Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2024/0332

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Т

Хариуцагч: Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Я, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э*******, П.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров нар оролцов.

Хэргийн индекс: 128/2023/1049/3

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/80 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, урьд эрхэлж басан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэргийн үйл баримт, процессын түүх:

2.1. Нэхэмжлэгч С.Т нь Нийслэлийн Замын хөгжлийн газрын Материал шинжилгээ, туршилт судалгааны хэлтсийн материалын мэргэжилтнээр /ТЗ-5 ангилал/ ажиллаж байсан.

2.2. Тэрээр 1990 оны 90/281 дугаартай бульдозер, скрепер, грейдерийн машинчийн мэргэжил, бүрэн дунд боловсрол эзэмшсэн дипломтой, 1993 оны 93/859 дугаартай авто-замын техникч мэргэжлийн дипломтой, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Авто замын барилга мэргэжлийн техникийн ухааны бакалаврын зэргийн 2007 оны D******* дугаар дипломтой /хариуцагчаас гаргаж өгснөөр/, Үндэсний техникийн дээд сургуулийн автозамын барилгын инженер мэргэжлээр төгссөн 2015 оны D******* дугаарын бакалаврын дипломтой байна.

2.3 Нэхэмжлэгч нь 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн.

2.4. Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолтоор Үндэсний техникийн их сургуулийг 2015 онд бакалаврын зэрэгтэйгээр D******* дугаарын дипломтой төгссөн гэж тодорхойлсон.

2.5. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03/22 тоот албан бичгээр С Т нь тус их сургуулийн төгсөгчдийн нэгдсэн санд бүртгэлгүй гэж тодорхойлсон.

2.6. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2023 оны дугаар сарын 06 дугаар сарын 27-ны өдрийн 2/2032 дугаар албан бичигт ...С Тийн D******* дугаартай Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн "Авто замын барилга" техникийн ухааны бакалаврын дипломын бүртгэл тус яамны Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем, тус яамны архивын санд хадгалагдаж буй Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2007 оны төгсөгчдийн диплом олголтын мэдээ болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн төгсөгчдийн мэдээлэлд https://must.edu.mn/mn/alumni бүртгэгдээгүй байна... гэж тодорхойлсон.

2.7. Төрийн албаны зөвлөлөөс Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б*******д хүргүүлсэн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 01/1560 дугаар албан бичигт ...С.Т нь 2009 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн D******* дугаартай бакалаврын дипломыг ашиглаж төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцсэн болох нь дээрх бичгийн нотлох баримтаар урьдчилсан байдлаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсын их Хурал, Засгийн газраас дэвшүүлсэн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх бодлого, чиглэлийг баримтлах, уг асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн гэмт хэргийн шинжтэй эсэхийг эцэслэн тогтоолгож, түүнд олгосон цалин хөлсийг төрд учруулсан хохиролд тооцуулан төрийг хохиролгүй болгох ажлыг зохион байгуулан ажиллах нь зүйтэй... гэж дурдсан.

2.8. Улр хариуцагч Нийслэлийн замын хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/80 дугаар тушаалаар С Т нь төрийн албаны ерөнхий шалгалтад хуурамч дипломтой оролцсон нь тогтоогдсон гэж үзэж төрийн албанд 3 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан байна.

2.9. Нэхэмжлэгч нь дээрх тушаалыг эс зөвшөөрч 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

3. Нэхэмжлэгч С.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1. Миний бие 1987-1990 оны хооронд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын боловсролын яамны техник мэргэжлийн сургуулийг 90/281 дипломын дугаартай Бульдозер, скрепер грейдорын машинистын мэргэжлээр 4 дүгээр зэрэгтэй онц сайн дүнтэй төгссөн.

3.2. Улр БНМАУ-ийн Зам, тээврийн яамны Булган аймгийн Өлзийт дэх Авто, тээврийн техникумын захирлын 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 170 дугаар тушаалаар авто замын 2 дугаар ангид элсэн суралцаад эхэлж байх явцад 1991 онд тус сургуулийн Авто зам анги нь Өвөрхангай аймгийн Мэргэжлийн сургалтын үйлдвэрийн төвд Булган аймгийн Өлзийт сум дахь Авто тээврийн техникумын захирлын 1991 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 135 тоот тушаалаар шилжин суралцсан.

3.3. Тус сургуулийг 1993 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 93/859 дипломтой авто замын барилгын техникч мэргэжлээр онц сайн дүнтэй төгссөн.

3.4. Миний төгссөн Өвөрхангай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 1995 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа болж бакалаврын зэрэгтэй дээд боловсролын сургалтын баримт олгох эрхтэй болсон. Иймд тус сургуулийг 1993 онд төгсөж, нийт үргэлжилсэн сургалтаараа 6 жил суралцсан миний бие 2007 онд тус сургуулийн сургалт эрдэм шинжилгээ хариуцсан нарийн бичгийн дарга Б.О хандаж дүйцүүлсэн бакалаврын зэрэг олгож болох эсэх асуудлыг судалж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэлт гаргасны дагуу миний холбогдох баримт бичгүүдийг судалж Д******* дугаартай бакалаврын дипломыг олгосон байдаг.

3.5. Харин 2012 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бүртгэлгүй байна хэмээн хураан авсан.

3.6. Гэтэл 2023 оны 07 дугаар сард Шинжлэх ухаан технологийн их сургуулиас олгосон 2007 оны дипломтой холбоотойгоор асуудал үүсэж эхэлсэн. Миний бие тэр үед нь буюу 2023 оны 07 сард Шинжлэх ухаан технологийн их сургууль дээр биечлэн очиж асуудлыг тодруулах гэсэн боловч хичээл сургалт зогссон ээлжийн амралт эхэлсэн үе таарсан. 2023 оны хичээлийн шинэ жил эхлэнгүүт би дахин Шинжлэх ухаан технологийн их сургуулийн сургалтын цахим шилжилтийн захирал хандахад бүртгэлгүй дипломоос үүдсэн асуудал байгаа бид танд дахин олгоход татгалзах зүйлгүй хэмээн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2/483 тоотоор хариу өгсөн байдаг.

3.7. Нийслэлийн замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б******* нь хэн, хаана, хэзээ хуурамч гэдгийг тогтоосон тухай баримт байхгүйгээр миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж ажлаас чөлөөлсөн тул 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/80 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, тус газрын материал шинжилдгээ, туршилт судалгааны хэлтсийн материалын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж холбогдох бичилтийн мэдээллийн санд оруулахыг даалгаж өгнө үү. гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э*******, П.А******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

4.1. Иргэн С.Тийн Боловсролын гэрчилгээг шалгах болсон шалтгаан: Төрийн албан хаагчийн мэдээллийн цахим систем болох "Хуний нөөцийн удирдлагын мэдээллийг тогтолцоо цахим систем"-ын засан сайжруулалттай холбоотой 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 01 дугаар сарын хооронд нийт төрийн албан хаагчдын мэдээллийг албан хаагч нэг бүртэй тулгалт хийж, ажилласан жил, боловсролын мэдээлэл, цэргийн алба хаасан эсэх, бусад бүх мэдээллийг оруулж, хур системээс давхар татан тулгаж, мэдээллийн зөрүүг арилгах арга хэмжээг зохион байгуулж ажилласан. Үүний дагуу нийт албан хаагчдын хувийн хэрэг дэх мэдээллийг бүрэн оруулж ажиллахад иргэн С.Тийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас 2007 онд олгосон D******* дугаартай дээд боловсролын гэрчилгээг системд оруулж уншуулахад бүртгэгдэхгүй буюу "ХУР-с татсан" гэх тэмдэглэгээ гарахгүй байсан.

4.2. Дээд боловсролын D******* дугаартай гэрчилгээг ХУР системээс татагдахгүй байгааг тодруулсан байдал: Төрийн албан хаагч болон төрийн албаны эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй нөхцөл гэж үзээд тухайн зөрүүтэй асуудлыг тодруулахаар 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 2/151 дугаартай албан бичгийг Монгол Улсын шинжлэх ухаан технологийн их сургуулийн захиргаанд хандсан. Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 03/22 дугаартай албан бичиг ирүүлж, тус албан бичиг "С.Т нь тус их сургуулийн төгсөгчдийн нэгдсэн санд бүртгэлгүй болно." гэж ирүүлсэн. 

4.3. Төрийн албаны зөвлөлд хандаж тодруулсан байдал: Төрийн албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох эрх бүхий байгууллага болох төрийн албаны зөвлөлд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 2/200 дугаартай албан бичгээр хандаж, чиглэл хүссэн. Үүний дагуу 2023 оны 07 сарын 05-ны өдөр 01/1560 дугаартай албан бичиг ирүүлсэн. Тус албан бичигт 1. Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 2/3032 дугаартай албан бичгээр "... С Тийн D******* дугаартай Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн "Авто замын барилга" техникийн ухааны бакалаврын дипломын бүртгэл тус яамны Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем болон яамны архивын санд хадгалагдаж буй Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2007 оны төгсөгчдийн диплом олголтын мэдээ болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн төгсөгчдийн мэдээлэлд (https://must.edu.mn/mn/alumni) бүртгэгдээгүй, ******* дугаартай Үндэсний техникийн дээд сургуулийн дипломд бичигдсэн Авто замын барилгын инженер мэргэжил нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 235 дугаар бичигдсэн "Автозамын барилгын инженер" мэргэжил нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Дээд боловсролын сургалтын байгууллагад бэлтгэх ерөнхий мэргэжлийн чиглэл, индекс зааснаар D580700 индекстэй, диплом дахь мэргэжлийн чиглэл, индекс нь тухайн үед мөрдөгдөж байсан мэргэжлийн чиглэл, индексээс зөрүүтэй байх тул Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/160 дугаар тушаалаар батлагдсан Дээд боловсролын байна." гэсэн хариуг ирүүлсэн. Сургалтын байгууллагад мөрдөх мэргэжлийн чиглэл, индекстэй дүйцүүлэх боломжгүй. Үүний дагуу Төрийн албаны зөвлөлөөс дараах чиглэлийг ирүүлсэн.

4.4. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараахь нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилно" гэж, 22.1.2 дахь заалтад "дээд боловсролтой байх;" гэж тус тус хуульчилсан. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хууль дээдлэх, адил тэгш байх зар*******с гадна дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх. С.Т нь 2009 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн D******* дугаартай бакалаврын дипломыг ашиглаж төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцсэн болох нь дээрх бичгийн нотлох баримтаар урьдчилсан байдлаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсын Их хурал Засгийн газраас дэвшүүлсэн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх бодлого, чиглэлийг баримтлах. "Уг асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн гэмт хэргийн шинжтэй эсэхийг эцэслэн тогтоолгож, түүнд олгосон цалин хөлсийг төрд учруулсан хохиролд тооцуулан, төрийг хохиролгүй болгох ажлыг зохион байгуулан ажиллах нь зүйтэй" гэж чиглэл өгсөн.

4.5. Иргэн С.Тийн эрхийг хүндэтгэж тайлбар авсан тухай: Дээрх Төрийн албаны зөвлөлөөс ирсэн 01/1560 дугаартай албан бичгийн дагуу 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр С.Ттэй уулзаж, асуудлыг танилцуулж, халах арга хэмжээ авах болсон тухай мэдэгдэж ажилласан бөгөөд тайлбар ирүүлэхийг хүссэн. Үүний дагуу С.Т нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тайлбар, залруулга өгсөн. Тус тайлбарт өөрийн 1993 онд эзэмшсэн мэргэжлийн гэрчилгээг С ангиллын гэрчилгээ бөгөөд дүйцүүлэн дээд боловсролын гэрчилгээ болгон солих ажил удаашралтай ч хөөцөлдөж байгаа тухай дурдсан. Мөн 1990 онд Өвөрхангай аймаг дахь УАА-ын техник мэргэжлийн дунд сургуулийг бульдозер, скрепер грейдорын машинистын мэргэжил, бүрэн дунд боловсрол эзэмшсэн тул энэхүү дипломыг олгов гэсэн 90/281 дугаартай гэрчилгээ, 1993 онд Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг Авто-замын техникч мэргэжлээр төгссөн энэхүү дипломыг олгов гэсэн 93/859 дугаартай дугаартай гэрчилгээ, бусад баримтын хуулбарыг хавсаргасан байв. 

4.6. С.Т нь бүртгэлгүй D******* дугаартай гэрчилгээгээр төрийн албаны шалгалтад бүртгүүлэн, орж тэнцсэн тухайд: С.Т нь 2009 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн D******* дугаартай бакалаврын дипломыг ашиглаж төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад бүртгүүлэн, тэнцсэн, томилогдсон гэдгийг 1. С. Тийн Шинжлэх ухаан технологийн их сургуулиас олгосон гэх D******* дугаартай бакалаврын дипломыг Шинжлэх ухаан технологийн их сургууль нь өөрөө бүртгэлгүй гэж тодорхойлсон. 2. Боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьдаг Боловсрол, шинжлэх ухааны яам ШУТИС-ийн төгсөгчдийн бүртгэлд бүртгэлгүй байна гэж тодорхойлсон байдаг.

4.7. Төрийн албаны зөвлөлөөс ирсэн 01/1560 дугаартай албан бичиг болон хууль тогтоомжийн холбогдох заалтыг баримтлан тушаал гаргасан тухайд ШУТИС-ын 03/22 дугаартай албан бичиг, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 01/1560 дугаартай албан бичиг, түүнд хавсаргагдсан Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны 2/3032 дугаартай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудад тулгуурласан. Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 оны 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай чиглэл, Төрийн албаны зөвлөлөөс ирсэн 01/1560 дугаартай албан бичиг зэргийг баримтлан, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Б/80 дугаартай ажлаас халах тушаал гаргасан тул, тус ажлаас халах шийдвэр нь хуульд бүрэн нийцэж гарсан болно.

4.8. Авто замын салбартаа олон жил ажилласныг хүндэтгэж, төрийн албанд 2009 онд шалгалтад тэнцэж, томилогдон ажилласан хугацаанд иргэн С.Тд олгосон цалин хөлсийг төрд учруулсан хохирол гэж үзэж нэхэмжлээгүй, мөн дээд боловсролын дипломыг хууль хяналтын байгууллагаар шалгуулаагүй орхисон байсныг газрын зүгээс Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу төрд учруулсан хохирол болох ажилласан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэхийг үүгээр илэрхийлж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч С.Тийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгчээс ...Нийслэлийн замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б******* нь хэн, хаана, хэзээ хуурамч гэдгийг тогтоосон тухай баримт байхгүйгээр миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж ажлаас чөлөөлсөн нь хууль бус..., ...тушаалд Төрийн албаны тухай хуулийн 34.1, 35.1-ийг барьсан байгаа. Энэ заалт шалгалт өгч буй иргэн С.Тд биш шалгалтыг авч байгаа, зохион байгуулагч нарт харалтай. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийг хэрэглэх ёстой байтал төрийн албанаас 3 жил халсан нь үндэслэлгүй. гэж, хариуцагчаас ...С.Т нь бүртгэлгүй D******* дугаартай дипломоор төрийн албаны шалгалтад бүртгүүлэн, орж тэнцсэн. С.Тийн Шинжлэх ухаан технологийн их сургуулиас олгосон гэх D******* дугаартай бакалаврын дипломыг Шинжлэх ухаан технологийн их сургууль нь өөрөө бүртгэлгүй гэж тодорхойлсон. Боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьдаг Боловсрол, шинжлэх ухааны яам ШУТИС-ийн төгсөгчдийн бүртгэлд бүртгэлгүй байна гэж тодорхойлсон байдаг..., ...Төрийн албаны зөвлөлөөс ирсэн 01/1560 дугаартай албан бичиг болон хууль тогтоомжийн холбогдох заалтыг баримтлан тушаал гаргасан... гэж тус тус тайлбар гарган маргаж байна.

2. Нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар маргаж байгаа Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/80 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 01/1560 тоот албан бичгийг голлох үндэслэл болгон тус газрын материал шинжилгээ, туршилт судалгааны хэлтсийн материалын мэргэжилтэн С.Т нь төрийн албаны ерөнхий шалгалтад хуурамч дипломтой оролцсон нь тогтоогдсон гэж үзэж 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанд 3 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан нь дараах үндэслэлүүдээр хууль бус гэж үзлээ.

3. Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийг хуульчилсан бөгөөд уг зүйлийн 1-д Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. гэж зааснаар боловсролын дипломыг хуурамчаар үйлдэж, түүнийг ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцогдохоор хуульчилсан байна.

4. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14-т ...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно... гэж заасан.

5. Үндсэн хуулийн энэхүү зарчмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1-д Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй., 1.8 дугаар зүйлд 1-д Энэ хуульд заасан үндэслэл, журс гадуур хэнийг ч ...гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно. гэж, Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж тодотгон зохицуулж өгсөн байна.

6. Уг маргааны хувьд захиргааны байгууллагаас нэхэмжлэгч С.Тийг хуурамч дипломтой төрийн жинхэнэ албаны шалгалтад орж тэнцсэн гэж үзэж төрийн албанаас халсан боловч тухайн дипломыг хуурамч болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр /эрүүгийн журр шалган тогтоосон/ гараагүй байна.

7. Тодруулбал, хариуцагчаас үндэслэл болгон маргаж буй Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03/22 тоот /хх-47 тал/ албан бичигт С Т нь тус их сургуулийн төгсөгчдийн нэгдсэн санд бүртгэлгүй болно. гэж, Боловсрол, шинжлэх ухааны яамны 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2/3032 тоот /хх-53 тал/ албан бичигт ...С Тийн D******* дугаартай Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн "Авто замын барилга" техникийн ухааны бакалаврын дипломын бүртгэл тус яамны Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем болон яамны архивын санд хадгалагдаж буй Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2007 оны төгсөгчдийн диплом олголтын мэдээ болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн төгсөгчдийн мэдээлэлд (https://must.edu.mn/mn/alumni) бүртгэгдээгүй байна гэж тус тус дурдсан.

8. Дээрх албан бичгүүдээр нэхэмжлэгч С.Тийн 2009 оны Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн D******* дугаартай бакалаврын диплом нь мэдээллийн санд бүртгэлгүй гэж тодорхойлсноос бус уг диплом нь хуурамч болохыг тогтоосон агуулгагүй байна.

9. Түүнчлэн хариуцагчаас Төрийн албаны зөвлөлөөс Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б*******д ирүүлсэн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 01/1560 дугаар албан бичгийг үндэслэл болгосон гэж тайлбарлан маргасан.

10. Уг албан бичигт ...С.Т нь 2009 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн D******* дугаартай бакалаврын дипломыг ашиглаж төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцсэн болох нь дээрх бичгийн нотлох баримтаар урьдчилсан байдлаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсын их Хурал, Засгийн газраас дэвшүүлсэн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх бодлого, чиглэлийг баримтлах, уг асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн гэмт хэргийн шинжтэй эсэхийг эцэслэн тогтоолгож, түүнд олгосон цалин хөлсийг төрд учруулсан хохиролд тооцуулан төрийг хохиролгүй болгох ажлыг зохион байгуулан ажиллах нь зүйтэй... гэснээс үзэхэд Төрийн албаны зөвлөл нь нэхэмжлэгч С.Тийг хуурамч диплом ашигласан гэж дүгнээгүй, харин хууль хяналтын байгууллагаар гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоолгох чиглэл өгсөн байна.

11. Эдгээр үйл баримтуудаас дүгнэхэд захиргааны байгууллага нь нэхэмжлэгч С.Тийг Эрүүгийн хуульд заасан хуурамч бичиг баримт ашигласан гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын баримтгүй байхад хуурамч диплом ашигласан гэж төрийн албанаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно. гэж заасанд нийцэхгүй юм.

12. Мөн Төрийн албаны тухай хуулийн 47, 48 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах тохиолдлуудыг тусгайлан хуульчилсан бөгөөд 47 дугаар зүйлийн 47.1.2-т гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэж заасан.

13. Гэтэл маргаан бүхий тушаалд нэхэмжлэгчийг хуурамч диплом ашигласан гэж үзсэн боловч Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Төрийн жинхэнэ албаны шалгалт авах журмыг зөрчих, уг үйл ажиллагаатай холбоотой хуурамч тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно. гэж, 35 дугаар зүйлийн 35.1-д Энэ хуулийн 34.1, 35.2-т заасныг зөрчсөн төрийн албан хаагчийг төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр хална. гэж заасныг хууль зүйн үндэслэл болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

14. Учир нь эдгээр хуулийн заалт нь төрийн албаны шалгалтад оролцож байгаа шалгуулагч этгээдэд харалгүй, харин шалгалтыг зохион байгуулсан болон шалгуулагч этгээдэд ямар нэгэн тодорхойлолт, гэрчилгээ, баталгааг хуурамчаар гарган өгсөн төрийн албан хаагчид харалтай гэж үзэхээр байна.

15. Иймд захиргааны байгууллага нь Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр заалтыг буруу тайлбарлан хэрэглэж төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагааны шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн хуульд заасан эрх, баталгааг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.

16. Харин эрх бүхий байгууллагаас С.Тийг хуурамч диплом ашигласан гэмт хэрэг үйлдсэн болохыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд төрийн албанаас халах эрх нь томилох эрх бүхий захиргааны байгууллагад нээлттэй байна.

17. Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий акт нь хууль бус байх бөгөөд уг актын улс нэхэмжлэгч С.Тийн төрийн албанд ажиллах, хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

18. Нэхэмжлэгчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна., Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй: ...43.2.7 ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журр даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах;, 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж тус тус заасан.

19. Нэхэмжлэгч С.Тийг төрийн албанаас халсан маргаан бүхий тушаал нь хууль бус болох нь тогтоогдсон тул түүнийг өмнө эрхэлж байсан Нийслэлийн замын хөгжлийн газрын материал шинжилгээ, туршилт судалгааны хэлтсийн материалын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

20. Дээрх хуулийн заалтуудыг үндэслэн түүний ажилгүй байсан хугацааны цалинг маргаан бүхий акт гарсан 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн өмнө нь эрхэлж байсан тус газрын материал шинжилгээ, туршилт судалгааны хэлтсийн материалын мэргэжилтний албан тушаалд ажиллуулж эхлэх хүртэл хугацаагаар тооцон, өмнө нь авч байсан дундаж цалин хөлсөөр тооцон олгох, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг тус тус хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Тийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/80 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 41 дүгээр зүйлийн 41.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Тийг урьд эрхэлж байсан Нийслэлийн Замын хөгжлийн газрын материал шинжилгээ, туршилт судалгааны хэлтсийн материалын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг маргаан бүхий акт гарсан 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Замын хөгжлийн газрын материал шинжилгээ, туршилт судалгааны хэлтсийн материалын мэргэжилтний албан тушаалд ажиллуулж эхлэх хүртэл хугацаагаар тооцон, өмнө нь авч байсан дундаж цалин хөлсийг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Тд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ