Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2024/0367

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Болорчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ха*******, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Д*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******, Л.Б*******, Е.Н******* нарыг оролцуулан Т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны хүсэлт буцаах тухай албан бичигт манай зүгээс гомдол гаргасан. Миний хувьд өнөөдрийг хүртэл энэ салбарт 30 гаруй жил ажилласан. Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгож, тусгай зөвшөөрлийг дүгнэж, сунгаж бидэнтэй хамтарч ажилладаг. Тус хороонд энэ салбарын чадварлаг боловсон хүчнүүд ажилладаг гэж боддог. Манай компани тусгай зөвшөөрлөө сунгуулж чадаагүй нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан миний зүгээс хариуцлагагүй хандсан асуудал байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        1. Нэхэмжлэгч нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02/140 тоот Хүсэлтийг буцаах тухай албан бичгээр мэдэгдсэн шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах,...;, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан.

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Д******* нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа шүүх хуралдаанд тайлбарлаж, мөн бичгээр хүсэлтээ илэрхийлсэн тул дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, шүүгчийн захирамжид гомдол эрхгүй талаарх үр дагаврыг тайлбарлан, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан болно.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо, тус хорооны даргад холбогдох Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02/140 тоот Хүсэлтийг буцаах тухай албан бичгээр мэдэгдсэн шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Хүсэлдэйд даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ө.БОЛОРЧИМЭГ