахим бугуйвчийг зүүснийхээ дараа унтраасан тохиолдол бол байгаа. Тэр бол миний буруу гэдгийг би хүлээн зөвшөөрч маш их харамсаж байна. Харин 2022 он гарснаас хойш би архи дарс уугаагүй. Өөртөө маш том, хатуу зорилго тавьсан. Тэгээд би *** бассейнд ажиллаж байсан. Олон хүний амь нас аварсан. Манай дарга хүртэл камерын бичлэг шүүгээд намайг яаж хүний амь нас аварч байсныг нотлох баримт гаргаж өгье гэж байсан. 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр би цагаа огт унтраагаагүй. Тэр өдөр би өөрөө ахтайгаа хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирж ахлах дэслэгч О гэдэг хүнтэй уулзаад “миний цаг сүлжээгүй болчихсон байна” гэж хэлээд цагаа солиулаад явсан. Цаг унтарсан, сүлжээгүй болсон үед би өөрөө байнга залгаж хэлдэг. 2021 онд би өөрийн хэнэггүй тэнэг байдлаас болж алдаа гаргаж байсан. 2022 он гарснаас хойш би ерөөсөө тийм алдаа гаргаагүй. Миний цаг гэмтэх бүрд би өөрөө залгаж хэлээд “энэ ингээд байна, энэ ийм болчихлоо” гээд хэлдэг байсан. Цаг ингээд унтарчихлаа яах вэ гээд асуухаар “За чи тэгвэл маргааш өглөө хүрээд ирээ, эсвэл бид нар маргааш очъё” гэж хэлдэг байсан.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүхээс прокурор Б.Мгийн “Зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааг хорих ялаар солих” тухай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр ялтан Б.Бөд холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хувийн хэрэгт цугларсан нотлох баримтыг бүхэлд нь хянаж, үзээд дараах үндэслэлээр прокурорын “Зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааг хорих ялаар солиулах” тухай дүгнэлт болон “Зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааг хорих ялаар солих” тухай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож, мөн шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэлээ.

 

            2. Анхан шатны шүүхийн 2021-07-22-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор Б.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 жил 06 сар хорих ял оногдуулж,  энэхүү оногдуулсан хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх үүргийг мөн хугацаагаар хүлээлгэсэн.    

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 88 дугаар шийтгэх тогтоолын дагуу 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн ялтны хувийн хэргийг нээж, ялтанд зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журмыг танилцуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журамд нийцсэн байна.

 

Харин прокуророос ялтан Б.Бийн “Зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааг хорих ялаар солиулах” тухай дүгнэлтийг анхан шатны шүүхэд хүргүүлсэн байх ба прокурорын дүгнэлт болон шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь бодит байдалтай нийцээгүй төдийгүй шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдсонгүй.

           

Тухайлбал Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тодорхойлсны гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 156 дугаар зүйлд “Хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солих” тухай мөн хуулийн 168 дугаар зүйлд “Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны үүрэг”-ийг, мөн хуулийн 170 дугаар зүйлд “Зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх журмыг зөрчих, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих” тухай тодорхой, ойлгомжтой хуульчилжээ.

 

            Эдгээр дурдсан хуулийн агуулга болон ялтан Б.Бөд холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хувийн хэрэг, ялтны гаргасан зөрчлийн талаарх шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл болон хувийн хэрэг дэх бусад нотлох баримтаас үзэхэд  прокурорын “Зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааг хорих ялаар солиулах” тухай дүгнэлт /1хх 89/ болон “Зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааг хорих ялаар солих” тухай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан эсэргүүцэлд тус тус ялтан Б.Бийг “...зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд нийт 19 удаа цахим бугуйвчийн цэнэгийг багасгасан, цахим бугуйвчийг 3 удаа унтрааж, хяналтаас 24 цагаас илүүгүй хугацаагаар санаатай зайлсхийсэн, зөвшөөрөгдсөн бүсээс 1 удаа гарч удаа дараа давтан зөрчил гаргасан гэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд ялтан Б.Бийг “Зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх”  журмыг ноцтой зөрчсөн учир “Зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солиулах” тухай шийдвэр гүйцэтгэгчийн санал болон прокурорын дүгнэлтийн үндэслэл нь тус тус холбогдох нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсонгүй.

 

            Мөн Анхан шатны шүүхийн дүгнэлт буюу шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялтан Б.Бөд оногдуулсан  “Зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааг хорих ялаар солих” тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй байх ба шүүхийн шийдвэр “үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангахын тулд шүүхээс хэрэгт хамааралтай, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэх юм.

 

            Өөрөөр хэлбэл шүүхээс ялтан Б.Бийг “Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн” нь нотлогдсон гэж үзсэн үйлдэл, эс үйлдэхүйг гарсан газар, цаг, хугацаа, гэм буруугийн хэлбэр, шалтгаан, нөхцөлийн шинж бүрээр нь шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгтээ  нотлох баримтад үндэслэн, эргэлзээгүй тодорхойлж бичих учиртай.

 

            3. Ялтан Б.Бийг “Зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх” журмыг ноцтой зөрчсөн учир шүүхээс түүнд оногдуулсан “Зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солиулах” тухай шийдвэр гүйцэтгэгчийн санал болон прокурорын дүгнэлтэд заасан үндэслэлүүд нь хангалттай нотлогдож, тогтоогоогүй талаар холбогдох санал болон дүгнэлтэд дурдсан зөрчил тус бүрээр тодруулбал:

 

            3.1. Прокурорын дүгнэлт /1хх 89/ болон шийдвэр гүйцэтгэгчийн санал /1хх 87/-д ялтан Б.Бийг 2021-10-26-ны өдийн 12 цаг 40 минутаас 18 цаг 50 минутын хооронд шүүхээс тогтоосон бүсээс ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гарч Улаанбадрах сумын малчин айлд очихоор явсан” гэж тэмдэглэсэн өдөр, цаг хугацаа  нь мэдээллийн сангийн мэдээлэл/ялтан бүсээс гарсан 2021-10-16, 1:23:49 PM, ялтныг бүсэд буцаан оруулсан 2021-10-16, 6:43:13 PM/-ээс  зөрүүтэй байна. 

 

Хэдийгээр шийдвэр гүйцэтгэгчээс зөрчлийн талаарх тэмдэглэл /1хх 26/-дээ ялтны гаргасан зөрчлийн өдөр, цаг, минутыг мэдээллийн санд бүртгэгдсэн өдөр, цаг, хугацаатай ижил тэмдэглэсэн байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасны дагуу гарсан зөрчлийг биечлэн шалгаж, ялтныг ямар шалтгаан нөхцөлийн улмаас шүүхээс тогтоосон зорчихыг хязгаарласан газарт” зорчих болсныг шалгаж, тогтоогоогүй байх тул ялтан Б.Бийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар “шүүхээс тогтоосон зорчихыг хязгаарласан газарт зорчихгүй байх” үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нөхцөл байдлын үндэслэлийг хангалттай нотлогдоогүй гэж үзнэ. 

 

3.2. Санал, дүгнэлтэд дурдсан 2 дахь зөрчлийн тухайд “...ялтан Б.Б            2021-12-01-ний 17 цагт цахим бугуйвчийг унтрааж, хяналтаас гарч 2021-12-02-ны өдөр 01 цагт бугуйвчийг асааж, нийт 8 цаг цахим бугуйвчийг унтраасан, утсаар холбогдон эрх, үүргийг танилцуулж, цахим бугуйвчийг цэнэглүүлэн хяналтад авсан” гэжээ.

 

Энэхүү зөрчлийн талаар “Мэдээллийн сан” /1хх 85/-д ялтан Б.Б цахим бугуйвчийг унтраасан 2021-12-01 9:17:53 PM, ялтан Б.Б цахим бугуйвчийг асаасан 2021-12-02, 8:22:02 АM гэж тэмдэглэгдсэн нь шийдвэр гүйцэтгэгчийн санал, прокурорын дүгнэлтэд заасан огноотой тохирч байх боловч цаг, минутын хувьд зөрүүтэй, түүнчлэн шийдвэр гүйцэтгэгчээс энэхүү зөрчлийн талаар мөн л биечлэн шалгаж,шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй байх тул ялтныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.6-д зааснаар “...хяналтын төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх” үүргээ биелүүлээгүй үндэслэлийг хангалттай нотлоогүй учир санал, дүгнэлтийн холбогдох хэсэг үндэслэлгүй юм.  

 

3.3. Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1хх 31/-д “...Б.Б 2021-12-21-ний өдөр 12 цагт гавыг унтрааж, хяналтаас оргон зайлсан, 2052-д ялтан Б.Бийг Зүүнбаянгийн нутаг дэвсгэрээс олж, тогтоон гарсан зөрчилд нь сануулга өгч гавыг цэнэглүүлсэн” гэж тэмдэглэсэн хэдий ч энэ зөрчлийн талаар мэдээллийн сан /1хх 85/-д огт бүртгэгдээгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт Техникийн хяналтын ажилтан нь мэдээллийн санд ирсэн зөрчлийн дохиог ирсэн даруйд хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэж, хяналтын сангаас зөрчлийн талаархи мэдээллийг хүргүүлнэ” гэж хуульчилжээ.

 

Тиймээс шийдвэр гүйцэтгэгчийн “Цахим хяналт, удирдлагын төвөөс ирүүлсэн зөрчлийг шалгах ажиллагааг газар дээр нь шалгасан” гэх дээр дурдсан тэмдэглэл нь хууль зүйн үндэслэлгүй байх ба ялтан Б.Бийг “...2021-11-21-ний өдөр техникийн хэвийн ажиллагааг сарниулсан, техникийн болон биечилсэн хяналтаас 24 цагаас илүүгүй хугацаагаар санаатай зайлсхийсэн” зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.  

 

3.4. Шийдвэр гүйцэтгэгчийн санал /1хх 87/, прокурорын дүгнэлт /1хх 90/-д дурдсан “...ялтан Б.Бийг 2022-5-22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цахим бугуйвчийг 8 цаг унтрааж,хяналтаас удаа дараа гарсан” гэх зөрчлийн талаар  “Мэдээллийн сан” /1хх 83/-д 2022-5-22, 11:57:47 АM,   2022-5-22,  3:36:45 PM, ялтан Б.Бийн байршил харалж, гацсан байсны дагуу шалгахад цахим бугуйвчийг унтраасан, ойр дотны хүмүүс рүү нь холбогдож яаралтай цэнэглүүлэх арга хэмжээ авахыг анхааруулсан, ялтан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон гэж тэмдэглэгджээ.

 

Гэхдээ энэ талаар шийдвэр гүйцэтгэгчээс биечлэн шалгаж, шалтгаан нөхцөлийг тогтоосон гэж үзэх баримт ялтны хувийн хэрэгт байхгүй байна, мөн ялтнаас “...2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр би цагаа огт унтраагаагүй. Тэр өдөр би өөрөө ахтайгаа хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирж ахлах дэслэгч О гэдэг хүнтэй уулзаад “миний цаг сүлжээгүй болчихсон байна” гэж хэлээд цагаа солиулаад явсан. Цаг унтарсан, сүлжээгүй болсон үед би өөрөө байнга залгаж хэлдэг” гэсэн тайлбарыг өгсөн байх тул эдгээр үндэслэлээр ялтныг 2022-5-22-ны өдөр  техникийн хэвийн ажиллагааг сарниулсан, техникийн болон биечилсэн хяналтаас 24 цагаас илүүгүй хугацаагаар санаатай зайлсхийсэн” зөрчлийг гаргасан гэж үзэхгүй, зөрчлийн үндэслэлийг хангалттай нотлогдоогүй гэж үзнэ. 

 

3.5. Шийдвэр гүйцэтгэгчийн санал /1хх 87/, прокурорын дүгнэлт /1хх 90/-д дурдсан “...ялтан Д.Бийг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд нийт 19 удаа цахим бугуйвчийн цэнэгийг багасгасан, хяналтаас 24 цагаас илүүгүй хугацаагаар санаатайгаар зайлсхийсэн, удаа дараа давтан зөрчил гаргасан” гэсэн нь мөн л холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хувийн хэрэг дэх нотлох баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байх ба тухайлбал шийдвэр гүйцэтгэгчийн зарим тэмдэглэл нь мэдээллийн санд ирсэн мэдээлэл, зөрчилд үндэслээгүй, мэдээллийн санд зөрчил илэрсэн гэж тэмдэглэгдээгүй, тухайн орон нутаг цахилгаан хязгаарлалттай, цахилгаан тасарсан нөхцөл байдлаас болж цахим бугуйвчийн цэнэг багассан, гацсан, эсхүл цахилгаан бугуйвч /1хх 86/ 50180 хэвийн горимд байхад зөрчил илэрсэн гэх мэдээллийг зөрчилд тооцсон байх тул дээр дурдсан ялтныг дээр дурдсан зөрчлийг гаргасан гэсэн санал, дүгнэлт үндэслэлгүй юм.

 

4. Ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааг хорих ялаар солиулах  тухай шийдвэр гүйцэтгэгчийн санал нь хууль болон бодит байдалд нийцсэн, үнэн, зөв байх ёстой. 

 

Түүнчлэн прокуророос энэхүү саналын үндэслэлийг хянахдаа ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхээс зайлсхийсэн нь хангалттай нотлогдоогүй бол саналыг хүчингүй болгож,  санал гаргасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт буцаан хүргүүлж, шийдвэрлэх ёстой.

 

Иймд ялтан Б.Бийг “Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг зөрчсөн” гэж үзэх нөхцөл байдал хангалттай нотлогдож, тогтоогдоогүй байна гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгчийн санал, прокурорын дүгнэлт болон прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, мөн шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, ялтан Б.Бөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, суллан,  цагдан хоригдсон 37 хоногийг түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацаа/1 жил 6 сар 15 хоног/-нд оруулсан тооцож, зорчих эрхийг хязгаарлах ялыг нэн даруй эдлүүлж, эхлүүлэхийг Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

 

                Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ХМШЗ/08 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, ялтан Б.Бөд холбогдох зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай прокурорын дүгнэлтийг болон давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Бөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Бийн цагдан хоригдсон 37 хоногийг түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацаа /1 жил 6 сар 15 хоног/-нд оруулан тооцож, ялтан Б.Бийг суллан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэн даруй эдлүүлж эхлүүлэхийг Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                    Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                                                   Н.БОЛОРМАА