Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/03610

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 30

181/ШШ2024/03610

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ...............оотод оршин суух бүртгэлтэй, Ж.А  /Регистрийн дугаар: ./-ийн нэхэмжпэлтэй,

Хариуцагч: .тоотод оршин суух, Х.Ч  /Регистрийн.дугаар: ./-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:Гэрээний үүрэгт 5.109.300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Ан., нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Х. хариуцагч Х.Ч. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ан. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.А би 2017 оны 4 сард Жи тайм харилцагчийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Х.Ч гэдэг хүнд оффисын тавилгуудыг 5.109.300 төгрөгөөр үнэлж зарсан. Х.Ч надад удахгүй Казакстаны Жи тайм компаниас мөнгө ирнэ гэж хэлээд миний эд зүйлс, тавилгыг өөрийн оффис руу аваад явсан. Гэвч Х.Ч нь надад өгсөн оффисын хаягтаа байхгүй, над руу холбоо барихгүй, залгахаар утсаа авахгүй, мэссеж бичихэд хариу өгөхгүй болсон. Иймд Х.Ч оос хүлээлгэн өгсөн тавилганы үнэ болох 5.109.300 төгрөгийг одоо болтол төлөөгүй тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ВSВ тавилгын дэлгүүрээс

-Хүлээлгийн буйдан 1 ширхэг,1500м урттай, 2.550.000 төгрөг,

-Хар өнгийн түшлэгтэй сандал 4 ширхэг /1 ширхэг сандал 159.900 төгрөг/ 4 ширхэг сандал нийт 659.900 төгрөг,

-Босоо сандал 1 ширхэг, үнэ 539.900 төгрөг

-Ширээний хаалт 1 ширхэг 110.000 төгрөг

-Гонзгой хэлбэртэй оффис ширээ 1 ширхэг 609.900 төгрөг

-Гонзгой хэлбэртэй оффис ширээ 1 ширхэг, 659.900 төгрөг /хоёр ширхэг оффис ширээ хэлбэрийн хувьд адилхан мөртлөө хэмжээний хувьд өөр том ширээний доогуур жижиг ширээг оруулан эвхэж нэг ширээний зай багтаамж эзлэх ба шаардлагатай үед жижиг хэмжээтэй ширээг том хэмжээтэй ширээний доороос гарган угсарч урт ширээ болгон ашиглах зориулалтай хоёр тусдаа оффис ширээ/ дээрх оффисын иж бүрэн тавилгыг тус дэлгүүрээс худалдан авсан.

Хариуцагч Х.Ч 2017 оны 4 дүгээр сард миний өмчлөлийн оффисийн иж бүрэн тавилгуудыг худалдан авах санал тавьж удаахгүй мөнгийг нь өгнө гэсэн учир миний бие түүнд итгэж өөрийн өмчлөлийн тавилгууд болох: Хүлээлгийн буйдан 1 ширхэг, 1500м урттай, хар өнгийн түшлэгтэй 4 ширхэг сандал, босоо сандал 1 ширхэг, ширээний хаалт 1 ширхэг, гонзгой хэлбэртэй оффис ширээ 1 ширхэг, гонзгой хэлбэртэй оффис ширээ 1 ширхэг, нийт 10 ширхэг эд зүйлсийг хариуцагч Х.Ч т худалдсан.

Ингээд хариуцагч Х.Ч миний өмчлөлийн иж бүрэн оффис тавилгыг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байрлах оффисоос өөр оффист нүүх үедээ бүгдийг нь ачаад авч явсан. Хариуцагч хэлсэн хутацаандаа тавилгын мөнгийг өгөхгүй байсан учир нэхэмжлэгч Ж.А миний бие удаа дараа хариуцагч Х.Ч оос тавилгуудыг мөнгийг нэхэмжлэхэд янз бүрийн шалтаг хэлж сүүлдээ би аваагүй Жи тайм хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ТББ-д ашиглаж хэрэглэсэн гэх ойлгомжгүй зүйлийг ярьдаг байсан.

Миний бие өөрийн өмчлөлийн эд хогшлыг тус Төрийн бус байгууллагад худалдан борлуулаагүй учир нь хариуцагч Х.Ч худалдан авах саналыг өөрөө надад тавьж бид хэлцэл хийсний үндсэн дээр худалдсан учир хариуцагч Х.Ч өөрийн биеэр дээрх тавилгуудыг ачаад аваад явсан.

Иймд нэхэмжлэгч Ж.А миний бие Х.Ч т худалдсан дээрх 10 ширхэг эд хогшил буюу иж бүрэн оффис тавилгуудын өртөг болох 5.109.300 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Х.Ч намайг 2017 оны 3 дугаар сарын 13-нд МУСГЗ Цогтсугар нарын 200 гаруй нөхөд цугларч Казакстан улсын Жи Тайм компанийн үйл ажиллагааг хууль хяналтын байгуулагад буруутай гэж үзэж шийдвэрлэж байгаа учир олон нийтийн байгууллага байгуулах санал гаргаж Жи Тайм корпорацийн харилцагчдын эрх ашгийг хамгаалах холбоо нийгэмд үйлчилдэг ТББ байгуулж удирдах зөвлөлийн гишүүн 15 нөхдийн саналаар иргэн Х.Ч ыг тэргүүнээр сонгосон. Удирдах зөвлөлийн гишүүдийн санаачлагаар оффисс түрээслэхээр болоход Ж.А нь миний оффисыг ашиглая, бүх тавилга тоног төхөөрөмж нь бэлэн гэхэд УЗ-ийн гишүүд санал нэгтэйгээр дэмжин Ж.А гийн оффисс дээр төвлөрөн ажилласан.

Гэтэл сарын түрээс 2 сая төгрөг байсанд шинээр үүсэж байгаа ТББ-д хүндээр

тусч хямдхан байр Сансарт /сарын 500.000 төгрөг/ 3 өрөө шинэ байр түрээслэж УЗ-ийн гишүүн санхүү аж ахуйн асуудал хариуцахаар томилогдсон Бямбадорж овогтой

Жаргалсайхан гэдэг эмэгтэйд үүрэг өгөн /Анх: болон бусад гишүүдийн тавилга

тоног төхөөрөмжийг тоо ёсоор нь хүлээн авч хариуцан эвдэрч сүйдэх, бусдад шилжүүлэхгүй байхыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэсэн байдаг.

Тухайн нөхцөл байдал хүндрэн эрүүгийн хэргийн шинж чанартай болоод ирэх үед холбооны гишүүд болон удирдах зөвлөлийн нөхдүүд өөрийн санаачлагатай ажилаа хийхээ больж санхүүжилт доголдож түрээсийн төлбөрөө төлөх чадваргүй болсон. Ингээд Ж.А болон бусад нөхдүүдэд оффиссд нийлүүлсэн тавилга тоног төхөөрөмжөө ав гэсэн саналыг удаа дараа тавьсаны үндсэн дээр УЗ-ийн гишүүн Ж.А нь өөрийн дүүг явуулж холбооны ажилтан н.Жаргалсайхан, н.Алтанцэцэг, н.ч нарыг байхад 4 хүний суудалтай оффисын диван, 1 хүний суудалтай 2 кресло, сэтгүүлийн жижиг ширээ 6 ширхэг түшлэгтэй хар сандал, иж бүрэн комьютер зэргийг авч яваад 1,2 метр, 1,4 метр хэмжээтэй 2 ширхэг ширээ 1 хар сандал , 2 тут тугны суурийг тавих газар байхгүй гээд түр үлдээгээд явсан байдаг. Энэ хугацаанд УЗ-ийн гишүүн Ж.А нь холбооны нэрийг ашиглан олон арван хүнээс янз бүрийн шалтгаан хэлж их хэмжээний мөнгөн хохирол учруулсан байсныг УЗ-ийн гишүүд бид Анхтуяатай маш удаан хугацаатай холбогдож дээрхи хүмүүсийн хохирлыг барагдуулан үлдсэн тавилгаа авах тохиролцоонд хүрсэн байдаг.

Ж.А гийн нэмэмжилж байгаа тавилгын үлдэгдэл нь түрээсэлж байсан үлдсэн бөгөөд түрээсийн төлбөрөө төлөөд 2 ширээ, 1 сандалаа авах боломжтой гэдгийг байрны эзэн хэлж байсан. Уг тавилгыг хүлээлгэж өгсөн хүн н.Жаргалсайхантай тооцоо хийх нь зүйтэй болов уу.

Ж.А Жи тайм компанитай харьцаж байхдаа гэр бүлийн хамтаар их хэмжээний ашиг олж үнэтэй оффисс түрээслэн шатсан тухайгаа бидэнд ойлгуулж өөрийн тавилгаа холбоондоо өгөх сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан бөгөөд худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй болно. Хамгийн сүүлд оффис дээр холбооны гишүүн н.Мянганбуу, н.ч нарыг байхад байр түрээслэгч орж ирээд оффисд байсан бүх зүйлийг тэр чигээр нь хүлээн авч түрээсийн төлбөрөө төлөөд дээрхи зүйлээ авахыг шаардаж н.Мянганбуу , н.ч нараас үүдний болон өрөөнүүдийн түлхүүрийг хүлээн авч биднийг гаргасан.

Би түүнээс өөрийнхөө зүгээс тавилга худалдаж авсан удаагүй тул Ж.А гийн нэхэмжилж байгаа тавилга иргэн Х.Ч т хамааралгүй болохыг мэдэгдэе гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/02683 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт, орлогын ордерын тасалбар, зарлагын падан, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, Иргэний үнэмлэхний лавлагаа, гар утасны мэссэж зэргийг ирүүлжээ. /хх 3-9, 56, 57, 177-180/

4.Хариуцагчаас баримтаар: Жи :м корпорацийн харилцагчдын эрх ашгийг хамгаалах холбоо НҮТББ-ийн дүрэм, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ж.Ц: тодорхойлолт зэргийг ирүүлжээ. /хх 39-43, 90, 119-121, 177/

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Х.Ч т холбогдуулан анх тавилгын үнэ 5.109.300 төгрөг, эрэн сурвалжилсан зардал 70.200 төгрөг, нийт 5.179.500 төгрөг гаргуулахаар шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 5.109.300 төгрөг болгон багасгаж, гарсан зардал шаардсан хэсгээсээ татгалзсан тул шүүх энэ хүрээгээр шийдвэрлэнэ.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: өөрийн оффист байсан 10 ширхэг оффисын зориулалттай тавилгыг иргэн Х.Ч т худалдсан ч үнийг төлөөгүй тул гаргуулна, Төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд тавилгыг хэрэглэж байсан ч хэлцлийг Х.Ч той хийсэн тул гаргуулна гэв.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд зориулж Ж.А тавилгаа ашиглуулж байсан, зарим хэсгээ буцааж авсан, үлдэх хэсгийг түрээслэж байсан байранд үлдээсэн, өөрийн зүгээс Ж.А гаас тавилга худалдаж авсан удаагүй гэв.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу барааг бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

4.Зохигчдын хооронд тавилга худалдан авахаар хүсэл зоригоо илэрхийлж хэлцэл хийгдсэн эсэх, мөн үнийг төлөх үүрэг хүлээх эсэхэд маргаж байна.

4.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж, мөн зүйлийн 42.4.-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж, 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар хамаарна гэж заасан.

Зохигчид хэн алин нь өөрийн тайлбар, татгалзлаа дэмжих бичгийн баримт ирүүлээгүй, түүнчлэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хэн алин нь шүүхэд аливаа хүсэлт гаргаагүй тул шүүх зохигчдын тайлбарыг үндэслэж маргааныг эцэслэн шийдвэрлэнэ.

4.2.Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл эс үйлдэхүйг хэлцэл гэж, хуульд заагаагүй бол хэлцлийг амаар байгуулж болно гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлд гэрээ байгуулагдсанд тооцох журмыг зохицуулсан.

Зохигчдын тайлбараас үзвэл: Жи тайм корпорацийн харилцагчдын эрх ашгийг хамгалаах холбоо НҮТББ үүсгэн байгуулагдсаны дараа 2017 оны 4 дүгээр сард нэхэмжлэгч Ж.А гийн оффист үйл ажиллагаагаа явуулсан, ийнхүү үйл ажиллагаа явуулах үед түүний өмчлөлийн иж бүрэн оффис тавилгыг ашигласан, улмаар хэсэг хугацааны дараа Ж.А гийн оффисоос НҮТББ нүүхдээ тавилгыг авч явсан үйл баримт тогтоогдож байна. Үүнд зохигчид маргахгүй байна.

Жи тайм корпорацийн харилцагчдын эрх ашгийг хамгалаах холбоо НҮТББ-ийн гүйцэтгэх захирлаар Х.Ч ажиллаж байсан, харин Ж.А тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн байсан гэдэгт мөн зохигчид маргаагүй.

Ж.А гийн оффисст байсан тавилгыг өөр байранд нүүж орохдоо авч явсан, улмаар нүүж очсон газартаа үргэлжүүлэн үйл ажиллагаа явуулахдаа тавилгыг ашиглаж байсан үйл баримтаас үзвэл Жи тайм корпорацийн харилцагчдын эрх ашгийг хамгалаах холбоо НҮТББ болон Ж.А нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл тавилгыг авч явснаар тухайн хөрөнгийн хувь заяаг шийдвэрлэх эрхийг эдэлсэн байх тул хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлж авсан байжээ гэж дүгнэв.

Харин тухайн харилцаанд Х.Ч иргэний хувиар бус хуулийн этгээдийг төлөөлж оролцсон гэж үзнэ.

4.3.Нэхэмжлэгчийн зүгээс хэлцлийг Х.Ч той хийсэн, иргэний хувиар өөртөө хөрөнгийг худалдан авч явсан гэж тайлбарласан. Гэвч дээрх тайлбарыг дэмжих баримт авагдаагүй тул шүүх Ж.А , Х.Ч нарын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй. Энэ нь тавилгыг төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулахдаа ашиглаж байснаар илэрхийлэгдэнэ.

Үүнээс гадна Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, мөн зүйлийн 211.2-т үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уг үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасан. Хэрэв Х.Ч той хэлцлийг байгуулсан гэвэл түүнд хөрөнгийг хүлээлгэн өгсөн байдал мөн баримтаар тогтоогдоогүй болно.

4.4.Ж:корпорацийн хариуцагчдын эрх ашгийг хамгаалах холбоо НҮТББ-ийг 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлээс хасагдсан болох нь бүртгэх байгууллагын цахим сайт дах http://opendata.burtgel.gov.mn/lescanceled нээлттэй мэдээллээр тогтоогдсон.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д Улсын бүртгэлийн байгууллага холбогдох хууль тогтоомжоор хориглосноос бусад мэдээллийг өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ гэж, мөн зүйлийн 8.7-д цахим хуудсанд байршуулсан мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын албан ёсны мэдээлэл гэж үзнэ гэж, түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д цахим мэдээллийн сан дахь мэдээлэл цаасан эх хувьтай адил байна. гэж тус тус заасан тул шүүх бүртгэх байгууллагын албан ёсны цахим хуудсаар нийтэд нээлттэй мэдээлсэн хуулийн этгээдийн бүртгэлийг үнэлж маргааныг шийдвэрлэнэ.

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, улсын бүртгэлээс хасагдснаар дуусгавар болно гэж, мөн 240 дүгээр зүйлийн 240.1.4-т хуулийн этгээд эрх залгамжлалгүйгээр татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсан тохиолдолд үүрэг дуусгавар болохоор зохицуулсан. Иймд нэхэмжлэгчтэй хэлцлийг хийсэн хуулийн этгээд татан буугдснаар тус худалдах худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болжээ.

Дээрхийг нэгтгээд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Х.Ч оос 5.109.300 төгрөг гаргуулах тухай Ж.А гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97.822 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ