Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/32

 

 

                                                   Ц.Эд холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь, нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                

Прокурор: М.О,

Иргэний нэхэмжлэгч: Г.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнхзул нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЗ/400 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурор М.Оын эсэргүүцлээр яллагдагч Ц.Эд холбогдох 2219000550061 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч: Монгол Улсын иргэн, Ц-ийн Э, 1982 оны 12 дугаар сарын **-ны өдөр Дорноговь аймгийн *** суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт *** орших суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.  

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Ц.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн *** ус гэх газраас хохирогч Д.Бын эзэмшлийн 3 үхрийг завшиж 3,100,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Оаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх гэсэн үндэслэлээр буюу 1. ...ямар үндэслэлээр алдуул мал гэж үзэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй ...иргэний нэхэмжлэгчийн гомдолд дурдагдсан 2022 оны 01 сарын 05-ны өдөр алдсан гэх үхрийн талаар шалгаж байгаа эсэх талаар хэрэгт баримт байхгүй 2. ...прокурор яллах дүгнэлтийн хавсралтдаа эд мөрийн баримт болох хураагдсан 3 ш үхрийн толгой, 3 ш үхрийн арьс, 8 ш үхрийн, малын түүхий эд буюу дотор эрхтэн нь Сайншанд сумын Зүүнбаян баг дахь Цагдаагийн хэсгийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэсэн байх боловч тухайн эд зүйл байгаа эсэх нь тодорхойгүй гэх үндэслэлээр Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Эд холбогдох эрүүгийн 2219000550061 дугаартай хэргийг прокурорт буцааж,

 

хэргийг прокурорт очтол яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 3 ш үхрийн толгой, 3 ш үхрийн арьс, 8 ш үхрийн шийр, малын түүхий эд зүйл ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор М.О эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх яллагдагч Ц.Эд холбогдох хэргийг 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 400 дугаартай захирамж гаргасан. Энэ захирамжаар тодорхой төрлийн ажиллагаа хийлгэхээр, мөн хэргийн зүйлчлэлтэй холбоотой хууль зүйн дүгнэлт хийлгэх гэсэн агуулгаар хэргийг прокурорт буцаасан байсан.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд буюу хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Бын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Агийн мэдүүлэг, өмнө нь яллагдагчаас татагдаж байсан этгээд болох гэрч Бгийн мэдүүлэг, гэрч Энхтайван, Баянмөнх, Мэндбаяр, насанд хүрээгүй гэрч Ц, Н нарын мэдүүлэг болон Б, Э нарын мал тооллогын хуудаснууд зэргээр уг хэргийг өмнө нь прокуророос яллагдагчаар татсан зүйлчлэлийн хүрээнд гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Үүний үндсэн дээр Эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд хохирогч Бын хувьд тухайн үед малаа алдсан нөхцөл байдал байхгүй байна, гэрч нарын мэдүүлгээр Э нь хулгайлах гэмт хэргийн шинжтэйгээр тухайн үхрийг алсан нөхцөл байдал байна гэж дүгнэсэн. Хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримтаар 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн *** ус гэх газар бэлчээрлэж байсан Д.Бын 3 тооны үхрийг өөрийн малын им тэмдэгтэй ижил, төстэй байсны улмаас Б.Ц, Д нар тууж ирсний дараа яллагдагч Ц.Э нь 1 тооны үхрийг идэш хийхдээ мөн андуурч алуулсан болох нь тогтоогдсон тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагч Э, Б нарыг үхрийг алж төхөөрсөн болохыг нотолж бэхжүүлсэн тэмдэглэлд тэрхүү үхэр нь яллагдагч Э-ын үхэртэй ижил тэмдэгтэй талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар үгүйсгээгүй. Үүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс бэхжүүлж авсан буюу андуурагдаад байгаа Эын үхэрт үзлэг, нэгжлэг хийсэн. Энэ үзлэг нэгжлэгээр тухайн үед андуурагдахаар ижил тэмдэг, тэмдэглэгээ байсан уу гэвэл байсан. Үүнийг бол үгүйсгээгүй. Харин шүүх хуралдаан дээр мэдүүлсэн имний асуудал байгаа. 1 чихлээстэй, 2 чихлээстэй гэсэн асуудал яригдсан. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж байгаа учраас дээрх асуудал хэргийн үйл баримтад нөлөөлөх эсэх талаар дүгнэлт хийх нь тохиромжтой гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр шүүгчийн захирамжид заагдсан эд мөрийн баримтаар хураан авсан зүйлийг хэрхсэн нь тодорхойгүй гэж байгаа. Тухайн үед прокурорын зөвшөөрлөөр хурааж авсан зүйл нь хурааж авсан зүйл гэхээсээ илүүтэй яллагдагч Э-ын өөрсдийнх нь хийж байсан идэшний үхрийн түүхий эд байдаг. Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгчийн улаан бярууны арьсыг нь хурааж авсан. Эдгээр эд зүйл одоо бол Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүн баян багт байгаа. Энэ хэрэгт сүүлд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч зургийг нь бэхжүүлж авсан. Энэ хэрэг өвөл 01 дүгээр сард гарсан, түүний дараа 06 дугаар сард бэхжүүлж авсан гэхээр чанар байдлын хувьд муудчихсан байсан. Эдгээр эд зүйлсийг шүүх хүлээн авах боломжгүй учраас зургаар бэхжүүлэн яллах дүгнэлтийн хавсралтад дурдаж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шаардлагатай бол эдгээр эд зүйлсийг гэм буруугийн шүүх хуралдаанд авчраад шинжлэн судлаад хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иргэний нэхэмжлэгч Агийн гомдолд 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үхэр алдсан талаар дурдагддаг. Энд 4 үхрийн асуудал яригддаг. Бын хувьд тухайн эд зүйл алдагдсан хугацаанаас өмнө 1 тооны үхэр алдсан талаар мэдүүлдэг. Үхэр тууж ирэх үеэр тэнд байсан гэрч нарын мэдүүлгээр 3 тооны үхэр байсан нь нотлогдон тогтоогдсон. Тиймээс тэр тусдаа алдагдсан үхэр бол яллагдагч Эын үйлдэлтэй шалтгаант холбоотой гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй учраас тусад нь шалгуулахаар эрүүгийн 2219000550061 дугаартай хэргээс тусгаарлаж прокурорын газраас албан бичгээр цагдаагийн газарт хүргүүлсэн. Энэ албан бичиг нь хэрэг дотор байгаа. 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5/88 дугаартай албан бичгийг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн учраас мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцаах саналтай байна.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Г.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр манай үхэр алга болсон. Усных нь хүн манай аав руу залгаад “Б аа, үхрээс чинь Бгийнхээс хүн туугаад явчихлаа. Чи нэг үхэр малаа эргүүлнэ байгаа” гэж хэлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай 1 үхэр алга болчихсон байсан. Алга болсон ч гэж дээ ойр зуур харагдахгүй байхаар нь усандаа л байгаа байх гэж бодоод усныхаа хүмүүст захичихсан байсан. Ер нь бол 01 сарын 07-нд тэр үхэр усан дээрээ байхад нь Б гуай 2 тэмээтэй хүүхдээр туулгаад явуулсныг усны айл хүртэл хараад хэлэхэд нь манай аав хайсан. Тэгээд Б гуайн бууцыг ч хаана байдгийг мэдэхгүй байхдаа тэрүүгээр хайж яваад нохой хуцах чимээгээр очиж харахад манай 1 бярууг алаад тавьчихсан байсан. Орных нь үхрийг өгье гэж хэлсэн юм байна лээ. Тэгэхэд манай аав “Наадах чинь минийх биш, манай хүүхдийн үхэр, та нар эзэнтэй нь ярь” гээд байсан 2 үхрээ хашаанаас нь туугаад аваад явсан. Тэр хооронд би аавдаа “Миний өмнө нь алга болсон нэг үхэр олдохгүй байна. Би үүнийг хуулийн байгууллагаар нь шийдвэрлүүлмээр байна. Ингээд нэг хоёроор нь цувуулаад идчихсэн юм биш үү” гэж хэлээд 102 дугаарт дуудлага өгсөн. Тэгээд зөндөө олон цагдаа нар очсон.

...Би машинаараа гэрэл тусгаад харахад үхрийн толгой, нүүрнийх нь арьсыг хуулаад баасанд нь булчихсан байсан. Ерөөсөө л хулгайн шинжтэй харагдсан. Би “За яах вэ дээ, малчин хүмүүс андуурч эндүүрэх юм гарсан юм байлгүй” гэж бодсон боловч арьсыг нь хуулаад баасанд нь булаад, шийр толгойг нь арьсанд нь хуйлж бөөрөнхийлөөд том шир шиг болгоод хөлдөөчихсөн. Бүх үйлдлээ нуусан байсан. Би дараа нь “Би хүний мууг үзэх гээгүй байна аа, та нар миний үхрийг төлөөд барагдуулчих” гэж хэлсэн. Тэгэхэд нь эхнэр нь нялх биетэй байсан болохоор “Таны сүү татарчих вий, би бас эмэгтэй хүн, миний хохирлыг л барагдуулчих, надад өөр гомдол санал байхгүй” гэж хэлсэн. Манай аав надаас “Энэ хүн аавынх нь найз, нэг нутаг усны хүмүүс, миний охин хохирлоо барагдуулчихвал гомдолгүй гэж хэлээрэй” гэж гуйсан учраас би төдийгөөс өдий хүртэл ямар ч баримт утсанд дээрээ дарж авалгүй чимээгүй байж байсан. Би чимээгүй л яваад байгаа. Гэтэл манай прокурор надад “Үнэхээр ийм, ийм байна аа” гэж хэлэлгүйгээр Б гуайг хэрэгт огт хамааралгүй болгосон баримт дээрээ 2, 3 удаа намайг гарын үсэг зур гэж загнасан. Би уншмаар байна гэхэд өөрөө надад унших боломж өгөөгүй шүү. ...Дараа нь уншихад Б гуайг хэрэгт ямар ч холбогдолгүй болгоод, Эыг зөөлрүүлээд, манай малыг алдуул болгоод биччихсэн байсан.

...01 сарын 05-ны өдөр алга болсон 1 үхрийг би эднийхийг авсан гэж үзэж байгаа. Яагаад гэвэл тэдний бүх юм нь худлаа, ямар ч гэмшсэн шинжгүй, надаас уучлалт ч гуйгаагүй. Гэтэл улаан өнгөнүүд хоорондоо ялгаатай. Жишээлбэл тугны даавуу, одоо миний өмссөн байгаа цамцны даавуу өөр. Миний 4-тэй, 7-той хоёр хүүхэд эмээ дээрээ очоод 20 гаруй төл малыг нэрлээд мэдчихсэн байхад төдийгөөс өдий хүртэл мал малласан хүмүүс малаа танихгүй байна гэж байхгүй гэж би үзэж байгаа. Тэгэхээр миний нэг үхрийг авсан байгаа. Бярууны мөнгийг надад төлсөн. Тэрэн дээр би гомдолгүй. Харин миний 2 хоногийн өмнө алга болсон тэр үхрийг тэднийхийг авсан гэж үзэж байгаа. Тэднийх 2 хоног малаа маллаагүй. 01 сарын 07-нд тэр үхрийг туугаад явсныг нь усны хүн манай аавд хэлэнгүүт аав тэр оройдоо 7, 8 гэж хайж очоод 2 үхрээ буцаагаад туугаад явсан. Буцаж харих гэсээр байгаад шөнө 10 цагийн үед аав надад утсаар хэлсэн. Би шууд цагдаагийн байгууллагад мэдэгдээд бид нар шөнийн 02 цагийн үед Б гуайн гадаа бүгд гэрэл тусгаад бүх үйлдлүүдийг зураг хөрөгтэй нь дарсан. Зурагнууд дээр нь ч гэсэн он сар өдөр нь байдаг л байх гэж бодож байна. Миний хохирлыг барагдуулчихвал би гомдолгүй. Гэхдээ тэд миний нэг үхрийг төлөхгүй гэсэн үндсэн дээрээс алдуул мал болгочихсон байна лээ.” гэв.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ц.Эын холбогдсон эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн заримыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

1. Прокуророос яллагдагч Ц.Эыг 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн *** ус гэх газраас хохирогч Д.Бын эзэмшлийн 3 үхрийг завшиж, 3,100,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж,  яллах дүгнэлт /2хх 13/ үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг буюу мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол торгох, нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.

Дурдсан хууль зүйн ойлголт болон хавтас хэрэгт цугларсан, нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, тэдгээрийг харьцуулан судалж, яллагдагчийн холбогдсон хэргийн бүх ажиллагааг хянахад:

 

Яллагдагч Ц.Э нь хохирогчийн 4 тооны үхрээ алдсан талаар мэдээгүй, 3 тооны үхэр худаг дээр байсныг гэрч Ц.Б дурандаж харсан байх ба улмаар Ц.Эд “...үхэр чинь салчихсан байна, хүүхдүүдээ явуулж, туулгаад ижилд нь нийлүүл гэж хэлэхэд нь Ц.Э хүүхдүүддээ туугаад ир гэж хэлсний дагуу ах Энхтайван, насанд хүрээгүй О.Д, Б.Ц нар худаг дээрх үхрийг тууж, авчирсан, тэдгээр 3 үхрээс 1 бярууг нь төхөөрсөн үйл баримт нь хавтас хэрэг дэх нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байх ба холбогдох нотлох баримтын талаар прокуророос яллах дүгнэлт болон эсэргүүцэлдээ нэг бүрчлэн дурдаж тусгасан нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журамд нийцжээ.

 

 Мөн хохирогч Д.Б 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр дурандаж, үзэхэд 1 үхэр дутуу харагдахгүй байсан, тэгээд 1 дүгээр сарын 07-ны өдөр үхрээ Зүүнбаянгаас баруун урагш хайж үзэхэд нийт 4 тооны үхэр дутуу байсан, хайсаар Б гэх айлын гадаа ирэхэд түүний хүү, нэг залуу болон 3 эмэгтэйн хамт үхэр нядалсан, янзалж байсан, тухайн үед цагаан нүүртэй хүрэн бяруу нядалж, ширийг нь эвхээд тавьсан байсан байсан ба миний үхэрний нэг болохыг би таньсан, цаашлаад үхэр хашсан хашаан дээр очоод өөрийн алга болсон 2 үхрээ таниад хэлэхэд Б манай эхнэрийн үхэрнүүдтэй ээмэг ижил юм байна гэсэн, тэгээд энэ үхэр дунд улаан гунж нь алга байна гэхэд тэрийг мэдэхгүй ээ, энэ хоёртой байсан 1 бярууг нядалсан гэж хэлсэн, эхнэр нь манай үхэрнүүд зөв талын чихэндээ улаан өнгийн даавуун тэмдэгтэй, танай үхрийг улаан өнгийн даавуун тэмдэгтэй гэж мэдсэнгүй андуураад аваад ирсэн байна, орных нь үхрийг өгье гэхэд нь би авахгүй энэ чинь эзэнтэй гэж хэлээд 2 үхрээ туугаад явсан, бэр охинд хэлтэл цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан /1 хх 47, 48, 216/ гэж мэдүүлсэн байх ба прокуророос хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эдгээр баримтыг зааж,  “...Д.Бын 3 тооны үхрийг өөрийн малын им тэмдэгтэй ижил, төстэй байсны улмаас Б.Ц, О.Д нар тууж ирсний дараа яллагдагч Ц.Э нь 1 тооны үхрийг идэш хийхдээ андуурч, алуулсан болох нь тогтоогдсон” гэж яллах дүгнэлт үйлдсэн, эсэргүүцэлдээ мөн адил энэ талаар тэмдэглэсэн.     

 

Харин хавтас хэрэгт яллагдагч Ц.Э “...хүүхдүүдийн тууж ирсэн 3 тооны үхрийг бусдын буюу хохирогч Д.Бынх гэдгийг мэдсээр байж 1 тооны үхрийг нь төхөөрч, завшсан” гэмт үйлдлийн талаар нотолбол зохих байдлыг нотолж тогтоосон баримтгүй байна. 

 

Өөрөөр хэлбэл аливаа гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь зөвхөн нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байх ёстой бөгөөд хэрвээ гэм буруутай этгээд “...гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, хохирол учруулсан” бол түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх нь хэргийн бодит байдалд нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит үнэнийг тогтоохын тулд нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох нь чухал.

 

Гэтэл прокуророос яллагдагчийг “...Ц.Э 1 тооны үхрийг идэш хийхдээ андуурч, алуулсан болох нь нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон” гэж дүгнэсэн атлаа түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргээр зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, түүний хууль ёсны байх зарчимд мөн Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны зарчимд тус тус нийцэхгүй байна. 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх “... ямар үндэслэлээр алдуул мал гэж үзэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй ...” гэсэн нь үндэслэлтэй ба яллагдагч Ц.Эын үйлдэлд бусдын алдуул мал буюу эд хөрөнгийг завших сэдэлт, санаа зорилго гэм буруугийн хэлбэрийг хэрхэн тогтоосон, энэ нь гэмт хэргийн шинжийг хэрхэн яаж хангаж байгааг тогтоох шаардлагатай гэж үзнэ.

2. Анхан шатны шүүх шүүгчийн захирамжид “...хохирогч, яллагдагч нарын үхрүүд андуурагдахаар ижил тэмдэг чихлээстэй болохыг шалгаж фото зургаар баримтжуулаагүй ...” гэсэн ба энэхүү ажиллагааг нэмэлтээр хийж гүйцэтгэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдлыг тогтоох, гэмт хэргийн шинжийг үндэслэн хэргийг зөв зүйлчлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд ач холбогдолтой тул энэ талаарх прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна.

 3. Хэрэгт эд мөрийн баримт /1 хх 6, 7, 200, 201, 202/-аар тооцсон эд зүйлс нь 2022 оны 1 дүгээр сард төхөөрсөн үхрийн толгой, арьс, шийр, дотор эрхтэн байх ба мөрдөгчөөс  түргэн муудаж, гэмтэж болзошгүй эд зүйл гэж үзэж, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр эдгээр зүйлсийг эд мөрийн баримтад тооцох тухай баримт үйлдэн, Зүүнбаян дахь эд зүйл хадгалах байранд хадгалж байгаа болохыг гэрэл зургаар бэхжүүлэн хэрэгт хавсаргасан байх тул тухайн эд зүйлийг байгаа эсэх нь тодорхойгүй гэж үзэхгүй бөгөөд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

4. Хэдийгээр хэрэгт авагдсан хохирогч Д.Б “...2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр дурандаж үзэхэд 1 үхэр дутуу харагдахгүй байсан, тэгээд 1 дүгээр сарын 07-ны өдөр үхрээ Зүүнбаянгаас баруун урагш хайж үзэхэд нийт 4 тооны үхэр дутуу байсан учир бэр Г.А цагдаад мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Агаас “...аав хэлсний дагуу 2022 оны 1 сарын 02-07-ний өдрүүдэд 4 тооны үхрээ алдсан” гэж цагдаад мэдээлж, тэмдэглүүлсэн байх ба  “...мөн оны 1 дүгээр сард хулгайд алдсан /2хх 5/ гэх үхэр нь яллагдагчийн холбогдсон хэрэгт хамааралтай, Ц.Э л энэ үхрийг авсан” гэсэн мэдүүлгээр тэд 4 тооны үхэр алдагдсан талаар мэдүүлсэн байх боловч Ц.Э, Ц.Б нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1хх 135-137, 143-146/ болон яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоол /1хх232-234/ зэрэгт “... хохирогч Д.Бын 3 тооны үхрийг завшиж ...” гэж дурдаж энэхүү үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ. Мөн энэ талаар хэрэгт Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт Дорноговь аймгийн Прокурорын газраас 2022.07.07-ны 5/88 дугаартай  “... Г.Агийн эзэмшлийн 1 тооны үхэр 2022 оны 1 сард хулгайд алдагдсан байж болзошгүй тул шалгуулахаар холбогдох баримтыг хуулбарлан хүргүүлэв....” гэсэн агуулга бүхий албан бичиг /2хх 5/ хүргүүлжээ.

Гэтэл анхан шатны шүүх “...2022 оны 01 сарын 05-ны өдөр алдсан гэх үхрийн талаар шалгаж байгаа эсэх талаар хэрэгт баримт байхгүй байна....” гэсэн нь ойлгомжгүй ба энэ нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцээгүй гэж үзнэ.

Иймд эдгээр үндэслэлээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн “...эд мөрийн баримт”-тай холбогдох хэсгийг хүлээн авч, бусдыг хэрэгсэхгүй болгон, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЗ/400 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Оын эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2 дүгээр зүйлд зааснаар яллагдагч Ц.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                     Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                                                    Н.БОЛОРМАА