| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/04712/И |
| Дугаар | 181/ШШ2024/03797 |
| Огноо | 2024-10-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2024/03797
| 2024 10 10 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ............ байрлах, М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: ММ ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхжаргал оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар эзгүйд хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ММ ыг эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
ММ р нь өөрийн эзэмшиж байсан 99907. дугаар дээр 2019 оны 11 сарын 22-ны өдөр 140000487034 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба урьд зээл авч, төлж байсан учир зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. ММ уг гэрээний үндсэн дээр 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 810.000 төгрөгийг сарын 2.1 хувийн хүүтэй зээлж авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй. М ББСБ нь зээлийн эргэн төлөлтийг шаардаж түүний зээл авах үедээ тодорхойлсон Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Эрдэнэтолгой 44 гудамж, 175 тоот хаягаар шүүхэд хандсан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 101/Ш32024/07528 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх хорооны Засаг даргын тодорхойлолтод үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд ММ ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 140000487034 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ, үйлчилгээ авах хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар, зээлийн эрх нээлгэх өргөдлийн маягт, зээлийн дансны хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2024/07528 тоот шүүгчийн захирамж зэргийг ирүүлжээ. /хх 3-11/
Шүүхийн журмаар: хаяг шалгасан мэдэгдэх хуудас бүрдүүлжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь ММ ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.Нэг талаас М ББСБ ХХК, нөгөө талаас ММ нар тохиролцож 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэрээг байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
3.Дээрх гэрээ болон түүний иргэний үнэмлэхний хуулбарт оршин суух хаягийг Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Эрдэнэтолгой 44 гудамж, 175 тоот гэж тусгажээ.
4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2024/07528 тоот шүүгчийн захирамжаар ММ тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
5.Шүүхээс дээрх хаягийн дагуу 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дахин мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй талаар харьяалах хорооны Засаг даргаас тодорхойлж, шуудангийн байгууллагаас хаяг буруу, хаягт ийм хүн оршин суудаггүй гэж тэмдэглэн мэдэгдэх хуудсыг буцаан ирүүлжээ.
Мөн ММ ын иргэний үнэмлэх дэх хаяг болох Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, зүүн баян уул 14 гудамж, 27 тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд дээрх хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, тус хаягт ийм хүн байхгүй талаар харьяалах хорооны Засаг даргаас тодорхойлж мэдэгдэх хуудсыг буцаан ирүүлжээ.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ММ ын оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Хөхсэрх олхонууд овогт ММ /Регистрийн дугаар: ../-г эрэн сурвалжилсугай.
2.ММ /сүүлийн хаяг:Баянзүрх дүүрэг, ......175 тоот/-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаа, утас:90091079/ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ