| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 2220000770093 |
| Дугаар | 2022/ДШМ/33 |
| Огноо | 2022-09-22 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.С |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2022/ДШМ/33
У.Ат холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: Б.С /зайнаас цахимаар/,
Яллагдагч: У.А /зайнаас цахимаар/,
Яллагдагчийн өмгөөлөгч: Ж.Ч /зайнаас цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнхзул нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЗ/193 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурор Б.С-ийн эсэргүүцлээр яллагдагч У.Ат холбогдох 2220000770093 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч: Монгол Улсын иргэн, У-ын А, 1996 оны 03 дугаар сарын **-ний өдөр төрсөн, 26 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах машинч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялаас чөлөөлсөн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон.
Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч У.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Номун-1 дэлгүүрийн гаднах талбайд цагдаагийн алба хаагч дэд ахлагч Ц.Ч, Б.Б нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.С-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх гэсэн үндэслэлээр буюу 1. ...У.А нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шинжээч эмч П.Г-д өөрийн биед байх зовиуруудыг нэрлэн хэлсэн байхад тэрхүү зовиур ямар тохиолдолд үүсэх, шаардлагатай гэж үзвэл цээжний зураг авхуулах, шинжилгээнд хамруулах байтал зөвхөн ил харагдах зулгаралтанд дүгнэлт гаргасан нь учир дутагдалтай, шинжлүүлэгчийн биед үүссэн зовиурыг хэрхэн үнэлсэн, энэ талаар дүгнэлт гаргах эсэх нь тодорхойгүй байна. Иймд шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш гэж үзэх үндэслэлтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, мөрдөгч нь нэмэлт шинжилгээ хийлгэх нь зүйтэй. 2. ...У.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн тухайн цаг үед тэрээр биедээ хөнгөн гэмтэл авсан байхад түүнийг энэ хэрэгт хохирогчоор тогтоогоогүй, эрүүл мэндэд нь ямар хүчин зүйлийн улмаас хохирол учирсныг шалган тогтоогоогүй. 3. ...У.Ааас яллагдагчаар мэдүүлэг авахдаа зөвхөн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцуулж, сонсгож байгаа зүйл, хэсгийг зөвшөөрч байгаа эсэх, хохирлыг төлж барагдуулах байдлыг асууснаас өөрөөр тухайн үед болсон асуудлыг тодруулан мэдүүлэг аваагүй гэсэн үндэслэлээр яллагдагч У.Ат холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж,
хэргийг прокурорт очтол яллагдагч У.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагдаагийн албан хаагчийн мөрдөс 1 ширхэг, шар өнгийн гэрэл ойлгогч хантааз 1 ширхэг зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлж,
Шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.С эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...1. Шүүгчийн захирамжид дурдсан асуудал нь Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс иргэн У.Ааас гаргасан бүртгэлийн 183 дугаартай Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Номун-1 дэлгүүрийн гадна талбайд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 21 цагийн орчимд цагдаагийн алба хаагч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн талаарх гомдлыг шалгасан асуудалд хамааралтай болно. Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Б нь дээрх гомдлыг шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гарган, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр прокурорын хяналтад ирүүлснийг прокурор хүлээн авч хянаад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал”-ын эсрэг гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж хууль зүйн дүгнэлт хийж, прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолыг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гаргасан. Уг тогтоолд холбогдох баримтуудыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд нэмэлт баримтаар гаргаж өгсөн. ... У.Ат уг шийдвэрийг танилцуулахаар мэдэгдсэн боловч өдийг хүртэл яллагдагч, түүний өмгөөлөгч ирж танилцаагүй ба Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “...гомдол, мэдээлэл гаргагч эс зөвшөөрвөл шийдвэр хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гаргаж болно.” гэсний дагуу гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа болно.
2. Түүнчлэн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүсэлтээ гаргаж шүүхийн шатанд шинжилгээ хийлгэх боломжтой байсан. Анх бол зөвхөн Ат холбогдох цагдаагийн алба хаагчид хүч хэрэглэж эсэргүүцсэн үйлдлийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Аын биед гэмтэл учирсан гэдэг нь тусдаа гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллээр шалгагдсан. Цагдаагийн алба хаагчдын буруутай үйлдлээс Аын биед гэмтэл учирсан эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай учраас Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгах нь зүйн хэрэг.
3. Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж нотолсон, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарлаагүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой тул шүүгчийн 2022/ШЗ/193 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Ж.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Миний үйлчлүүлэгч А мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчгүй байсан байдаг. Шүүх дээр ирээд өмгөөлөгч аваад хэргийн материалтай танилцсан. Өөрт нь нэг бүрчлэн хэргийн материалыг уншиж сонсгосон. Гэтэл А “Миний өгсөн мэдүүлэг дутуу байна. Яг ингээд өгөхөөр нь би дутуу байна гэж хэлтэл мөрдөгч тэгвэл засчихъя гэж хэлсэн. Тэгсэн мөртлөө зөвхөн би өөрийн буруутай үйлдлээс болж энэ хөнгөн хохирлыг авсан юм гэсэн байдлаар бичсэн байна. Дээрээс нь цагдаагийн алба хаагч нар ямар, ямар үйлдэл хийсний улмаас би яаж эсэргүүцсэн талаараа нарийн ярьсан. Гэтэл миний мэдүүлэг дутуу байна.” гэсэн тайлбар өгсөн.
Ингээд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийг прокурорт буцааж өгөөч гэсэн хүсэлт гаргасны дагуу шүүх хэргийг прокурорт буцаасан. Шүүхээс гаргасан захирамжид гэмтлийн зэргийг дутуу гаргасан, биед учирсан гэмтлүүд дээр нэг бүрчлэн харьцуулан дүгнэлт гаргаагүй байна гээд буцааж байгаа нь зүйтэй гэж үзэж байна. Энэ гэмтэл нь тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг байж магадгүй, үүнийг тусад нь шалгах нь зүйтэй гэж прокурор хэлж байна. Тэгсэн хэрнээ яагаад энэ материалыг мөрдөн шалгах ажиллагааны явцад, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ өгөөгүй юм бэ? Одоо болтол бид нар танилцаагүй байгаа. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт цахимаар оролцсон. Урьдчилсан хэлэлцүүлэг болоход прокуророос тэр баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Тэгэхээр Аын эрх зөрчигдчихөөд байхад одоо болтол тэр хөнгөн гэмтлийг хэн учруулсныг тогтоолгүйгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж хаасан тогтоолоо яагаад энэ хүнд танилцуулахгүй байгаа юм бэ гэдэг нь ойлгомжгүй байдаг.
Ер нь бол ашиг сонирхлын зөрчилтэй цагдаагийн албан хаагч нар өөрсдөд ашигтай байдлаар Аын мэдүүлгийг бичсэн байгаа нь хуульд нийцэхгүй байна. Өөрийнх нь мэдүүлэг буруу байна гээд байхад засаж залруулалгүйгээр шууд гарын үсэг зуруулсан байдаг. Энэ гэмт хэрэг хэрхэн яаж үйлдэгдсэн талаар Ааас асуусан байдаг. Тэгэхэд Номун дэлгүүрийн худалдагч гэх 2 хүн харж байсан гэдэг. Гэтэл тэр 2 хүнийг гэрчээр асуугаагүй байдаг. Цагдаагийн алба хаагч нар ирээд шууд цохиж аваад гавлах гэж дайрснаас ийм асуудал болсон гэж тэр 2 хүн ярьдаг. Үнэхээр хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй юм уу эсвэл цагдаа нарын буруутай үйлдлээс болж хохирол учирсан юм уу гэдгийг нарийн тогтоогоогүй.
Тийм учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг прокурорт буцааж өгнө үү. Манай үйлчлүүлэгчид учирсан гэмтэл одоогоор хөнгөн гэж байгаа боловч нарийн тогтоогоогүй байгаа. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд яаралтай Улаанбаатар хот руу явж MRI хийлгэ гэсэн байгаа. Энэ хүн өчнөөн олон хоног цусаар бөөлжсөн. Юунаас болж бөөлжөөд байгааг нарийн тодруулаагүй байгаа. Сая аймгийн эмнэлэгт үзүүлэхэд Улаанбаатар явж MRI хийлгэ гэсэн.” гэв.
Яллагдагч У.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний мэдүүлэг дээр байгаа. Би бүх юмаа хэлсэн. Тэгээд эргээд шүүх рүү шилжинэ гэхээр би санал нийлэхгүй байна. Ямар ч гэсэн мөрдөн байцаалт руу буцаагаад дахин эхнээс нь шалгуулмаар байна. Би өөрөө хохирчихоод яллагдагч болоод яваад байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс яллагдагч У.Аын холбогдсон хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, прокурор Б.Сийн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд дараахь үндэслэлээр “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-1.6-д “гэмт хэрэг гарсан байдал/гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг нөхцөл байдлыг мөн хуулийн 1 дэх хэсэгт зааснаар “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно” гэжээ.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан.
Эдгээр хуулийн агуулгаас дүгнэхэд “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн үндсэн шинжийг “...хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцсэн” гэж тодорхойлсон байх тул яллагдагч У.Аын холбогдсон хэрэгт цагдаагийн албан хаагчийн үйлдэл, үйл ажиллагаа нь Цагдаагийн албаны тухай хууль болон хуульд нийцүүлэн гаргасан холбогдох дүрэм, журамд нийцсэн эсэхийг шалгаж, тогтоосон байх шаардлагатай байна.
Өөрөөр хэлбэл Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон цагдаагийн албан хаагч нарын үйлдэл хууль ёсны дагуу байсан нь тогтоогдсоноор хэргийн талаар нотолбол зохих байдалд хамаарах, гэмт хэргийн гарсан байдлыг нотолж, тогтоосон гэх үзэх бөгөөд мөн шүүхээс тухайн баримтын эх сурвалжийг магадлах аргаар хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан шалгаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлэх нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой.
Тиймээс прокурорын эсэргүүцэлд дурдсан “...тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Б дээрх гомдлыг шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гарган 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр прокурорын хяналтад ирүүлсэн” гэсэн баримтыг энэ хэрэгт зайлшгүй нотлох баримтаар хавсаргах нь зүйтэй.
Мөн прокуророос яллагдагч У.Аыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Номун-1 дэлгүүрийн гаднах талбайд цагдаагийн алба хаагч дэд ахлагч Ц.Ч, Б.Б нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэгт холбогдуулан яллахдаа гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд цагдаагийн дэд ахлагч Ц.Ч, дэд ахлагч Б.Б нарыг хууль ёсны ямар үйлдэл хийхэд нь яллагдагч эсэргүүцсэн болохыг нотолж тогтоогоогүй, эргэлзээтэй байх тул цагдаагийн албан хаагч/хууль сахиулагч/-ийн үйлдлийг, Цагдаагийн албаны тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журамд нийцсэн үйлдэл байсан эсэхийг шалгаж, тодруулах нь зүйтэй.
2. Давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзсэн ба харин анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа буюу “...нэмэлт шинжилгээ хийлгэх... , ... яллагдагчаас дахин мэдүүлэг авах ...” нь дээрх нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзвэл хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар гүйцэтгэх нь зүйтэй.
3. Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд хэргийн бодит байдлын нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосноор гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцнэ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЗ/193 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.С-ийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2 дүгээр зүйлд зааснаар яллагдагч У.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ
Н.БОЛОРМАА