Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
Хэргийн индекс | 128/2023/0832/З |
Дугаар | 128/ШШ2024/0284 |
Огноо | 2024-03-29 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2024/0284
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров нар оролцов.
Хэргийн индекс:128/2023/0832/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай тушаалын "Б*******" ХХК-д холбогдох хэсэг болох тушаалын хавсралт "Богдхан уулын Дархан цаазат газрын ойн санд давхцалтай хэсгийг цуцлах нэгж талбарын жагсаалт"-ын 8 дугаарт бичигдсэн хэсгийг хүчингүй болгуулах гэжээ.
2. Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/346 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах гэжээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/357 дугаар Газар ашиглах эрх олгох тухай тушаалаар Б******* ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Жаргалантын аманд 29,813 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр газар ашиглах эрхийн 0201497 дугаартай гэрчилгээг олгосон байна.
3.2. Улмаар 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 2021/175 дугаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ байгуулжээ.
3.3. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 568 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр тушаалаар ойн сан бүхий газартай давхцалтай гэсэн үндэслэлээр Б******* ХХК-ийн 15,733 м.кв талбай бүхий газрын ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан.
3.5. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/346 дугаар тушаалаар 29814 м.кв газрын ашиглах эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон.
3.6. Маргаан бүхий актыг захиргааны байгууллагаас 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр утсаар мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч нь шүүхэд 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.
4. Нэхэмжлэгч Б******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
4.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/357 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Богд уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Жаргалантын аманд 29,813 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн.
4.2. Түүний дагуу газар ашиглах эрхтэй холбоотой үйл ажиллагааг явуулж байсан бөгөөд газрыг зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөрийг цаг хугацаанд нь толж байсан болно. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас манай компанид холбогдуулан, газар ашиглах эрхтэй холбоотойгоор аливаа зөрчил, шийтгэл ногдуулж байгаагүй бөгөөд газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах болсон тухай огт мэдэгдээгүй.
4.3. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01- ний өдрийн А/299 дүгээр тушаалаар манай компанийн ашиглаж буй талбайгаас Ойн сан бүхий газартай давхцалтай гэсэн үндэслэлээр 15,733 м.кв талбай бүхий газрын ашиглах эрхийг цуцалсан болохыг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр утсаар холбогдож мэдэгдсэн.
4.4. Төрийн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, сонсох ажиллагаа явуулах үүргээ хэрэгжүүлэхгүйгээр зөвхөн Ойн тухай хуулийг үндэслэн, газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах шийдвэр гаргасан нь сайдын тушаал үндэслэлгүйг илэрхийлнэ.
4.5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь хуульд заасан холбогдох ажиллагааг явуулаагүйгээс гадна 2023 оны А/299 дүгээр тушаалыг гаргахдаа Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтыг үндэслэсэн байх бөгөөд Ойн тухай хуулийн 29.1.10- т ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулахыг хориглохоор хуульчилжээ.
4.6. Манай компанийн хувьд Ойн тухай хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй бөгөөд ой болон ойн сангийн газарт аливаа барилга байгууламж, объект бариагүй болно. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль. Ойн тухай хуульд ойн сан бүхий газарт газар ашиглахыг хориглоогүй бөгөөд зөвхөн улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих. аливаа объект байрлуулахыг хориглосон байдаг. Манай компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/357 дугаар тушаал, холбогдох гэрээний дагуу ашиглаж буй газартаа хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулаагүй тул газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан шийдвэр нь хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын үндэслэлдээ:
5.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/357 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Богд уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Жаргалантын Аманд 29,813 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн.
5.2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр "Б*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үүссэн ба нэхэмжлэлийн шаардлага нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай" тушаалын "Б*******" ХХК-д холбогдох хэсэг болох тушаалын хавсралт "Богдхан уулын Дархан цаазат газрын ойн санд давхцалтай хэсгийг цуцлах нэгж талбарын жагсаалт"-ын 8 дугаарт бичигдсэн хэсгийг хүчингүй болгуулах буюу нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх болох газрын эрхийг сэргээх болно.
5.3. Гэтэл маргааны зүйл болох тухайн газарт холбогдуулан дахин хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/346 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 2-оос дээш жил газраа ашиглаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанийн 29814 м.кв газрын ашиглах эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон байсан. Энэхүү шинэ захиргааны актын хувьд ч мөн адил захиргааны байгууллагаас манай байгууллагад хандсан мэдэгдэх, сонсгох ажиллагаа огт хийгээгүй бөгөөд бид үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед буюу үндсэн 2023 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн А/299 дүгээр тушаалтай маргаж байх үед нотлох баримтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 12 сарын 05-ны өдрийн 01/1470 дугаар албан бичгийн хавсралтад 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/346 дугаар тушаалыг хавсаргасан байсан ба хэргийн материалтай танилцахдаа үедээ анх мэдсэн бөгөөд яаралтай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Бидний хувьд газрын төлбөрийг төлж, хашаа болон үл хөдлөх хөрөнгө тус газар дээр байршуулж, бусад шаардлагатай хөрөнгө оруулалтууд хийж ашиглаж ирсэн байтал захиргааны байгууллага огт дээрх нөхцөл байдлыг үнэлж тогтоохгүйгээр шийдвэр гаргасан.
5.4. Захиргааны байгууллага нь захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, сонсох ажиллагаа явуулах, эрх ашиг нь зөрчигдөж буй этгээдийн шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах үүргүүдийг хэрэгжүүлээгүй мөн газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хуулийн зорилго, хуулийн албан ёсны тайлбарт нийцүүлэхгүйгээр хууль хэрэглээний хувьд алдаатай хүчин төгөлдөр бус болох шийдвэр гаргасан.
5.5. Нэхэмжлэгч компанийн хувьд хариуцагчийн 14 хоногийн зайтай гаргасан дээрх 2 тушаалыг хамтад нь хүчингүй болгосноор газар ашиглах эрхээ сэргээх буюу зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь сэргэх боломжтой тул дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
6.1. Нийслэл дэх 3аxиprааны xэрrийн анxан шатны шүүxэд Б******* ХХК-иас Бaйranь орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Бaйгаль орчин, аялaл жуулчлалын сайдын 2023 оны 08 дyraap сарын 01-ний өдрийн Гaзap ашиглах эрxийг хэсэгчлэн цуцлах тyxaй" A/299 дүrээр тушаалын Б******* ХХК-д холбогдох xэсэг болox тушаалын хавсралт "Богдхан уулын дарxан цаазат газрын ойн санд давxцалтай xэсгийг цуцлах нэгж талбарын жагсаалт-ын 8 дугаарт бичигдсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг rаpгаж байна.
6.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтыг тус тус үндэслэн гаргасан.
6.3. Б******* ХХК-ийн газар ашиглах эрхтэй газрыг Богдхан уулын дарxан цаазат газрын ойн сангийн талбайд давхцалтай гэсэн хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт ирүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 568 дугаар саналыг үндэслэсэн.
6.4. Уг саналд Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно., мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10-д ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах; гэсэн заалтуудыг зөрчиж газар ашиглах эрх барих олгосон нь тогтоогдсон тул ойн сан бүхий хамгаалалтын бүсэд байрших иргэн, хуулийн этгээдийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцлах сонсох ажиллагааны мэдэгдлийг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хүргүүлсэн болно.
6.5. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалттай захиргаанаас нэхэмжлэгч компанид 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 545 дугаар албан бичгээр Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд тус тус зааснаар сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн нь дээрх албан бичгээр тогтоогдоно.
6.6. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн 622 дугаар Сонсох ажиллагааны хариу хүргүүлэх тухай албан бичиг ирүүлсэн.
6.7. Нэхэмжлэгч Б******* ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах тухай №2021/175 дугаартай гэрээнээс үзвэл маргаан бүхий газрыг Аялагч зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар үйл ажиллагаа эрхлэх зорилготой байх ба энэ нь Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь хэсэгт заасан хориглосон зохицуулалт нийцэхгүй.
6.8. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай тушаал хуул зүйн үндэслэлтэй байх тул Б******* ХХ-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М******* нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:
7.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Б*******" ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/346 дугаар тушаалыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
7.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/346 дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/357 дугаар тушаалаар "Б*******" ХХК-д олгогдсон 29814 м.кв газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
7.3. Маргаан бүхий тушаалыг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар саналыг үндэслэсэн. Тус саналд сонсох ажиллагааг явуулсан ба хариу тайлбарыг авсан талаар дурдсан байдаг.
7.4. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2. "хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх." гэж заасан.
7.5. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааны мэдэгдлийг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 625 дугаар албан бичгээр мэдэгдсэн ба мөн өөрсдийн албан ёсны цахим хуудас дээр байршуулсан байдаг.
7.6. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/346 дугаар "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул "Б*******" ХХК-аас Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б******* ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай тушаалын "Б*******" ХХК-д холбогдох хэсэг болох тушаалын хавсралт "Богдхан уулын Дархан цаазат газрын ойн санд давхцалтай хэсгийг цуцлах нэгж талбарын жагсаалт"-ын 8 дугаарт бичигдсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
1.1. Нэхэмжлэгч "Б*******" ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/357 дугаар Газар ашиглах эрх олгох тухай тушаалаар[1] Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын аманд байрших 29814 мкв газрыг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох орон байрны зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, 0201497 дугаартай газар ашиглах гэрчилгээ[2] олгож, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 2021/175 дугаар газар ашиглах тухай гэрээг[3] 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулсан байна.
1.2. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр тушаалаар[4] Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтыг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын ойн сангийн талбайд давхцалтай нэр бүхий 36 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 568 дугаар албан бичгээр ирүүлсэн санал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/151 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн VII хурлын шийдвэрийн дагуу цуцалсан байх бөгөөд хавсралтын 8 дугаарт нэхэмжлэгч компанийн ашиглах эрх бүхий 29813 мкв талбай газрын ойн санд давхацсан 15733 мкв талбайг хэсэгчлэн цуцалжээ.
1.3. Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хамгаалалтын бүсийн ойд цармын бүслүүрийн ой, тусгай хамгаалалттай газрын болон сургалт, судалгааны зориулалттай ой, ногоон бүс, хориотой зурвасын ой, заган ой, баянбүрдийн ой, 100 га хүртэлх хэмжээний төгөл ой, бут, сөөг, З0 хэмээс илүү налуу газрын ой хамаарна., 8 дугаар зүйлийн 8.6-д Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно., 29 дүгээр зүйлийн 29.1-д Ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс ойг хамгаалах зорилгоор дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: ...29.1.10 ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах; гэж тус тус заасан.
1.4. Нэхэмжлэгч компанид Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд ашиглуулахаар шийдвэрлэсэн газар нь ойн сан бүхий газартай хэсэгчлэн давхцалтай болох нь Богдхан уулын дархан цаазат газраас ирүүлсэн агаар, сансрын зураг[5], Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн газрын байршлын зураг[6], шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэг[7] зэргээр тогтоогдож байна.
1.5. Иймд хариуцагч нь анхнаасаа тусгай хамгаалалттай газрын барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах боломжгүй ойн сан бүхий газарт хэсэгчлэн давхцуулж нэхэмжлэгч компанид аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох орон байрны зориулалтаар газар ашиглуулахаар шийдвэрлэсэн нь Ойн тухай хуульд нийцэхгүй байх ба уг алдаагаа залруулж нэхэмжлэгчийн газар ашиглах эрхээс ойн сан бүхий газартай давхцсан 15733 мкв талбайг хэсэгчлэн хүчингүй болгож, 14080 мкв газрыг үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцэх бөгөөд нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.
1.6. Нэхэмжлэгчээс ...Төрийн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, сонсох ажиллагаа явуулах үүргээ хэрэгжүүлэхгүйгээр зөвхөн Ойн тухай хуулийг үндэслэн, газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах шийдвэр гаргасан нь сайдын тушаал үндэслэлгүй... гэж маргах боловч хэрэгт авагдсан Богдхан уулын дархан цаазат газрын 5 дугаар сарын 03-ны өдрийн 483 дугаар албан бичгээр[8] газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлуулахтай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтын дагуу хариу тайлбарыг 2023 оны 5 дугаар сарын 08-ны дотор ирүүлэхийг нэхэмжлэгч Б******* ХХК-д мэдэгдсэн. Уг албан бичгийг нэхэмжлэгч компанийн захиргааны байгууллагад бүртгэлтэй хаяг буюу газар ашиглах гэрээнд бүртгэгдсэн хаягаар хүргүүлсэн боловч хаягт байхгүй шалтгаанаар буцсан болох нь Монгол шуудангийн магадлагаагаар[9] тогтоогдож байна.
1.7. Иймд захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ: 27.2.1. хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах; гэж заасан мэдэгдлийг хүргүүлэх үүргээ биелүүлсэн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2. Нэхэмжлэгчийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/346 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр тушаалаар нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан бол үүнээс 14 хоногийн дараа 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/346 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэл болгон ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил дараалан ашиглаагүй тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуйн нэгжийн 29814 мкв газар ашиглах эрхийг бүхэлд нь хүчингүй болгожээ.
2.2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4-т Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно: 1/Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр; гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. гэж тус тус заасан.
2.3. Дээрх тушаалд үндэслэл болгосон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын[10] хавсралтын 53 дугаарт нэхэмжлэгч Б******* ХХК нь сонсох ажиллагаанд хариу тайлбар өгөөгүй тул газар ашиглах эрхийг цуцлах санал хүргүүлсэн гэжээ.
2.4. Тус газрын 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 678 дугаар Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт[11] Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 буюу нэхэмжлэгч компани нь газрын төлбөрийг 2023 онд төлөөгүй гэж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 3 жил дараалан ашиглаагүй, Ойн тухайн хуулийн 8.6, 29.1.10 гэж заасан үндэслэлүүдийг дурджээ.
2.5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн тухайд, хэрэгт авагдсан нэхэмжлэгч болон захиргааны байгууллагуудын хооронд байгуулагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ-ний Хоёрт газрын төлбөрийг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн эхний сарын 25-ны өрийн дотор Нийслэлийн Татварын газрын дансанд төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр газрын төлбөрт эхний улирлын 9,838,290 төгрөгийг төлсөн болох нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 4/256 тоот албан бичгээр[12] тогтоогдож байна.
2.6. Иймд хариуцагч нь нэхэмжлэгч компанийг газрын төлбөр төлсөн эсэх бодит нөхцөл байдлыг тодруулан шалгахгүйгээр маргаан бүхий актад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй юм.
2.7. Мөн хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.
2.9. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/357 дугаар тушаалаар нэхэмжлэгч компанид газар ашиглах эрх олгосон бөгөөд уг тушаалын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ-г 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан.
2.10. Энэхүү гэрээнд аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар үйл ажиллагаа эрхлэх зорилгоор газар ашиглуулах тухай гэрээг байгуулсан гэжээ.
2.11. Гэтэл дээрх гэрээг байгуулснаас хойш хуанлийн бүтэн 2 жил болоогүй байхад хариуцагч нь 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр газар ашиглах эрхийг хүчингүй болгох тушаал гаргасан нь Газрын тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.
2.12. Түүнчлэн нэхэмжлэгч нь маргаан бүхий ашиглах эрхийн газартаа үл хөдлөх хөрөнгө барьсан болох нь шүүхээс хийсэн үзлэг болон 162,9 мкв талбайтай аялал жуулчлал, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 001030429 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр[13] тус тус тогтоогдож байна.
2.13. Дээрх байдлаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл бүрдээгүй байхад хариуцагч нь газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ., 24.3-т Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ., 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. гэж заасныг зөрчсөн хууль бус захиргааны үйл ажиллагаа байна.
2.14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/346 дугаар тушаалыг Богдхан уулын дархан цаазат газрын, хамгаалалтын захиргаанаас хүргүүлсэн байдаг. Хүргүүлэхэд хаяглагдсан этгээд хаяг дээрээ байхгүй гээд 9 дүгээр сарын 25-ны өдөр буцаагдсан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 43.5-д зааснаар мэдэгдсэн. Үүнээс хойш нэхэмжлэл гаргах хугацаа тооцоход нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн... гэж маргасан.
2.15. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, маргаан бүхий А/346 дугаар тушаалыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1131 тоот[14] албан бичгээр нэхэмжлэгчийн хаягаар хүргүүлсэн нь 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Монгол шуудангийн магадлагаагаар[15] эзэнгүй шалтгаанаар буцсан байна.
2.16. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно. гэж зааснаас үзэхэд тухайн этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх ажиллагааг захиргаа хийсний дараа албан ёсоор мэдэгдсэнд тооцохоор хуульчилсан байна.
2.17. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн талаар нотлох баримт гарган маргаагүй тул дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
2.18. Маргаан бүхий А/346 дугаар тушаалыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01/1470[16] албан бичгээр тус шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж******* нь уг тушаалыг хүчингүй болгуулахаар 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн[17] маргасныг нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.
2.19. Иймд шүүхээс нэхэмжлэгчийн уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/346 дугаар тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.10, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б******* ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай тушаалын "Б*******" ХХК-д холбогдох хэсэг болох тушаалын хавсралт "Богдхан уулын Дархан цаазат газрын ойн санд давхцалтай хэсгийг цуцлах нэгж талбарын жагсаалт"-ын 8 дугаарт бичигдсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/346 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.