| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/03398/И |
| Дугаар | 181/ШШ2024/03643 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 181/ШШ2024/03643
| 2024 10 01 | 181/ШШ2024/03643 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ............тоотод оршин суух, Ц.М /Регистрийн дугаар: Ч./-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмэлжлэгч Ц.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ан_ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ц.М миний бие 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 23-ныг хүртэл Улаанбаатар хотын барилга засварын нэгдсэн трестэд барилгын засалчнаар ажилласан. 1992 оны 5 дугаар сарын 22-ны тушаалаар барилга засварын Хүдэр хоршоо болгож нэрийг нь өөрчилсөн болно. Архиваас шүүлгэхэд 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тушаал гарсан ба 1992 оноос 1994 оны 12 дугаар сарын 22-ныг хүртэл ажилласан тушаал огт гарч ирэхгүй байна. 1992-1994 оны хугацаанд хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт нь байгаа боловч энд тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна. Иймд миний 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл барилга засварын Хүдэр хоршоонд барилгын засалчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс баримтаар: Д.От.н тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтэрийн хуулбараас, Я.Нанзаддоржийн тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтэрийн хуулбараас, өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 118 тоот лавлагаа, 120957 тоот хөдөлмөрийн дэвтэр, БНМАУ-ын нийтийн аж ахуй үйлчилгээний яамны харьяа Улаанбаатар хотын Барилга засварын нэгдсэн трестийн даргын 1985 оны 221 тоот, 1986 оны 278 тоот, 1987 оны 50 тоот, 1988 оны 61 тоот, 1989 оны 16 тоот, 1990 оны 182 тоот, 1991 оны 234 тоот тушаалууд, 1985-1989 оны хооронд олгосон баярын бичгүүд, гэрэл зураг, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх зэргийг ирүүлжээ. /хх 2-35/
Шүүхийн журмаар: тус шүүхийн 181/ШЗ2024/14055 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн Архивын газраас ирүүлсэн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 02/801 тоот хариу, Хил хамгаалах Ерөнхий газраас ирүүлсэн 2в/4578 тоот хариу, Үндэсний төв архиваас ирүүлсэн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 02/720 тоот хариу, түүний хавсралт, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1614 тоот хариу, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 4/9555 тоот хариу, түүний хавсралтууд, гэрч Д.Отгонжаргал, Я.Нанзаддорж нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлжээ. /хх 27-36/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ц.М нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл барилга засварын Хүдэр хоршоонд ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн.
2.Хэрэгт дараах баримтууд авагдсан. Үүнд:
2.1.1967 онд төрсөн, засалчин мэргэжилтэй, Ц.М д анх 1985 оны 6 дугаар сарын 30-ны өдөр НААҮ-ний Техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас нээсэн 120957 тоот хөдөлмөрийн дэвтэр авагдсан. Энэ дэвтэрт БЗНТрестийн даргын 1985 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 221 тоот тушаалаар ТМС төгсч хуваарилагдаж ирсэн тул засалчнаар авч ажиллуулав гэж, 1993 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 14 тоот тушаалаар УБ хотын өмч хувьчлалын комиссын 1992 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 47-р тогтоолын дагуу Засалчны ажлаас 1992 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс чөлөөлж, Хүдэр хоршооны мэдэлд шилжүүлэв гэж, ББҮҮ Хүдэр хоршооны даргын 1993 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 тоот тушаалаар мөн өдрөөс Хүдэр хоршоонд барилгын засалчнаар авч ажиллуулав гэж, Хүдэр ББХХоршооны даргын 1994 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 06 тоот тушаалаар мөн өдрөөс засалчны үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөв гэж тэмдэглэжээ. /хх 10/
2.2.Үндэсний төв архиваас Барилга засварын нэгдсэн трест, Хүдэр ББХК хоршооны /оны/ баримт шилжиж ирээгүй тул лавлагаа гаргах боломжгүй талаар тодорхойлжээ. Үндэсний төв архиваас ирүүлсэн баримтаар Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 47 тоот тогтоолоор Хотын барилга засварын нэгдсэн трестийг хувьчлахаар шийдвэрлэжээ. /хх 47-48/
2.3.Нийслэлийн архиваас Барилга засварын нэгдсэн трестийн 1992 оны болон Хүдэр ББХК хоршооны баримт хадгалагдаггүй талаар тодорхойлжээ. /хх45/
2.4.Улсын бүртгэлийн ерөнхий газрын архиваас ирүүлсэн баримтаар нэхэмжлэгч 1993 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гэрлэсний бүртгэлд бүртгүүлэхдээ БЗН трест, засал чимэглэгч, ажилчин гэж, 1993 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрснийг бүртгэх анкетад хүүхдийн эх Цэгмидийн Мөнхтуяа, Барилга засварын трестэд засалчин гэж өөрийн ажил хөдөлмөрийн талаар тэмдэглүүлж байжээ. /хх50-53/
2.5.Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын лавлагаагаар: тэрээр маргаанд хамаарах энэ хугацаанд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль, Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хууль-ийн дагуу нөхөн даатгалд хамрагдаагүй болохыг тодорхойлсон байна. /хх49/
Мөн Хү_ ББХК нь 1993 онд шимтгэл төлөлтийн тайлан /НД-16/-гаар тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлсөн болохыг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 118 тоот албан бичгээр тодорхойлсон. /хх9/
2.6.Баримтаар ирүүлсэн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний 611138 тоот Бат илэрхийлэх-д 1985-1991 оны 12 дугаар сар дуусталх хугацаанд гишүүний татварыг сар бүр цалин хөлснөөс төлсөн талаар тэмдэглэж, гарын үсэг тэмдэгээр баталгаажуулсан, харин маргаанд хамаарах 1992 оноос хойшхи хугацаанд огт тэмдэглээ байхгүй байна.
2.7.Хэрэгт БНМАУ-ын нийтийн аж ахуй үйлчилгээний яамны харьяа Улаанбаатар хотын Барилга засварын нэгдсэн трестийн даргын 1985-1991 оны хоорондох тушаалууд авагдсан. Үүнээс хамгийн сүүлийн Улаанбаатар хотын Барилгын удирдах газрын харьяа Барилга засварын нэгдсэн трестийн даргын 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Гадаадад явуулж ажиллуулах тухай 234 тоот тушаалд ЗХУ-ын комсомольск хотын байшин үйлдвэрлэх комбинаттай байгуулсан гэрээний дагуу...хавсралт 1,2,3-т нэр заагдсан 55 ажилчдыг ЗХУ-ын комсомольск хотын байшин үйлдвэрлэх комбинатад 11 сарын хугацаатай явуулж ажиллуулсугай гэж, уг тушаалын нэгдүгээр хавсралтын жагсаалтын 19-д Цэгмидийн Мөнхтуяа, засалчин гэж тусгагдсан байна. /хх 21-22/
Гэрч Д.О., Ч.Нан. нараас нэхэмжлэгчтэй 1991-1993 оны хооронд хамт ажилласан гэж мэдүүлсэн. Хэрэгт авагдсан гэрч Д.Отгонжаргалын 351148 тоот Хөдөлмөрийн дэвтэрт тэрээр 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл ажилласан, гэрч Я.Нанзаддоржийн 344938 тоот Хөдөлмөрийн дэвтэрт 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажиллаж, өмч хувьчлалаар Хүдэр хоршоонд бус Саруул хоршоонд шилжин ажилласан болох нь тогтоогдож байна.
Иймд шүүх гадаад улсад албан ажлын шугамаар ажиллахаар явсан байдал, гэрчүүдийн мэдүүлэг, гэрлэсний болон хүүхэд төрүүлсний бүртгэлд бүртгүүлсэн байдал зэргийг харьцуулан үзэж нэхэмжлэгчийг 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Харин 1994 онд ажиллаж байсныг дэмжих ямар ч баримт олдоогүй тул тогтоох боломжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржгон овогт Ц.М г 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Барилгын удирдах газрын харьяа Барилга засварын нэгдсэн трестэд засалчингаар, 1992 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Хүдэр хоршоонд засалчингаар тус тус ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байснаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ